sonin.mn
 
14. Увс аймгийн Давст сумын хөдөлмөрчидтэй уулзах үедээ ”Ю.Цэдэнбал бол миний шүтээн мөн” гэж хэлсэн лидер Н.Энхбаяр 2004 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадсан юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр мянганий зам тавьж эхэлсэн, Монголын гадаад өрийг тэглэсэн зэрэг дорвитой үйлс бүтээж, 2006 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 90 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхэд “ногоон гэрэл асааж” өгсөн нь сайн үйлс байв.Харин  Ю.Цэдэнбалын 40 жил амьдарсан умгар байранд нь гэр музей байгуулах талаар ард түмнээс ирүүлсэн олон арван захидал, олон мянган хүний хүсэлтийг хэрэгжүүлсэн бол түүний улс төрийн дархлаа нь бэхжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн бололцоо байсан ажээ.
 
15.Ерөнхий сайд байсан М.Энхболдын сэтгэл зүтгэлээр нийслэлийн үзэсгэлэнтэй талбайн нэгд Ю.Цэдэнбалын тухайн үедээ л сүрлэг сайхан хөшөө 2006 онд босгосон нь энэ төрийн зүтгэлтний алсын хараа, ахмад үеийн төрийн зүтгэлтнүүддээ хүндэтгэлтэй ханддагын нотолгоо болж түүний улс төрийн замналд нь нэгэн дархлаа болсон юм. Энэ зүтгэлтэн удалгүй эрх баригч намын дарга болж, улмаар Ерөнхий сайд, дараа нь Парламентын дарга болж хамгийн нөлөөтэй улс төрийн зүтгэлтэн болсныг бид мэдэх билээ.
 
16. 2008 оны 7 сарын 1-нд олон түмний дургүйцлийн хөдөлгөөн өрнөсөн, хүний амь үрэгдсэн асуудал нь Монголын нийгмийг доргиож, Монголын ард түмний аж байдалд олигтой ахиц гарахгүй байсан, авилгал, хээл хахууль цэцгэлсэн, шудрага ёс алдрах болсон зэрэг нь нийгэмд эрс шийдвэртэй өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байгааг нотолсон юм. Ийм шинэлэг үзэл санаа манай ард түмний дунд улам бүр хуримтлагдаж байлаа. Энэ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд шууд нөлөөлөв.
 
Монголын ардчиллын томоохон зүтгэлтэн, АН-ын дарга байсан Д.Дорлигжав тухайн цагийн эрх баригчдаас өмнө Ю.Цэдэнбалын хөшөөний суурь тавих ёслолыг Монгол ёс заншлаараа гүйцэтгэж, ардчиллын шинэ үеийн төлөөлөгч Б.Бат-Амгалан “Ю.Цэдэнбалын гал голомт” хөдөлгөөн санаачлан байгуулсан нь содон үйл явдлууд болов. Буурал түүхээ хүндэтгэх, ахмад үеийн эх орончдын үйлсэд сайнаар, шудрагаар хандах хандлага нийгэмд бэхжих болсон нь сайн хэрэг мөн байв. МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн компанийхаа үеэр Ю.Цэдэнбалын хөшөөнд гүн хүндэтгэл илэрхийлсэн нь Увс нутгийнханд болон нийт ард түмэнд томоохон сэтгэгдэл төрүүлсэн юм. Талцаж туйлшралгүй, хоосон улс төржилгүй, ахмад үеийнхнийхээ эх оронч үйлсийг эерэгээр үнэлдэг, тохитой нуруутай төрийн удирдагчийг “мөрөөдөж” байсан ард түмэн шинэ цагийн удирдагчийн төлөө саналаа хошууран өглөө.
 
16. МАХН бүхэлдээ зөв, алсыг харсан шийдвэрийг цаг үеийг нь тааруулалгүй  яаран гаргаж, тухайн нөхцөл байдлыг  нарийн тооцолгүй нэрээ сольсон, улмаар хуваагдсан, МАХН-ыг 44 жил удирдаж, нам шиг нам болгосон “эцэг” Ю.Цэдэнбалыг намын 90 жилийн ойгоороо 2011 онд бараг л “мартаж”, тийм хүн ер нь байгаагүй юм шиг өнгөрч, намын түүхийн олон боть номондоо хуучинсаг, 20 жилийн өмнөх сэтгэлгээгээр, бараг л Хэлмэгдэгсдийн холбооны бүтээл шиг Ю.Цэдэнбалд хандаж, өрөөсгөлөөр бичсэн зэрэг нь МАХН-д хандах ард түмний хандлагад “хар ус цацсан” хэрэг болов.
Өөрчлөлт шинэчлэлт, шудрага ёсыг хүсч байсан ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчнийг дэмжсэн юм. Н.Алтанхуягийн удирдаж байсан шинэчлэлийн Засгийн газрын эх орныхоо судсыг мэдэрсэн, ухаалаг, шийдвэртэй анхны арга хэмжээнүүд нь олон түмний санаа сэтгэлд нийцэх болсны жишээ нь орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин ялахад гол үндэс нь болов.
 
Олон нөхцөл шалтгааны улмаас Ю.Цэдэнбалын удирдаж байсан намд олон жилийн турш гуйвалтгүй итгэж ирсэн Цэдэнбалын уугуул нутгийнхан орон нутгийн сонгуульд ардчилсан хүчнийг тууштай дэмжсэн нь дүгнэлт хийвэл зохих, тун сургамжтай үйл явдал болов. Түүхэн уламжлалаар баян, удирдлагын туршлагатай, боловсон хүчний том армитай, дасан зохицох чадвартай, залуучуудаа түшиглэх болсон “ах” намыг сөрөг хүчнээ болгосон ардчилсан хүчний өмнө шинэ ирээдүй хүлээж  байлаа.
 
17. Хуучин, шинэ, Ардын ба Ардчилсан засгийн 1984 оноос 2016 оны хооронд  хамтран бусниулсан улс төр, эдийн засгаа  төвшитгөн хөгжүүлэх нь амаргүй байсан нь ойлгомжтой. Ю.Цэдэнбалын үед байгуулсан Эрдэнэт, нээсэн Оюу-Толгойн асуудал  шинэ сонгуулийн нэг хүчин зүйл болов. Ардчилсан засагтаа найдсан ард түмэн 2014 онд Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэх тогтоол гаргаж өгөхийг гуйсан билээ. Асуудал тодорхой шалтгаанаар удааширсаар 2016 оны сонгуулийн босгон дээр дэврэн гарч ирэв. Ядахдаа хэдэн сарын өмнө байсан бол улс төржилт, хийрхэлд  автагдалгүй аятайхан шийдэгдэж мэдэх байв. Зарим гишүүд Ю.Цэдэнбал сайн хүн байсан гэж, зарим хүн хамгийн муу хүн байсан мэтээр ам уралдан маргалдсан юм. Тогтоол ч гаралгүй сонгууль тулав. Ойг төр засаг тэмдэглэхгүй нь гэсэн ойлголт бэхжиж, Цэдэнбалын Академийнхан ойдоо  бэлтгэж, Хурлын илтгэлээ, ойд зориулсан номуудаа  босгож, урлагийн концертээ янзалж, бараг л хувийн зардлаар Ю.Цэдэнбалын үзэсгэлэн зэхэж байв. Гэтэл сонгуулийн босгон дээр Ардчилсан Парламентын “Ю.Цэдэнбалын 100 жилийн ой тэмдэглэх тухай” тогтоол мэндэлсэн нь олон хүнийг баярлуулсан боловч ард түмний сонорт бараг л хүрч чадаагүй, сонгууль болдгоороо болж , Ардын нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав.
 
19. Шинэ Монголын шинэ удирдагчид, Ардын нам засгийнхан  Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг сайхан тэмдэглэсэнд баярлан бахархсан өөдрөг сэтгэл олны дунд нэг хэсэг давамгайлж, шинэ төр, засаг маань  нийгэм эдийн засгийн аятайхан бодлого хэрэгжүүлж байлаа. Гэвч Ю.Цэдэнбалын ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн  гол ажлууд том бодлого, үйлсийн тоосонд дарагдаж, нам гүмхэн болов.
 
Ю.Цэдэнбалыг цагаатгах заалтыг УИХ-ын тогтоолд оруулах бидний олон жилийн хүсэлт биелсэнгүй. Мөнхийн гавъяа байгуулсныг нь тогтоолд алдаршуулсан мөртлөө, улс төрийн хуйвалдаан эргэлтээр, хууль бус аргаар ажлаас өөрчлөгдөж, эх орондоо амьдрах гол эрхээ хасуулан, манайхны ярьдгаар гадаадад гэрийн хорионд орж, гэр орон, өмч хөрөнгөө булаалгаж, амь амьдралаа зориулсан намаасаа хөөгдөн эвлэрэн нэгдэх эрхээ зөрчүүлж, шүүхийн шийдвэргүйгээр алдар цолоо хураалган хохирч, гэр бүлээрээ гадуурхагдан паспортаа хураалгаж, улс төрийн шалтгаанаар эрүүл мэнд, нэр төр, ажил амьдралаараа хохирч байсан өмнөх удирдагчаа цагаатгах заалт оруулсан бол төгс шийдвэр болох байсан ч асуудал шийдлээ одоо ч хүлээж байна. Ардын, Ардчилсан хоёр Засгийн газрын Тогтоолд цагаатгах заалт оруулахад манай Академийн доторхи  зарим хүмүүсийн өөдгүй, харь бодлого шууд сөргөөр нөлөөлөв. УИХ-ын орлогч дарга, Цагаатгах ажлыг эрхлэх Улсын комиссийн даргын шийдвэрээр байгуулагдсан Хуульчдын ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг цагаатгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаад байхад бидний хамтран зүтгэгч- ардчиллынхан,  гуравдагч хүчнийхэн биш, харин Ю.Цэдэнбалын удирдаж байсан намын зарим хүмүүс улайран эсэргүүцсэн нь  харамсавч барахгүй үйлдэл болж, Академийн түүхэнд хар толбо болон бичигдэн үлдэв.  Засгийн газрын комиссийн дарга миний саналыг дэмжиж байгаагаа албан ёсоор хэлсэнд баярлан хоцорсон боловч хэн нэгний явууллагад автсан бололтой тогтоолд цагаатгах заалт ороогүй, бид дахиад л асуудал шинээр тавихад хүрч байгаа юм. Уг нь 100 жилийн ойгоор нь асуудлыг аятайхан шийдээд бүгдээрээ дараа дараагийнхаа ажилдаа анхаараад явах байсан билээ.
Ю.Цэдэнбалын гэр музей байгуулах асуудалд ч анзаарч байгаа хүнгүй болж цаг хугацаа алдсаар, тэр хүний хойч үедээ үлдээсэн 30 мянга гаруй түүхэн үзмэр эд зүйлс энд тэнд үрэгдсээр байна. Эдийн шунал гэж мэддэггүй хүү нь эцгийнхээ бүхий л өвийг хойч үедээ, музейд өгнө гээд байхад түүнийг нь хамгаалаад авах соёл дарга нарт дутагдаад байгаа нь харамсалтай л юм. Одоо зарим хүн Даргын музейн асуудлыг бизнес, энд тэнд газар олж авах хэрэгсэл болгож, Найрамдлын арын модон дотор газар хөөцөлдөөд явж байх жишээтэй байх ажээ. Аль ч талаас нь бодсон гэр музей бол түүхэн газраа, тухайлбал 40 жил амьдарсан тэр л овоохойд нь байх болохоос хүний  нүднээс холдуулах гэсэн юм шиг аглаг ой тайгад байгуулах нь инээдэмтэй хэрэг бөгөөд тодорхой хувь  хүмүүсийн “ амттай хоол” болно  гэдгийг хаана хаанаа бодох нь зөв юм.
Монголын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн хажуугаар 16 аймгийн төв хот, нийслэл, Дархан, Эрдэнэт, Бор-өндөр, Багануур хот, 400 нэгдэл, сангийн аж ахуйн төв-суурин, 350 том жижиг  үйлдвэрийн барилга, 550 сургуулийн барилга барих ажлыг удирдан зохион байгуулсан, Монголын эдийн засгийн сэргэн мандлын гол эзэнд түүний 40 жил амьдарсан, ганц дан умгар байшинг нь музейн зориулалтаар олгох шийдвэр гаргах санаачлага ч манай эрх баригчдаас одоохондоо дуулдахгүй байна. Гэвч ийм цаг ирнэ гэдэг нь тодорхой юм.
1984 оноос хойшхи эрх баригчид өмнөх их удирдагчаа мартуулах л зорилт тавьж байсан 1996 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 80 жилийн ойгоор ардчиллын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан Төрийн хүндэт харуулаа жагсаан Ю.Цэдэнбалын бунханд хүндэтгэл үзүүлэн, 90 жилийн ойгоор Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ю.Цэдэнбалын хөшөөний нээлтэнд оролцож, бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаангом дахь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байсныг ард түмэн сайнаар дурсаж байдаг билээ.
 
Гэтэл түүхэн зүтгэлтний 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, түүний орлогч, Ерөнхий сайд, бүр МАН-ын дарга ч хөшөөнд нь цэцэг өргөсөнгүй өнгөрөв. 
 
Энэ нь ганц хүнийг л өргөмжилсөнгүй гэсэн санаа гэхээсээ Монголын нийгэм төрийг 44 жил удирдсан, ард түмний дийлэнхи олонхийн хувьд жинхэнэ удирдагчаа гэж ойлгодог хүний 100 жилийн ойд хэн яаж хандав гэдэг асуудал юм. Төрт ёсоо хир дээдэлж байна, шудрага ёс хир бэхжиж байна, түүхэн үнэнд хир үнэнч байгаагын нэг ёсны шалгуур л гэж ойлгогддог асуудал юмдаа.                                                                                                                                           
Уран сайхны кино бүтээх их хурлын шийдвэр ч, Ю.Цэдэнбалын амьдрал тэмцлийг тусгасан, тухайлбал ХХ зууны Монголын түүхийн гэрэл зургийн цомог бүтээх ажил ч шийдлээ хүлээсээр. 100 жилийн ойд уригдан ирсэн Их удирдагчийн хүүгийн манай дарга нарт тавьсан цорын ганц хүсэлт ч одоо хүртэл биелсэнгүй байх жишээтэй. Ю.Цэдэнбалыг хууль ёсоор цагаатгаагүй, амалсан төлөвлөснөө хэрэгжүүлдэггүй, дутуу дулимаг шийддэг байдал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэв.                              
 
20. Зорьсондоо хүрэх хатуу чиг зорилго, эрмэлзэлтэй, хамгийн гол нь сонгуулийн үед эв нэгдэл, зохион байгуулалттай байж, бас сонгуулийн үр дүнд нөлөөлөх одоо цагийн бүхий л арга хэрэгслийг чадамгай ашигласан Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд итгэлтэй ялалт байгуулав. Монголын төрийн удирдлагад ажлын туршлага, буйр суурь, эв тогтоох эрхэм чадвар; нийгэмд улигшран идээшсэн идээ бээрийг үндсээр нь арилгахыг зорьсон эрчим тэмүүлэл; ард түмнийхээ бодол санааг хэрэгжүүлэхийг эрхэм болгосон ухаалаг бодлого хүчээ авч , хоршин нийлж нийгэм одоо л нэг аятайхан болох нь гэсэн итгэл найдвар бий болов. 
Нийгэм улс төрийн мэдрэмж нь сэргэсэн манай жирийн ард түмэн эх орон, иргэдийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан Ю.Цэдэнбалын гэр бүлийнхний үйлсийг хүндэтгэж, Найрамдал олон улсын хүүхдийн зусланг А.И.Цэдэнбал-Филатовагийн нэрэмжит болгов. “Би ийм зүйл хийчихлээ” гэж зарим хүн цээжээ дэлдэн гүйж байгаа ч гэсэн үнэн хэрэг дээрээ Зуслангийн үе үеийн олон зуун ажилчид үүсгэн байгуулагчаараа байгууллагаа овоглох саналд гарын үсгээ зурж тэмцэцгээжээ. Засгийн газрын Залуучуудын хөгжлийн газар,  Нийслэлийн удирдагчид  энэ гайхамшигт орос эхийг монгол үр хүүхдүүдийн нь сэтгэлээр дэмжиж энэ буянтай шийдвэрийг гаргасан ажгуу.
Өнгөрсөн түүхээ, ахмадын ариун үйлсийг  хүндэтгэх  сэтгэлгээ ухамсар манай нийгэмд хүчтэй сэргэж байгаа нь өнөө цагийн гол шинж мөн. Үүнийг  “хуучныг сэргээх үзэл” мэтээр унтрааж уг нь болохгүй гэж бодогддог. Өнөөдөр эх орон, ард түмнийхээ төлөө  шударгаар тэмцэж байгаа зүтгэлтнүүдээ маргаашийн хойч үеийнхэн  сайн үйлсийг нь хүндэтгэн дууриалал авдаг үлгэр дууриаллыг  өнөөгийн манай зүтгэлтнүүд үзүүлбэл их зүгээр  гэж бодогдох юм. Манай түүх энэ зүг рүү явж байна. Манай төрийн залуу зүтгэлтнүүд 1945 оны Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсны ойгоор энэ ариун үйлсийг зохион байгуулсан Монгол төрийн агуу зүтгэлтнүүд: Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал нарын үр ач, дүү нарт  байр өгсөн нь шудрага буянтай үйлс болов. Ийм сайхан санааг хэн гаргаж, хэн дэмжив гэдгийг хүмүүс өргөнөөр хэлэлцэж буй нь ч аргагүй билээ.
Их удирдагчийн 102 жилийн ойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөшөөнд нь хүндэтгэлтэйгээр цэцэг өргөж, энэхүү ёслолд улс төрийн өөр намын удирдагчид, Ардчилсан намын нэртэй зүтгэлтэн, бизнесмен , нийгэм, улс төрийн эрс, содон хөдөлгөөний лидерүүд хүртэл оролцож байгаа нь монголчууд тойрон нэгдэх өөр нэгэн чухал цэгээ олж байна уу даа гэх бодол төрүүлж байлаа.
Монгол төрийн түүхэн зүтгэлтэн, эх орон, ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийсэн их хүн Ю.Цэдэнбалыг ясыг нь өндөлзүүлэхгүйгээр цагаатгах, амьдарч байсан байранд нь гэр музейг нь байгуулж, тэр хүний сүүлчийн өвийг нь ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хэн ухаан сэтгэлээ зориулах бол? гэсэн хүлээлт цаашид ч хүчээ авах боллоо. “Давааны цаана даваа” гэдэгчилэн дараагийн сонгуульд энэ асуудал бас л нөлөөлнө гэдэг нь бараг л ойлгомжтой. Монголын ард түмний сэтгэл зүрхнээс яаж ч хичээгээд салгахын аргагүй, хойчийн үйлсэд ч нөлөөлдөг нэгэн хүчирхэг фактор байдаг юм байна гэсэн ойлголт миний бичсэнээс төрөх бизээ. Монголын нэртэй соён гэгээрүүлэгч, зөөлөн дөлгөөн улс төрч, гүн ухааны доктор Б.Даш-Ёндон: “Ю.Цэдэнбалын үйлс бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд одоо ч гэсэн асч байгаа гал мөн” гэсэн нь бодит үнэнийг гайхамшигтай онож хэлсэн үг гэж надад үргэлж санагддаг юм. 
Дөрвөд, баяд гэж нэгнийгээ гадуурхах үндэс үгүй юм. Алтан ургийн дээд өвөг Бодончорын үеэл ахан дүүс, Халхын голын наахнуур нутаглаж байсан дөрвөн нар чинь л дөрвөдүүд билээ. Бодончир богдын эцэг нь Малига хэмээх  баяд эр байсан аж. Ястнаар биш үндэстнээр ялгах нь ч утга үгүй юм. Чингис, Хувилайн эмхлэн байгуулсан Хятад гүрэн ч , Бат хаан, түүний удмынханы байгуулсан Орос агуу гүрэн ч бидний түүхийн нэг хэсэг, мах цусны барилдлага бүхий гэдгийг үгүйсгэх арга бий боловуу? Төвд лам 1911 онд тусгаар тогтнолыг монголчуудад бэлэглэж, хятад удамтай Цэрэндорж 1924 онд БНМАУ-ыг удирдаж, орос хүний хүү Зориг жинхэнэ ардчилал, хүний эрхийг бидэнд өгсөн нь үнэн билээ. Хувь заяаны эрхээр орос эхнэртэй байсныг нь өршөөж болох. Европын хоёр цагаачийн хүү Агуу Америкийг жолоодож, серби цагаач эхнэртэй болоод л байдаг. Бид яагаад болохгүй гэж.
Монголчууд бид аливаа асуудалд юуны өмнө хүнлэг чанарын үүднээс хандаж, эх орон, ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулж, өч төчнөөн гавьяа байгуулсан хүмүүсийнхээ зүтгэл бүтээл, ач гавьяаг санаж, үнэлэх нь хүн чигээрээ байхын гол шинж юм. Аливаад шудрага ёсны үүднээс хандаж, сайн муу, үнэн худал, хар цагааныг ялган дэнслэх чадвараа гээхгүй байх нь аливаа үндэстэн оршин тогтнох, мандан бадрахын амин сүнс нь билээ.
 
 
МУИС-ийн профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Эрдмийн зөвлөлийн дарга, түүхийн шинжлэх  ухааны доктор /Ph, Sc/ Цэен-Норовын Жамбалсүрэн