sonin.mn
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралын тухай түүхэн баримтат, уран сайхны киног Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй бүтээхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй мэдээлэл хийв. Уг киногоор Ю.Цэдэнбалыг XX зуунд амьдарч байсан дэлхийн хүн болохыг харуулах зорилготой аж. 1939, 1940 оноос эхэлсэн маршалын түүх-Монгол Улсын түүх юм.
 
Учир нь, дэлхийн хоёрдугаар дайны монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогтнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн, мөн улсын бүх сургууль цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагыг энэ эрхмийн үед босгосон.
 
Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотоос эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1000 гаруй багийг барьж босгох, төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвийг барих гэх мэтчилэн энэ бүх ажил Ю.Цэдэнбал даргын үеийнх. Иймээс энэ эрхмийн түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс түүхэн уран сайхны кино бүтээж байгааг кино бүтээгчид онцолж байлаа. “Түүх мартахгүй” киноны баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй. Ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг кинонд ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллана. Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Д.Төрбат, түүхч Д.Өлзийбаатар болон Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Даваасүрэн нар киноны зөвлөхөөр ажиллах юм. Түүнчлэн жүжигчин Д.Бямбацогт киноны дүрийн сонголтод анхаарч ажиллахаар болсныг энэ үеэр дуулгасан бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
 
-Түүхэн киноны дүрийг сонгон шалгаруулах хариуцлагатай даалгавар танд оногджээ. Маршалын тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлыг өгүүлэх  учир дөрвөн өөр хүнийг кинонд тоглуулах нь. Та дүрээ хэрхэн сонгохоор төлөвлөж байна вэ?
 
-Юуны түрүүнд гол дүр бүтээх хүмүүсээ сонгон шалгаруулна. Маршал Ю.Цэдэнбалын дөрвөн өөр насных нь үеийн дүр кинонд гарах учир гол дүрд дөрвөн хүнийг сонгон шалгаруулна. Үүнийг дагаад нүүр будалт, хувиргах ажлын хувьд ч нүсэр ажиллагаатай болно. Маршалын бага, дунд, идэр насных нь хувьд ойролцоо төрхтэй хүнийг тоглуулахаар авчихдаг. Гэтэл дүр хоорондын уялдаанд нийцэх үү гэдэг нь бас асуудал болох байх. Тиймээс киноны зохиолыг уншиж, судлах зүйл олон бий.
 
-Тухайн үеийн дэлхийн улс орнуудын удирдагчид кинонд гарна. Эдгээрт тохирох хүнийг хэрхэн олж, шалгаруулах бол?
 
-Ер нь түүхэн дүр бүтээх хүнийг олж тоглуулах амаргүй. Жишээлбэл, Ж.Неругийн дүрд тоглох хүнийг Монголоос олоход бэрх. Киноны зураг авалтын 30 гаруй хувийг Орост авна. Түүхэн дүртэй нь дөхүүлж европ төрхтэй хүн шалгаруулна гэж бодож байна. Гаднаас ч жүжигчид хайна. Ялангуяа орос хүний дүр бүтээх жүжигчдийг гаднаас хайх юм. Бас Монголд ажиллаж, амьдарч байгаа оросуудтай хамтран ажиллах хүсэлт тавина. Үүнээс гадна тухайн үеийн хувцаслалтыг тохируулахад маш их анхаарал хандуулж байна.
 
-Маршал Ю.Цэдэнбал Монгол Улсад ямар их зүйл үлдээсэн хүн болохыг залууст ойлгуулах кино болно гэж найдаж байна. Тиймээс ч киноны зөвлөхөөр Монголд тэргүүлэх судлаач, түүхч, зохиолчтой хамтран ажиллаж байгаа болов уу?
 
-Тэгэлгүй яах вэ. Бид том ажилд зоригтойгоор ханцуй шамлан орж байна. Энэ түүхэн хүний талаар бид л уран бүтээл хийхгүй бол өөр хэн хийх билээ. Хүний хүн гэлтгүй миний хүүхдүүд ч гэсэн Ю.Цэдэнбал даргын талаар сайн мэдэхгүй байна. Түүгээр ч зогсохгүй мэргэжлийн сургуулийг нь төгсөөд ид ажиллаж байгаа залууст Ю.Цэдэнбал дарга гэж ямар хүн байсан тухай мэдээлэлгүй, тухайн цаг үеийнх нь талаар мэдэхгүй байна шүү дээ.
 
-Танд маршалын дүрд тоглуулахаар товлосон хүн бий юү?
 
-Идэр насных нь дүрийг бүтээчихээр гурав, дөрвөн хүнийг товлочихоод л явна. Гэхдээ, тийм байлаа гээд хангалтгүй. Тиймээс хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Маршалын талаарх судалгааны материал элбэг учир бид үүнд түшиглэнэ. “Түүх мартахгүй” киноны дүрийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 5-7-ны үеэр эхний байдлаар фото зураг авалт хийнэ. Үүнээс жүжигчдээ дахин сонгон шалгаруулна. Кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаадга нээлттэй гэдгийг хэлье.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин