sonin.mn
Сүлдний морь оо гэж... хүн бүр л Соц үеийн амьд морио үгүйлээд “нэгдлийн холбооны дээд зөвлөлийн үеийнх шиг”, ”тасархай”, “модон морь”ийг “буруу харуулж” гээд янз бүрээр л дуудаж, цоллох юм. Саяхныг хүртэл би “юун сүртэй юм бэ?, малын толгой, тариан түрүүн дотор морь унасан хүн давхиж явахад нь намаасаа айгаад юу ч хэлээгүй байж... Тэгээд ч реализмаас өөр урсгал бас байдаг л байхгүй юу...” энэ тэр гээд дотроо өмөөрч явдаг байлаа.
2016 онд Монгол улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль баталж, түүнийг дагаж, мөрдөж, хэрэгжүүлж эхлээд 4 дэх жилдээ орлоо. Яах вэ, “хуулиа л дагана даа...” гэдэг шиг хэдэн хөтөлбөр, төлөвлөгөө гарч Засаг НҮБ-ын өмнө конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх гээд хичээж л байна. 
 
Гэхдээ үр ашиг хүртэгч -хөгжлийн бэрхшээлтэй гэх хүүхэд -би бусад хүүхэдтэй хамт хамран сургах тойргийнхоо сургуульд, чанартайхан шиг сурах гэхээр БСШУСЯ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам”ыг гаргаагүйгээс боловсролын салбараас үр ашиг хүртэж чадахгүй байсаар л байна.
 
Боловсролын салбараас үр ашиг хүртэнэ гэхээр ЖДҮ ч юм уу, эсвэл оффшор шиг тусгай, “шал анги юм”-ны талаар гэж битгий бодоорой. Энгийнээр хэлвэл зүгээр л, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлгүй байсан бол би яаж сурах байсан, яг тэрэн шигээр намайг амжилттай сурахад саад болоод байгаа зүйлийг арилгаж, зөвхөн надад л тохирсон арга зүй, хэрэглэгдэхүүнээр намайг дэмжээд, бусадтайгаа хамт сурах тухай л асуудал.
Журам нь гараагүй болохоор хуулиа л дагаж “Налуу шатгүй”, “Ариун цэврийн өрөө хүртээмжгүй”, “Мэргэжлийн багшгүй”, “Төсөвт мөнгө нь байхгүй” гэх шалтгийг сургуулиуд тоочсоор намайг “Насан туршийн боловсролын төв” эсвэл “Тусгай сургууль” гэх хоёрхон сонголт тосон авч байна.
 
Энэ хоёр сонголт болох сургуупиуцыг Боловсролын тухай хуулиудад бусад ерөнхий боловсролын сургуулиас арай өөрөөр томьёолсон байдаг нь ч надад таалагддаггүй болохоор би зүгээр л хамран сургах тойргийнхоо сургуульд суралцмаар байна. Би бусад хүүхдийнхээс өөр сургуулийг хүсээгүй, бусадтай хамтдаа суралцаж, шалгалтаа өгч, дэвшин суралцаж, мэргэжил эзэмшин, татвар төлөгч болох хүсэлтэй. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд би ч бас “хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” Монгол улсын “хуулиа л дагамаар” байна шүү дээ.
Тэгэхээр миний эрхийг хүндэтгэж, хамгаалж, хангах үүрэгтэй төрийн маань сүлд буруу харсан тасархай модон морь болохоор нээрээ л олигтой давхиж өгөхгүй, хөсөг унаа минь болж намайг эрхээ эддэхэд дэмжиж өгөхгүй байгаа юм болов уу? Ингэж бодоод сүлдний морийг шүүмжилдэг хүмүүстэй санал нэгдэх болсноо энд дуулгах гэсэн юм.
 
Р.Будханд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин