sonin.mn
КАНБЕРРА. /CNN/. Австралийн хойд нутгийн жижиг арал дээр амьдардаг бор өнгөтэй жижигхэн харх нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас устаж үгүй болсон анхны сүүн тэжээлтэн амьтан болсон байна. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдээлэв.
“Рамбл Кей Меломис” төрлийн харх нь сүүлийн хэдэн жил харагдахаа больсон бөгөөд Квинслэндийн их сургуулийн 2016 оны судалгаанд хархны уг төрөл зүйлийг устаж үгүй болсон тухай анх мэдээлж байжээ. Харин Австралийн Засгийн газар дээрх судалгааны үр дүнг баталж, мягмар гарагт албан ёсоор мэдээлсэн байна.
Хархны устаж үгүй болсон шалтгаан нь сүүлийн 10 жилийн хугацаанд далайн түвшин нэмэгдсэний улмаас тэдгээрийн амьдардаг элсэрхэг нутаг удаа дараа үерт автсантай холбоотой юм.
Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангаас мэдээлснээр, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэн ховор хэмээн бүртгэгдсэн 3000 орчим амьтан устаж үгүй болох аюултай байгаа ажээ. Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой алхамуудыг авч хэрэгжүүлэхийг ард иргэд Засгийн газруудад уриалсаар байгаа билээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг