sonin.mn
Робин Гүүд бол XIV зууны үед амьдарч байсан, Английн домогт босуул. Тэрбээр газрын эзэд болон Засгийн газрын албан тушаалтнуудыг дээрэмдэн, олсон зүйлсээ ядууст өгдөг. Эмэгтэйчүүд, жирийн иргэдтэй эелдэг харилцдаг байсан ба ан агнуурыг хязгаарласан ойн хуулийг үл ойшоодог байжээ. Дундад зууны өмнөх үеийн түүхэнд түүнийг газраа алдсаныхаа дараа Шервүүдийн ойд орогносон язгууртан гэж бичдэг. Английн түүхэн дэх ард олныг хамарсан анхны зохион байгуулалттай үймээн болох Вот Тайлерийн удирдсан 1381 оны Тариачны бослогын үед Робин Гүүдийн тухай, түүнийг домог болгон магтан дуулсан тууль зохиогджээ. Үүнээс хойш манай гариг дээр, баячуудын эд хөрөнгийг дээрэмдэн ядуу буурай олон нийтэд тараадаг дээрэмчдийг Робин Гүүд шиг сайн үйлстэн гэсэн эерүүлэх үзэл газар сайгүй дэлгэрсэн.
 
 
Домогт шилийн сайн эр Торой банди нь нэг төрлийн монгол Робин Гүүд юм. 1830 онд Дарьгангад төрсөн түүний жинхэнэ нэр нь Нанзаддорж бөгөөд бага байхад нь эцэг нь нас барж, эхийн хамтаар тарчигхан амь зууж явсны улмаас ноёд баядын адуу хулгайлан ядууст тарааж өгдөг сайн эрийн замыг сонгосон байна. Төрийн шагналт зохиолч Ц.Дамдинсүрэн академич 1944 оны “Үнэн” сонины ¹217-д “Торой банди сайн эр, муу хулгайч гэдэг хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг байв. Ноёд, хятадын худалдаачид түүнийг муу хулгайч хэмээн занадаг байжээ. Яагаад энэ билээ гэвэл Торой банди ноёд, хятадын худалдаачид мөлжигчдийн эсрэг ардын төлөө тэмцлийг хийж явсан учраас тийм байна” гэж бичжээ. Төрийн шагналт Ш.Нацагдорж академич 1963 онд гаргасан “Манжийн эрхшээлд байсан үеийн Халхын хураангуй түүх” номдоо “Түүний бие хятадын худалдаачдыг дээрэмдэн олсон олзыг ядуу ардад түгээн өгдөг байжээ. Энэ нь бол Английн тариачны сайн эр Робин Гудын явдалтай зарим талаар адилавтар юм” гэж дүгнэсэн билээ.
 
Тухайн үед Торой бандийн удирдлагад явсан Дарьгангын бусад шилийн сайн эрс “Робин Гүүд” нарыг нэрлэвэл: тогос Чүлтэм, хүүхэн Циен, варги Балдан, хөх Банди, хөх Балжир лам, оготор Самдан, хар Галсанжамц, гүжир Гончигжав /тангад лам/, хүүхэн Должин, тэнхээ Жамьян, шунуу Ажив, ах дүү Сүх, Жүрмэд, мөн Пэлжээ, Гурдай, Догсом, Цэвээнбалжир, Гомбожав, лам Тосон, бор Равдан, булуу толгойт Гомбо, ээрүү Жамба, хүүхэн Должин, бор Лувсан, сөнөх Содов, нохой Мөнх зэрэг хүмүүс болно. Тэд Дарьгангын айл нутагладаггүй шил газраар сэлгүүцэж, Шилийн Богд орчмоор орогнон ар, өвөр чуулганыг холбон туучиж шилэрч явдаг шилийн сайн эрс байжээ.
Шилийн сайн эрс бие биенээ хочилж нэрлэдэг байсныг Цэцэн хан аймгийн Хэрлэн Барс хотын чуулганы Тамгын газар шүүгдэж байхдаа өгсөн өчиг мэдүүлгүүдээс нь үзэж болно. (Дээр дурдсан нэрс ч ийм эх сурвалжтай юм). Тиймээс “торой” хэмээх нэрийг олон түмэн хайрлаагүй, бусад “Робин Гүүд”-ээс өөрсдийн толгойлогч Нанзаддоржид өгсөн хоч нэр юм байна хэмээн үзэх боломжтой. Нөгөөтэйгүүр сарлагийн “торой” буюу жижиг биетэйг нь илэрхийлсэн хоч байх магадлалыг Сүхбаатар сумын Халзан сумын харьяат, нэрт эрдэмтэн Л.Жамсран сартваахи “Домог яриа, судлаачдын дүгнэлт зэргээс үзэхэд Нанзад морины дэл засахдаа араг дээр гардаг намхан биетэй хүн байсан” хэмээн 2003 онд тэмдэглэн бичсэнтэй холбон үзэж болох байх аа. Я.Цэвэл гуайн “Ногоон толь”-оос харахад тоорой гэвэл мод, торой гэхээр сарлагийн тугал, гахайн төл гэсэн утгатай ажээ.
Дашрамд дурдахад, “Торой” гэдэг нэрийн тухайд өөр эерүүлсэн тайлбар хийсэн тохиолдол бий. Өвөрмонголын Ц.Бавуудорж “Баримтаас үзвэл Тоорой биш Торой гэж бичих нь илэрхий. Торой гэдэг үг гахайн торой биш сарлагийн торой ч биш торойх гэдгээс гаралтай юм. Торой банди бол олон хүнээс онцгой торойж ирсэн түүхтэй болохоор торой буюу Торойн банди гэж магтан нэрлэсэн цол юм” гэж 1958 онд бичиж байв.
Түүнчлэн Торой бандийн хөшөөг босгосон зураач Ж.Дүүрэнтөгс: -Олон судлаачид, түүнчлэн 1957 онд “Торой банди” гэдэг жүжиг бичиж, энэ шилийн сайн эрийн талаар маш сайн судалсан аав (О.Жамбалжамц) маань ч гэсэн “Торой банди” гэж нэг “О”-той бичдэг. Тэр талаар бага байхдаа ааваасаа асууж явлаа. Олны дундаас баатарлаг гавьяа, тэмцэл, хийсэн бүтээснээрээ торойж гарсан хүн учир тодорч, торойсон гэдэг утгатай “Торой” гэдэг нэр юм гэж байсан. Сүүлд тэгээд би нэр дээр нь эргэлзэж эхэлсэн. Минийхээр бол Тоорой юм. Яагаад “Торой” биш “Тоорой” юм гэхээр мэдээж гахайн тоорой биш. Угаасаа манайхан гахайг шүтдэггүй. Өөрсдийнх нь төлөө амь амьдралаа зориулсан хүнийг юу гэж тэгж нэрлэхэв. Тийм болохоор энэ “Тоорой” мод юм. Ялангуяа Алшаа, Өвөр Монголд их байдаг. Манайд ч бий. Говийнхон тэр модыг маш их хүндэлдэг. Ямар учиртай мод вэ гэхээр энэ тэнгэрийн, эр зоригийн, тангаргийн мод юм. Түмэн олны төлөө тэмцэж явсан хүн тангаргийн мод шиг байж таараа. Наранд ганддаггүй, хүйтэнд хөрдөггүй тийм хүн байсан. “Цастын цагаан ууланд нь Цантаа нь үгүй Тоорой Цаад найман хошуунд нь Баригдаа нь үгүй Тоорой…” дандаа тэр хүмүүсээ баригдашгүй, ялагдашгүй, дийлдэшгүй хэмээн дуулдаг байж. Мөн шилийн сайн эрсийг “яргай” хэмээн нэрлэдэг. Яргай эр явж байна. Аргагүй нэг сайн эр дээ. Морь нь ч гэж морь юм гэх жишээтэй. Барьсан ташуурыг нь суман, тэнзэн, хулсан гэж ярьдаг. Тал нутгаас төрсөн сайн эрийг тэр сайхан модны нэрээр нэрлэсэн юм байна. Ямар ч гантай жил тоорой модны навч ногоон байдаг. Тэр үүднээс үхэшгүй мөнхийг бэлгэдэж Тоорой гэж нэрлэжээ гэдэг дээр би 100 хувь итгээд байгаа. Нэрийн учир энэ юм хэмээн ярьж буй.
 
Торой банди хэмээх Нанзаддорж нь Их хүрээний шоронгоос 1866 онд оргоод төд удалгүй дахиж баригдан ял эдэлж байгаад дөрвөн жилийн дараа 1870 онд дахиж оргон нутагтаа очсон байдаг. Түүнийг Их хүрээний шоронд сууж байх хугацаанд түүний нөлөө зангаанд явсан шилийн сайн эрчүүд нь, одоогоор яривал нэгэнт удирдагчгүй болсон учраас зохион байгуулалттай хулгай дээрэм хийхээ зогсоож эгэл амьдрал руу шилжсэн байв. Торой банди нөхдийнхөө адил жирийн хүмүүний замаар хорвоог туулахыг илүүд үзсэн байна. Тэрбээр 1904 онд 74 насандаа тэнгэрт дэвшсэн бөгөөд амьдралынхаа сүүлчийн 34 жилийг буюу “дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат” болон төлөвшсөнөөсөө хойш арван хар нүглийн нэг “үл өгснийг авах”-ыг үйлдээгүй гэж болно.
Ямар ч болов Дарьгангачууд Торой бандитай холбоотой домог, дуу зохиож алдаршуулан улс даяар хойчийн хойчид “монгол Робин Гүүд”-ийн нэгэн дүр болгон мөнхжүүлсэн түүхтэй юм. Дарьгангын домогт сайн эр, монгол Робин Гүүдэд зориулан нутагт нь 1999 онд гэрэлт хөшөө босгосон. Торой бандийн хөшөөг босгосон зураач Ж.Дүүрэнтөгс түүний сураг дүрийг гаргахад Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, “Арслан” Г.Доржсамбуу найруулагчийн үед УДЭТ-ын тайзыг “нурааж”, үзэгчдийн сэтгэлийг хөвсөлжүүлж явсан авьяаслаг жүжигчин Халзангийн Ганхуягтай яг адилхан төрхтэй байсан гэдэг.
Уг хөшөө Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уулын тогоон доторх жижигхэн довцог дээр байдаг. Гангын Цагаан овоог урд цагт тахидаг байжээ. Миний бие Монгол бөх судлалын ажлын хүрээнд энэ талаар сонирхож архивын материал шүүж үзсэн. 1921 онд овоо тахихад барилдсан бөхчүүдийн оноо данс, 1923 онд овоо тахихад амжилттай барилдсан бөхчүүдэд олгосон бай шагналын баримтаас өөр Цагаан овооны тахилгын баяр наадмын материал архивт хадгалагдаж үлдээгүй байна лээ.
 
 
ТОРОЙ БАНДИ
 
(уртын дуу)
 
Торой бандийг байхад
Торгоны сайныг өмслөө
Торой бандиас хойш
Тостой даавуу ч олдсонгүй
Гэрийн хаяанд суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад
Хацрыг минь илдэгсэн
Хурлын дундаа суух нь

Хувраг шинжийн Торой

Хулсан шаргаа унахаар 
Хулгайч шинжийн Торой
Амбан хааны зарлиг л хойно
Алдаг л байлгүй яахав
Алдар ихтэй Торой л хойно

Айдаггүй л байлгүй яахав
Эвлүүлж шахсан бяслаганд

Эвийн хуурай бий
Эвдээд гарах эсэхээ
Эвий Торой минь мэдээрэй
Гав дөнгө зүүгээд
Гасланд байсан Торойгоо
Гарт нь зэвсэг бариулаад 
Гаргаад авсан миний бие
Гуна гунжийн нуруунд
Гундаа нь үгүй Торой
Гучин хоёр хошуунд
Баригдаа нь үгүй Торой
Цастын цагаан ууланд
Цантаа нь үгүй Торой
Цахар найман хошуунд
Баригдаа нь үгүй Торой
Галав шандын говьд
Гандаа нь үгүй Торой
Халхын хэдэн ноёдын 
Эрлэг нь болсон Торой
 
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин