sonin.mn
Ийм гарчигтай сурвалжилга “Үнэн”сонины 1981 оны гуравдугаар сарын 26-ны дугаарын шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Манай сонины нэрт сурвалжлагч, сэтгүүлчид болох Н.Намдагсүрэн, Д.Дорждулам, Ц.Мишигдорж нар энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж сонины хуудаснаа нэрээ үлдээсэн юм. Дөч орчим жилийн өмнөх үйл явдлыг ийн дурсахын учир нь, монгол хүн сансарт ниссэн өдөр өнөөдөр тохиож байна.
 
“Союз-39” хөлөг сансарт хөөрсөн тэр цаг мөчид Монголын хэвлэл, радиогийн сурвалжлагчид Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаагийн төрсөн гэрт аав, ээжтэй' нь хамт баярт мэдээг сэтгэл догдлон сонсч эх дэлхийдээ амжилттай газардахыг хүсэн ерөөсөн юм.
 
Энэхүү мэдээг манай сэтгүүлч, сурвалжлагчид Ж.Гүррагчаад уламжилж, Монголын радиогийн тайлбарлагч сансрын багийнхантай хэдэн хором хөөрөлдсөнийг дор сийрүүлье.
 
-Өөрөөс чинь хэдэн асуулт асууя. Хайрт аав, ээждээ сансраас юу хэлэхийг хүсч байна вэ?
 
-Аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан сууж, ажил үйлсдээ их амжилт гаргаарай гэж ерөөе. Удахгүй уулзахын баярт мөчийг хүлээж байна.
 
-Та нар одоо Монголын дээгүүр өнгөрч байна. Эх орон чинь ямар харагдаж байна?
 
-Үүл ихтэй байна. Зарим үед шөнө гарч байгаа болохоор тодорхой зүйл хэлж болохгүй байна.
 
-Бид Зөвлөлтийн хүмүүсийг “ах аа” гэж хүндэлдэг. Хамт нисч яваа нөхрийнхөө тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
Зөвлөлтийнхөн үнэхээр сайхан  хүмүүс. Тэр тусмаа сансарт явсан хүмүүс бүр ч сайхан сэтгэлтэй. Өргөн мэдлэг боловсролтой, хүнлэг сайхан чанартай улс юм. Ийм чанар нь надад онцгой их таалагддаг.
 
-Владимир Александрович та хамт нисч байгаа монгол нөхрийнхөө тухай сэтгэгдлээ ярина уу?
 
-Гүррагчаа шинжлэн судлах ажилдаа маш хурдан дасч, программыг биелүүлэхэд санаачилгатай ажиллаж байна. Энэ бол нислэгийн нарийвчлан гаргасан программаар Монголын радиогийн тайлбарлагч сансрын багийнхантай хийсэн ярилцлагын хэсэг юм. Үүнтэй зэрэгцэн жирийн малчны хотоос сансрын уудамд хөөрсөн монгол хүүгийнхээ талаар “Үнэн” сонин цаг тухайд нь мэдээлж, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Малчны хүү сансарт нислээ” гарчигтайгаар нийтлэл бичиж байв. Нийтлэлд “...Монголын ард түмний идэвх зүтгэл, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн байнгын тусламж энэ хоёр жигүүрийн ачаар монгол хүн феодалын байгууламжийн харанхуй гүнээс сугаран гарч, социализмын оргил, сансрын өндөрлөг өөд дүүлэн нисч байна. Ингээд одоо Зөвлөлт, Монголын ах дүүс мөнх найрамдлаа орчлон ертөнцийн хязгааргүй уудамд ч бататган гагнаж байна” гэжээ.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар сансарт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансрын нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдэн үлдсэн билээ.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин