sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА инноваци, гарааны бизнес, оюуны өмчийн талаар өргөн мэдлэгтэй энтрепренер /шинийг санаачлагч/ сэтгэхүйтэй 21 судлаачийг мэргэшүүлэн бэлтгэж, тэднээр дамжуулан инновацийн соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Энтрепренер судлаач-21” төслийг  амжилттай хэрэгжүүллээ. 
2018 оны дөрөвдүгээр сараас энэ оны нэгдүгээр  сар хүртэлх хугацаанд хэрэгжсэн тус төгсөлтийн сертификат гардуулах ёслол өнөөдөр болов.
МУИС-Бизнесийн сургуулийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн уг  төслийн хүрээнд оюуны өмчийн менежмент, бизнес найраа хийх арга, стратеги менежмент, маркетинг менежмент гэсэн  сэдвээр сургалт, англи хэлний хичээл, ярианы клубын чөлөөт үйл ажиллагааг явуулжээ.
Мөн оролцогчдыг идэвхжүүлэх, салбарын цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, бизнес найрааны ур чадварт дадлагажуулах, энтрепренерийн туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, стартап үйл ажиллагаа, хакатон, төслийн уралдаан зэрэг бусад үйл ажиллагаанд хамруулсан байна.
Оролцогч судлаачид шинжлэх ухааны судалгааны үр дүнгээ нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулахад бизнес санхүүгийн суурь мэдлэг, энтрепренерийн ур чадварыг эзэмших боломжийг олгосон энэхүү хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Тэд цаашид бизнес хувийн хэвшилтэй хамтарсан гарааны төслүүд эхлүүлэхээр төлөвлөжээ. 
Тодруулга: Энтрепренер /Entrepreneur/ гэдэг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай аж. Энтрепренер бол шинэ санааг төрүүлэгч, тээгч юм.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг