sonin.mn
Өчигдөр төрийн ордонд  утааны асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг ерөнхийлөгчийн санал санаачлагаар болж өнгөрлөө.  Жилийн 365 хоногийн 240 гаруйд нь галлагаа шаарддаг хүйтэн сэрүүн манай орны хувьд  урт өвлийн турш биднийг даарч бээрэхээс хамгаалдаг авралын ганц од нь одоохондоо нүүрс юм. Гэвч  нүүрсний нүүгэлдэх их утаа тортогны дагуулдаг хар үйлээс хагацах салах тухай бид нилээд олон жил ярьж, бичиж бичиг цаас шидэлцлээ, их ч хөрөнгө мөнгө цацлаа, шийдлийг нь одоо хүртэл олоогүй л мунгиналдацгааж байна. 
Уушгиар дамжуулж манийхаа бүх биеийг хордуулаад байгаа утааг дагалдах хөө тортог, үнс гэгч ёрын хог шааруудын тухай миний бие санаа зовниж явдгийнхаа хувьд нилээд хэдэн удаа асуудал дэвшүүлсэн нийтлэл бичсэн радио телевизээр ярьсан. Өөрөө зогсохгүй үр ач нарын минь хордуулаад эрэмдэг зэрэмдэг болгоод байгаа чимээгүй үхлийн талаар санаа зовохгүй ярихгүй байхын ч аргагүй юм. 
 
  Миний мунхагласан санаануудыг доорхи хаягаар  ороод үзэж болно. Үүнд: 
 
Утааны гамшигт уруул нэмэх нь http://www.sonin.mn/blog/purevsuren/84291
Шийдлийн Засгийн газрын шийдвэр агаарын бохирдлыг дахин ихэсгэнэ. http://www.sonin.mn/news/politics-economy/41773
Үнсний лай ланчиг  http:// http://www.sonin.mn/news/politics-economy/36045
Нийслэлийн маань хөрс хүн амьдрахын аргагүй болтлоо бохирдсон http://www.sonin.mn/news/politics-economy/52337/
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын 200 мянган айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагуудын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа хагас сая автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулдаг гэх боловч, ерөнхий дүнгээрээ дулааны цахилгаан станцууд утааны 90 хувийг ялгаруулдаг нь баримт.  
20-р зууныг бид шинжлэх ухаан технологийн хөгжлийн, үйлдвэржилтийн, эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гэх мэтээр янз бүрээр  нэрлэдэг ч байгаль орчны хувьд бохирдлын, утаажилт бүр экологийн сүйрлийн зуун болсон гэдгийг эрдэмтэд өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ороод байгаа. 
  1952 оны 12 сарын сүүлийн битүү утаа бүрхэж нар харанхуйлсан тэр өдрүүд Лондончуудын зүрхэнд шар ус хуруулсан, аймшгийн зүүд мэт байсан  гэдэг юм билээ. Долоохон хоногийн хугацаанд 4000 гаруй хүн нүүрсний хар утаанд хоромхон зуур хахаж цацан амь тавьж, энэ утаанд хордож өвчилж хорвоог орхисон хүний тоо дараагийн хэдхэн саруудад 10000 давж жагсаалт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа талаар судлаачид ярьж бичсээр байгаа. Утаанаас үүдэлтэй хавдар, зүрх судасны өвчин харвалт, астма зэрэг олон төрлийн өвчнөөр тэр үед 40 гаруй мянган хүн хорвоог орхисон байдаг. Англичууд энэ аймшигт нөхцөл байдлаас яаж гарсныг судалж үзэхэд 1. Нүүрсийг цэвэршүүлэх арга хэмээг яаралтай авч хэрэгжүүлснээр  2 жилийн дотор утаа хоёр дахин буурсан. 2.Герман технологиор нүүрснээс хий, шингэрүүлсэн түлш гаргаж авч хэрэглэсэн. 3.Агаарын бохирдлын тухай хууль баталж, мөрдөн түүнийхээ  хяналтыг чангатгасан явдал байсан юм билээ. Ингээд Англичууд арван жилийн дотор утаанаас үндсэндээ салсан гэдэг. Утааны бохирдлоороо урьд хөрш маань арван хэдэн жилийн өмнө аймшигтай түвшинд оччихсон байсныг Бээжинд зарим үед онгоц бууц чаддаггүй байсныг би сайн санаж байна.  Гэтэл өнөөдөр Бээжингийн тэнгэр ямар байна даа?
 
Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын агаар дахь РМ 2.5 бохирдлын түвшин уушигны хавдраар үүдсэн нас баралтын 34%, уушиг зүрх судасны хавсарсан өвчний нас баралтын 24%, нийт хүн амын нас баралтын 8,2 хувийг эзэлж байна. РМ 2.5 гэдэг нь бидний нүдний харах чадвараас 20 дахин жижиг тоосонцор.
 
Энэ нь хавар зуны улиралд өвлийн утаанаас илүү байдгийг ДЭМБ тогтоосон. Амьсгалаар дамжаад уушигны нарийн нүх сүвийг бөглөснөөс яваандаа зүрх судасны өвчтэй болоход хүргэдэг талаар “Гарьд манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид нэг өвчтөнөөрөө жишээ аван надад тодорхой тайлбарласан юм. Мөн ДЭМБ-ын мэдээлснээр  харшлын өвчлөл жил ирэх тутам нэмэгдэж, нийт өвчлөлийн 25 хүртэл хувийг эзэлж, 2009 онд харшлын шалтгаант арьсны өвчлөл 14209 бүртгэгдсэн нь нийт өвчлөлийн 30 гаруй хувийг эзэлсэн байна.   Улаанбаатар хотын агаар дахь РМ 2.5-аас доош нарийн ширхэгтэй тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн гуурсан хоолой цочмог болон архаг үрэвсэл, уушигны үрэвслийн нэг шалтгаан болдог аж. НЭМХ-гийн судалгаагаанаас үзэхэд  Улаанбаатар хотын утаатай цэгүүдэд хүүхдийн цусанд агуулагдах хар тугалганы дундаж хэмжээ 16,5 мкг/дцл байсан бөгөөд хүүхдүүдэд ой тогтоолт буурах, анхаарал сулрах шинж тэмдгүүд илрээд эхэлжээ.
Нийслэл хотын агаарын чанар жилээс жилд муудаж, хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2005 онд 13мкг/мЗ байсан бол 2010 онд 2 дахин ихэсч, 27 мкг/мЗ болсон нь  агаарын чанарын MNS 4585:2007 стандарт дахь хүлцэх  хэм хэмжээнээс /ХХХ/  бараг 3 дахин их байгаа гэнэ.  
Хамгийн аймшигтай нь төрөлхийн гаж хөгжил нь нярайн болон нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд 1998 онд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн гаж хөгжил 2,3 хувийг эзэлж байсан бол 2018 онд 13,4 хувь болж даруй зургаа дахин нэмэгдсэн байна. Миний үр ач ч энэ зовлонтой учирсан болохоор би энэ хотыг улс оронтой нь хавсран 20 гаруй жил толгойлсон М.Энхболдыг харахаар уур хүрдэг юм. 
Азотын давхар ислийн жилийн дундаж агууламж 2005 онд 29 мкг/мЗ байсан бол 2010 онд 35 мкг/ мЗ болж, 1,2 дахин өсөж, хоногийн дундаж агууламж нь Баруун дөрвөн зам орчимд 120 мкг/мЗ хүрч, XXX-нээс 3 дахин их болсон байна. Сургууль цэцэрлэгийн өрөө тасалгааны РМ 2.5 тоосжилт стандартаас 3, гэр орон байранд 2, гадаа гудамжинд 9 дахин их байдаг гэж судлаачид ярьдаг..    
Эдгээр тоо баримтууд нийслэлийн утаа гамшигийн хэмжээнд хүрсэнийг хангалттай батлах учраас олон юм нуршилгүй утааг яаж бууруулж болох өөрийн саналыг дэвшүүлье. Хэрэв энэ төр засаг ард түмнээ үнэхээр үхлийн аюумшигаас яаралтай  аварья гэж бодож байгаа бол дараах зүйлийг нэн даруй хийх ёстой. Энэ хорооныхны хийх гол ажлуудыг товч дурьдваас ийм байх болов уу?
 
1. Орчны бохирдлын хороог ерөнхийлөгч  ерөнхий сайд, УИХ –ын хамтарсан удирдлагын  шууд харьяанд байгуулж хороог удирдах хүнд сайдын эрх мэдэл олгох шаардлагатай. Яагаад болохгүй гэж. Хэдэн жилийн өмнө Монгол улсын сайд хэмээх мундаг сэтэртэй, юу ч хариуцдаггүй сул орон тоонд М.Энхсайханыг томилоод явж л байсан биз дээ. Одоогийнх шиг Байгаль орчны сайд энэ хороог хариуцаад ажиллуулна гэвэл яасан ч бүтэхгүй. Учир нь эрх мэдэл нь дутахаас гадна  утааны асуудал чинь зөвхөн байгаль орчноор хязгаарлагдахгүй, хот төлөвлөлт, барилгажилт, эрчим хүч, эрүүл мэнд гээд хамрахгүй салбар байхгүй учир ганц яам ажлын ачааллаа дийлэхгүй, чадах ч үгүй, Энэ нэн чухал ажил цалгардах магадлал өндөр байна. Хамгийн гол нь нам бус байх ёстой энэ хүнээ ард олноо гэсэн зүрх сэтгэлтэй, шуналгүй шударга нэгнийг сонгон шалгаруулалтаар авч чадах аваас хоёргүй сэтгэлээр ажиллаж, утааны асуулдыг шуурхай шийдэж чадна гэж бодож байна.  : 
2. Одоогийн “Агаарын тухай хууль”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийг нэгтгэж, “Агаарын бохирдлын тухай” цогц хууль боловсруулан энэ оны эхний улиралд багтаан УИХ-аар яаралтай батлуулах. Мөн УИХ-аас өнгөрсөн жил баталсан агаарын бохирдлын хөтөлбөрт засаж залруулах зүйл багагүй байгааг ч сануулъя. Бохирдуулагч төлдөг зарчмыг тууштай нэвтрүүлэх ёстой. Арваас дээш насжилттай автомашиныг татвараар шахах цаг нь болсон. Ийм машин импортлохыг мөн татварын бодлогоор хавчих ёстой. Монгол улс бол хуучин машины хогийн тантан биш.
3. Гаднын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нүүрс цэвэршүүлэх хэд хэдэн үйлдвэрийг Төвийн бүсд Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Баруун бүсд Увсын Хартарвагатай, Зүүн бүсд Дорнодын Адуунчулуун зэрэг томоохон орд газруудыг түшиглэн энэ зунд багтаан барьж ашиглалтанд оруулан ирэх намар гэхэд цэвэршүүлсэн түлш хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх, Ерөнхий сайдын түүхий нүүрс шатаахыг хориглох шийдвэрийг хуульчлах. 
4. 2000 оны зааг дээр гурван жил дараалан зуд болсны улмаас хот руу шилжин ирэгсдийн тоо жилд 70000 хүрч байжээ. УИХ-д сонгогдохоор тэр үед улайрч байсан МАН-ын удирдлагын улайрлын дүнд ийм болсныг одоо нуугаад юүгхэв. Харин энэ жил анх удаагаа хотоос шилжин явагсдын тоо хөдөөнөөс нүүж ирэгсдийн тооноос давсан тухай сайхан мэдээг хэлэлцүүлгийн үеэр дуулгав.  Улаанбаатар хотын бохирдол бөөгнөрөл бөглөрлийн хамгийн оновчтой шуурхай шийдэл бол Их дээд сургуулиудын нүүлгэхээс өмнө хямд төсөр арга зам нь Улаанбаатараас хөдөө рүү нүүн шилжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах явдал юм. Дүүрэг, бүх хороод, орон нутгийн засаг захиргааг үүнд татан оролцуулж, гурвалсан гэрээ байгуулах, тээврийн зардал мөнгөөр хөхүйлэн дэмжих замаар ялангуяа тэтгэврийн насны нутагаа бараадах сонирхолтой хөгшчүүдийг хамруулах боломжтой гэж үзнэ. Хөгшчүүдээ. Энэ ташрамд уриалахад утаатай энэ хонхорт хордож үхэхээр Япон шиг газар нутаггүй биш хайртай үр ач нараа хажуудаа авч хатуухан хэлэхэд нутаг нутагтаа очиж ясаа тавивал яасийм?. Тийшээгээ яваад оччиход тураад үхчихгүй нь лавтай.
5. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ажлыг дэмжих, сонирхолтой иргэдэд хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлага гараад байна. Одоохондоо энэ төрлийн төхөөрөмжүүд өндөр үнэтэй боловч манай урьд хөршид үнэ нь өдрөөс өдөрт буурч байна. Хятадууд 500.000 хүнтэй Манжуур хотынхоо цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр 100% шийдчихсэнийг хараад дэмий л атаархлаа.
6. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгт эхний ээлжинд гаднын хорт утааг шүүх төхөөрөмжийг улсын төсвийн  санхүүжилтээр угсарч байрлуулахгүй бол хүүхдүүд минь өсөөд бүгд багтраа өвчний үүр болох ирээдүй харагдаад байна. Энэ төхөөрөмжийг оруулж гаднаас оруулж ирэхэд гаалийн болоод бусад татвараас чөлөөлөх шаардлагатай. Ингэж байж ойрын нэг хоёр жил хүүхдүүдээ хорт удааны нөлөөллөөс аврах юм. Хүүхдүүддээ зүүлгэх стандартын шаардлага хангасан маскийг сургууль, цэцэрлэгээр нь дамжуулаад үнэгүй тараасан ч хүрэлцэхээр мөнгө төсөвт суусан байна лээ. 77 тэрбум төгрөг гэв үү. Күкшүзаны  дэвжээний Ояакадо Монголд 2000 онд анх ирчихээд Батбаярт уушигны эмнэлэг байгуулбал 10 жилийн дараа төвөггүй тэрбумтан болно гэж зөвлөсөн гэж сонссон  юм байна.
7. Гэр хороололд Агаарын бохирдлын шинэ хуулиар зөвшөөрөгдвөл эргүүлийн цагдааг давхар экологийн үүрэгтэй болгон хороо хоринтой нь хамтран ажиллуулж дугуй, хаягдал хог шатаадаг үнс хогоо жалганд хаядаг айлуудад зохих журмын дагуу хатуу арга хэмжээ авч, нийтийн эрх ашгийн үүднээс хотоос албадан гаргасан ч болохгүй зүйлгүй мэт санагдаж байна. Бид хамтаараа тэмцэж байж л утаанаас сална. Хотын төвд ч утаа баагиулсан хаусууд худалдааны газрууд, хоолны нэгжүүд газар сайгүй байгааг зогсоох цаг нь нэгэнт болсон.
8. Агаарын бохирдлын түвшинг хянах багажийг хотын гэрлэн дохионы шон хүн ам ихтэй хүнсний зах мэтийн газруудад байршуулах, орчны хяналтын байцаагч нарыг биендээ авч явах зөөврийн багажаар хангах,  хүмүүс өөрсдөө ч оруулаад ирэх татварын хөнгөлөлттэй нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.
9. Агаарын бохирдлын стандартаас давсан утаа гаргаж буй тээврийн хэрэгслийг хянах хотын гол гол цэгүүдэд  байршуулж, замын цагдаа орчны байцаагч нар хамтран хянах, хар утаа савсуулан явж буй автомашины  янданд шүүр тавиулах. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөөр энэ асуудлаа шийдэх шаардлагатй. Түрүүчийн засгийн газрууд шиг автобусны янданд шүүр суулгаж байгаа нь гээд тэрбум тэрбум төгрөг утааны төсвөөс зувчуулахгүй байх ёстой. 
10. 2008 оноос эхлэн утааг бууруулахад зарцуулсан 800 тэрбум төгрөгийн үргүй зардлын  тайланг нэгтгэн гаргаж, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан эцсийн дүнг ерөнхийлөгч, Засгийн газар болон УИХ-д нэн даруй танилцуулах ёстой.
11. Хэлэлцүүлгийн үеэр газар чөлөөлөх асуудлыг хуульчлахгүй бол айлууд хэрээс хэтэрсэн мөнгө шаардаж байгаа талаар олон хүн гомдол гаргаж харагдана лээ. Энэ бол газар хувьчлах хуулийг ямар ч судалгаагүй, бодлогогүйгээр 2000 оны эхээр гэнэт гаргасан Энхбаяр, Энхболдотнуудын гаргасан засахад бэрх алдаа. Үүнээс болж газрын наймаа цэцэглэх хөрс суурь тавигдсан  гэдгийг олон хүн одоо л ухаарцгааж байх шиг байна. 
12. Утаатай тэмцэх энэ ажилтай зэрэгцээд мөнгө угаалт явагдаад эхэлжээ. 40 сая долларын хөнгөлөлттэй зээл аваад Баянхошуунд ажлаа эхлэчихсэн талаар Авирмэд гэдэг хүн ажлаа танилцуулж, дахиад 520 сая долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа талаар сонсоод арай ч дээ гэж бодлоо. Ийм болчимгүй асуудал олны нүднээс далд хуйвалдааны хуулийн дагуу явагдаад байгаагийн учрыг олж ил тод болгох нь энэ хорооны үүрэг. Иргэд ч үүнийг хянаж шахаж шаардах эрх нь нээлттэй. Хэрэв энэ үнэн бол утааны далимаар дахиад дааж давшгүй өрөнд улс орныг оруулж байгаа юм байна даа  иргэд минь.
13.   Сэлбэ, Туул голыг ширгээх балмад үйл ажиллагаа зогсохгүй байна. Сэлбэ голын урсацыг сайжруулж байна гэж тэрбум тэрбумаар нь хэдэн засгийн газар мдамжин мөнгө зувчуулсан. Хайрга дайрга олборлох лицензтэй аж ахуйн нэгж 300 шахам байгааг хэлэлцүүлгийн үеэр олон түмэн сонсоод цочирдсон байх. Энэ балмад үйл ажиллагааг зогсоохоор олон жил оролдож байгаа боловч бүтээгүйн гол шалтгаан нь лицензийн нууц ноёнтнуудын дунд  их хурлын эрхэм гишүүд байдгийг мэдэх хүн цөөхөн байх. Мөнгө олохын тулд ингэж улайрч арай л болохгүй дээ эрхэм гишүүдээ!!! Энэ талаар анх удаа идэвхтэй ажиллаж 100 шахам лицензийг хүчингүй болгосон Нийслэлийн мэрэгжлийн хяналтын дарга зоригт бүсгүйд баяр хүргэж, Туул голоо аврах тэмцэлд нь өндрөөс өндөр амжилт хүсье
Дагавар хот байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ хороолол барих гэх мэт асар өндөр зардлаар хотыг утаагүй болгох нь ойрын  биш хэтийн төлөв гэж харж байна. 1990 онд хотын хүн ам 500 мянга байхад л 60 хувь нь гэр хороололд амьдардаг байсан,  одоо 1сая 500 болсон, байдал яг бахь байдгаараа л байна. Утааг далимдуулж мөнгө угаах сонирхолтой олон гишүүн байгаа нь энэ хэлэлцүүлгийн ач холбогдлыг навс унагаж орхисныг эцэст нь хэлэхэд илүүдэхгүй байх. Та нарын гаргаж байгаа бүх шийдвэр шилэн байх ёстой шүү. Дарга нар минь 
 
 
 
Ш.Пүрэвсүрэн