sonin.mn
КАРАКАС. /NHK/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тус улсын хил дээр саатаад буй хүмүүнлэгийн тусламжийг авчрахад туслахыг сайн дурын нэг сая ажилтанд уриалсан байна.
Өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Х.Гуайдо тэргүүтэй сөрөг хүчнийхэн сайн дурын ажилтнуудыг бүртгэх цахим кампанит ажлыг эхлүүлсэн байна. Уг кампанит ажлыг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар 700 мянган хүн бүртгүүлээд байгаа ажээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ тэргүүтэй орнуудаас тусламж авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Венесуэл-Колумбийг холбодог гүүрийг хаасан юм. Мөн Н.Мадурогийн Засгийн газар сайн дурын ажилтнуудыг бүртгэж буй цахим хуудсыг хаах төлөвтэй байна.
Сөрөг хүчнийхний төлөвлөж буйгаар, хилийн ойролцоо сайн дурын ажилтнуудыг цуглуулж, хүмүүнлэгийн тусламжийг авчран иргэдэд хүргэх ажээ. Гэвч сайн дурынхан болон цэрэг, цагдаагийн албан хаагчдын хооронд сөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэж болзошгүй юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг