ЛОНДОН. /BBC/. Финландад ажилгүй иргэдэд хоёр жилийн турш мөнгө тараах туршилт явуулсан нь тэднийг ажил хайхад хүргэсэнгүй гэж судлаачид мэдэгджээ. Финландын 2000 ажилгүй иргэн 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 560 евро авч байжээ.
Баталгаатай орлоготой байх нь ажил хайхад түлхэц болдог эсэхийг судлах нь энэхүү туршилтын гол зорилго байсан юм. Туршилтын дүнд ажил эрхлэгчдийн түвшин нэмэгдээгүй хэдий ч туршилтад оролцогчид энэ хугацаанд илүү аз жаргалтай, стресс багатай байснаа илэрхийлсэн байна.
2017 онд энэ төслийг эхлүүлсэн Финланд улс ямар ч нөхцөл болзолгүйгээр үндсэн орлого олгох санааг туршиж үзэх Европын анхны улс байсан аж. Финландын Засгийн газрын агентлаг болох “Kela” нийгмийн даатгалын байгууллагын явуулсан энэхүү туршилтад санамсаргүйгээр сонгогдсон хүмүүс оролцсон бөгөөд тэд ажилгүйдлийн тэтгэмж авдаг хүмүүс байсан аж. Туршилт тэр даруйдаа олон улсын анхаарлыг татсан хэдий ч туршилтын дүнгээс харахад иймэрхүү төсөл үр дүнтэй эсэх нь асуудал дагуулаад байгаа аж.
“Universal basic income” буюу Бүх нийтийн үндсэн орлого гэдэг нь хөрөнгө мөнгөний хэмжээнээс үл хамааран хүн бүхэн сар бүр орлого олох боломжтой гэсэн үг аж. Харин Финландад явуулсан туршилт нь ажилгүй хүмүүст чиглэсэн байжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг