sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы “Hayabusa-2” сансар судлалын төхөөрөмжийг дэлхийгээс 300 сая орчим километр зайд оршдог “Рюгу” бага гараг дээр газардуулахаар бэлтгэж байна гэж тус улсын Сансрын агентлагаас мэдээлэв.
Энэхүү төхөөрөмжийг “Рюгу” бага гарагийн гадаргуугаас дээш 20 мянган метрийн өндрөөс орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 8 цагаас буулгаж эхэлсэн бөгөөд үүнээс 24 цагийн дараа уг гараг дээр газардах төлөвтэй байгаа ажээ.
2014 онд хөөргөж байсан уг төхөөрөмж нь “Рюгу” гарагийн орчимд өнгөрсөн оны зургадугаар сард хүрч очсон бөгөөд уг гараг дээр 10 дугаар сард газардуулахаар төлөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч “Рюгу” гарагийн гадаргуу төсөөлж байснаас хад чулуу ихтэй байсан тул хойшлуулахад хүрсэн байна.
Мэргэжилтнүүд газардуулах ажиллагааг маш болгоомжтой гүйцэтгэх бөгөөд ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд дахин хойшлуулж магадгүй байгаа юм.
“Hayabusa-2” төхөөрөмж нь “Рюгу” бага гарагаас чулуулгийн дээж цуглуулах даалгавартай хөөрчээ.  
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг