sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2018 оны авлигын индексийн судалгаагаар 37 оноо авч, 93 дугаар байрт орсон талаар өнөөдөр “Транспэрэнси Интернейшнл Монгол” ТББ танилцууллаа.
“Транспэрэнси Интернейшнл” байгууллагаас жил бүр гаргадаг "Авлигын индекс" судалгаанд нийт 180 орныг хамруулж, 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг байна. Энэ жилийн судалгаанд Дани улс 88  оноогоор нэгдүгээрт, Шинэ Зеланд улс 87 оноогоор  хоёрдугаар байрт орсон бол Сомали, Сири, Өмнөд Судан 10-13 оноогоор  сүүлийн байрт оржээ.
Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой байсан. Харин өнгөрсөн жил 2017 оны оноогоо нэгээр ахиулснаар 103 дугаар байрнаас 93 хүртэл дэвшсэн байна. Үүнд Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөж, ОВУС-гийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж оноо 44 байгаа бөгөөд үүнтэй харьцуулахад Монгол Улсын оноо хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс цаашил ардчиллын институцуудаа бэхжүүлэн авлигатай тэмцэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас зөвлөж буй юм. Түүнчлэн бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төрийн худалдан авалтыг ил тод явуулах, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,  төрийн албан дахь намын томилгоог зогсоох нь чухал гэдгийг зөвлөмжид дурджээ.
 
Б.Дэнзэнсамбуу
Эх сурвалж: Монцамэ агентлаг