sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гео Петро Инженеринг” компаниас Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах Тамсагийн ордоос газрын тос олборлох үйл ажиллагаанд үндэсний компаниудыг оролцуулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ талаар өнөөдөр тус компанийн захирал Ш.Жавхлан мэдээлэл хийв.
Тэрбээр, “Манай компани 2016 онд газрын тосны олборлолт, цооногийн угаалга бусад дагалдах үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани. Бид өнгөрсөн онд байгаль орчинд ээлтэй, газрын тос олборлоход зарцуулах усны хэмжээг 2-3 дахин багасгах боломжтой тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нэг тэрбум төгрөгөөр худалдан авсан. Тамсагийн орд газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани олборлолт хийж байгаа. Газрын тосны олборлолтоос шалтгаалан Дорнод аймгийн гүний усны нөөц багасч байгаа тул 2018 онд тус аймгийн Засаг даргын захирамжаар олборлолтыг зургаан сарын хугацаанд зогсоосон байдаг. Тиймээс манай компани “Петро Чайна Дачин Тамсаг”-тай хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ оны 01 дүгээр сарын 23-нд тус компанитай хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тиймээс үндэсний компаниудаа дэмжиж ажиллахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагуудаас хүсч байна. Хэрэв газрын тос олборлох чиглэлээр хамтран ажиллаж эхлэвэл бид энэхүү салбарт ажиллах боловсон хүчнээ бэлтгэх боломж бүрдэхээс гадна орон нутгийн хөгжилд ч эерэг нөлөө үзүүлэх болно” гэлээ.
 
Б.Дэнзэнсамбуу
Эх сурвалж: Монцамэ агентлаг