sonin.mn
БЭЭЖИН. /Anadolu/. БНХАУ-ын “Tencent” компанийн харилцаа холбооны “WeChat” хавсралт гадаадын орнуудад олон зуун мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсоор байна. Энэ тухай “Business Insider” сэтгүүл мэдээлэв.
“Android” болон “IOS” үйлдлийн системтэй ухаалаг гар утасны аль алинаар хэрэглэх боломжтой “WeChat” хавсралтыг 2011 онд зурвас солилцох, дуут зурвас илгээх үйлчилгээтэйгээр олон нийтэд танилцуулж байжээ.
“Business Insider” сэтгүүлд мэдээлснээр, уг хавсралтыг ашиглан хэрэглэгчид тоглоом тоглож, бусад руу мөнгө шилжүүлж, дүрстэй болон энгийн дуудлага хийж, хоол захиалж, мэдээ уншиж, эмчид үзүүлэх цагаа ч товлож болдог ажээ. Мөн энэхүү хавсралтыг “Facebook”-ийн Хятад хувилбар хэмээн нэрлэх болсон байна.
“WeChat” хавсралтыг 700 сая гаруй хүн /600 сая нь БНХАУ-д/ гар утсандаа татаж суулгасан нь дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээний хавсралт болох “WhatsApp” болон “Viber” зэрэгтэй өрсөлдөхүйц үзүүлэлт болжээ.
Ташрамд дурдахад, “WeChat” хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь 15-29 насны залуучууд байдаг ажээ. “WeChat” хавсралтыг хөгжүүлэгчид 2014 онд Шанхайн мэдээллийн технологийн “Fufeitong” компанитай хамтран ажиллаж эхэлснээр хэрэглэгчид төлбөр тооцоогоо цахимаар хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг