sonin.mn
Физикийн шинжлэх ухаанд гарч байгаа шинэ нээлтүүд, ололт амжилт, ертөнцийн үүсэл хөгжил зэрэг сэдвээр МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн захирал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрхлэгч, (Sc.D) Ц.Энхбаттай ярилцсанаа хүргэж байна.
 
Эгэл бөөм, цөмийн судлал гэхээр ертөнцийн үүсэл хөгжил хэмээх том сэдэвтэй зайлшгүй холбогддог... 
 
-Физикийн шинжлэх ухаан бол маш олон салбарын тулгуур судлал болдгоороо гайхалтай. Сүүлийн үед лазер, цөмийн судалгаа эрчимтэй явагдаж байна. Үүнээс гадна ертөнцийн зүй тогтлыг судалдаг космологи (сансар судлал)-ийн салбар гэж бий. Материйн хамгийн жижиг хэсэг эгэл бөөмийн судалгаа, аугаа их сансар огторгуйн судлал яг л зоосны хоёр тал гэсэн үг. Дэлхий дээр 100 гаруй химийн элемент байна. Харин оддын 75 хувь нь ус төрөгч, 25 хувь нь гели байдаг. Од бол ус төрөгчийг гелид нэгтгэх зарчмаар шатдаг халуун цөмийн урвал юм. Тэгэхээр биднийг бүтээдэг хүнд элементүүд хаанаас “ирсэн” байх вэ? Энэ асуултын хариултыг XX зуунд эрдэмтэд их судалсан. Од бүхэн өөрийн гэсэн настай. Өөрөөр хэлбэл ус төрөгч шатаж гели рүү хувирсаар сүүлдээ тэлэхээ больж, дотогшоогоо нурж эхэлдэг. Эцэст нь цөм асар ихээр халснаар тэсэрч од мөхдөг. Одны мөхөх агшинд цөм рүүгээ татагдсан их массын ачаар төмөр хүртэлх хүнд элементүүд үүсдэг. Тэгэхээр манай дэлхий одны тэсрэлтээс үүссэн гэсэн үг. 
Өөр нэгэн сонирхолтой нээлтийг Америкийн астрономич эрдэмтэн Эдвин Хаббл хийсэн. Тэрбээр орчлон ертөнцийг тэлж байгааг нээсэн юм.
 
Э.Хаббл оддыг судалж хоёр сая гэрлийн жилийн зайд орших оддын бөөгнөрөл Андромедиаг илрүүлсэн.
 
Өөрөөр хэлбэл хоёр сая жилийн өмнө цацарсан гэрэл тухайн үед Эдвин Хабблд харагдсан гэсэн үг. Үүнээс гадна 50 шинэ галактикийг нээж, тэдний хурдыг судалсан. Үүний дүнд бүх галактик биднээс холдож байгааг тогтоожээ. Үүгээрээ ертөнц тэлж байгаа гэдэг аугаа нээлтийг Э.Хаббл хийж чадав. Энэ нь хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэлд том хувьсгал хийсэн нээлт болсон юм. Тэгэхээр тэлэлтийн онолоос их тэсрэлтийн онол үүссэн гэж ойлгож болно. Дараа нь 1970-аад онд Вера Рубин гэх эрдэмтэн галактикийн оддын хурдыг судлах нэгэн хачирхалтай зүйл олсон нь галактикуудын оддын эргэлдэх хурд төвтэйгөө яг адилхан гэдгийг илрүүлсэн явдал байлаа. Энэ нь физикийн тулгуур хууль болох Исаак Ньютоны таталцлын хуулийг шууд зөрчсөн явдал болсон юм. Уг нь эргэлдэх хурд төвөөсөө холдох тусам удаашрах ёстой. Гэтэл галактикуудын одод тогтмол хурдтай байгаа тус үзэгдлийн шалтгааныг хүн төрөлхтөнд мэдэгдээгүй хүч байна гэж үзээд түүнийгээ “Харанхуй матери” гэж нэрлэжээ. Үүний дараа олон ч судалгаа энэ чиглэлээр явагдсан. Сүүлийн мэдээллээр бүх ертөнцийн 70-аас дээш хувь нь уг харанхуй материас бүтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Хамгийн сүүлийн нэгэн гайхалтай нээлт нь “Гравитацийн долгион” гэгч шинэ зүйлийг хүн төрөлхтөн нээсэн явдал юм. Бидний мэдэх дууны долгион нь агаарыг хэлбэлзэлд оруулдаг бол гравитацийн долгион нь орон зай, цаг хугацааг хэлбэлзэлд оруулдаг гайхамшигтай зүйл юм. Үүгээр мөн хар нүх гарцаагүй байдаг гэдгийг баталсан. Астрономич Кип Торн, Райнер Вейсс нар уг нээлтээрээ 2017 онд Нобелийн шагнал хүртсэн байдаг.
 
Тэд “Гравитацийн долгион”-ыг хэрхэн илрүүлсэн бэ?
 
-Оддын тэсрэлтийг хоёр төрлөөр ангилдаг бөгөөд энэ нь дотроо А, В, С гэх мэтээр задардаг. Бараг бүх оддын системийн тал нь хос оддын тогтолцоотой байдаг. Үүн дотроо онцгой тэсрэлт буюу “хоёрдугаар төрлийн А” тэсрэлтийг зүй ёсоор онцлох хэрэгтэй.
 
Хэмжээгээрээ манай нартай ойролцоо хос одны нэг нь мөхөх дөхөөд ирэхээрээ нягтаа алдаж “Аварга улаан од” болоод эргэж цөм рүүгээ бүх масс нь татагдаж жижиг цөм болон үлддэг нь сансар судлалд “Жижиг цагаан одой” гэж томьёологддог. 
 
Уг одыг бүрдүүлэгч нэг амны халбага матери нь бидний хувьд зааны жинтэй тэнцэнэ гэсэн үг. Гэтэл тодорхой хугацааны дараа (хэдэн сая эсвэл хэдэн тэрбум жил) хос одны үлдсэнд нь мөхөл ирнэ. Мэдээж энэ үедээ асар ихээр тэлж, нягтаа алдана, үүнээс болж өмнө нь дэлбэрсэн маш нягттай жижиг од нь томорсон одынхоо материйг идэж эхэлдэг. Ингээд сүүлдээ “Жижиг цагаан одой” цуглуулсан асар их нягтаа дийлэлгүй тэсэрдэг. Өөрөөр хэлбэл 400 миллиард од нэгэн зэрэг тэсэрсэнтэй эн тэнцэхүйц асар хүчтэй тэсрэлтийн энерги ертөнц даяар цацагдана гэсэн үг. Яг л ийм үзэгдэл Андромедиа оддын системд болсон хэрэг. Асар хүчтэй учраас хэчнээн холоос ч ажиглаж болно. Эрдэмтэд уг тэсрэлтийн долгионоос ертөнц анх үүсэхэд болсон их тэсрэлтээс хойш тэлэлт улам хурдсаж байгааг олж тогтоосон. Энэ нь бас л бидний мэддэг физикийн хуулиас огт өөр үзэгдэл юм. Уул нь масстай учир цацрахдаа татах хүчнээс холдох тусмаа удаашрах ёстой байтал улам хурдсаж байгаа энэ үзэгдлээс “Харанхуй энерги” хэмээх шинэ материйг илрүүлсэн. Ингээд бидний амьдарч буй орчлон ертөнцийн 70 хувийг “Харанхуй энерги”, үлдсэн 30 гаруй хувийг “Хар матери” эзэлдэг гэдгийг нээсэн явдал байлаа. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний мэддэг химийн элементүүд нь ертөнцийг бүрдүүлдэг элементүүдийн таван хувьд ч хүрэхгүй. 
Гравитацийн долгионыг илрүүлэх олон сая долларын өртөг бүхий төсөл АНУ-д “ЛИГО” нэртэйгээр явагдсан. Америкийн газар нутгийн урд, хойд хэсэгт өндөр мэдрэгч бүхий маш урт үргэлжилсэн багажийг суурилуулсан. Өөрөөр хэлбэл, манай нартай хамгийн ойр од дөрвөн гэрлийн жилийн зайд орших “Альфа Центура” юм. Гэрлийн жил гэдэг нэг секундэд дэлхийг найман удаа тойрох хурд шүү дээ. Тэгвэл уг зайг хүний толгойны үсний өргөний нарийвчлалаар хэмжиж чадах тийм багаж гэж ойлгож болно. “ЛИГО” төслийн ачаар 1,3 миллиард гэрлийн жилийн тэртээ хоёр хар нүх мөргөлдөж, нэгдэх мөчид үүссэн маш хүчтэй “Гравитацийн долгион”-ыг бичиж авсан. Мөн хоёр Нейтрон од мөргөлдөх гайхалтай үзэгдлийг энэхүү багажаар хэмжсэн байдаг. Тэсрэлтээс асар хүнд элементүүд ялгарснаас дурдвал дэлхийн массыг 300-аар үржүүлсэнтэй тэнцэх алт үүссэн.
 
Таны судалгааны чиглэлийн онцлог нь юу вэ?
 
-Дэлхийн 100 гаруй орны 10000 эрдэмтэн өдөр, шөнөгүй Швейцарийн Церн байгууламжид ажиллаж байна. Үүний өртөг нь 10 гаруй миллиард доллар гэж сонссон. Эйнштейны “Е=mc2” томьёоны утгыг нь мэдэхгүй ч хүн бүхэн энэ тухай сонссон байдаг. Уг томьёоны нэг утга нь их энергүүд мөргөлдөх тусам хүнд зүйл бий болно гэсэн үг. Тиймээс бидний мэддэггүй шинэ төрлийн бөөмсийг ийм маягаар нээх боломжтой. 2012 онд Цернийн эрдэмтэд энэ туршилтын дүнд Хексийн бөөмийг илрүүлсэн ажээ. Энэ бол миний судалгаа юм. Энэ бөөм нь материт масс олгодог онцлогтой. Харьцангуй шинэ судлагдахуундаа ордог учир судалгаа, туршилтын ажлууд дэлхий даяар явагдаж байгаа. Ер нь “Хар матери”-ийг үүсгэгч бөөмийг илрүүлэх, үүнтэй уялдаад Хексийн бөөмийн судалгаа эрчимтэй явагдаж байна. Ер нь ертөнцийн үүсэл хөгжлийг судлах, хамгийн жижиг бөөмсийг судлах хоёр ингэж хоорондоо уялддаг.
 
Таныг эгэл бөөм судлалаараа Европ тивд боловсрол эзэмшсэн гэж сонссон. Энэ тухай дурдана уу?
 
-Бидний мэддэг материйн онол 1960-аад оноос томьёологдоод 1970 он гэхэд дууссан. Үүнийг стандарт онол гэж нэрлэдэг. Гэтэл сүүлийн үеийн физикийн нээлтүүдээр тайлбарлашгүй материуд илрэх болсон. Тиймээс эрдэмтдэд стандарт онолоо өргөтгөх шаардлага тулгарч байна. Би МУИС-ийг 1995 онд бакалавраар, 1998 онд магистерын зэрэгтэй төгсөөд 2006 онд Италийн олон улсын төвд суралцаж төгссөн. Дараа нь 2006 онд АНУ-д докторын зэрэг хамгаалаад, буцаад Италид дөрвөн жил судлаачаар ажиллаад сүүлд Тайванийн үндэсний их сургуульд гурван жил судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Манай улсын хувьд оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа ч физик, математикийн салбарыг сонгох нь багассан. Миний хувьд үүнд их харамсаж явдаг. Физик, математик бол хувь хүнд дүн шинжилгээ хийх чадвар олгодог байгалийн суурь шинжлэх ухаан юм.
 
Ер нь Хексийн бөөмийг судлах нь бидэнд ямар ашиг, үр дүнтэй вэ?
 
-Суурь шинжлэх ухааныг судлахдаа ашиг бодож хийх нь утгагүй. Цэвэр танин мэдэхүйн үүднээс хийх ёстой. XIX зууны эхэн үед Англид амьдарч байсан Майкл Фрайдай гэгч эрдэмтэн цахилгаан соронзон индукцийн онолыг нээсэн. Хувьсах гүйдэл соронзон орныг бий болгодог гэдэг энэ аугаа нээлт нь хүн төрөлхтний хөгжлийг хурдасгасан. Өөрөөр хэлбэл цахилгаан үйлдвэрлэх үндсэн механизм нь индукцийн онолд тулгуурладаг. Тухайн үед Майкл Фрайдайгаас “Чиний энэ нээлт хэнд хэрэгтэй юм бэ?” гэж асуухад тэрбээр “Би хэлж мэдэхгүй байна. Одоогоор хариултыг нь төсөөлж хэлж чадахгүй ч хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэж хэлсэн түүхтэй. Тиймээс бид Хексийн бөөмийн ашиг тусыг одоохондоо хэлж чадахгүй.
 
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин