sonin.mn
Цэргийн хуарангаас 1968 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр намайг Цэргийн дуу бүжгийн ансамбльд дуучнаар ирэхэд цээлхэн нь дэндсэн хоолойтой сэргэлэн бор залуу арын суудалд сууж сургууль хийдэг байв. Цэргийн хувцсыг маш цэвэрхэн өмсдөг, цүнхэнд нь тэр үедээ л сүүлийн үеийн хийцийн дуу хураагуур, зургийн аппаратыг байнга авч явна. Үе үе энд тэндээс элдэв зураг дарж харагдана. Удаж төдөлгүй танил болцгоож их урлагийн замд хамтран алхацгааснаас хойш эдүгээ хагас зуун жилийг хамтдаа туулжээ.
 
Энэ дуучныг 1944 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт мэндэлсэн Халтарын Сумъяа гэдэг. Тэрээр солонгын өнгөтэй зэрэглээт говийнхоо халуун салхинд холдож нэг, ойртож нэг бүжинхэн наадсан Гурван сайхан уулынхаа уужим цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалан өсөж торнисон нь хоолойнх нь өнгийг лимбэ лугаа цээлхэн, ухааных нь царааг уужимхан, харааных нь урыг дуран мэт тод, хурцхан болгосон байж таарна.
 
Х.Сумъяа 1960 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж Цэргийн ансамбльд ирэх хүртлээ зургаахан жилийн хугацаанд дагалдангаас мэргэжлийн жүжигчний зиндаанд дэвшиж  “Тожоо-жолооч”-ийн Самдан, “Ялалтын жигүүр"-ийн Түвшин, “Хувиа бодогч”-ийн Гочоо, “Талхны 16 дугаар артель”-ийн тогооч, “Ромео, Жулетта”-гийн Тибальд, “Гэнэн залуу нас”-ын Виктор зэрэг дотоод, гадаадын 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг тайзнаа тод томруун, өөрийн гэсэн өнгө төрхөөр нь бүтээж, “Тус биш ус", “Будлиан”, “Хөөрхөн халиун", “Дурлалын нулимс” зэрэг кинонд авьяас билгээ сорьж амжилттай тоглосныг нь үзэгч түмэн мэднэ. Дээрх тайз, дэлгэцийн 60 шахам бүтээлийн олон янзын өнгө төрх, ааш араншинтай дүрүүдийг харж суухад анд маань ямар их хөдөлмөрч, хүн судлаач, дэндүү гэмээр их авьяаслаг жүжигчин болохыг илтгэнэ.
 
Саяхан Тахиа жилийн ахмадын баяраар театрын урлагийн нэрт зүтгэлтэн, театрын анхны найруулагчдын нэг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Мушгиашагайтай ярилцаж суухад надад:
-Сумъяа та хоёр олон жил хамт ажилласан хүмүүс, чи нэлээд сайн мэдэх юм байна. Чи Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа “Ромео, Жулетта”-г очиж үзсэн үү гэхэд би:
-Үнэндээ очиж үзээгүй шүү гэв.
-Тэгнэ ээ тэр, за тэгвэл тэр жүжгийн чинь “Тибальд”-ын дүрийг маш нарийн судалж тэр хүний мөс чанарыг олж тогтоон, өөрийнхөөрөө сэтгэн тун сайн бүтээсэн дээ. Аль ч театрын тайзнаас Сумъяагийн “Тибальд”-ыг өнөө болтол олж хараагүй л насыг барах нь хэмээн ам бардам бахдан ярьж билээ. Хойно төгссөн гарын тавхан хуруунд бапгах нэрт найруулагчийн үнэлсэн үнэлгээ нь том шагнал хэмээн ухаарнам.
Тэрээр Цэргийн ансамбльд Даваажамцан гуайн дуулдаг байсан орос ардын дуу “Калинка”-г маш их сонсож дууг нь соронзон хальсанд буулган авч сургууль хийсээр нэг л мэдэхэд гоцлон дуулах хэмжээнд хүрснийг нь тэрээр мэдээд түүнд баяр хүргэж байсан гэдэг. Энэ Сумъяа маань нэгэнт зорьсон бол түүндээ хүрч байж л санаа нь амардаг угийн хөдөлмөрч хүн гэдгийн нотолгоо энэ.
МУГЖ Д.Дашням найрал дуучдаасаа өнгө (тембр)-ний сонголт хийж байгуулсан мэргэжлийн анхны эрэгтэй “дөрвөл” дуучдын цээл хоолойтны нэг нь Сумъяа байсныг тухайн үеийн /1970-аад оныхон/ мэргэжлийн урлагийн байгууллагынхан мэднэ дээ. Энэ дөрвөл монгол ардын дуу “Тэсийн улаан бураа”, гүрж ардын дуу “Тбились” Л.Е.Кравайчукын “Цэргийн тухай дуу", Г.Алтанхуягийн “Шинэ жил" зэрэг 20 шахам дуу дуулсан байдгийн зэрэгцээ төрийн яамд, бусад байгууллагууд, төр, засгийн газрын урилгаар дуулдаг байсныг нь гэрчлэх олон баримт үүнийг бичигч надад хадгалагдаж байдаг юм.
Түүнчлэн Сумъяа Л.В.Бетховены “IX симфони”, Б.Шаравын “II симфони”-ны найрал дуу, Р.Шуманы “Бодол”, Ж.Вердигийн “Травиата", Ш.Гуно “Фауст”, П.И.Чайковскийн “Үдэш”, Д.Лувсаншаравын “Алтан соёмбын дуулал”, Б.Александровын “Зөвлөлтийн Армийн дуу”, “Ариун дайн” зэрэг алдарт “Жаран хар’’-ын дуулсан дэлхийн сонгодог симфониос эхлээд магтуу, ялгуусан дуу (оратори) дуурь, дотоод, гадаадын хөгжмийн 260 гаруй бүтээлд оролцон дуулсан алдартан. Тэрбээр дуулахын зэрэгцээ 1970 оноос илбийн урлагийг сонирхон Монголын алдарт илбэчин МУГЖ Цэнд-Аюушийн шавь болж олон илбийн үзүүлбэрийг чуулгынхаа тайзнаа үзэгч түмэндээ хүргэсэн дээ. Үүний зэрэгцээ “Залуучуудын гавшгайч бригад’’-ыг санаачлан зохион байгуулж эх орныхоо бүхий л аймаг, сумдаар тоглолт хийж, чуулгынхаа бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхаж 10 гаруй орноор зочлон тоглосон юм.
 
Сумъяа сайн дуучин, сайн жүжигчин төдийгүй өөрийнхөө бас нэг сонирхолдоо хөтлөгдөн ансамблийн олон арван үйл ажиллагааг гэрэл зураг, дүрс бичлэгийн хальснаа баримтжуулан үлдээсэн нь ансамблийн үнэт өв болж одоо ч тэдгээр нь ном, хэвлэлд ашиглагдсаар байна.
Ахмад дуучин Б.Гунсан бид хоёртой хамтран Ансамблийнхаа 40 жилийн ойд зориулан богино хэмжээний баримтат киног бүтээж улмаар офицер болон дэвшиж анги, байгууллагынхаа хамт олны талархал хүлээсэн агуулга, хэлбэрийн хувьд шинэлэг олон арван ажлыг чадварлаг зохион байгуулж байсан авьяаслаг удирдагч, сайн зохион байгуулагч хүн дээ.
 
Солонгын өнгөтэй зэрэглээ нь наадсан
Ботгоны буйлаатай тэмээд нь бэлчсэн
Унзад эгшигтэй тоорой заг нь найгасан
Өндөр цохионд нь янгир сүрэглэсэн
Өвөл зун нь хослон байх
Гурван сайхандаа тоглож өссөн говийн хүн дээ, миний анд.
 
Ахмад дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Д.МАНДАА