sonin.mn
Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор “Сити” их сургуулийн дуулаачийн багш Окуяма Юмиг урилаа.
 
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулсан гэсэн?
 
-Би Японы дуурийн дуучин, багш мэргэжилтэй. 1999 онд Гадаад харилцааны яамны шугамаар Монголд ирж “Учиртай гурван толгой дуурь”-ийн 21 дэх Нансалмаад тоглосон анхны гадаад дуучнаар сонгогдон хүмүүст хүргэсэн. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан туурвисан “Чингис хаан” дуурийн Хадааны дүрд тоглосон.
Монголд сайхан дууриуд байна. Тухайлбал, “Ламбугайн нулимс”. Бас 2004 онд УДБЭТ-ын тайзнаа анх удаа тавьсан “Дон Жуан” дуурийн Церлинагийн дүрийг бүтээсэн. Мөн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайтай уулзаж байлаа.
 
-Та Нансалмааг монгол хэлээр дуулав уу эсвэл японоор уу. Монгол хэлийг хаана сурсан бэ?
 
-Монголын түүх учраас монгол хэлээр дуулсан. Их хэцүү байсан ч Нансалмааг надаар дуулуулахад их баярласан. Би Монголын дуурийг хүндэлж, чухал гэж боддог. Япон, Итали хэл ойрхон, зөөлөн байдаг. Монгол хэл жаахан хатуу. Уг нь МУИС-ийн монгол хэлний ангид суръя гэж бодож байсан ч завгүй болохоор ажил дээрээ сурсан ч уншиж, бичиж чадахгүй. Гэхдээ сурахад хязгааргүй болохоор юмаа хийгээд явна.
 
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцаач?
 
-Анх Монголд онгоцны буудалд буухад ямар ч машин харагдаагүй. Мөн Монголын тал нутаг, агаар, монгол хүний уужим сэтгэл ямар сайхан юм бэ гэсэн сэтгэгдэл төрж, өөрийн эрхгүй баярын нулимс гарч байсан.
 
-Та хэдэн оноос Монголд ажиллаж, амьдарч байна вэ?
 
-2011 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хөгжим бүжгийн коллежид гурван жил ажилласан. Одоо “Сити” их сургуульд дуулаачийн багшаар ажилладаг. Анх 10 жил ажиллана гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Монголд ирээд дуурийн театртай хамтарч тоглолтоо хийсэн. Хэдийгээр сайн дуучин байгаа ч дэлхийн төвшний хөгжмийн боловсрол, орчинтой байхгүй бол болохгүй байна. Японы бүх хүн төгөлдөр хуур тоглож чаддаг. Би энэ тал дээр тусалмаар байна. Тиймээс багшаар ажиллаж байгаа. Миний дараагийн зорилго бол дуучин, багшийг дэлхийн төвшинд гаргахаар бодож байгаа болохоор 1-2 жилд амжихгүй. Тиймээс хугацаа хэрэгтэй. Надтай хөгжим бүжгийн коллежоос “Сити” их сургууль руу хамт явсан сапрон хоолойтой шавь маань Италид сурч байна. Би өөрөө Итали школьтой. Намайг Токиогийн хөгжмийн их сургуульд сурч байхад итали багш хичээл заадаг байсан. Тийм болохоор Монголын багш нар Орос школьтой өөр байна.
 
-Багаасаа дуулдаг байсан уу?
 
-Японд таван наснаас төгөлдөр хуур заадаг болохоор төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болно гэж бодож байгаад хамгийн сүүлд дуучин болохоор шийдсэн. 15 наснаас хөгжмийн мэргэжлийн сургуульд гурван жил сураад Токиогийн хөгжмийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгсөөд Ямагата мужийн Радио, телевизэд хөгжмийн нэвтрүүлэгчээр гурван жил ажиллаж байгаад Парис, Бээжинд дууны багшаар мэргэжил дээшлүүлсэн. Япончууд хангалттай сурдаг учраас сургуулийг биш багшаа сонгож сурдаг. Тиймээс Парист хөгжмийн урлагийг гүнзгийрүүлэн судалж байхдаа Азийн хөгжмийн онцлогийг мэдэрч дуртай болсноор Бээжингийн консерваторит суралцсан. Японд Герман, Итали дууны мэргэжлийн багш гэж тусдаа байдаг. Нэг багш надад Францад сурвал ямар вэ гэдэг зөвлөгөө өгсөн. Ер нь насаараа дуучин байж болно. Гэхдээ нас өндөр болсон бол дараагийн нэг хувилбар нь багшлах юм. Тиймээс би сурсан бүх зүйлээ шавь нартаа зааж өгмөөр байна гээд багш болсон.
 
-Та Монголоос өөр хаана дуулж байв. Олон улсын уралдаан тэмцээнд оролцож байв уу?
 
-Миний дууны урын санд Азийн улс үндэстний дуу урлаг онцгой байр эзэлдэг. Бас Малайзын эзэн хаанд зориулж Куала Лумпур хотод таван удаа урилгаар тоглосон. Мөн олон улсын хятад дуу дуулаачдын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байсан.
 
-Өнгөрсөн онд дэлхийн хүүх­дийн сонгодог зохиолд багтсан Гер­маны ах дүү зохиолч Гриммийн үл­гэ­рээс сэдэвлэсэн “Хансель Гертель” дуурийг Монголд анх удаа тавьсан байх аа?
 
-Тийм ээ. Өнгөрсөн оны арав­дугаар сарын 31-нд сургуулийнхаа “Оюутан театр”-т тавихад би удир­даачаар нь ажилласан юм. Энэ бүтээлийг дуурь хэлбэрээр тавих саналыг АНУ-д 14 жил амь­дарч байгаа Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Саран багш гаргаснаар сургуулиараа ажилласан.
 
-Монголын тал нутаг дууг та за­хиалж хийлгэсэн гэдэг. Энэ талаар?
 
-Би дээр Монголын тал нутаг яасан сайхан юм бэ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ тухай дуу хийлгэмээр байна гэж хөгжмийн зохиолч Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргал хоёрт захиалга өгсөн. Тэгээд
 
Яасан цэнгэг юм бэ Монголын ариун агаар
Ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр
Яасан уудам юм бэ Монголын тал нутаг
Ямар уужуу юм бэ монгол хүний сэтгэл…
 
Ингээд энэ дуугаа өөрийн биеэр мэдэрч дуулмаар санагдаад Бээжингээс галт тэргэнд суугаад ирж байлаа. Энэ дууг дуулахаар өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Би Монголд хайртай. Морин хуурын чуулгын 10, УДБЭТ-ын 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтуудад уригдаж, монгол дуунуудаар Морин хуурын чуулгатай хамтран Японд бие даасан “Монголын тал нутаг” цомог гаргаж байсан.
 
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
 
-Чөлөөт цагаараа хүнсний дэлгүүр орох, хоол хийх дуртай. Даанч Японд байдаг шиг далайн бүтээгдэхүүн байдаггүй нь харамсалтай. Монгол хоолноос хуушуур, цуйванд дуртай. Шөлтэй хоол тостой, бууз жаахан хүнд хоол болохоор идэж чадахгүй байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин