sonin.mn
Шинийн есний үдэш. Жолоо барих ханийнхаа хажууд сарын дараа амаржих томоо гэдэстэй, их хүүгээ өвөр дээрээ суулгаад Улаанбаатар руу хөдлөх үес. Ачит аав минь духан дээр, хацар дээр дахин дахин үнэрлэн үнсээд үдсэн. Аав бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байлаа. Хэрвээ аавтайгаа дахин уулзахгүйгээ мэдсэнсэн бол би үлдэх байсан. Явлаа гэхэд, өөрөөсөө надад тасдаж өгөхдөө үрчлээ ч үлдээгээгүй ав адилхан магнайг нь хайрлан хайрлан үнсэх байсан. Нялх багад аав бид хоёрыг мотоциклтой давхин очиход алаг морьтой угтдаг байсан өвөөгийнхөө төлөөнөөс, хүү рүүгээ тэмцэх аавын энхрийллээр боргил хацар дээр нь ахин дахин үнсэх байсан. Аавыгаа үнсэж, алаг зүрхний хайраа дандаа илчилж байхгүй яав даа...
1981 оны гуравдугаар сарын 29-ний өглөө. Хичээл эхлэх цагаар тулгар биетэй миний ээж Улаанбаатар хотын II амаржих газар руу Санхүүгийн техникумын оюутны байрнаас хүргэгджээ. Аав минь “Багш аа, миний нэг эхнэр төрчихжээ. Чөлөө хүсье...” гэхэд “Хэдэн эхнэртэй хүн бэ чи?" гэж шоглосон хариултыг ангиараа сонсон инээдэм болжээ. Ингэж аав минь наддаа заяасан. Цэцэрлэгийн ёолкоор туулай болоод, тайзны араас үсрэн гарч ирэхэд үзэгч дунд хамгийн урд над руу хайр, бахархал, өхөөрдөл дүүрэн инээж суусан миний аав. Ой ухаанаасаа онгичин олсон энэ дүр төрхөөр би аавтайгаа анх учирсан.
 
Борооны дараахь норсон газарт зуураад хөдлөхгүй дугуйнд намайг суулгаад сураар оосорлон чирч ажил руугаа явсан миний аав.
 
Нэгдүгээр ангид орсон хичээлийн шинэ жилийн нээлтэд хонх цохих миний үсийг тайрч, хамгийн орчин үеийн охин болгож гоёсон миний аав. Төрсөн өдрөөр агентаас “Сарлаг", “Алтан шагай" чихэр авч өгсөн миний аав. Энэ бүхэн миний аавтайгаа дурсамжийн ай савд үлдсэн хамгийн нялх багын ариун энхрийхэн “зурагнууд”.
 
Аав нэгэн орой ээжийн ажил дээрээс намайг аваад сургууль руугаа буцаад очлоо. Бага, дунд ангийн хичээлийн хоёр эрхлэгч суудаг өрөөнөөсөө намайг хөтлөн гараад хамгийн мухрын хаалга татсан нь ээжийн төрсөн дүү, одоогийн Улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргалын анги байв. Багш нь миний унаган багын найз Д.Баяржаргалын ээж Д.Долгорсүрэн. Ц.Цогтжаргал ах төмөр голтой сурагчийн сандал хяхтнуулан суудал дээрээ эргэлдэн, их л зүггүй. Тэдний ангийнхан аймгаас ирээд хэд хонож байгаа зурагчныг дуудсан байж. Зурагчин орж иртэл аав миний зургийг даруулав. Орос саарал цэмбэн гутал, ногоон пальтотой, одоогоор бол том хүүтэй минь их л ижилхэн царай төрхтэй охины зураг бий. Тэгэхэд аав, бид хоёр хамт зураг авахуулаагүйд аавгүй болсон өнөөдөр харамсдаг юм билээ.Тэгээд аав Д.Долгорсүрэн багшид баахан үүрэг даалгавар өгчихөөд гарсан. Сургуулийн сурагч болсны дараахан бас л аавдаа хөтлүүлэн сумын холбоонд явж байтал Д.Долгорсүрэн багштай таардаг юм. “Миний дүү шиг залуу хүн, миний дүү шиг эр хүн л сургуулийн захирал хийх ёстой. Чин сэтгэлээсээ баяр хүргэе захиралдаа.Зорьж очих гээд завдахгүй явтал харин таарчихлаа...” гэж хөл хөөрцөг болох. Дооёо багш тэтгэвэрт гарсан болохоор тэд уулзаж амжаагүй байж. Нэгэн удаа сургуулийн засвартай хэсэг рүү аав намайг дагуулаад орж явтал их муухай том улаан хамартай өвгөн будагны багсаар аавын минь нуруу руу хатгачихав. Аав минь цочсон хэр нь бөөн инээдэм ханиадам болж их л эвтэй дотно уулзацгаах. Би аавыгаа харамлан уйлчихлаа. “Миний охин битгий уйл, Дондогоо багш нь тоглож байхгүй юу...” гэж аргадсан миний аав хөгшин хөвөө, бага залуу хэнийг ч нэг л шугам дээр аваачиж харилцдаг хүн. Багш хүний “дүрмийн дагуух” зан чанар байж. 2003 онд Их сургууль төгсөөд сэтгүүл зүй хэмээх том салбарын босгонд өвдөг чичирхийлэхдээ “Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилна...” гэж аавдаа хэлэхэд “Багшийн ажлыг амархан гэж бодно уу. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжил л хүнд өгөөжтэй дөө..." гээд хорооллын эцэст байр түрээслэн тохинуулж өгөөд санд мэнд хичээлийн шинэ жилийн нээлт рүүгээ явсан. Охиноосоо харамлах хүртлээ багш мэргэжилдээ хайртай. Охиноо Улаанбаатарт орхих хүртлээ миний мэргэжилд хайртай аав. БНСУ-ын Элчин сайдын яам нээгдсэн цагаас хойш Монголд байгаад бараг монгол хүн шиг болчихсон нэгэн Солонгос түшмэл хожим “Багш хүний хүүхэд яг чам шиг л байдагдаа...” гэж билээ. 2009 оны наймдугаар сард БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван жил магистрт суралцах эрх ирэв. Аав минь шууд л “Төрийн удирлагын менежер чиглэлээр ажил бичээрэй, миний охин...” гэж билээ. Алсын харааг нь өвлөсөн байгаасай даа, ааваасаа.
 
Хавар болохоор аав минь Авзага хайрханы өврөөс адуугаа оруулж ирнэ. Зунжин манайх айраг ууна. Сумын шинэ хорооллын нүүрэн талын айл гэдэг бараг хөдөө л дөө. Урд дэнждээ гүү хурааж, унага татаж айраг ууна гэдэг ямар гээчийн тансаглал байж вэ дээ. Нэгэн удаа морио юүлэхээр аав хэсэг адуу хашаандаа хураав. Морио яг барьдгийн даваан дээр угз татагдан газарт салхийн унах аавын минь өтгөн хар үс сагсага гээд л явчихыг хараад би сандран уйлахдаа аавыгаа хачин их өрөвдсөн.
Хамгийн сайхан, хамгийн хүчтэй аавын минь тэнхээ дутах тэр агшин хэзээ нэгэн өдөр надаас үүрд явах цагийн айдсыг анх удаа төрүүлснийг өнөөдөр танив.
 
Аав минь багш болоод ганцхан удаа анги даасан. Тэр ангийнхан их сайн явна аа. Яам, тамгын газраар ажилладаг бар жилтэй хүмүүс бий. Хөдөө байдаг хэд нь бүгд мянгат малчин. Нэгэн шавь нь аавын өрөө рүү сумын холбоогоор дамжуулан залгаад “Багш аа, Ерөнхийлөгчтэй таны зургийг Төв шуудангийн хажуу талын МОНЦАМЭ-гийн зурагт мэдээллийн самбараас харлаа...” гэж хэлж. Н.Багабанди Ерөнхийлөгч 1997 оны намар Хархорин уу, баруун тийшээ л ажилласан байгаа юм. Замаараа манай сумын сургуульд айлчилжээ. Ерөнхийлөгч гарахдаа гоё шар боолттой томоо хайрцагтай бэлэг аавд минь өгсөн байна. Багш нар нь, “Захирал аа, хурдан үзье, үзье. Гоё чихэр байх..." гээд сүйд болжээ. Аав хайрцагаа задалтал биеийн тамирын зааланд хэрэглүүштэй хичээлийн хэрэгсэл байсан гэдэг. Ерөнхийлөгчийн явсан зам мэдээ болоод Үндэсний телевизээр гарав аа. Инээд алдан гар барьж Ерөнхийлөгчтэй уулзах аавын минь царай одоо ч нүдэнд тов тодхон. Тэр дүрс урсан өнгөрөхөд аравдугаар ангийн, овоо торнисон ухаанд минь анх удаа сонин мэдрэмж төрсөн нь “Миний нүүр царай, төрх аавтайгаа дэндүү адилхан юм аа...” гэсэн бодол. Тийм ээ, би аавтайгаа адилхан. Хавар нь болж, төгсөгчдийн дүнг зарлатал и гурван шалгалтын нэгийг би “сайн” өгчээ. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ бариад сургуулийнхаа захирлын өрөө рүү, аав руугаа харайгаад орлоо. “Дүн өчигдөр ирсэн байхад та надад юу ч хэлээгүй. Хэлээгүй болохоор чинь би “онц” авсан гэж бодсон...” гээд гэрчилгээгээ хогийн сав руу шидчихээд гарав. Гарангуутаа ямар ч гуниггүй сагс тоглоод явчихаж байгаа юм. Аавдаа л би эрэлхүү, бяралхуу, эрхийн тэнэг байсан. Аавтайгаа , байхад би дуу аялсан бар явсан.
 
Аавын бичгийн хэв гэдэг зураг, хуар. Тэр гоё бичгээр сийлсэн шүлэг дүүрэн тэмдэглэлийн дэвтрүүдийг уншиж хүн боллоо. Хонгорхон ээжид минь илчилсэн хайрын гэрч, тэр дэвтрүүд. Хожим 2005 онд хэвлүүлсэн миний жижигхээн шүлгийн ном аавын энгэрийн халаасанд байнга явдаг сан. Шүлэг дагалдах бичил тайлбартай тэр ном ер нь бол аав бидэн хоёрын хайрын тухай. “Яруу найргийн ном эр хүний энгэрийн халаасанд, эмэгтэй хүний гоёлын цүнхэнд багтах ёстой юм..." гэж Булган нутгийн суут хүмүүн Д.Урианхай гуай надад зуны нэгэн үдэш хэлснийг шууд хуулж үйлдсэн байжээ, би. Өөрийн дэвтэрээсээ залгуулаад аав надад “Утга зохиол, урлаг”, “Ням гариг” сонин уншуулсан. Унш гэж нэг ч удаа хэлээгүй л дээ. Зүгээр л тэр сонинуудыг захиалдаг, гэртээ авчирдаг. Үг, үсэггүй бараг цээжилж уншин, хайлчилбар хийдэг хүртэлх дадал соёл надад суулгасан нь сэтгүүлч болох зам мөрийгүгээр биш, үйлдлээр гаргажээ. Дөрөвдүгээр ангид зохион бичлэг хийлгэхэд миний сэтгүүлч болох мөрөөдлөө бичсэнийг “А” үсэг заасан С.Цэрэнпагам багш аавд хэлсэн байна. Эмээ бас хаанаас дуулчихсан юм бүү мэд, “Энэ хүүхэд сэтгүүлч болно гэдэг гэнэ. Тэр нь ямар мэргэжил юм бэ?” гэж миний дэргэд аавтай хүүрнэлдэхийг сонссон.
 
АНУ-д олон жил амьдарсан Булганы нэгэн сэтгүүлч “Чи Болдсайхан багшийн охин уу?” гэж ирж гашуудал илэрхийлсэн. Өнөөх сэтгүүлч Л.Энэбиш агсны сонгуульд ажиллаж яваад аавтай минь учирчээ. Аав минь “Ийм залуугаараа Улаанбаатар хотын төв хэвлэлд ажиллах ч бахархал шүү...” гэж сэтгэлийнхээ угаас хэлсэн нь өнөөх залуу хүнд гялалзсан урам өгч. Сайхан үг хүнийг босгож, ирээдүйг сийлдэг болохоор хэзээ ч мартагддаггүй. Аав минь өөрөө намайг яг магтаж, үгийн сайхан, ерөөлийн ихийг хэлж өсгөсөн дөө. Олон жилийн дараа Булган аймагт боловсролын салбарын нэгэн хурал цуглааны дундуур аавтай хамт цайлж суусан хүний утас руу нөгөө Булганы сэтгүүлч ах хүү алсын АНУ-аас залгаж таарч л дээ. “Гурванбулагийн сургуулийн захиралтай цуг байна аа..." гэхээр нь утсаа дамжуулан ярьж. Тэрүүхэн хооронд таван үг солихдоо аав минь “Миний охин үндэсний өдөр тутмын том хэвлэлд алдартай сэтгүүлч болсон...” гэж ихэд бахархалтайгаар, цээл хоолойгоор хэлжээ. Цээл хоолойнх нь тухай сонсохоор дуучин аав минь бодогдоно.
Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргалаа
Унаган бие миньжаргасны учир
Ухаан бодлоо таньдаа зориулъя... гэж аавын минь дуулах чихэнд уянгалан уянгална.Аавынхаа дуулдаг байсан сумын Соёлын төвийн тайзнаа эмэгтэйчүүдийн баярт зориулсан сурагчдын концертод Төрийн соёрхолт Ц.Бавуудорж ахын тэр жилийн “Болор цом”-д сойсон “Алтанхан заадалтай хүний орчлон”-г
Зандан цэцэглүүлэм сайхан аавыг минь
Жагарын гөрөөс үзчих вий гэхдээ
Будан хөвсөлзсөн цаст Очирваанийн
Буурал хөмсөгөнд нууж явдаг юм... гээд л би уншив. Гэртээ харихад аав минь ширээний гэрэл доор ямар нэг юм бичиж суух. “Сайхан шүлэг дээ. Аавдаа одоо нэг унш даа..." гэж билээ. Шүлэг уншуулахаар намайг хүлээгээд унтаагүй байж.
Оюутан болоод Төрийн албан хаагчийн зардлаар сурдаг баатар боллоо. Хоёрдугаар дамжаанаас өнөөх төлбөр яагаад ч ордоггүй дээ. МУИС Нийгмийн ухааны факультетийн Сургалтын албанаас өдөр бүхэн мэдэгдэл ирээд долоо хонов оо. Аав минь хөдөөнөөс давхиж ирээд, намайг дагуулан тухайн үеийн Булганы тойргийн Б.Өвгөнхүү гишүүнтэй уулзав. Нутгийн гишүүн Төрийн ордонд аавтай минь их л дотнохон тэврэлдэн уулзаж, хол ойрыг хөөрөлдлөө. Хүүхэд цагтаа тэд цана, чаргаар уралдах тэмцээн наадамд оролцож явсан үе тэнгийнхэн ажээ. Эхнээсээ л нөхөн сонгуульд нэр дэвшиж ирэхэд нь “Энэ чинь сэтгүүлч хүн л дээ...” гэж их өөриймсөг байсан даа, аав.
 
 
Тэр сэтгүүлч гишүүн нь миний аавд “Сургалтын төрийн сангийн дарга Д.Ганбатад” гээд томоо цохолт хийж өглөө. Маргаашаас нь “Төлбөр төлтөл хичээлд суулгахгүй” гэдэг мэдэгдэл ирээгүй. Аавын минь улсаасаа хүртсэн сүүлчийн тэтгэмж тэр. Насны тэтгэмжээ өнөө жил авч, гавьяаныхаа амралтад гарах, эр хүний ид жагсах, жаргах насныхаа босгонд, яг нэгэн жилийн өмнөх энэ едөр гэнэт зүрх нь хаагдаж тэнгэрийн оронд одсон доо, хайрт аав минь. Боловсролын салбарт 39 жил ажилласан миний аавд салбарын шагналууд, улс хувьсгалын ойн медалиуд хүртээжээ. Хамгийн сүүлд төрөлх сумынхаа 80 жилийн ойгоор ганцаараа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, төрдөө “үнсүүлсэн”.
“Аав руу хурдан гаръя...” гэх том дүүгийнхээ золгүй мэдээний үнэн, худлыг дэнслэх тэнхэлгүй давхин, давхин төрсөн гэртээ очиход ганц намайг л хүлээсэн шиг аавын минь бие бүлээнээрээ. “Охинтойгоо уулзахсан..." гэж яасан их тэмцэлдсэн бол, хөөрхий аав минь. Хүзүүн дээрээ суулгаснаасаа эхлээд хүй орчлонд хоёр үртэй нь ухаан бодол, уужим нуруундаа охиноо хайрлан хайрлан тээсэн, даасан аавынхаа хүчирхэг хөлөөс адис авахдаа өөртөө шингээж үлдэх гэж хичээсэн ариун дагшин үнэрийг 21 хоногийн дараа хүүгээ төрүүлчихээд үнсэхдээ дахин олж, хатуу хоног, ялагдсанаа мэдрэх гашуун нулимсаа эмч, сувилагчийн нүднээс нууж чадалгүй асгаруулсан даа. Том хүүгээ төрүүлэн ээж болоход хамгийн анх аав минь утасны цаанаас “Сайхан хүү төрүүлж өгсөн охиндоо баярлалаа...” гэх чичирхийлсэн хоолойгоор ярьсан сан. Уг нь миний аав гурван хүүтэй. Сэтгүүлч, эрх зүйч-авто тээврийн инженер, багш-эдийн засагч, дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгийг төгссөн уул уурхайн далд олборлолтын инженер дөрвөн сэхээтнийг улсдаа хүлээлгэж өгсөөн. “Охин бол гурван дүүгээ гүүргийлнэ..." гэж бусдад ярьж, цээж тэнэгэр суудаг хэр нь миний төрүүлсэн үрд анх л хүүтэй болсон шиг баярлан хөөрснийг бодохоор их хүлээсэн юм байжээ. Охиноо ээж болохыг тэгж хүлээсэн хэр нь сүйн хадаг ирэхэд жаахан хүүхэд шиг тэс хөндлөн харж суучихаад авахгүй Отгонтэнгэр хайрханы өврөөс ирсэн худынхныгаа сандаргасан сан.
 
Амьдралын аюул, бэрхшээлийн хамгийн аймшигтай нь хагацал ажээ. Хэзээ ч төсөөлөөгүйгээ үзэж, хэзээ ч төсөөлж чадахааргүйгээ биеэрээ эдлээд нэгэн жил болсон байна.Нэхэж, өнчирч, гашуудсан дөрвөн үр нь намрын дунд сарын үзлэгтүй 17-ны дүүрэн билэгтэй өдөр ачит аавынхаа хойдын буянд бурханы буман цагаан суварга бүтээсэн билээ. Аавын минь хойноос нурсан юм шиг говийн их найрагч бас өвөө, охин шиг явсан их аварга гээд утга зохиол, урлаг, слортод яасан гарзтай жил байв даа? Ачит аавын минь ай савын хүмүүс байж гэж ханьсуулан бодож ч үзэх... Тийм ээ, аав минь наддаа Монголын утга зохиолын салбарын хүн. Аав минь наддаа халхын их аваргын энтэй цуутай, дуутай эр хүний дээд. Өөрийгөө тайвшруулах арга зам хайж аргаа л бардаг хорвоо юм даа, хагацлын өмнө. Аавгүй амьдарч, өөрийнхөө хуурамчийг өөртөө батлахаас илүү орчлонгийн хий хоосон үү? Одоо надад юу ч аймшиг биш. Юу ч зовлон биш.
Аавынхаа ажлын өрөөний хаалгаар гүн хүндэтгэлтэйгээр орлоо. Ямар нэгэн захиас үлдээсэн байх вий гэж өөрийн эрхгүй эрж, хайдаг ажээ. Ширээн дээр дэлгээтэй үлдсэн дэвтэрт
“Сүүнд умбаж өссөөн, ээж ээ
Сүүнд умбаж амьдарлаа хүү нь” гэсэн байв.
Гэнэт л хань, үрсээсээ нисэн одохыгоо мэдсэн шиг уншигдах.
 
Сүүн цагаан амьдарсан, сүүн цагаан амьдралыг дөрвөн үрдээ бэлэглэсэн таньдаа баярлалаа, аав аа.
 
Хором мөч бүхэнд зүрх сэтгэлдээ тантайгаа амьдарна, охин нь. Таныхаа өмнөөс “Аавын охин, аавын охин...” гэж өөрийгөө өрөвдөн өмөлзөн, нулимсаа бөмбөрүүлэн бүтэн жилийн уй гашуудлаа үүрэн дүүрэн сэтгэлийн зул үзэглэлээ. Ертөнцийн хамгийн өндөр оргил юм шүү дээ хайрт аав минь та, охиндоо.
 
Сэтгүүлч Болдсайханы Хажидмаа