sonin.mn
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ялласан хоёр хүнд эрүүдэн шүүлт, 1937 оны хэлмэгдүүлэлт явуулсныг тогтоож байна, энэ хэргийн талаар маш ноцтой асуудал илэрч байгаа, тодорхой хүмүүсийг баривчилсан, ар гэрээс нь уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Тэрээр “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс УУЧЛАЛ ГУЙЖ байна. Би уучлал гуйж байгаагүй хүн. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигтай юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй” гэсэн юм.
Үндсэндээ бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг олон жил шалгагдаж байгаа бөгөөд улстөрийн захиалгатай гэгдэж үнэн мөн нь өнөөг хүртэл тодорхой бололгүй бүр замхрах шатандаа орсон юм. Хэргийг улс төрийн захиалгатай гэдгийг улстөрчид ч хэлдэг, хэвлэлүүдэд ч олон жил бичигдэж ирсэн. Харамсалтай нь энэ бүгдийг Шүүх, Прокурорын байгууллагууд нь нуун дарагдуулж, замхруулах ажил хийнэ гэдгийг төсөөлөөгүй. Ийм том ноцтой хэрэг дээр ингэж ажиллаж байгаа шүүх, прокурорынхан жирийн иргэдийн хэргийг хилсээр шүүж байх магадлал өндөр. Түүнчлэн улс төрчдийн холбогдсон олон хэргүүд шалгагдаж байгаа нэрийн доор яагаад замхардаг нь ч ойлгомжтой боллоо.
Мөн өнөөдөр Э.Эрдэнэжамян хэвлэлийн хурал хийж УЕП-н хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Е.Сагсай хэрхэн шударга бусаар ажилладаг талаар яриад түүнтэй холбоотой ноцтой баримт дэлгэн үзүүлсэн юм. Уг баримтан дээр Е.Сагсай нэг хүнийг одоохон суллана, хурдхан суллана хэмээн ярьж байх юм. Суллах үгүйг хууль мэддэг байх ёстой болохоос Е.Сагсай дур мэдэн хийх ажил биш юм. Үүгээрээ тэрээр хуулийг хэрхэн гууль болгож зөвхөн өөрсдийн үзэмжээр, захиалгаар ажилладаг нь тодорхой боллоо.
 
 
Өнөөдөр монголын прокурор, шүүхийн байгууллага эрх мэдэлтний гарт орж, шударга бус, бохир заваан зүйлсийг асар ихээр хийдэг УУРХАЙ болсон гэдэг нь өдөр бүр нотлогдсоор байна. Иймээс Прокурор, Шүүх, АТГ-ыг үндсээр нь шинэчилж өргөсөн тангарагынхаа дагуу ажилладаг системийг нэн даруй хийх хэрэгтэй болжээ.
 
Б.Сонор