sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар орон даяар өнөөдөр эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй аж. Энэ жил урьдчилсан байдлаар 20 мянган шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ. Шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн байна. Үүнээс орон нутагт 22, нийслэлд найм байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаасны дараа эцэслэн шийдвэрлэх аж.
Монгол хэлбичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар ирэх сарын 4-нд дуусна. Тус шалгалтыг ирэх сарын 23-нд зохион байгуулах бөгөөд босго оноо 400 байна.
 
Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ, “Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгнө.  ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээлийн жил дууссанаас хойш гурав хоногийн дараа товлохоор санал хүргүүлсэн. Баталгаажсаны дараа нийтэд нээлттэй зарлана. Шалгалтын үед шууд засалт нэвтэрч байгаатай холбогдуулан шалгуулагч шалгалт өгсөн даруйдаа анхны дүн оноогоо шууд мэдэх боломжтой. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлд авах ёстой 100 онооноос шалгуулагч хэдэн оноо авсныг илэрхийлэх юм. Шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа улсын хэмжээний нэгдсэн жагсаалт хичээл тус бүрээр нь гарна. Батламж хуудсыг шалгалт дууссанаас хойш гурав хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ. Хоёр дахь шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтыг өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй  болон хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм. Энэ жил ЭЕШ-ыг ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд сэдэв даалгаврыг авна” гэв.
 
 
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ ярихдаа, “Шууд засалтын төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, программ хангамж нь монгол залуусын оюуны бүтээл. 2018 онд Ховд, Орхон аймагт энэ технологийг нэвтрүүлсэн. Ховд аймагт 1400 шалгуулагч шалгуулахад ямар нэг алдаа дутагдал гараагүй. Тиймээс энэ жил улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. ЭЕШ-ын дүн 14 хоногийн дараа гарахад маш их асуудал үүсдэг. Тухайлбал, жилд 10 мянган шалгуулагч сумын төвөөс аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Шалгалт өгөх болон дүнгээ сонсох гэж дахин ирэхэд шалгуулагчдын хувьд эдийн засгийн хүндрэлтэй. Тиймээс нэг ирэлтээр буюу шалгалт дууссаны дараа гурав хоногийн дараа батламжийг олгоно. Шалгуулагчид хариултын хуудсаа машинд уншуулахад, дүнг нь харуулна. Тиймээс ямар нэг хардлага сэрдлэг гарахгүй. Хэрэв дүн оноондоо эргэлзвэл Боловсролын үнэлгээний төвд хандах боломжтой. Өргөдлийг гурав хоногийн дотор шийдварлэнэ” гэв.
Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.  Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягаар “шалгуулагчийн булан”-д байршуулах аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг