sonin.mn
Ээжийнхээ тухай бичмээр, яримаар санагдаад байх чинь. Өдийд ч цагаан сар гээд бужигнуулж байгаа даа. Хүүхэд байхдаа ээжийнхээ ачийг хариулна гэж мөн ч их мөрөөдөж, боддог байж билээ.
Тухайн үедээ хоёрхон зүйлийг л биелүүлчихвэл боллоо гэж боддог байж. Нэг нь ээждээ булган захтай хар хөх өнгийн пальто авч өгөх. Хэн нэгний өмсөж явсныг л харсан байх. Хэрдээ л мөнгө цуглуулсан боловч авч дийлээгүй. Хэдэн төгрөгийн үнэтэй эд ч байсан юм. Би хэдий хэрийн юм цуглуулсан ч юм бүү мэд. Тэгээд л замхарсан. Харин хоёр дахь мөрөөдөл нь ээжийгээ дагуулаад гадаад улсаар аялж зугаалах. Гадаад улс гэдэг нь хоёр хөрш маань буюу Орос, Хятад. Үүнээс цааш улс орны төсөөлөл балчир насанд байгаагүй нь ойлгомжтой. Ядмагхан насны ядуухан мөрөөдөл юм даа. Ингээд л ачийг нь хариулчихна гэж бодсон гэнэн нас өхөөрдмөөр ч юм шиг. Гэхдээ хожим нь би энэ хүслээ биелүүлсэн. Сэтгэлдээ төсөөлснөөсөө ч илүүг ээждээ өмсгөж, ээжтэйгээ хамт аялсан. Үнэтэй бэлэг сэлт өгснөөрөө ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг огт биш, үр хүүхдүүд нь сайн явбал өөр хүсэх юм аав, ээжид байхгүй” гэдэг утга бүхий үгстэй би зарим талаар санал нийлнэ, зөрчилдөх үе ч бий. Миний л бодол шүү. Би ээждээ их бага, том жижиг хамаагүй болж л өгвөл бэлэг өгөх дуртай. Гаднын улс оронд очихдоо хүртэл хамгийн түрүүнд ээждээ л бэлэг авдаг. Боломж нь байвал бүр хэд хэдэн бэлэг сонгодог. Ирэхийг минь хоног тоолон хүлээчихсэн суугаа ээждээ авчирсан бэлгээ өгөөд баярлаж байгаа царайг нь харахыг хүссэндээ тэр шүү дээ. Бэлэгтээ гол нь биш л дээ. Бэлгийн цаана үрээрээ бахархах, омогших, гайхуулах сэтгэл дүрэлзэж байгааг нь мэдрэх хамгийн гоё. “Мөнгөө үрж яах нь вэ” гэсэн мөртөө л байн байн гаргаж хараад л, өмсөж, зүүж үзэж байгаа нь хөөрхөн. За тэгээд л утсаар ярьсан, уулзсан хүмүүстээ гайхуулж гарна шүү дээ. Ээжийн минь баярладаг бас нэг зүйл нь үр хүүхдүүдээ тойруулчхаад бужигнах.
Хэд хоноод л бид гурав эхнэр, нөхөр, хүүхдүүдээ чирээд аавындаа очно. Хөл толгой нь олдохгүй, хонины найр болно оо. Ээж минь харин хоол цай болж хачин их жаргалтай байгаа нь илт. Хажуугаар нь гарахдаа мөөмийг нь сэмхэн барьж үймүүлэхэд “Пээ, дэнхийчээд болиоч ээ. Манай энэ гурав хөхнөөсөө “зөнөж” байж гарсан болоод ч тэр үү, мөөмөндөө дуртай гэж яана. Аав, ээж болцгоочихоод л идэх нь холгүй байх юм” гэж дэнхэр хүүхдүүдээ үгэн дотроо эрхлүүлж өхөөрдөн хүргэн бэртэйгээ хуучилна. За тэгээд харих болохоор хамаг байдгаа ач, зээ нартаа барина. Аль болохгүй гэгддэг чихэр, чипс, ундаа гээд харин ч нэг эрхлүүлнэ дээ. Хөөрхийдөө, амттайг нь л авч байгаа нь тэр. Бас болоогүй ээ, бага дүүгийн халаасанд хэд гурван төгрөг сэмхэн шургуулаад баригдана. “Та яагаад ялгаад байна аа” гэхээр “Та хоёрыг бодвол олон хүүхэдтэй. Ганц, хоёр литр бензиний л мөнгө” гэж ирээд л өмөөрнө. Угаасаа мэднэ л дээ. Ээжийгээ л цаашлуулж байгаа хэрэг. Бид хоёрын илүүчилсэн хэдэн төгрөгийг өөртөө ч зарцуулалгүй нааш цааш нь “гулгуулдаг”, манайдаа л сангийн сайд шүү дээ. “Салбар салбартаа тэнцүү төсөв хуваарилна шүү, зарим нь их татвар төлж, зарим нь бултаад байна” гэж үе үе ээжээрээ “тоглоно”. Чихэр хулгайлаад баригдсан хүүхэд шиг булзааруулаад л ёстой хөөрхөөн, миний ээж. 
Хааяа би ээжийгээ болзоонд урина аа. 
-Ээж, өнөөдөр гоо сайханд орох уу?
-Яасан, чи завтай байгаа юм уу?
-Завтай байна, дараа нь гоё хоол идье.
-Тэгж мөнгөө үрж яах нь вэ? За за, чи дөхөөд залгаарай. Ийм яриа бидний дунд үе үе өрнөнө. Гоо сайхны үйлчилгээ авах, эсвэл биедээ иллэг хийлгэх үедээ залуу явсан үе, тэр үеийн гоо сайхны хэрэгсэл, эд бараа гээд л ярьж өгнө. Үйлчлэгч охид ч дуртай сонсож, бөөн хөгжөөн болно. Бүр таньдаг болчихсон. Ээжийгээ би аль болох шинээр нээгдсэн амттай хоолтой газруудаар дагуулж очих дуртай. “За энэ ч ёстой дэмий хоол байна, шөл нь ямар амттай юм бэ, пиццанд би дургуй ээ, гамбир шиг юманд та нар юунд нь дурлаад байдаг юм, бүү мэд” гээд л хоолны мэргэжилтэн шиг “үглэхийг” нь сонсох, амтархан идэхийг нь хараад л баймаар... За тэгээд дэлгүүр хэснэ. Ээж минь гангалах дуртай. “Энэ жаахан хөгшин загвартай юм байна” гэж ирээд л хувцас сонгож байгаа тэр мөчдөө аальгүй бүсгүй насандаа оччихсон юм шиг санагддаг юм. Бид хоёр бас кино үзэх дуртай. Монголын уран сайхны шинэ кино бүрийг алгасахгүй үзнэ шүү дээ. Хамгийн сүүлд “Шангрилла Молл” орж “AGUAMEN”-ийг үзэв ээ. “Хөгжим нь үе үе чангараад байсныг эс тооцвол сайн хийсэн кино байна. Нээрээ л усны гүнд ийм амьдрал байдаг байх даа. Гадаад кино үзэх чинь бас зүгээр юм байна” гээд л тун чиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Кино үзчихээд харих замдаа хоёулаа замын түгжрээнд сайхан “буу халсан”. Хамаатан садныхаа тухай бүх л мэдээллийг ээжээс л авна шүү дээ. Лавлах товчоо л гэсэн үг. Эвий дээ эд маань яриагаар “цангадаг” болчихдог юм шиг санагддаг юм. Мань мэт гэж нэг л их завгүй, салхи шиг хүмүүс тавтайхан суугаад таван үг солих нь ховор болохоор арга ч үгүй биз. Тийм учраас аль болох ярилцаж байхыг хичээгээрэй.
Намайг мөнгөтэй бас завтайдаа ээжийгээ баярлуулдаг гэж Та бодож байна уу? Үгүй дээ, боломжтой үедээ илүү зарцуулна, боломжгүй үедээ чаддаггүй, таны л адил нэгэн. Гэхдээ боломжийг гаргаж чаддаг сэтгэл л хамгийн чухал. Шангрилла орж кино үзэхэд хоёр билетний үнэ 18000, хоёр сав эрдэнэ шишийн үнэ 4000 нийлээд 22000 төгрөг. Бидэнд олддог, байдаг л мөнгө. 
Эсвэл Та намайг сайн охин юм гэж бодож байна уу? Магадгүй ээ. Надаас ч илүү ээжийгээ асарч тойлдог, хайрлаж халамжилдаг хүмүүсийн дэргэд бол би сайн охин биш, харин надаас дор сэтгэл гаргадаг хүмүүстэй харьцуулахад сайн охин. Гэхдээ энд сайн муу, баян ядуугийн тухай огт хамаагүй. Хамгийн гол нь таныг, чамайг ижийдээ очиж, ижийгээ баярлуулж байгаасай л гэсэн хүсэл минь энэхүү бодролыг бичихэд хүргэв. Ээж минь байсан ч болоосой гэж гуниглаж байгаа хүн ч байгаа нь мэдээж. Гуниглах хэрэггүй дээ, ээжийн энтэй хүн энэ орчлонд олон бий. Эмээгээ, эгчийгээ, ханынхаа ээжийг, ер нь эмэгтэй хүн бүрийг ээжтэйгээ адилтган бага ч болов тусалж, сэтгэлээ зориулбал ээж тань бас баярлана л гэсэн үг. 
Яг өдийд бууз, банш хийх, бэлэг сэлт цуглуулах, амттан шимттэн, ааруул ээзгийгээ бэлдэх гээд сар шинийн баяртаа зэхээд л бидний ижий нар ч бужигнуулж байгаа даа, тийм ээ? Ийм л сайхан ээжтэй хүмүүс шүү дээ бид. 
Ижий бүхэн өхөөрдөм, хөөрхөн бурхад билээ.
 
Х.Ганзул
Эх сурвалж: Соёмбо сонин