sonin.mn
Энэ удаагийн “Урлан” буландаа залуу зураач Ж.Ариунтуяаг урилаа.
 
-Таны “Дусал агаар” бие даасан үзэсгэлэн нэрнээсээ эхлээд л сонирхолтой санагдаж байна?
 
-Байгаль хүн хоёр хүйн холбоотой. Бид байгалийн эд эс бүхнээр тэжээгддэг. Гэвч буцаад байгальдаа юу өгдөг билээ. Үүнийг уран бүтээлээрээ дамжуулж, үзэгчдэд ойлгуулахыг хүссэн юм.  Тиймээс “Дусал агаар” гэж нэрлэсэн.
 
-Гэхдээ бүтээлүүдийг харахад “Дусал агаар” гэсэн нэртэй зураг байхгүй бололтой?
 
-Хүн өөрөө дусал юм. Харин бурхнаас заяасан зүрх, уушги гээд амьдрал бэлэглэгч эрхтнүүдийн дүрслэлийг бүтээлдээ оруулсан. Эдгээрийг  усны дуслаар төлөөлүүлэхийг хүслээ. “Дусал агаар” гэдэг нэр ганцхан зурганд зориулагдаагүй, ерөнхий утгыг илэрхийлсэн гэж ойлгож болно.
 
-Байгаль орчны сэдвээр зурдаг олон зураач бий. Таны бүтээлийн ялгарах онцлог нь юу вэ?
 
-Илүү орчин үеийн байж  магадгүй. Мөн  янз бүрийн цаасан  дээр үзгэн бал, усан будаг  зэрэг материалыг ашиглаж зурсан. Бүтээл бүхэн өөрийн утга санааг  харуулж,  хувь хүний үзэл бодол мөн чанарыг илтгэж байгаа.
 
-Та энэ удаагийн үзэсгэлэнгээр хоёр санааг илэрхийлсэн гэж хэлж байсан?
 
-Хүн бол  байгалийн нэг  хэсэг. Бид хоорондоо ер бусын холбоогоор  холбогддог. Би зарим бүтээлдээ хүн байгаль хоорондоо утсаар холбогдож буй мэт дүрсэлсэн. Зүс мэдэх хэн нэгэнтэй  зөрөх, шинэхэн цасан дээр алхах хүртэл  дахин давтагдашгүй хүн, байгалийн холбоо юм. Би өөртэй  чинь ярилцаж байгаа нь ч ямар нэгэн холбоогоор холбогдож, үзэл бодол нэгэн цогц болж байгаагийн илрэл. Мөн нөгөө талаас хүн өөрийнхөө дотоод ертөнцдөө өөрийгөө дахин бүтээж байдаг. Энэ бүх санааг үзэсгэлэнгээс тольдож болно.
 
 
-Таны зураг зурах хүсэл ямар үед хамгийн ихээр ундардаг вэ?
 
-Өдөр бүр өөр өөрийн араншинтай. Өглөө сэрээд, өдөр өнгөрөхөд, орой болоход төрж буй бүх сэтгэгдэл эцэст нь боловсруулагдаж, бүтээлийн шинэ санаа болох нь бий. Тухайн дүрслэлээ тэр дор нь цаасан дээр буулгахыг  эрмэлздэг.  Хүмүүс өдөр тутам өөрт тохиолдсон сонирхолтой үйл явдлыг  өдрийн тэмдэглэлдээ бичдэг шиг би бүтээл болгож, дүрсээр буулгадаг гэж хэлж болно.
 
-Ингээд бодохоор зураачийн мэргэжил их өргөн далайцтай, эрх чөлөөтэй, сайхан санагдах юм?
 
-Бусад уран бүтээлчдийн бүтээл төрөх агшныг ажиглахад надад нэрсэн дарс, нэрмэл дусал  үүсч байгаа юм шиг санагддаг. Учир нь хүн болгон хоорондоо төстэй байх нь ховор. Гадна төрх, үзэл бодол,  уран бүтээлийн хувьд.  Тиймээс өөр өөрийн онцлог, амттай дарсыг нэрдэг байх.
 
-Та хэзээнээс өөрийгөө зураач болно гэж мэдэрч эхэлсэн бэ?
 
-Багаасаа л дүрсгүй, их сониуч хүүхэд байсан. Гэрийнхээ хөшиг, хувцсаа хүртэл хайчлаад янз бүрийн юм  оёно.  Ах эгчийнхээ дэвтэр, гэрийнхээ хананд элдэв зүйл сарааччихдаг байлаа. Магадгүй эдгээр үйлдэл зураач  болох  үүдийг нээсэн юм болов уу гэж боддог. Гэхдээ өөрийгөө одоо мундаг зураач болчихсон гэж  хэлэхгүй. Уран зураг гэх гайхалтай ертөнцөд хувь хүнийхээ тодорхой орон зай, үзэл бодлоо тусгаж буй нь энэ гэж бодож байна. Хүн хэдийгээр хүн гэж нэрлэгдээд байгаа ч амьдралынхаа турш  жинхэнэ  хүн  байхын  үнэ цэнэ, мөн чанарыг хайсаар байдаг шүү дээ.
 
 
 -Та зурахаас гадна “Миний урлан студи”, “Тара” брэнд гаргадаг. Орчин цагийн урлагийн шинэ бөгөөд содон илэрхийлэл болсон шүү?
 
-Анх 2015 онд “Миний урлан студи”, “Тара” брэндийг нөхдийн хамт  үүсгэн байгуулж, уран бүтээл хийж эхэлсэн.  Одоогоор урлангийн маань үйл ажиллагаа амжилттай явж байна. Энэ ажлынхаа хажуугаар хүүх­дүүдийн авьяасыг багаас нь  нээх, урам зориг өгөхийг хүсч, зургийн дугуйлан ажиллуулж байна. Харин “Тара” брэндийн  хувьд үйл ажиллагаа түр зогссон. Хамтрагч маань шинэхэн хүнээ өлгийдөж авсан учир хэсэг хугацаанд хойшлуулахаар ярилцсан юм. Манай брэнд нь сувинер,  хэвлэмэл бүтээгдэхүүн, үндэсний хэв шинжийг харуулсан тавилга гаргах  зорилготой. Гэхдээ эдгээр брэнддээ ч ялгаагүй урлаг шингээхийг хүсдэг.
 
-Таныг сайн дурын багш хийдэг гэж сонссон. Одоо багшилж байгаа юу?
 
-Одоогоор зургийн дугуйландаа багшилж байна. Өмнө нь “Эрдэм”  төвд сайн дурын багш хийдэг байсан юм. Нэг хэсэг завгүй байсан учир  ажиллаж чадсангүй. Шинэ үзэсгэлэнгээ гаргах гээд, цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаарахгүй явж. Харин урлан дээр минь зориод ирсэн зураач болох, зурах хүсэлтэй хүн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн шүү.
 
-Зураачийн ажил их олон жилийн тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр үнэлэгддэг. Энэ хугацаанд шантрах, халшрах тохиолдол гарч байв уу?
 
-Өөрийн бодол санаа, мэдрэмжээ зургаар илэрхийлнэ гэдэг ховор заяа юм. Би аливаа зүйлийн мөн чанарыг дүрсээр төсөөлдөг. Энэ нь миний хүн байхын үнэ цэнэ, давтагдашгүй чанарыг илтгэж байгаа юм болов уу. Сурагч байхад хүмүүс эмч эсвэл архитектур бол гэж зөвлөдөг байлаа.  Гэвч хувь тавилан гэж байдаг юм билээ. Амьдрал намайг “зураг” гэх замналд хөтөлсөн. Тиймээс надад шантрах, ухрах зам үгүй.
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин