sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нобелийн шагналд хоёр дахиа дэвшээд байгаа яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайгаас хэдэн хором ярилцсанаа толилуулья. 
 
-Танд их дэлхийн том шагналд нэр дэвшсэнд баяр хүргэе...?
 
-За баярлалаа. Зохиолч олон нөхдөөс намайг гэж дахин дахин нэр дэвшүүлж, их итгэл, сэтгэл хүлээлгэж байгаад баярлаад дуусашгүй. Харин миний бүтээл тэр хэмжээнд нь хүрэх нь үгүй юү...харж л байя даа.
 
-Та одоогоор юу туурвиж байна даа ?
 
- Яг одоо өнөөх эхний арван ботийн араас залгаж нэгэн боть философийн өгүүлэл, нийтлэлээ эмхэтгэсэн ном бэлдлээ. Цагаан сарын дараа гэхэд гарна гэж хэвлэлийнхэн хэлсэн. За тэгээд хоёр романаа бас нэг боть болгох ажилтай. Ингээд цувруулаад нэлээн хэдэн боть ном боох санаатай байна даа
 
-Өнөөх Нобелийн шагналын тухай асуусан юмсан...?
 
-Өө тэр тийм амар биш байх. Нобелийн шагнал амар олдох "хоол" биш байх аа.
 
-Нохой жилийн шилдэг бүтээлээр таны 10 боть бүтээл шалгарсан нь дээрх шагналд нэмэр болох л байх даа?
 
-Нийт 20 гаруй ботиос эхний 10 нь уншигчдын гарт хүрээд байна. Эхний хоёр боть бол түрүүний ярьсан  философи бүтээл,  хоёр роман л даа. Уг нь ах нь 1000 гаруй шүлэг бичиж, яруу найргийн 15 ном хэвлүүлсэн байна. Жүжиг театрын урлаг сонирхогчдод зориулсан реалист, моно, абсурд гэх зэрэг жүжиг байгаа. Ирэх 2020, 2021 онд хэвлэгдээгүй байгаа философи, пост модернизм чиглэлийн гурван том боть, хүний амьдралыг өгүүлсэн хоёр романыг уншигчдад хүргэнэ гээд байгаа ухааны юм л даа. Яг хэвлэх болохоор бүгд бэлэн биш, дахин засаж янзлах гээд их ажил ундарч байгаа.
 
– 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналын тухайд таны санаа бодол ямар байна? 
 
– Уг нь  Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллага, утга зохиолын салбарынхан л шагнал автал нууцлах ёстой. Манайд л  хэл ам болж, яагаа ч үгүй байхад хэвлэл мэдээллээр тархчихдаг юм байна. Би өөрөө ч мэдээгүй суутал наагуур нь шуугиад байх юм. Миний ойлгосноор, Шведийн Нобелийн шагналын хорооноос Монголын Шинжлэх Ухааны Академид зохиолчдоос нэр дэвшүүлэх урилга ирүүлсэн. Энэ дагуу 2018 онд миний нэрийг дэвшүүлсэн. Гэхдээ нууцаар гурван хүний нэрийг дэвшүүлж, санал хураасан юм билээ. Санал хураалтаар миний нэрийг сонгосон. 2018 оны утга зохиолын Нобелийн шагналын тухайд, ёс суртахуун будлиан гарсан учраас нэг ч зохиолчид өгөөгүй. Харин 2019 онд болгохоор хойшлуулсан юм билээ. Тэгээд л манайхан миний нэрийг дахиад явуулсан юм даг уу даа.
 
–Монголын утга зохиолд шүүмжлэл мухардаа юу даа?  
 
– Утга зохиолын бүтээл бүхэн шүүмж дагуулж байвал би баярлана л даа. Анх миний "Дотоод шаталтын хөдөлгүүр" их шуугиулсан. Тэр нь алдаа оноогоо цэгнэж харахад их тус болж байсан. Одоо бол ямар ч шүүмжгүй, хоосон магтах маяг руу ороод, зохиолыг ямар байгаа, зохиолчдыг хаана явааг мэдэгдэхээргүй болгочихлоо.  Орчин үеийн уншигчид утга зохиолын түвшнийг голж байна гэдэг бол мэдлэг боловсрол, гоо сайхны мэдрэмж өндөр хөгжсөнийх байх. Зохиолч бид  үүнд нь баярлах хэрэгтэй. Дэлхийн сонгодог орчин үеийн утга зохиолыг их уншиж, боловсрох хэрэгтэй байна. Зүгээр л Янжинлхам  бурхандаа залбирснаар бурхан туслахгүй. Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр, “Өөртөө тусалсан хүнд л би тусална” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бурханаас тус авахын тулд өөртөө л туслах хэрэгтэй гэж би дандаа хэлдэг шүү. Гэхдээ  Монголынхоо утга зохиолын түвшнийг доош нь хийгээд байж болохгүй. Энэ тухай санахад, 2017 онд Өмнөд Солонгосын Соёл шинжлэх ухаан боловсрол, аялал жуулчлалын яамнаас Гуанжу хотод байрлах Азийн соёлын төвөөс Азийн утга зохиолын анхдугаар наадмыг хийсэн. АНУ, Франц, Испани, Македони, Өмнөд Солонгосын эрдэмтэд шүүгчээр ажиллаж, судалгааныхаа үр дүнд Азид Орчин үеийн утга зохиолын сэтгэлгээгээр тэргүүлэх дөрвөн орныг шалгаруулахад Япон, Хятад, Перс, Монгол дөрвөн орноос орчин үеийн утга зохиолоороо Монгол тэргүүлсэн. Энэ бол том л амжилтын жишээ шүү дээ. Шүүмжийн тухайд нээрэн дэндүү сул болчихлоо доо.
 
-Та Азийн шилдэг найрагч болсон. Дэлхийн шилдэг нэг шүлгээр таны нэрийг дурдсан. Энэ бүхэн Нобельд их дөхөмтэй байх аа...? 
 
-Хэ хэ...Монгол гутлын нэг эсгий оймс шиг хэмжээтэй номд Азиас ганц монгол найрагчийн шүлэг шургачихсан нь сайхан л даа. Дээрх  номд Монголын болон Солонгосын нэг яруу найрагчийн шүлэг багтсан юм билээ. Тэр солонгос  хүн нь солонгос гаралтай болохоос Францын иргэн болсон, францаар шүлгээ бичдэг юм билээ. Харин нөгөө нь өнөө муу Д.Урианхай.  Монголдоо махаа идээд, айргаа уугаад, монгол шүлгээ бичиж яваа эр. Дэлхийн нэг шүлгийн номд бол Ази тивээс нэг л хүн орсон. Хөөрхий намайг сонгож оруулсанд баярлахаас яах билээ. 
 
-Танд уран бүтээлийн улам их амжилт хүсье. Нобелийн шагнал авах болтугай
 
-Баярлалаа. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг