sonin.mn
НАЙРОБИ. /CNN/.  Сүүлийн 100 жилийн хугацаанд нэг ч үзэгдээгүй, нэн ховор Африкийн хар ирвэс Кени улсад судлаачдын дуранд өртсөн тухай Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн эрдэмтэн Ник Пилфолд мэдэгдэв.
Биологичид олон сарын турш хэдэн арван камер байрлуулж ажиглалт хийсний үр дүнд хар ирвэсийн гайхалтай зургийг хальсанд буулгасан гэж тэрбээр хэлсэн байна.
“Бид үүнийг “black panther” буюу хар ирвэс гэдгээр нь сайн мэднэ. Африкт хар ирвэс үзэгдэж, амьдардаг тухай өмнө нь мэдээлж байсан ч баталж чадаагүй. Харин энэхүү зураг түүнийг олон жилийн турш Африкийн нутагт оршин байсаар ирсэн гэдгийг батлах чухал нотолгоо боллоо. Саяхныг хүртэл хар ирвэсийн талаар ийм өндөр чанартай зураг олдоогүй байсан” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Өмнө нь 2013 онд байгалийн гэрэл зурагчин Фиби Окалл хар ирвэсний зураг дарсан тухай Кенийн “Daily Nation” сонин мэдээлж байсан боловч тухайн зурган дээрх хар ирвэс нь АНУ-аас Кени улсад авчирсан тэжээвэр муурын зулзага байжээ.
Харин судлаачид хар ирвэсийн энэхүү зургийг өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа Африкийн Экологийн сэтгүүлд нийтэлж, олон нийтэд дэлгэсэн байна.
Уг хар ирвэс нь дэлхий дээр нэн ховорд тооцогддог “меланист” төрлийнх бөгөөд залуу, эм ирвэс байжээ. Ирвэс өнгөрсөн оны сүүлчээр судлаачдын дуранд өртөх үедээ эхтэйгээ хамт явж байсан бөгөөд эх нь жирийн өнгөтэй байсан аж.
Меланизм гэдэг нь аливаа амьтны арьс эсвэл үсийг хар толбо, өнгөтэй болгодог генийн өөрчлөлтийн үр дүнг хэлж буй юм. Энэ төрлийн хар ирвэсүүдийг Кенид байдаг гэж ярьдаг байсан ч баримтаар нотлоогүй байсан билээ.
Ийм төрлийн хар ирвэс хамгийн сүүлд 1909 онд Зүүн Африкийн Этиоп улсад үзэгдсэн бөгөөд тухайн үеийн зураг одоо АНУ-ын Вашингтон хот дахь Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг