sonin.mn
Гадаад бодлого дахь хүчний тэнцвэр, хатуу болон зөөлөн хүчний харилцан үйлчлэл, “soft power” буюу зөөлөн хүчний онолын талаарх прадигмийг 1990 онд анх АНУ-ын Харвардын Их Сургуулийн Доктор Жозеф Най боловсруулж, санаачилсан байна.
Ж.Най зөөлөн хүчний талаарх бүтээлүүддээ цэрэг батлан хамгаалах болон эдийн засгийн бодлого нь хатуу хүчний бодлого бол соёл, улс төрийн үнэт зүйлс, төрийн гадаад бодлого нь зөөлөн хүчний бодлого юм гэж тодорхойлсон байдаг (Lin, 2015) Аливаа улсын зөөлөн хүчний бодлого нь албадах, урамшуулах аргаар бус бусад улсуудын сэтгэлийг татах арга замаар хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар юм. Тухайлбал, АНУ-ын урлаг, спорт болон телевизийн контентууд, Японы Сүмо бөх, эдийн засгийн голлох нөлөө бүхий автомашины маркетинг зэрэг нь хөгжиж буй орнуудын иргэдийн хүсэл, мөрөөдөлд нөлөөлдөг байна. Энэхүү шалтгаанаар олон улсын оюутнууд сурах гэж эдгээр орнуудыг зорьдог бөгөөд уг шалтгаан нь мөн дээрх гүрнүүдийг улам хүчирхэг болгодог байна.
Орчин цагийн Японы зөөлөн хүчний бодлогыг соёл, хүмүүнлэгийн, улс төрийн, стратегийн болон эдийн засгийн гэж ангилж авч үзнэ (Коно, 2016).
Соёл хүмүүнлэгийн бодлогын хувьд Японы талаарх мэдээллийг бусдад тараах, Япон хэлийг дэлгэрүүлэх, японы талаарх судалгааг дэмжих, японд суралцах хөтөлбөрөө явуулах, японд элэгтэй хүний тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зэрэг юм.
 
Улс төрийн зөөлөн хүчний бодлого нь ардчилалыг баримтлах, хүний эрхийг хүндэтгэх, энх тайвныг эрхэмлэх, дипломат харилцаатай орнуудын тоог нэмэгдүүлэх, харилцаагаа бэхжүүлэх зэрэг бодлогыг хамарна.
 
Өнөө үед хөгжиж буй орнууд руу чиглэсэн Японы эдийн засгийн зөөлөн хүчний бодлого нь “Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)” хөтөлбөр юм. Тусламжийг таслан зогсоох нь хатуу хүчний үндэс болдог гэж Ж.Най тодорхойлсон байдаг. ХАЁТ нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил болон нийгмийн халамжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Хөгжиж буй орны эдийн засаг, нийгмиин хөгжлийг дэмжин хөрөнгө, техникийн тусламж үзүүлж, олон улсын асуудлуудыг шийдвэрлэх, хүний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах үүднээс уг тусламжийг явуулах нь Япон улсын үнэт зүйлийн нэг илрэл болохоор зөөлөн хүчинд тооцогддог байна (Каору Коно,2016).
Энэхүү ХАЁТ хөтөлбөр нь Японы эдийн засгийн өсөлттэй зайлшгүй холбоотой хэрэгжих юм. Иймд зөөлөн хүчний нөлөөг дэлхийн эдийн засаг, азийн эдийн засагтай байнга харьцуулж үзэх хэрэгтэй гэж үздэг.
Дэлхийн эдийн засаг 2018,2019 онд 3.9 хувиар өснө гэж ОУВС-ийн судлаачид үзэж байна. Тэр дундаа азийн эдийн засаг өсөлтөөрөө тэргүүлэх юм. Тухайлбал, Азийн орнууд 2018, 2019 онд 5.6 хувиар, Японы эдийн засаг 2018 онд 1.2 хувь, 2019 онд 0.9 хувь өснө (ОУВС, 2018). Дэлхийн болон Азийн эдийн засаг 2018, 2019 онуудад өсөхөөр байгаа нь Япон улсад мөн манай улсад ч эерэг нөлөө үзүүлэх магадлалтай юм. Хэдийгээр Японы эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч азийн бусад орнууд болох БНХАУ, БНСУ, Энэтхэг зэрэг орнуудтай харьцуулахад өсөлтийн хувь харьцангуй бага байгаа юм (Хүснэгт 3).
 
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО БА ЯПОН УЛСЫН ЗӨӨЛӨН ХҮЧ
 
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлнэ гэжээ (ГБҮБ, 2011). Энэ утгаараа аливаа улстай хэрэгжүүлж буй бодлогын агуулга, ач холбогдол, даацаас нь хамааруулж түншлэлийн харилцааг дараах 4 түвшинд эрэмбэлнэ (ГХЯ, 2018).
 
Үүнд:
•Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай 1 улс (БНХАУ)
•Стратегийн түншлэлийн харилцаатай 3 улс (ОХУ, Япон, Энэтхэг)
•Иж бүрэн түншлэлийн харилцаатай 4 улс (БНСУ, АНУ, Герман, Түрк)
•Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай 2 улс (Канад, Австрали)
Япон Улс анх 1972 онд Монгол Улстай Дипломат харилцаа тогтоосон 55 дахь улс болсон бөгөөд 1977 онд анхны Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээрийг байгуулсан түүхтэй билээ. Монгол Улс, Япон Улс нь 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд талууд уг түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, эрэмбээ дээшлүүлэх сонирхол бүхий улсууд гэж үзэж болох юм. Гадаад бодлогын үзэл баримтлалд дурдсан гуравдагч хөршийн бодлогын гол агуулга нь эдийн засгийн гадаад харилцаа, зээл тусламжийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх юм.
 
Өнөө үед Япон Улсын зүгээс Монгол Улсад үзүүлж буй зээл, тусламж нь эдийн засгийн зөөлөн хүчнийх нь нэг илрэл билээ. Япон Улс эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх, дахин сэргээх бодлогын хүрээнд бизнесийн төлөөллийг ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд оруулж шинэ бизнесийн эхлэлийг дэмжих арга хэмжээг авдаг бөгөөд энэхүү бодлогыг “Тор Sales Diplomacy” гэж тодорхойлжээ.
 
Уг эдийн засгийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл, Туркийн Синопын атомын цахилгаан станцын төсөл, Энэтхэгийн Дели-Мумбайн төмөр замын төсөл зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд ордог бөгөөд үр дүнд нь Японы дэд бүтцийн экспортын хэмжээ 3 дахин өссөн байна  (Коно, 2016).
Мөн 2017 оны 3 дугаар сард Японы тал Олон улсын валютын сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн ба манай тал нүүрс-химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нүүрсний баялагтай хослуулан бүс нутгийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, Япон-Улсад илгээх дадлагажигч ажилтны тоог нэмэгдүүлэх чиглэлд хоёр тал идэвхтэй ажиллах, шаардлагатай баримт бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тогтсон байна (ГХЯ, 2017).
Өнөөгийн байдлаар Японы зөөлөн хүчний л бодлого, түүнд суурилсан эдийн засгийн харилцаа нь Монгол Улсад дараах 3 түвшинд хэрэгжиж байна.
 
Үүнд:
•Хөгжлийн албан ёсны тусламж 
•Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр
•Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр
 
МОНГОЛ УЛС БА ХАЁТ
 
Монгол Улсад үзүүлэх хөгжлийн 2 тусламжийн тэргүүлэх чиглэлийг анх 1997 онд хоёр орны Засгийн газрын яриа хэлцлээр 5 тогтоосон бөгөөд 2004 онд “Монгол Улсад үзүүлэх ХАЁТ-ийн тусгай хөтөлбөр”-ийг боловсруусан билээ. Уг хөтөлбөрийг 2011 онд шинэчилж тэргүүлэх чиглэлийг дараах 3 хүрээнд баталсан (ГХЯ, 2018).
 
Үүнд:
•Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх.
•Ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх.
•Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийг хөнгөлөлттэй зээлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бол Япон-Монголын сургалтын эмнэлэг барих  төсөл, Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зэрэг нийт 23 техник туслалцааны төслийг буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байна (Сангийн яам, 2018).
 
ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
 
“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын Хэлэлцээр”-ийг байгуулах хэлэлцээг 2012 оны 6 дугаар сард эхлүүлж, 2015 оны 2 дугаар сард Хэлэлцээрт гарын үсэг зурснаар 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хороо, 13 дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх байнгын зөвлөлдөх механизмыг бүрдүүлжээ (ГХЯ, 2016).
Монгол Улсын хувьд 1997 онд  Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элссэнээс хойш анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох энэхүү хэлэлцээрийг Япон Улстай байгуулсан нь цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох нөхцөлийг бүрдүүлсэн чухал алхам болсон юм. 2017 оны байдлаар ДХБ-ын гишүүн орнууд нийт 455 чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ДХБ-д мэдэгдсэнээс 284 хэлэлцээр идэвхтэй хэрэгжиж байна (ДХБ, 2017). Монгол, Японы худалдааны гүйцэтгэл 2017 оны эцсийн байдлаар 377.9 сая ам.доллар, үүнээс манай экспорт 14.8 сая ам.доллар, импорт : 363.1 сая ам.доллар болж, худалдааны нийт эргэлт 2016 оны мөн үеэс 8.8 хувиар өссөн дүнтэй байна (Хүснэгт 4). Монголын экспортод хөнгөн цагаан, ноос, ноолууран бүтээгдэхүүн, тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж, импортод хөнгөн тэрэг, хүнд даацын машин механизм дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд 70-аад хувийг нь автомашин эзэлж байгаа юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор хоёр орны хоорондын худалдааны 96 орчим хувь нь гаалийн татвараас чөлөөлөгдөхөөр тооцоолсон юм (ҮХГ, 2016).
Мөн Монгол Улсад Японы ноу-хоуг нэвтрүүлэх, экспортоо өсгөх гол давуу талууд бий болно. Хэлэлцээрт зааснаар Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх болон хөнгөлнө. Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үр ашгийг хүртэх зорилгоор хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлд Японы технологи, чанар, стандарт, хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлан ажиллахад анхаарах хэрэгтэй нь ажиглагдаж байна.
Монгол Улсад хоёр талын хамтарсан 41 хөрөнгө оруулалттай 563 компани үйл ажиллагаа явуулж, Японы 37 компани Төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Японоос өнөөг хүртэл 269.3 сая ам.долларын 41 хөрөнгө оруулалт хийгдээд буйгаас тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, үлдсэн нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт оногдож байна (ГХЯ, 2018). Мөн цаашид хоёр талын хийж буй худалдаа 500 сая ам.доллар, хөрөнгө оруулалтын хэмжээ 270 сая ам.доллараас хэтрэхгүй байж ирсэн харилцаа уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр сайжирна гэж тооцож үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах шаардлагатай юм.
 
МОНГОЛ, ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ 2017-2021 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
 
Улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал 2017 оны 3 дугаар сард баталсан билээ (ГХЯ, 2017). Энэхүү хөтөлбөрт дараах 3 үндсэн асуудлыг эдийн засгийн харилцааны хүрээнд авч үзсэн байна.
 
Үүнд:
 
1. Монгол Улсын макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг бэхжүүлнэ.
Энэ хүрээнд хийгдэх гол бодлого нь 2017 оны 3 дугаар сард Японы тал ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн ба манай тал нүүрс-химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нүүрсний баялагтай хослуулан бүс нутгийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, Япон Улсад илгээх дадлагажигч ажилтны тоог нэмэгдүүлэх чиглэлд хоёр тал идэвхтэй ажиллах, шаардлагатай баримт бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тогтсон билээ.
 
2. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа
Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтын ажиллагааг дэмжиж ажиллах шаардлагатай юм. Тухайлбал, Япон улсын аялал жуулчлалаа дэмжиж буй бодлогыг идэвхтэй дэмжиж хамтран ажиллах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах чиглэлээр хамтран ажиллах боломжгой гэж үзэж болохоор байна. Учир нь дээр өгүүлсэнчлэн Япон улсын аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын визний нөхцлийг хөнгөлүүлэх, 2017 оны байдлаар 22870 байгаа Японы жуулчдын тоогоо өсгөх зэрэг бодлогыг хэрэгжүүлэх болмжтой нь ажиглагдаж байна.
 
3. Хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа
Энэ хүрээнд талууд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын Хэлэлцээр”, хоёр талын экспорт, импортын бодлогыг дэмжиж, хоёр талын олон улсад өрсөлдөх чадварыг хадгалж, нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих бодпогыг баримталж, хэрэгжүүлэх боломжтой юм.
Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын гол зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх юм. Уг зорилгыг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлүүдийг хэрэгжүүлэх билээ (ГБҮБ, 2011). Энэ бодлогын зорилгыг хэрэгжүүлж, эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, анхаарч ажиллах чиглэлүүд нь Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлууд юм. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт бий болгох, хөгжлийн нөөцийг зөв удирдах гэх мэт нийгмийн аль салбар, салаа мөчирт тусламж авах хэрэгтэй вэ гэдэг бодлогоо сайтар боловсруулуулж Япон Улстай харилцах нь зүйтэй юм. Энэ талаар эрдэмтэн Б.Даш-Ёндон “Бид чинагш (гадаад орон)-аас барьж буй бодлого, инагш (дотоод)-аас барих бодлого хоёрыг зөв уулзалдуулах хэрэгтэй. Гадаад орнууд зохих улс орноо судалж байгаад тусламж үзүүлж буй нь тодорхой хэрэг. Тэдний болзол бүхий тусламжийн бодлого манай хөгжлийн бодлоготой нийцэж байвал үр ашгаа өгнө...” гэж тэмдэглэжээ (Даш-Ёндон, 2017).
 
Иймд дээрх “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын Хэлэлцээр”, Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр зэрэг томоохон бодпогын баримт бичгүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын дэлхийд өрсөлдөх гол экспортын бүтээгдэхүүн болох байгалийн нөөцөө амжилттай удирдан зохион байгуулах, эрдэс баялгийн салбарт Японы талаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах, эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд Японы талын дэмжлэг туслалцааг чиглүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол энэ чиглэлийн бодлого, хамтын ажиллагаа сул байгаа нь ажиглагдаж байгаа юм. Эдгээр бодлогууд нь Монгол Улсын хувьд капиталын нөөцийг бүрдүүлэх, цаашлаад хүний нөөц, технологийн нөөцийг хөгжүүлэх бүрэн боломжтой билээ. Одоогоор Монгол Улс нь хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай орнуудын нэгд зүй ёсоор багтаж байгаа нь олон улсын судалгааны байгууллагуудын тооцоололтой нийцэж байгаа юм. Тухайлбал, “Бизнес эрхлэхүй” судалгааны 2017 оны дүнгээр Монгол Улс нь 190 орны эдийн засгаас 64-д жагсаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчийн хамгааллын үзүүлэлтээр 26-д, бизнес эхлэх орчны үзүүлэлтээр 36-д байна (Дэлхийн банк, 2018).
 
ДҮГНЭЛТ
 
Зөөлөн хүчний бодлого нь аливаа улс албадах, урамшуулах аргаар бус бусад улсуудын сэтгэлийг татах арга замаар хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар юм. Хатуу болон зөөлөн хүч нь тусдаа хүч мэт хэрэглэгддэг ч өөр хоорондоо их хамааралтай байдаг. Их гүрнүүдийн хатуу хүчний бодлого болох эдийн засгийн бодпого нь бусад улсын сэтгэлийг татах зөөлөн хүчний үндэс болдог бөгөөд энэ гол шилжилт нь зээл, тусламжийн бодлого юм. Зээл тусламжаа зогсоох нь хатуу хүчний үндэс болдог тул улс орнууд болгоомжтой ханддаг байна.
Япон Улс нь хатуу хүчний түүхэн уламжлалтай ч Дэлхийн II дайны дараа цэрэг, стратегийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зөөлөн хүчний элементүүд рүү аажим шилжиж эхэлсэн байна. 1991 оноос зөөлөн хүчний бодлогын талаар албан ёсоор Засгийн газрын бүх түвшиндээ хэлэлцэх болсон. Үүний үр нөлөө нь Япон Улсын нэр хүндийг богино хугацаанд олон улсын тавцанд өндөр түвшинд гаргаж “Сайн нөлөө”-тэй улсын жагсаалтыг Канад, ХБНГУ, Франц зэрэг орнуудтай зэрэгцэн байнга тэргүүлж байгаа юм.
Орчин цагийн Японы зөөлөн хүчний бодлого соёл, хүмүүнлэгийн, улс төрийн, стратегийн болон эдийн засгийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд олон улсын түвшинд хэрэгжүүлжт буй гол бодлого "Cool Japan" стратеги болон “ХАЁТ” юм. “Cool Japan” стратеги нь илүү Японы экспортын гол бүтээгдэхүүнүүд болох контентын болон
ХАА-н бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бодлогыг дэмжиж бэхжүүлэх чиглэл рүү чиглэсэн бодлого бол Хөгжлийн албан ёсны тусламж нь хөгжиж буй орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжин хөрөнгө, техникийн тусламж үзүүлж, олон улсын асуудлуудыг шийдвэрлэх, хүний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах хөтөлбөр гэж дүгнэж болно.
 
Монгол Улсын хувьд Япон улс нь “Гуравдагч хөрш”, стратегийн түншлэлийн харилцаатай, хандивлагч гол орны нэг юм. Өнөөгийн байдлаар Япон Улсын зөөлөн хүчний нөлөө нь Монгол Улсын Засгийн газарт 1977 оноос хойш нийт 2.5 тэрбум ам.долларын хөнгөлөлтгэй зээл, тусламжийн хөтөлбөрөөр хэмжигдэнэ. Хоёр талын эдийн засгийн харилцааны гол үйл ажиллагаа нь Монгол Улс ба Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ), Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын Хэлэлцээр, Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр зэрэг бөгөөд энэ хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцааны түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй байна.
Өнөө үед эдийн засгийн хөгжил өндөртэй их гүрнүүд хэрэглээ, экспортдоо тулгуурласан эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлдэг бол хөгжиж буй, бага зах зээлтэй орнууд капиталын нөөцөө бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтөө дэмжих гадаадын шууд хөрөнгө оруулалтад түшиглэсэн бодлого явуулж байна. Иймд Монгол Улсын хувьд хөгжлийн нөөцийг гол бүрэлдэхүүн хэсэг болох байгалийн нөөцийг түлхүү ашигласан бодлогыг хэрэгжүүлэхдээ Япон улсын дэмжлэгийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байка. Энэ хүрээнд хүний нөөц, технологийн нөөц, капиталын нөөцөө дэмжих бодлогыг баримтлах хэрэгтэй.
Япон Улсын эдийн засгийн зөөлөн хүч болох зээл, тусламжийн бодлого нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой нийцэж байвал хоёр талд үр нөлөөгөө өгч, харилцан үр дүнтэй бодлого хэрэгжих тул энэ тал дээр Монгол Улс эдийн засгийн гадаад бодлогоо хөгжлийн бодлоготойгоо уялдаа холбоог нь хангаж, сайтар чиглүүлэх нь зүйтэй юм.
ЭЗХАХБ-ын судалгааны дүнгээс үзэхэд ирээдүйд Япон Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлого нь эрдэс баялгийн салбараас түлхүү хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн бусад салбарууд руу чиглэх магадпал өндөр тул Монгол Улсын өнөөгийн тулгамдаж буй эрдэс баялгийн төслүүддээ Японы талын оролцоог идэвхжүүлэх, хамтарч ажиллах чиглэл рүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгааг бодлого боловсруулахдаа анхаарч үзэх нь зүйтэй болов уу.
 
Удирдлагын Академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш Б.Үүрцайх