sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Америкийн эрдэмтдийн баг Амазон болон Ориноко мөрнөөс толгойдоо өргөс болон тэмтрүүлтэй шинэ төрлийн зургаан загас илрүүлжээ. “The Independent” сонинд мэдээлснээр, гол мөрний энэ амьтад өргөс, тэмтрүүлээ үр төл, газар нутгаа хамгаалахад ашигладаг аж.
Америкийн Чикаго хотын Байгалийн түүхийн Филд музейн /Field Museum/ биологичид Гвианы тэгш өндөрлөгийн бүсээс цуглуулсан дээжүүддээ судалгаа хийжээ. Эрдэмтэд тэдгээрийн ДНХ-гийн молекулуудад дүн шинжилгээ хийсний эцэст эдгээр амьтан шинжлэх ухаанд урьд өмнө нь илрээгүй толгойдоо тэмтрүүлтэй цулбуурт загасны төрөлд хамаарна гэдэг дүгнэлтийг хийжээ. “Бид Амазон, Оринико мөрний сав газар дахь цулбуурт загасны төрөлд хамаарах шинэ төрлийн зургаан загас илрүүлсэн. Эдгээр загас хоншоортоо тэмтрүүлтэй, толгойноос нь цухуйсан өргөс нь яг л хумс шиг бөгөөд үүгээрээ өөрийгөө болон үүрээ хамгаалдаг бол их бие нь хуяг дуулгыг санагдуулам хайрсаар хучигдсан” гэж судалгааг явуулсан Филд музейн профессор Лесли де Соуза ярьсан байна.
Судлаачдын ярьснаар, загасны урт 15 см хүрдэг байна. Эр загасууд нь үүр болон газар нутгаа хамгаалахад зориулагдсан тусгай өргөстэй аж.
Амазон мөрний сав газар болон ширэнгэн ойд өмнө нь судлагдаагүй маш олон ургамал, амьтан байгаа учраас дээрх судалгааны үр дүн шинжлэх ухааны болоод практик ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хүний буруутай үйлдлийн улмаас аюулд ороод байгаа Өмнөд Америкийн тус бүс нутгийг үр дүнтэй хамгаалах арга боловсруулахад мэргэжилтнүүд ашиглах боломжтой байна.
Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн хамгийн сүүлд нийтлэгдсэн тайлан мэдээнд дурдсанаар, сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн ан амьтны тоо 60 хувиар буурчээ. Мөн Өмнөд болон Төв Америкт байдал илүү хүнд болсон байна. Тус бүс нутгуудад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа идэвхтэй явуулсны улмаас амьтны ертөнцийн төлөөлөгчдийн тоо 89 хувиар буурчээ. Тайлан мэдээнд мөн 1970 оноос хойш цэвэр усны нөөц 83 хувиар буурсныг онцлон тэмдэглэсэн байна. Дэлхийн уушги гэж нэрлэдэг Амазоны ширэнгэн ойн талбайн хэмжээ ердөө 50 жилийн дотор 20 хувиар багассан бөгөөд хэрэв ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхий ертөнц илүү ихийг алдах болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг