sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэг энэ сарын 12-нд илэрсэн тул ард иргэд, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр  гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.
Иймд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газар анхаарууллаа.
 
- Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байнгын хараа хяналтанд байлгаж бэлчээрт гаргахгүй байх,
- Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
- Иргэд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон бүс, нутаг дэвсгэрт зорчихгүй байх, - Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)
-Тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;
- Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих /гараа тогтмол савантай усаар угааж/ санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2 хувийн давсны болон сод, залгиурыг 0.7 хувийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах;
-Өвчний голомтод бүртгэдсэн өрхийн гишүүд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд гадагшаа зорчихдоо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх,
-Үхсэн гахайг ил задгай хаяснаас нохойгоор дамжин өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул зориулалтын цэгт булшлах
-Гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтэл хийхийг анхааруулж байна. 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг