sonin.mn
БУДАПЕШТ. /BBC/. Унгарт дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хувь хүний орлогын албан татвараас насан туршид нь чөлөөлөхөөр болсон тухай тус улсын Ерөнхий сайд төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулах үеэрээ мэдэгдэв.
Өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь цагаачлалаас үл хамааран Унгарын ирээдүйг хамгаалах арга зам юм гэжээ. Унгарын хүн амын тоо жилд 32 мянгаар буурах болсон бөгөөд тус улсын эмэгтэйчүүд Европын Холбооны /ЕХ/ дундаж үзүүлэлтээс цөөн хүүхэдтэй байгаа ажээ.
Төрөлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 10 сая форинт буюу 36 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг залуу хосуудад хүүгүй санал болгож байгаа бөгөөд хосууд гурван хүүхэдтэй болсон тохиолдолд зээлээс нэг удаа чөлөөлөх юм байна.
Мөн ирэх гурван жилийн хугацаанд сувилагчийн 21 мянган ажлын байрыг бий болгож, эрүүл мэндийн үйлчилгээний системд 2.5 тэрбум ам.долларыг зориулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн долоон хүний суудалтай тээврийн хэрэгсэл худалдан авах хүсэлтэй хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ.
В.Орбан энэ тухай Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэл тавих үеэрээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр илтгэлээ “Унгарчууддаа урт наслахыг хүсэн ерөөе” хэмээн төгсгөсөн байна.
Унгар эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин 1.45 функт байгаа бол ЕХ-ны дундаж үзүүлэлт 1.58 байдаг аж. ЕХ-ны орнуудаас Францад энэ үзүүлэлт хамгийн өндөр /1.96/ байдаг бол Испанид хамгийн бага /1.33/ байдаг байна. Сонирхуулахад, дэлхийд төрөлтийн түвшин хамгийн өндөр байдаг улс нь Нигери /7.24/ ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг