sonin.mn
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалт саяхан БНСВУ-ын нийслэл Ханой хотод боллоо.
Хэдийгээр уг дээд хэмжээний уулзалт хүлээлтийн буюу таамагласан үр дүнд хүрээгүй ч БНСВУ өөрийн үүргийг маш хариуцлагатай биелүүлж чадсан болохоо дэлхий нийтэд харууллаа. Вьетнамыг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газар болгон сонгож авсан нь эхэндээ олон хүнийг гайхашруулсан. Учир нь бараг бүгд энэ уулзалт Европт, эсвэл өөр газар болно гэж таамаглаж байсан. Ханойг сонгосон шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Нэгт, социалист улс ч гэсэн Вьетнам Америк, Хойд Солонгостой аль алинтай нь найзын хэмжээнд харьцах боломжтой гэдгийг Америк Хойд Солонгост харуулахыг хүссэн байх талтай. Америк Вьетнамтай “дайснууд”-аас “түншүүд”, улмаар “найз нөхөд”-ийн харилцаатай болж чадсан тул “бодит загвар” болно гэж Америк үзсэн. Өөрөөр хэлбэл, социалист орон ч гэлээ Вьетнам Америктай найз болж чадсан шиг Хойд Солонгост мөн тийм боломж бий гэдгийг харуулахыг Америк хүссэн.
Хоёрт, Америк Вьетнамтай хамтын ажиллагааны түвшингөө дээшлүүлэхийг хүсч байж болох талтай. Учир нь саяхан гаргасан стратегийн тайлангаас үзэхэд Америкийн хувьд Индонез, Вьетнам зэрэг хөгжиж буй орныг стратегийн чухал хэсэг хэмээн томъёолсон байдаг. Энэ нь Америк Вьетнамын олон улсын тавцан дахь байр суурийг чухалчилж үздэг болохыг харуулж байна.
 
Хойд Солонгосын хувьд Вьетнам бол сайн найз, мөн адилхан социалист орон. Вьетнамын өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаас Хойд Солонгост суралцах зүйл их бий. Ийм учраас Хойд Солонгос мөн адил Вьетнамыг сонгосон. АНУ-Хойд Солонгос Вьетнамыг энэ уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой орон хэмээн үзэж, хоёр талын аль алины итгэлийг хүлээсэн учраас санал нэгтэйгээр сонгосон байна.
 
Вьетнамын нийслэл Ханойг АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар сонгон авсан нь Вьетнам бүс нутгийн болон олон улсын тавцанд байр сууриа улам нэмэгдүүлж, бэхжүүлж байгаагийн илрэл юм. Энэ үйл явдал нь 2011 онд болсон Вьетнамын Коммунист намын XI Их хурлаас гаргасан “Вьетнам нь олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, хариуцлагатай гишүүн байна” гэсэн уриаг ойлгоход хувь нэмрээ оруулж байна. Хариуцлагатай гэдэг нь бүс нутгийн болон дэлхийн энхтайван, тогтвортой байдал, хөгжил бий болгох бүхий л “халуун” асуудлыг шийдэх шийдлийг олоход Вьетнам идэвхтэй оролцоно гэсэн үг юм. Вьетнам 1977 онд НҮБ-д элссэн ба 2008-2009 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болсон бөгөөд 2020-2021 онд Ази, Номхон далайн бүсийн цорын ганц нэр дэвшигч байна. АСЕАН-ы шийдвэр гаргалтад нөлөө бүхий гишүүн орон. Мөн АСЕАН-ы Бүсийн чуулганы гишүүн учраас АРФ-аар дамжуулан цөмийн зэвсгээс татгалзахад дэмжлэг үзүүлэхүйц санал санаачлагыг Вьетнам гарган бусад гишүүнээр дэмжүүлэх боломжтой. АПЕК-2017, АСЕАН-2018 зэрэг том хэмжээний дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулсан туршлагатай Вьетнам Улс АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсанаараа Солонгосын хойгийн цөмийн асуудлаар шийдвэр гаргахад илүү эерэгээр нөлөөлөн, “гүүр” болж, Солонгосын хойг болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулсан чухал үүрэг гүйцэтгэлээ.
 
АНУ-д олон жил томилогдон ажиллаж байсан Элчин сайд Фам Куанг Миний хэлсэнчлэн Хойд Солонгосын хувьд Вьетнам нь үндэстний нэгдмэл байдлын хүчин чармайлтын бэлгэдэл. Түүнээс гадна Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход утасдаж, баяр хүргэсэн Зүүн Өмнөд Азийн анхны орон бол Вьетнам. Мөн Ерөнхий сайд нь (Нгуен Суан Фук, 2017 онд) Доналд Трамптай албан ёсны айлчлал хийж уулзсан Зүүн Өмнөд Азийн анхны орон аж.
Хэдийгээр Вьетнам дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд гэнэтийн, төлөвлөгдөөгүй байсан ч маш богинохон хугацаанд (хоёр долоо хоног) хариуцлагатай ажилласан. Вьетнамын Засгийн газрын Тамгын газрын дарга, сайд Май Диен Зунг "АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах өртөг нь олсон ашигтай нь харьцуулахад тийм ч их биш. Вьетнамын хувьд АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаар шууд харагдах, мөн үл харагдах маш олон зүйлийг олсон” гэж мэдэгдсэн байна.
 
Вьетнам арга хэмжээг төгс зохион байгуулж, гадаадын иргэдийн хувьд аюулгүй, нээлттэй, зочломтгой ард түмэн гэдгээ харууллаа. Өнөөгийн Вьетнамын дүр төрхийг дэлхий мэддэг боллоо.
 
Дээд хэмжээний уулзалтыг олон улсын 218 хэвлэл мэдээллийн байгууллага, 2600 гаруй сурвалжлагч мэдээлсэн бөгөөд Вьетнамын эрх баригчид уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд саадгүй ажиллах бүх боломжийг гарган өгч, дэлхий нийтийг мэдээллээр шуурхай ханган ажиллалаа. Энэ нь Вьетнамын харилцаа холбооны салбар ямар түвшинд хүрч хөгжсөнийг гадаад ертөнцөд харуулсан үйл явдал боллоо. Олон улсын томоохон арга хэмжээний үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих хамгийн үр дүнтэй, хурдан бөгөөд зардал багатай арга гэж үздэг.
АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт Вьетнамын эдийн засагт тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх болно. Вьетнамын ДНБ-ий өсөлт 2018 онд 7.1 хувь, гадаадын жуулчдын тоо сүүлийн таван жилд 15.3 хувиар нэмэгдээд байсан бол 2019 онд урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрэх нь тодорхой гэж судлаачид үзэж байна. (Зөвхөн 2018 онд гэхэд Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо 15 саяд хүрсэн). Өөрөөр хэлбэл, энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Вьетнамын эдийн засаг бүх салбарт, ялангуяа боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт илүүтэй нэмэгдэх таатай боломж бий болголоо.
Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар ирсэн Вьетнамын хувьд энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь маш ашигтай болсон. АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Вьетнам-Ханой дэлхийд танигдлаа. Ялангуяа, Вьетнам нь аялал жуулчлалын маш чухал орон зай, олон улсын, өндөр дээд түвшний хурал, зөвлөгөөн зохион байгуулах чадвартай гэдгээ баталж чадлаа. Уг дээд хэмжээний уулзалт нь дэлхий дахины анхаарал татсан улстөрийн том үйл явдал, тиймээс энэ дашрамд нөхөрсөг, зочломтгой, аюулгүй, хариуцлагатай Вьетнам Улсын дүр төрхийг дэлхий нийтэд дамжуулж, Вьетнамд ирэх гадаадын жуулчдыг татах таатай боломж болж өглөө. Өөрөөр хэлбэл, АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь Вьетнамын аялал жуулчлалын салбарын хөгжилд “алтан боломж" юм.
 
Эцэст нь дүгнэхэд, АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсанаар Вьетнамын хөгжил цэцэглэлт, соёл, аялал жуулчлал, хоол хүнс, дэд бүтэц, зам тээвэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, бусад олон давуу талыг гадаад ертөнцөд сурталчлан таниулах том боломж нээж өгч, олон улсын тавцанд Вьетнамын нэр хүнд бэхэжсэн чухал үйл явдал боллоо.
 
Бямбаагийн ЦЭНГЭЛЛХАМ
ШУА-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ, ДОКТОР