sonin.mn
Жил бүрийн намар буюу хичээлийн шинэ жилийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ хангамжийн талаар хөнддөг ч төдийлөн үр дүнд хүрч чаддаггүй. Энэ байдал 2018-2019 оны хичээлийн жилд ч мөн адил давтагдлаа. Нөхцөл байдал өмнөхөөсөө бүр илүү дордсон гэж болно. Тодруулбал, дунд болон ахлах ангийн сурах бичгийн заримыг нь одоо хүртэл хэвлэж нийлүүлээгүй байна. Энэ нь төгсөх буюу XII ангийнхны хувьд ихээхэн эрсдэлтэй.
 
Орон нутгийн хувьд алслагдсан зарим сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг ногдож байх жишээтэй.
 
Тиймээс бид ерөнхий боловсролын сургуулиудад нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. Хэд хэдэн сургуулиар орж, сурах бичиг хүрэлцээтэй байгаа эсэх талаар тодруулахад багш нар “Бага ангийн сурагчдын хувьд хүрэлцээтэй. Харин дунд болон ахлах ангийнхны тухайд хүрэлцээ муутай байдаг. Зарим ном хэвлэлтээс ирээгүй" гэсэн хариултыг өгч байв.
 
Засгийн газраас бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдынхыг 40 хувь даахаар 2009 онд шийдвэрлэсэн байдаг. Энэхүү зохицуулалтыг одоо ч мөрдөж байгаа. Ингэхдээ тухайн сургуулиуд нэн түрүүнд зорилтот бүлгийн сурагчдадаа олгодог журамтай. Харин илүү гарсан тохиолдолд 2-3 хүүхдийн дунд нэг ном өгөх байдлаар зохицуулдаг. Үлдсэн хүүхдүүд аав, ээжээрээ сурах бичгээ авахуулахаас аргагүй байдалд хүрдэг. Гэтэл зах зээлийн ханшаар нэг ном хамгийн багадаа 3500 төгрөг ба түүнээс ч илүү үнэтэй байдаг. Нэг ангид дунджаар 15 хичээл ордог гэж бодвол хамгийн бага өртгөөр тооцоход 50 гаруй мянган төгрөг болно. Нэг айлын хоёр, гурван хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангид сурдаг бол үүнээс ч илүү төсөв шаардлагатай гэсэн үг. Тиймээс олонх сурагч 2-3, зарим нь огт сурах бичиггүй хичээлдээ суудаг нь энгийн үзэгдэл болсон. Дунд, болон ахлах ангийн сурагчдад хэдэн ном хэрэгтэй байдаг, түүнээс хэдийг нь худалдаж авсан талаар нийслэлийн ерөнхий боловсрлын IV сургуулийн сурагчдаас тодрууллаа. Тус сургуулийн 10Б ангийн сурагч Г.Энхзул “15 сурах бичиг байх ёстойгоос арав хүрэхгүй ном худалдаж авсан. Номыг үйлдвэрийн үнээр нь авах боломж байдаг ч тэр бүр олддоггүй. Зарим хичээлийнхээ даалгаврыг цахим номоос харж хийдэг. Гэхдээ хүүхэд бүр цахим ном ашиглах боломж байдаггүй” гэсэн бол тус ангийн сурагч Э.Энхбаяр гурван ном сургуулиасаа авч, есийг нь худалдан авчээ.
 
Ж.ШАНШ: ШИНЭЭР ХЭВЛЭСЭН ЕСӨН СУРАХ БИЧГЭЭС ТУС БҮР 6-9 ШИРХЭГ Л НОГДСОН
 
Ерөнхий боловсролын сургуулиудад өнөөдрийн байдлаар 600 орчим мянган сурагч сурч байна. Цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор сурах бичгийг шинээр зохион хэвлэж байгаа бол зарим нь эрэлт ихтэй тул амархан элэгддэг учраас дахин хэвлэж эхэлжээ. Харин зарим сурах бичиг хэрэглээ багатай учир илүүдэлтэй байх тохиолдол ч гардаг байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгийн жагсаалтыг БСШУСЯ-наас гаргадаг. Ерөнхий боловсролын сургуульд 180 сурах бичиг хэрэглэдэг бөгөөд үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23, казах хэл, уран зохиолын ес, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэр төрлийн сурах бичиг багтдаг аж. Энэ жил бага ангийн 38, дунд ангийн долоо, ахлах ангийн 20, казах хүүхдүүдэд зориулсан 32 нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг хэвлэж байгаа бол 21 нэрийн сурах бичгийг шинэчилж байгаа аж. Иймд эдгээр сурах бичиг сурагчдын гарт хүрсэн эсэх болон хүрэлцээ хангамж ямар байгааг нийслэлийн ерөнхий боловсролын IV сургуулийн Түүх, газар зүйн багш Ж.Шаншаас тодрууллаа.
 
-Танай сургуулийн хувьд дунд, ахлах ангийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байна вэ?
 
-Ер нь аль ч сургуулиудад сурах бичиг хүрэлцээ муутай байдаг. Манай сургуулийн хувьд ч мөн ялгаагүй. Намраас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дунд ангийн есөн төрлийн сурах бичгийг хэвлэн гаргаж ерөнхий боловсролын сургуулиудад тараагаад байна. Үүнийг хорооноос гаргасан судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн сурагчдад олгодог. Харин үлдсэн сурагчид өөрсдөө бүх номоо худалдаж авах ёстой ч эцэг, эхчүүд монгол хэл, математик, англи хэл зэрэг хэдхэн хичээлийн ном хүүхдэдээ авч өгдөг. Бусад хичээлийнхээ номыг авах хүсэлтэй байдаг ч хүүхэд санхүүгийн хувьд эцэг, эхээс хараат учраас авч чаддаггүй.
 
-Одоогоор хэвлэлтээс гараагүй сурах бичиг байгаа юу?
 
-Ахлах ангийн сурах бичгээс зарим нь одоо хүртэл хэвтлэлтээс гараагүй байна. Гуравдугаар улирлын амралтын үеэр XI ангийн сурах бичгийг хэвлэж нийлүүлсэн.
 
-Сурах бичгийн хүрэлцээ муу, зарим нь хэвлэлтээс гараагүй ийм үед багш нар хичээлээ ямар байдлаар зааж байна вэ?
 
-Багш нар өөрсдөө зохицуулдаг. Шаардлагатай зүйлүүдээ хуулбарлаж сурагчдад тараадаг. Мөн http://econtent.edu.mn руу нэвтэрч сурах бичиг ашиглахыг зөвлөдөг. Гэхдээ сурагч бүр цахим ном ашиглах боломжгүй шүү дээ.
 
-Жишээлбэл, танай ангид хэдэн төрлийн хичээл ордог вэ. Ямар ямар сурах бичиг дутагдалтай байна вэ?
 
Манай сургууль 43 бүлэг, 1200 орчим сурагчтай. Би 6В бүлгийн анги даасан багш. Манай анги 24 сурагчтай. 17 хичээл ордог. Шинээр хэвлэж гаргасан есөн сурах бичгээс тус бүр 6-9 ширхэг манай ангид ногдсон. Зорилтот бүлгийнхнээс гадна хичээл хийх хүсэл сонирхолтой хэрнээ номоо авч чаддаггүй сурагчдад, мөн хоёр, гурван хүүхдийн дунд нэгийг өгөх байдлаар хуваарилдаг.
 
-Сурах бичгийг хүртээмжтэй байлгах талд багш хүний хувьд та ямар бодолтой байдаг вэ?
 
-Манай сургууль сурах бичгийг сурагчдад түрээсэлдэг байсан. Үүнд сурагчид төдийгүй эцэг, эхчүүд ч ам сайтай байдаг. Яагаад гэвэл, 40-50 мянган төгрөгөөр худалдаж авах номыг 10 гаруй мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм. Энэ арга зүгээр санагддаг. Би 30 гаруй жил ажиллаж байгаа. Дээр үед сурах бичиг чанар сайтай, эдэлгээ даадаг учраас ах, эгч нь дүү нартаа дамжуулаад хэрэглэдэг байв. Агуулга ч сайтай, онол түлхүү оруулж өгдөг байсан. Ингэснээр хүүхдүүд өөрсдөө номтойгоо ажиллах, бие дааж сурах боломжтой. Гэтэл сүүлийн үеийн сурах бичгүүдэд “Энэ зүйлийг эргэцүүлж бодоорой, Үүнийг ярилцаад дүгнэлт гаргаарай, тэгээрэй, ингээрэй” гэх мэт хийсвэр зүйл давамгайлж байна. Энэ нь хүүхэд тухайн номоос ухагдахуун тодорхойлолт авах боломжгүй болж байгаа юм. Тиймээс энэ агуулга чиглэлийг хүүхдийн сурах бичигт бус багшид зориулсан номд тусгах нь зүйтэй.
 
БСШУСЯ: СУРАХ БИЧГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛНЭ
 
Нөхцөл байдал ийм тул цаашид сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг  салбарын сайд онцолж, түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх санал гаргасан. Тодруулбал, түрээсийн сурах бичгээр хангахад шаардлагатай хөрөнгийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд гаргах боломжийг салбар яамныхан судалж эхэлжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан төслийн эргэн төлөлтийн түрээсийн мөнгө хуримтлагдаад 3.7 тэрбум төгрөг болсон. Энэ мөнгө Сангийн сайдын багцад байгаа. Харин бид хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар судалж байна. Төслийг дахин хэрэгжүүлэх тухай Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзаж, хүсэлт тавьсан" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
 
О.ГАНЧИМЭГ: ОДООГООР XII АНГИЙН ДӨРВӨН НОМ ИРЭЭГҮЙ БАЙНА
 
Азийн хөгжлийн банкнаас “Түрээсийн сурах бичиг” төслийг 2014-2015 онд хэрэгжүүлж байсан. Ингэснээр сурагчид нэг жилийн хугацаатай түрээсэлж хуримтлагдсан мөнгөөр сурах бичгийг дахин хэвлүүлэх зорилготой төсөл аж. Энэхүү төсөлд нийслэлийн ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийг хамруулсны нэг нь IV сургууль юм. Энэ талаар болон одоопоор хэдэн ном шинээр ирсэн, ямар ямар ном хэвлэлтээс гараагүй байгаа талаар тус сургуулийн номын санч О.Ганчимэгээс тодруулсан юм. Тэрбээр “VI, VII ангийн сурах бичгийн заримыг 2015-2016 онд шинэчилсэн. Үлдсэнийг нь энэ жил шинээр хэвлэсэн. Харин XII ангийн сурах бичгийн заримыг нь одоо хүртэл хэвлээгүй байна. Тус ангийн сурагчид 12 сурах бичиг ашиглах ёстойгоос наймыг нь гуравдугаар улирлын амралтаар хэвлэж, ирүүлсэн.
Тодруулбал, монгол хэл, математик, үндэсний бичиг, уран зохиол, англи, орос хэл, дизайн болон мэдээллийн технологийн номыг шинээр хэвлэсэн. Газар зүй, нийгмийн ухаан гэх мэт дөрвөн ном хэвлэлтээс гараагүй байна. Сурагчдад тараасан номуудаас тус бүр нэгийг фонд болгож авч үлддэг. Тиймээс огт сурах бичиггүй сурагч номын санд сууж тухайн номыг хэрэглэх боломжтой” гэлээ. Түүнчлэн сурагчид түрээсийн номыг ариг гамгүй ашигладаг гэж шүүмжилж байв.
 
СУРАХ БИЧИГ ХЭВЛҮҮЛЭХЭД УЛСААС НЭГ Ч ТӨГРӨГ ТӨСӨВЛӨӨГҮЙ
 
БСШУСЯ-ны багцад сурах бичиг шинээр хэвлүүлэхэд зориулж энэ жил нэг ч төгрөг төсөвлөөгүй аж. Тиймээс энэ жил сурах бичгийг хэрхэн ханган нийлүүлэх вэ гэдэг асуудал тус салбарынхны толгойн өвчин болоод байгаа юм. Ямартай ч бага болон дунд, ахлах ангийн зорилтот бүлгийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй өгөх тогтолцоог үргэлжлүүлнэ гэдгийг салбар яамнаас мэдэгдээд байна. Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худапдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байдаг аж. Тодруулбал, зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд сурагчдад сурах бичгийг түрээслүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхгүй бол одоо байгаа сурах бичгүүд дээр дахиж хэвлэн бүх сурагчийг номоор хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Манай улс эдийн засгийн хувьд энэ хэжээний мөнгийг нэг дор гаргахад хүндрэлтэй учраас ийм шийдэлд хүрсэн байна. Хэрэв, Азийн хөгжлийн банк болон Олон улсын төсөл хөтөлбөрөөс сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж гарахгүй бол яалт ч үгүй улсын төсөв рүү хандахаас өөр аргагүй ч 2019 оны төсвийг баталсан учраас 2020 оноос наашгүйг салбарын сайд нь онцолсон.
Тиймээс Азийн хөгжлийн банкнаас нааштай хариу өгөхийг хүлээх л үлдлээ. Гэхдээ олон улсын ямар нэгэн байгууллагаас тусламж хүсч, түүнд найдахаас илүүтэй салбарын шинэ сайд шийдвэртэй алхам хийж, сурагчдыг номын хүлээснээс гаргах хэрэгтэй байгааг үүгээр дамжуулъя. Сурах бичгийн түрээсийн үйлчилгээг өмнө нь хэрэгжүүлж байсан бөгөөд одоохондоо үүнээс өөр боломжийн хувилбар байхгүйг багш, сурагчид хэлж байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс сурах бичиг түрээсийн үйлчилгээг жигдрүүлэхийн тулд цаг агдалгүй шийдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсчээ.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин