sonin.mn
Та бүхний амар амгаланг айлтгая.
 
Монгол Улсын шинэ Засгийн газ­раас богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа өмнөх үеийн ажлын зарим гажуудлыг засч залах, шударга бус явдалтай тэмцэх, хууль хяналтын байгууллагуудын алдаа дутагдлыг арилгах, стратегийн орд газруудын лиценз олголтын будилааныг цэгц­лэх, ялангуяа Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловс­руулах үйлдвэр байгуулахаар зориглон ажил­лаж байгаа эхлэлүүдийг тань бусад иргэдийн нэгэн адил талархан дэмжиж байна.
Энэ ялдамд сүүлийн гучаад жилд улс орныг бүхэлд нь нөмөрсөн өөрчлөлт шинэчлэлийн туйлшрал, хонзон өвөрлөж хорсол тайлах их үгүйс­гэл, эвдрэл сүйтгэл, идэж ашиг­лах, луйвардан хулгайлах гамшигт нэрвэгдээгүй газар манай оронд бараг байхгүй боловч арай дэндүү хохирсон нь боловс­рол, эрүүл мэндийн салбар юм болов уу гэж боддог. Аливаа улс орны хөгжил дэвшлийн язгуур үндэс нь хүн амын соёл боловсрол, эрүүл мэнд, энх тунх амар амгалан амьдрах явдал мөн. Тиймээс улс орныг доройтуулах атгаг санаа өвөрлөгсөд юуны өмнө эдгээр амин чухал салбарыг сонгон авч бай болгодог нь сүүлийн 30-аад жилд бас харагдлаа. Өнгөрсөн зууны 1930-аад оны хэлмэгдүүлэл, их сүйтгэл ч ийм л байдлаар явж олон зуун сүм хийд, түүх соёлын дурсгалыг устган үгүй хийж, эрдэм номтой сэхээтэн лам хуваргуудыг бөөнөөр нь хомроголон хөнөөсөн гашуун түүх бий. Монголын багш нарын YII их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хуралдахаар өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ түүхэн үйл явдлаас манай ард иргэд ялангуяа, боловсролын салбарынхан их зүйлийг харж хүлээж байгаа байх. Би ч мөн адилхан. Түүнчлэн ойрын үед боловсролын салбарт мөрдөж байгаа зарим хууль, тогтоол, тушаалыг шинэчилж боловсронгуй болгох ажил эрчимтэй явж байгаа энэ цаг дор жирийн багш, бичээч миний бие сүүлийн гучаад жилд явагдсан их туйлш­рал хэлмэгдүүллээс зөвхөн сур­гууль боловсролын салбарт тохиолдсон алдаа завхрал, дутагдал гажуудлаас олон түмний сэтгэлийг илүү зовоож бухимдуулж байгаа аар саар мэт боловч анхаарахаас аргагүй зарим нийтлэг асуудлыг өнгөцхөн хөндөж бодол саналаа сонордуулъя хэмээн зориглолоо. Буруу ташаа байх аваас хүлцэл хүсье.
Монгол Улсын боловсролын салбар бүхэлдээ хямарсан шалтгаан нь төр, засгаас сүүлийн жилүүдэд энэ салбарын талаар хэт өрөөсгөл бодлого баримталсан, өөрчлөхийн тулд өөрчлөх гэж туйлширсан, хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь салбарын сайд удирдлагуудыг томилохдоо хүний нөөц боловсон хүчний бодлогын хувьд намчирхаж, найз нөхөр, бусад ойрын холбоо сүлбээ мэтийг улс орон, жирийн иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж улс төрийн томилгоо хийж албан тушаалаар шагнах завхралд автсан. Тийн томилогдсон сайд, газар, хэлтсийн дарга нарын цөөнгүй нь мэргэжлийн бус, яам газар сургуулийн хамт олныг удирдах, багш ажилчидтай ажил­лах дадлага туршлагагүй, салбарын онц­логийн талаарх ойлголт, ажил хэргийн мэд­лэг ядмаг, ажлаа хийе, болгоё, бүтээе гэсэн бүтээлч сэтгэл дулимаг, са­хилга хариуцлага сул, шинэчлэлийн сал­хинд хөөсөрч бусдыг сохроор шү­тэж хуулбарлан дуурайх сэтгэлгээ, арга барил ноёлсонтой шууд холбоотой байх.
 
Нэг. Боловсролын салбар унаж хямарсан нь улс төрийн нөхцөл байдал, нийгмийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой нь үнэн. Дээр нь шил шилээ дарж унаж боссон сайд дарга болж тоглогчид юу юуны туханд хүрэлгүй “Бид өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хэв маягаар явж, социализмын хоцрогдсон арга бари­лаас саллаа. Кемберижийн сур­галтын стандартыг нэвтрүүлж байна” хэмээн дуу алдаж аж төрөх хэв маяг, зан заншилаараа биднээс тэс өөр, олон мянганы суурин соёл иргэншилтэй, шинжлэх ухаан техник, технологийн хувьд манайхаас хол тасарсан хөгжилтэй Англи, Америк, Японы сургалтын тогтол­цоог механикаар хуулбарлаж Монголын хөрсөнд хүчээр суулгах гэж оролдсон. Ингэснээрээ Монгол Улсад 70-80 жил бүрэлдэн тогтсон боловс­ролын тогтолцоог бүхэлд нь өөрчлөн хямруулж, сургалтын төлөвшиж тогтсон хөтөлбөр, заах арга сурган хүмүүжүүлэх ухааны нэгдмэл бодлого туршлагыг үгүй хийсэн. Тиймээс өнөөдөр Монголын төр, засаг боловсролын салбарт нүүрлэсэн алдаа гажуудал, хямрал завхрал, хуулбарлан дуурайх туйлшралыг бага боловч засч залруулах зөв голдиролд нь оруулах шинэчлэл хийх өндөр шаардлагын өмнө тулж ирээд байна. Юуны өмнө салбарын өнөөгийн тогтолцоо сур­галтын хөтөлбөрийг үндсээр нь өөрч­лөхгүйгээр улс орны ирээдүй, хөгж­лийн тухай ярих бодох аргагүй. Тэгэхдээ дал наян жилийн түүхэн урт хугацаанд бүрэлдэн тогтсон уламжлалт тог­толцоо, хөтөлбөр, сургалтын арга барилыг эргэн харж, ашигтэй боломж­тойг нь сэргээн хэрэглэх, өндөр хөгжилтэй орнуудын (Бүгдийг механикаар хуулбарлаж дуурайх биш) ялангуяа цахимжсан зайн (Онлайн сургалт) сургалт, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологитой зөв хослуулсан тогтолцоог бий болгож, түүндээ яв цав тохирсон хөтөлбөр боловсруулж  мөрдөх цаг болсон.
 
Хоёр. Манай үгүйсгэн сүйтгэж туйлшран шинэчлэгчид кирилл монгол бичгийг устган үгүй хийж, тухайн цаг үедээ түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч, өнөө цаг дор улиран хоцорч амьдралаас нэн холдсон уйгаржин монгол бичгийг бүх нийтийг хамруулан хүчээр сургах, улмаар төрийн албан ёсны бичиг болгох “ариун дайнд” мордоцгоосон. Энэ оролдлогын цаад зорилго нь Монголын ард түмний 70 жилийн хугацаанд бий болгосон бичиг соёлын үнэт өв, баялгийг устгах, социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд олсон амжилт, хийсэн бүтээсэн бүхнийг өнөөгийн хүүхэд, залуучууд хойч үеийнхэнд уншуулахгүй ойлгуулахгүй байх зорилгыг агуулж байснаараа нэн хорлонтой үйл ажиллагаа байв. Энэ хорлонт бодлогын бай нь сургууль боловсролын нийт байгууллагууд, олон зуун мянган сурагч оюутнууд болсон. Ингэснээрээ тэртээ өнгөрсөн зууны далаад онд үсэг бичиг үл мэдэх явдлыг бүрэн арилгаж бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн батламж авч, дэлхийн чихийг дэлдийлгэн гайхуулж байсан түүхэн амжилтыг нураа­сан. Тэгэхээр юуны өмнө иргэ­дийнхээ ерөнхий боловсролын төвшинг жигд дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж ХХI зуунд бичиг үсэг үл мэдэгчидтэй байгаа байдлыг арилгах, насанд хүрэгчдийн оройн болон эчнээ сургалтыг орчин цагийн техник технологийн дэвшилд тулгуурлан сэргээн боловсронгуй болгож хэрэгжүүлэх;
 
Гурав. Мөн сүүлийн жилүүдэд монгол хэлбичигийн хичээлийн цагийг багасгаж, уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассанаараа бүх шатны сургуулиудын монгол хэл, уран зохиолын хичээлийн чанарт сөргөөр нөлөөлж, зөвхөн мессеж, чатны гэх гаж хэлээр ярьдаг, утга учир муутай гудамжны хэрүүл маргааны өөг төөг, хэг ёг хийсэн хэл найруулгатай бичгээр харилцдаг. Эх хэлээрээ цэвэр сайхан ярьж бичих чадваргүй ээрч муурсан хазгай хэлтнүүдийг төрүүлэн бойжуулж байна. Утга учир ач холбогдлыг нь төгс ойлгож ухаараагүй хүмүүс гар утас, компьютер зэрэг элдэв цахим техник хэрэгслийг хэт шүтэж түүнийг цаг наргүй шагайсан өрөөсгөл хэрэглээ хавтгайрч чихэвч зүүж толгой санжигануулсан гаж донтнууд хот хөдөөгүй бий болж байгааг анхаарах. Энд төр, засгийн бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болжээ.
Одоо мөрдөн хэрэглэж байгаа сургалтын хөтөлбөрийг хичээл бүрээр нь эргэн харж боловсронгуй болгох шаардлага гарч ирлээ. Ер нь гадаад хэлний чиглэлээр төрөлжсөн гүнзгийрүүлсэн сонгоны сургалттай сур­гуу­лиудаас бусад Ерөнхий боловс­ролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний хичээлийн цагийг багасгах улмаар бүрмөсөн зогсоож, оронд нь төрөлх хэлбичиг, уран зохиолын цагийг нэмэг­д­үүлэх, хичээнгүй бичгийн хичээ­лийг сургалтын хөтөлбөрт нэмэн оруул­маар байна. Тэгвэл хүүхэд, залуучууд төрөлх хэлээрээ утга төгөлдөр яруу сайхан ярьж бичих чадвартай болно. Мөн гадаад хэл ч үгүй, монгол хэл ч үгүй чат мессежний доголон хэл аялгуутны бүхэл бүтэн армийн бие бүрэлдэхүүнийг цөөлөх улмаар өнөөдөр газар авч байгаа гажуудлаас бага ч гэлээ ангижрах болов уу. Тэгээд ч өндөр хөгжилтэй, төр, засаг нь эзэнтэй улс орнууд, бага ангидаа гадаад хэлний хичээлийг бараг оруулдаггүй, орууллаа ч танин мэдүүлэх чиглэл барьсан цөөн цагаар тоглоом шоу маягаар хичээллүүлдэг.
 
Дөрөв. Монгол Улс, монголчуудын оюуны хөгжил дэвшил соёлын хувьсгалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхэн ач холбогдол бүхий орос хэлийг сургалтын хөтөлбөрөөс хасч хаясан нь нөхөж баршгүй алдаа болсон. Хувь тавилангийн эрхээр хаяа шийрэлсэн аугаа их Орос, Хятад хоёроос цэрвэн зай барьж хол үсрээд манайх шиг нь хаачихсан билээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.С.Черномырдин нэгэнтээ “Хөрш хөршөө сонгодоггүй юм. Хөршүүд найрсаг байх ёстой” гэж сануулж байсныг мартаж болно гэж үү. Хэрэв мартвал хамраараа газар хатгахын цондон байж ч мэднэ. Учир иймд орос хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрт сэргээн оруулах нь зөв. Түүнчлэн орос, англи, хятад хэлний бас инженер технологи, математик, физик, химийн төрөлжсөн гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй сургалтыг боловсронгуй болгож зохион байгуулах. Сургалтын чанар өндөр, материаллаг бааз сайн, төлбөр бага, бүр төлбөргүй гэх мэт давуу талтай төрийн сургуу­лиудыг төсөв хөрөнгөнийхөө боломжид түшиглэн олноор бий болгох. Ийм маягийн сургалттай төрийн сургуулийг, хувийн хэвшлийн ижил төстэй сургуу­лиудтай сургалтын чанар, төлбөрийн төвшингийн шударга өрсөлдөөнийг бий болгох нь нэн чухал санагдана. Сургуулиуд сүүлийн үед ялангуяа, хувийн хэвшлийн гэх зарим сургууль сурталчилгаандаа “Манайх англи, хятад, япон, солонгос хэлний гадаадын багштай танай хүүхэд бараг хэдхэн хоногийн дотор янз бүрийн орны унаган хэлтэй болно” гэх шахам ярьдаг боллоо. Үнэний хувь бий байх. Гэхдээ тэдгээр гадаадаас уригдаж ирсэн, унаган хэлтэй мундаг багш нарын багшлах үнэмлэх диплом, мэргэжлийн ур чадвар, заах арга, сурган хүмүүжүүлэх ухааны дадлага турш­лагад нь тавих шалгуурыг боловсронгуй болгох, хичээл заах эрх зөвшөөрөл лицензид нь тавих хяналтыг өндөржүүлж чангатгамаар байна. Эс тэгвээс хаа газрын ажилгүй тэнэмэл хальт хульт хэлтнүүд ирээд “Бурхангүй газрын буг галзуурна” гэгч болоод байгаа юм биш биз. Эдгээр асуудлыг анхааралдаа авч жич судалж үзсний үндсэн дээр дорвитой арга хэмжээ авна уу.
 
Тав. Манай боловсролын салбарт хувийн хэвшлийг дэмжиж хөгжих зөв ирээдүйтэй эхлэл санаачлага гараад нэлээд хугацаа өнгөрлөө. Сайн ажиллаж байгаа сайхан сургууль олон байна. Тэдний гүйцэтгэж байгаа үүрэг гавьяаг үгүйсгэх аргагүй ч төр, засгийн удирдлага зохицуулалт, бодлого алдагдсанаас хэт хавтгайрч хэн дуртай хүн, хаа тааралдсан газраа хувийн сургууль байгуулж сургалтын чанар, үйл ажиллагааны хувьд бусдаас ялгарах онцгой юм үгүй хэрнээ төлбөр, элдэв хандив, дүрэмт хувцас, төгсөлтийн баяр, сургууль багш нартаа өгөх бэлэг сэлт, үдийн хоол, ном (Зарим сургууль манайх  захиалж хийлгэсэн энэ дэвтрийг заавал хэрэглэ гэж шахдаг. Сургуулийн шахааны дэвтэр дээр бичсэнгүй гээд хүүхэд сул сурсан эсвэл онц сураад гялалзаж явдаг нь юу л бол) дэвтрийн үнэ гээд дааж давшгүй төлбөр татаасаар ядарсан эцэг эх, иргэдээ туйлдуулж байгааг харж үзэх цаг болсон юм биш үү. Хувийн хэвшлийн сургуулийн эзэд суралцагсдын сургалтын төлбөрийн ачаар өндөр сүрлэг байшин барьж элдэв шил толь, плита шаазангаар нүд хуурч төлбөр татаасаа өдрөөс өдөрт нэмсээр байх юм. Тийнхүү дураараа дургиж дархлагдсан хувийн хэвшлийн гэх тодотголтой ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын талаар төр, засгаас баримтлах бодлого, зохи­цуу­­лалт, хяналт шалгуур эрх биш бай­даг байх. Гэхдээ байдаг гэхэд тун эргэл­зээтэй харагдах юм. Салбарын нэг сайд (Гантөмөр гэдэг хүн) нэгэнтээ “Хувийн сургуулиудын төлбөрт яамны зүгээс тавьж байгаа ямар нэг хяналт байхгүй. Бид хүний хувийн (Тэд хэний буян, хэний хүчинд хувийн өмчтөн болсон хэрэг вэ? Ард олны ач буян гэвэл үнэнд жаахан ойртох байх) өмчид хал­даж болохгүй” хэмээн сурвалжлагч эмэг­­тэйн амыг таглаж байхыг зурагтаар харсан.
Би энд хувийн сургуулиудыг өмчийн хэлбэр хэвшлийнх нь хувьд үгүйсгэж ялгаварлаж яриагүй. Харин сургалтын төлбөрт нь төрөөс хяналт тавих, жирийн иргэдийн амьжиргааны төв­шинтэй уялдуулсан бодлого баримт­лах, зохицуулалтын тогтолцоо, стан­дарт байдаг бол түүнийгээ баримталж үр нөлөөг нь дээшлүүлээч. Байдаггүй бол бий болгож чанд мөрдөж ажиллаасай гэдгийг л санал болгож байгаа юм. Сургуулийн эздийн амныхаа хэмжээгээр тогтоодог төлбөр сургалтын чанар өгөөж, суралцагсдын дараагийн шатны сургуульд дэвшин суралцах суурь дэвсгэр, цаашид биеэ даан хөгжиж өөрийгөө авч явах чадвартай нь хэр уялдаж нийцэж байна гэдгийг төр, засаг анхаарч үзэх учиртай. Энэ хоёр үзүүлэлтийн харьцаа, үр дүнг сургалтын төлбөрөөр босгосон өндөр байшин, шил шаазан плита, элдэв рекламаас нь таашаал авч алга таших биш, ядахдаа сургалтын чанар, түмний хүүхдийг бодох хүнлэг сэтгэлээр нь дүгнэдэг, шударга өрсөлдүүлдэг шалгуурыг боловсруулж лиценз, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл тойрсон элдэв яриа хардлагыг нэг тийш болгох нь зүйд нийцэх байх. Бусдаас содон соргог илүү давуу тал, үр дүн байхгүй мэт жирийн нэгэн дунд сургууль дунд ангийнхнаас жилд 4 сая, бага анги бүр нэгдүгээр ангийнхнаас 4.5-5 сая төгрөг хураадаг. Цаашдаа ч нэмнэ хэмээн айлгадаг. Гэтэл энэ юу ч биш элдэв хачир чимэг зүүсэн зарим дунд сургууль 10 гаруй сая төгрөг, түүгээрч барахгүй 10 мянган ам.долларын төлбөр нэхдэг сургууль ч бий. Их, дээд сургуулиудын төлбөрөөс ч илүү байдаг бололтой. Манай төр, засагт энэ сургуулиудыг бусдаас чухам юугаараа илүү байгааг олж харах мэлмий бий гэдэгт итгэж байна. Тэгэхдээ өндөр сүрлэг байшин плита, шил шаазангаар нь бус сургалтын үр дүнгээр нь дүгнэх цэгнэх ёстой гэдгийг онцлон хармаар байгаа юм биш үү.
 
Зургаа. Боловсролын салбарт сүрхий газар авч байгаа нэг завхарал бол ач холбогдол, үр өгөөж, өнөөгийн шаард­лагад нийцэж байгаа эсэх нь үл мэдэгдэх тоо томшгүй олон олимпиад. Сурагчдаас чамгүй мөнгө хурааж, хүүхэд эцэг эхчүүдэд ихээхэн төвөг, дарамт чирэгдэл болдог энэхүү олимпиадыг хичээлийн жилийн турш “сургуулийн, дүүргийн, нийслэлийн, улсын, бас тэр сургуулийн, энэ багш, Их Хурлын гишүүний нэрэмжит, ийм тийм ойд зориулсан олимпиад” гэхчилэн янз бүрийн хаягаар зохион байгуулдаг болжээ. Би олимпиадыг буруу гэж үздэггүй. Гагцхүү нэр хүндтэй, үр өгөөжтэй байх, бас хэлбэрдэж хэт туйлширч болохгүй гэдэг талаас нь хандаж байна. Сургалтын өмнөх тогтолцооны үе буюу өнгөрсөн зууны тавь, жараад оноос суурь авьяастай, сурлага сайтай цөөн хүүхдийг сонгож чамбай бэлтгэсний үндсэн дээр математик, монгол хэлбичиг, физик, химийн хичээлээр улсын нэр хүндтэй олимпиад зохион байгуулдаг байв. Хүүхдээ олж сонгож, гүнзгийрүүлсэн сур­г­алт, нэмэлт хөтөлбөрөөр хичээл­лүүлж давтлагыг сайн хийдэг байсан бо­ло­хоор тэр олимпиад үр дүн, ач хол­богдлоо өгч Монголын нэртэй олон мэргэ­жил­тэн, эрдэмтэд, төр нийгмийн зүт­гэлт­нүүдийг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Тэгэхээр олимпиад гэдэг нь зөв сэт­гэлээр сайн зохион байгуулж чад­вал гүнзгийрүүлсэн сургалтын чухал хэлбэр мөн. Бас олон улсын математикийн олимпиад гэж сайхан арга хэмжээ бий. Манай хүүхдүүд оролцдог. Олон улсын тэрхүү олимпиад өнөөдөр өргөжиж хичээлийн төрөл нь нэмэгдэж улам боловсронгуй болсоор байна. Монголын хүүхдүүд ч амжилттай оролцож улсынхаа нэрийг гаргасан баримт цөөнгүй. Харин өнөө цаг дор хэлбэрийн хувьд хавтгайрч, ач холбогдол нь буурч, зорилго нь орлогыг урьтал болгосон агуулгатай олимпиад зохион байгуулагчид арай хэтэрч байгаа юм биш үү. Шил шилээ дарсан олон олимпиадыг хэн дуртай нь зохион байгуулдаг бол­сон. Үүнийг өнгөцхөн харж шууд буруутгах нь юу л бол. Бэлтгүүлж байгаа багш нартаа ч, бэлтгээд оролцож байгаа хүүхдүүддээ ч, зохион байгуулсан байгууллага, хүмүүст ч ямар нэг ач холбогдолтой байх ёстой. Гэтэл хатуухан хэлэхэд хүүхэд, эцэг эхчүүдийн цаг нарыг үрдэг, хичээлдээ сайн цөөн хүүхдийг хэт их ачааллаар дардаг, мандатын үнэ гэх гоё нэртэй өндөр төлбөр нэхдэг нэгэн төрлийн бизнес болоод байх шиг. Бизнес гэсний учир нь бэлтгүүлсэн багш, бэлтгээд амжилт гаргасан хүүхэд хоёрт улаан мөнгөний ашиггүй хэрнээ зохион байгуулагчид, эздийн нэр төр хөөцөлдөх, өөрийгөө рекламдах, мөнгө олох хэрэгсэл болдог гэсэн хардлага олны дунд газар авч байгаа бололтой. Өөр нэг сөрөг тал нь идэвхтэй, сайн сурлагатай хүүхдүүд дааж давшгүй ачаалалд дарагдана. Бусад хичээлээ давтах, сонирхсон зүйлээ үзэж судлах цаггүй. Бүтэн хагас сайн өдөр алгасдаггүй. Гайгүйхэн хүүхэд зарим өдөрт цаг нар нь таарвал хоёр олимпиадад орох тохиолдол ч гардаг байна. Энэ бүхэн хүүхэд, эцэг эхчүүдийн ажил амралт, чөлөө цаг, эрүүл мэнд, амьжиргаанд нэмэр биш нэрмээс болдог. Олимпиадад орох мандатын нэг бүрийн үнэ наад зах нь  5000-7000, зарим нь бүр 10000 төгрөг хүрдэг гэнэ. Тэгсэн хэрнээ олимпиадад бэлтгэж, олон цагийн нэмэлт давтлагаар балбуулж нойр хоолоо хасч өдөр шөнөгүй сууж байж түрүүлсэн хүүхдийн урмыг бодож гар дээр нь таван төгрөг ч тавьдаггүй алт, мөнгө, хүрэл медаль гэх хэнд ч хэрэггүй алаг эрээн паалантай зэс гуйлны хайлш “Өргөмжлөл” мэт алгын чинээ цаас төдийхнөөр “Нүглийн нүдийг гурилаар хаагаад” гаргадаг юм байх. Бид зах зээлийн нийгэмд амьдарч аж төрж байгаа. Хэн хөдөлмөрлөнө, хөлс урсгана түүнийхээ өгөөжийг  авах эрхтэй, хүний эрх, эрх чөлөө, хүний сайн сайхныг эрхэмлэн дээдлэгч Ардчилсан Монгол Улсын иргэд. Гэтэл хүүхдийн нүдийг зүгээр л зэс гууль хөнгөн цагааны хайлш, алгын чинээ цаасаар хуураад байх уу. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчид, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай яригчид хаана юу хийж байна. Тийнхүү хэсэг хүмүүс дураараа дургиж байхад хэн хяналт тавьж, ямар бодлогоор зохицуулж чиглүүлж байдаг нь тодорхойгүй. Өндөр үнээр мандат борлуулагчид “Энэ бол үйл ажиллагааны зардал. Олимпиад зохион байгуулахад их мөнгө гардаг” гэж халагладаг юм байна. Гэтэл улсаас төсөв авдаг, суралцагсдаас төлбөр хормойлдог сургуулиуд бэлэн анги танхимд, хэдэн багш томилоод зохион байгуулчих олимпиадын үйл ажиллагааны зардал гэж юу л гарав гэсэн бодол төрөх юм. Нөгөө талаар олимпиадад амжилттай оролцоод сургууль хамт олныхоо нэрийг гаргаж медаль аваад ирсэн хүүхдүүдээр нүүр хийж өөрийгөө рекламдах дуртай өндөр шилэн байшинтангууд тухайн хүүхдийн сургалтын төлбөрөөс арван төгрөг хасаад урамшуулчих сэтгэл дутдаг юм билээ.
Олимпиад хэмээх овжин явдлын талаар саяхан салбарын сайдын А/192 дугаар тушаал гэж гарсан бололтой. Тушаалыг зарим хүн эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. Би тушаал гаргасан сайдын зөв гэж бодсон. Энэ хавтгайрсан, үр өгөөж багатай олимпиадыг жаахан цэгцэлж журамлахаас өөр аргагүй.
 
Долоо. Манай өөрийн толгойгоор бодож сэтгэж ажиллах чадваргүй бусдыг хуулбарлан дуурайгчид дээд боловсролын салбарыг гаргуунд нь хаяж, чухамдаа төр, засаг бол дээд боловсролын тогтолцоо, сургалт зохион байгуулалтыг хараа хяналтаасаа алдсан болов уу. Ямартаа л гурван сая хүн амтай Монгол Улс 200 гаруй их, дээд сургуультай болчихоод тууж явахав. Ухаант мэргэдийн “Зуун ямаанд жаран ухна” хэмээх мундаг үг орой руу орж байх шиг. Шалтгаан нь “Бурхангүй газрын буг галзуурна” гэгчээр хэн дуртай нь хаа тааралдсан газраа дээд сургууль байгуулж бакалаврын сургалт явуулдаг. Саяхан орох орон байр, анги танхим байхгүй хөлсний байраар хэсүүчилж явсан нөхөд энэ тэрийг гуйж гувшиж рекламдаж байж цуглуулсан төлбөрийн мөнгөөрөө тэнгэр тулсан шилэн байшинтай болж  заларна. Дээд сургууль гэгчийг байгуулж ядаж явсан мань эр төдхөн магистр, докторын сургалт явуулж бараг маргааш нь их сургуультай болчихно. Монгол Улс 200 гаруй их, дээд сургуультай болсон зам арга гэвэл энэ. Оюутан сонсогчид ч эцэг эхийгээ мөлжинө. Хөөрхий малчид хүүхдээ дээд боловсролтой болгохоор чардайж, хэдэн малаа нядалж, ноос ноолуурынхаа хэдийг тэмтрэн байж төлбөрийн  ард арай гэж гарна.
Эцэг эх, ойр хавийнхныгаа шаналгаж байж сургуулийн босго алхсан оюутнуудын цөөнгүй нь сурсан нэртэй хэдэн жил гудамж метрлэж хот хөдөөгүй тэнэж зарим нь архи ууж, элдэв асуудалд орооцолдоно. Оюутнуудтайгаа ажилладаг шаардаж шахдаг, халамжилж харж үздэг багш цөөхөн. Тэгсээр нэг юм төгсөх биш, хугацаа нь дуусна. Зарим нь оюутнаа төгсгөх дургүй. Кердит цагийн тоо хүрээгүй гэх сонин шалтаг хэлж оюутнаа төгсгөхгүй, төлбөр аваад суулгаад байх санаа ч байдаг байж мэднэ. Хөөрхий оюутнуудаас мөнгө татах шалтаг мундахгүй. Нөгөө өндөр төлбөртэй сургасан сургууль, багш нартаа өгөх бэлэг, өрнөдийг дуурайсан нэлмэгэр хөх, хар нөмрөг, сонин гаж хэлбэртэй дөрвөлжин малгай, элдэв зураг, жаазны мөнгө гэсээр хэдэн зуун мянгыг ойр төрлийнхнөөсөө татна. Төгсөлтийн баяр нижгэр болж, дөрвөлжин малгайгаа шидлэнэ. Монгол хүн малгайгаа авч шидэх, дээр дор хаях нь бүү хэл, гадаа машин унаа, илүү гэртээ хонуулахыг ч цээрлэдэг. Муу ёр гэж үздэг. Эцэст нь “А4”-ийн хэмжээний аварга том дипломтой, сурсан эрдмээр дульхан төгсөгч ажилгүйчүүдын арми руу алхаад марш гэгч болно. Ер нь тухайн жилд их, дээд сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь ажлын байранд очдог гэсэн багцаа байдаг бололтой. Харин сургуулийн эзэн тэрбумын хөрөнгөтэй, тэнгэр тулсан байшинтай. Ахиад хэнийг яаж аргалж ятгаж, рекламдаж байж хэдийг хүртэхээ бодсоор хоцорно. Ийм маягийн дээд боловсролын тогтолцоо, чанар чансаа, сургалтын хөтөлбөр гэх мэт нь байгаа царайндаа ахдсан сургуультай тийм орон манайхаас өөр байдаг болов уу. Энэ бол нарийн мэргэжилтэй, өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх хүний нөөцийн бодлого алдагдан эзэнгүйрч “Галуу дагаж хэрээ хөлөө хөл­дөөнө” гэгчийн үлгэр болж яваагийн гор. Чадахгүй байж бусдыг дуу­райж туйлширсны балаг. Төр засаг, эрх баригчид, сайд дарга нарын буруу бод­лого, хариуцлагагүй хандлага, өдөр хо­ног тоолсон хоноцын сэтгэлгээтний хар гай.
Засгийн газраас сургуулийн тоог цөөлөх, ижил төстэй сургуулиудыг нэгтгэх бодлого барина гэдэг алхам зөв байх. Гэхдээ юуны өмнө сургалтын чанар, сургалт үйлдвэрлэлийн холбоо, төгсгөсөн мэргэжилтний чанар чансаа, ажлын байранд эзлэх хувь хэмжээ, сургууль болон төгсөгчдийн эргэх холбоо, давтан сургалт, эрэлттэй мэргэжилтэн бэлтгэж байгаа эсэхийг сайн бодох хэрэгтэй. Хамгийн гол нь сургалтын төлбөрийн уян хатан бодлого, унаган авьяастай, оролдлого чармайлттай оюутнууд, иргэдийнхээ ам­ьжир­гааг дэмжих, эмзэг бүлэг, хөгж­лийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруу­лах талаар хэр анхаардаг. Мөн багшлах болов­сон хүчний хүрэлцээ, тэдний заах арга, оюутан суралцагсадтай ажиллах ур чадварыг онцгойлон үзэх. Түүнчлэн гадаад харилцааны цар хүрээ, оюутан солилцооны үр өгөөжийг ч бодох хэрэгтэй. Эцэст нь нөгөө хэл амтай лиценз олголт, магадлан итгэмжлэл тойрсон ярианаас (Ар өврийн хаалга, авлигагүй) ангид байгаа эсэх гээд тал талаас нь харсан зөв бодлого, нарийн шалгуур, аль ч сургуулийн элсэлтийн босго оноог дэлхийн жишигт ойртуулах гээд дорвитой өөрчлөлт хийвэл зохих олон асуудал байна. Харин хаа очиж манай ШУТИС, АШУИС гэсэн төрийн өмчийн хэдэн их, дээд сургууль олон жилийн туршлага ерөнхий жингээрээ хямралд бага өртөж гайгүй шиг явж байх шиг санагддаг.
 
Найм. Монголын төр, засаг 1990 оноос хойш боловсролын салбарын ажилтан мэргэжилтэн, ажилчдыг зөнд нь орхисон. Харин өнөөгийн Засгийн газар эрх биш анхааран үзэж зарим арга хэмжээг авч эхэлж байгаад талархаж байна. Манай нийгэмд багш нар шиг хүнд нүсэр ажилтай, орлого цалин багатай, амьжиргаа нь баталгаагүй хүмүүс бараг л байхгүй байх. Орон сууцгүй, цалин орлого багатай ядуу зүдүү талдаа багтсан олон мянган жирийн багш ажилчид түмний хүүхдийн төлөө мэргэжилдээ үнэнч байж, элдвээр хэлэгдэн зүтгэж явна. Багш нар олон жилийн турш цалингаа нэмүүлэх, амьжиргааны нөхцлөө сайжруулахын төлөө жагслаа, суулт хийлээ, тэмцлээ. Үр дүн бараг байхгүй. Төр засаг, сайд болж тоглогчид багш нарыг аргална, хуурна, түр зуур гал унтраана. Дээр нь багш нарыг чихрийн цуглуулга, ундаа, цэвэрлэгээний материал угаалгын нунтаг саван, нойлын цаас тэргүүтнийг авлигалд авдаг гэхчилэн муулна, доош нь хийж гутаана. Багш нарыг тэмцэлд уриалан дуудаж зохион байгуулдаг ҮЭ-ийн байгууллага ч урагшгүй. Хий хоосон хэлэлцээний ширээнд сууна. Үр дүн бага. Дээр нь бас хууртана. Үе үеийн Засгийн газар, түүний томилсон сайд дарга нар багшийн цалинг “Ингээд тэгээд нэмчихнэ, та нар тайван бай. Бүү яар” гэсээр олон жилийг ардаа орхилоо. “Багш нарын цалинг ингэж нэмээд дунджаар нэг сая болгочихлоо” гэсэн таатай мэдээ алга. Оюуны бүтээгдэхүүн бэлтгэгчдийн бодит амьдрал нэг ийм л байх шив.
Энэ бүхнийг одоо цагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт хариуцсан сайд Ё.Баатарбилэг нар төдийгүй тэдний халааг залган авах ирээдүйн хойч үеийн Засгийн газар, сайд дарга нар анхаарч, нэлээн бодож, нэн ихийг хийх байх хэмээн энэ захидлыг нуршин бичлээ. Эрхэм сайд нар Та бүхнийг энэ ил захидалд авах гээхийн ухаанаар хандаж мэргэн оюундаа болгоож, боломжтойг нь ажил хэрэг болгоно гэдэгт гүнээ итгэж байна.
 
 
2019.04.10. Улаанбаатар.
 
Сүрэнгийн Зэвсэг
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад багш