sonin.mn
Өвөл, хаврын бэлчээрийг малчин өрхөд эзэмшүүлбэл малчдын ухамсар хариуцлага нэмэгдэж шударга тогтолцоонд орж бэлчээрээ нарийн хуваарьтай ашиглаж байгалийн эрсдэлийг зөв тооцож мал сүргээ хамгаалахад ахиц дэвшил гарна.
Сүүлийн жилүүдэд бэлчээр нутгийн даац хэтэрч талхлагдаж байна гэж ихээхэн ярьж байна. Харин үүнээс гарах гарцыг нь олж харахгүй бэлчээрийг ашиглаж байгаа малчин олон түмэнтэйгээ ярилцаж зөвлөхгүй, ямар арга хэмжээ авч, үр дүнд хүрч байгаа нь харагдахгүй байна. Бэлчээр хамгаалах хамгийн гол зарчим нь их энгийн. Өвөл, хаврын бэлчээрийг хамгаалахаас эхэлнэ. Хамгаалсан бэлчээрээ нарийн хуваарьтай ашиглах ажлыг малчин айл өрх бүр амьдралдаа хэрэгжүүлж чадвал малаа байгалийн эрсдэлээс бүрэн хамгаалж, бэлчээр нутгийнхаа даацыг хэтрүүлэхгүй ашиглах бүрэн боломжтой.
“Үүцэлж нөөцөлсөн махнаас, өвлийн бэлчээр харам” гэсэн ардын сайхан үг бий. Өвөл хаврын бэлчээрийг малчид хэсэг бүлгээрээ хамгаалж, цаг хүндэрсэн үед нөөц бэлчээртэй байх нөхцөл боломж амьдрал дээр тэр болгон хэрэгжиж чадахгүй. Бэлчээрийг хот айл, сууриараа  ашиглаж, хамгаалахад зохимжтой. Нөмөр газрыг бараадаж, худаг усанд татагдаж, өвөлжөө, хаваржаагаа хэт ойрхон өргөн айлсалт маягаар өвөлжиж байгаа айлууд хангай нутагт ихээр зонхилон харагдаж байдаг. Энэ айлуудын хонь, үхэр, адуу гээд төрөл бүрийн малтай айлууд байгаль цаг уур хүндэрсэн буюу мал төллөх үед ойрын нөөц бэлчээрийг хамгаалах асуудлыг шийдвэрлэж чадахгүй өөрийн гэсэн сэтгэлээрээ бэлчээрээ хамгаалах асуудалд ач холбогдол өгөхгүй нийтийн сэтгэхүйгээр хандаж, аль сайн сэрмүүн бэлчээрээ нэг нэгнээсээ өрсөж идсээр байж байгаль цаг үе хүндэрсэн үед нөөц бэлчээр гэж байхгүй малаа зутрааж эрсдэл хүлээх нөхцөл бүрдэнэ.
 
Ойрын нөөц бэлчээрийг хамгаалах асуудал нь санааны зоргоор бий болчихдог асуудал биш. Мал гэдэг амьтан чинь аль ойрхон  сэрмүүн  бэлчээрээ идэхийг боддог. Үүнийг бий болгох нь малчин хүний шаргуу хөдөлмөр, зохион байгуулалт, малыг бэлчээр нутагт нь  нутагшуулан  дадал зуршил болтол нь дасган маллах, нягт нямбай арга ажиллагаа шаарддаг.
 
Өвөл хаврын  бэлчээрээ ганц хот айл энэ бэлчээр нутгаа нарийн хуваарьтай ашиглаж хэвшүүлдэг юмаа гэхэд нэг жалганд хоёр, гурваараа хошой саахалт буучихаад энэ бэлчээрээ хамгаалж нарийн хуваарьтай ашиглаж нөөц бэлчээртэй байх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг санаанд багтахгүй асуудал үүнийг хэрэгжүүлэх гэж оролдвол хэрүүл маргаан болох байх, хэл үг хийж байхаар хамтарч бэлчээрээ идэж дуусчихаад байгаль цаг уур минь гайгүй сайн жил болоосой гэж бурханд залбирч суухаас өөр арга байхгүй болно.
Түүнчлэн отрын  бэлчээр, хадлангийн  талбайг  ашиглах журмыг зөрчих явдал ч орон нутагт байнга гарч байна. Гэтэл эдгээр зөрчил  гаргасан малчинд  хариуцлага  тооцох  хуулийн тогтолцоо алга байна. Малчид  бид  хуульдаа  захирагдаж, малаа  захирч, хоорондоо бие биендээ хүндэтгэлтэй  харьцаж, бусдаас давуу  эрх эдлэхийг  эрмэлзэхгүй  байж,  бэлчээр  нутгаа   эзэмшиж  эзний ёсоор хандаж   даацыг нь  хэтрүүлэхгүй  ашиглах  боломжтой. Нэг жалганд хот айлууд ойрхон буугаад байгаа  гол   шалтгаан нь  малд нөмөр дулаан гэж үүнийг сонгож  байгаа хэлбэр. Энэ ч бас том шалтгаан үүнийг шийдвэрлэх боломжтой.
 
Малчид та бүхэн өөрсдийнхөө малд хүрэлцэхүйц бэлчээртэй байхад тал газарт ч, ар газарт ч бууж болно. Бэлчээр бол нэгдүгээр асуудал, харин  нөмөр дулаан байршил дараагийн асуудал юм. Үүнийг битүү дулаан хашаа барьж  ашиглах замаар шийдвэрлэж болно.
 
Жишээ нь, бог мал, үхрийг  битүү дулаан хашаанд хонуулж, хөрзөнг ашиглаж түлшний хэрэгцээгээ бүрэн хангаж болно. Битүү дулаан хашаанд хонож байгаа бог мал, үхэрт нөмөр газрын шаардлага байхгүй.
Бэлчээрээ бодолцож нутаг, буйраа сонгох шаардлагатай бөгөөд нөмөр газарт найдаж саравч хашаанд бог малаа өвөлжүүлэх асуудлаас татгалзах шаардлагатай. Саравч хашаа нь салхи жавраас хамгаалж байгаа хэлбэр болохоос өвлийн урт шөнийн хүйтнээс малаа хамгаалж байгаа хэлбэр биш харин хүчтэй шуурганд цас нөмөрлөж  хуяглан орж малын хэвтэр бууцыг хөлдөөж мал зутрах нэг шалтгаан болдогийг малчид та нар мэдэж байгаа шүүдээ. Битүү дулаан хашаанд бог малаа өвөлжүүлж хөрзөн гарган авч өөр олон хэлбэрээр амьдралдаа ашиглаж болохыг би өөрийн биеэр Увс, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад хэрэгжүүлж, энэ талаарх арга туршлагаа тусгай ном болгон бичиж малчин түмэндээ хүргэсэн юм. Битүү дулаан хашааны асуудлыг түр орхиж бэлчээртээ анхаарлаа хандуулъя.
 
Нэг жалганд хамт байхад малчдын бүлэг, хоршооны асуудалд сайн гэж үзэх хүн байж болно. Харин 3-4 км хол байгаад хамтарч ажиллах асуудалд саад хэрхэвч болохгүй ,үүнээс ч хол зайнаас нэг нэгэндээ очоод хамтарч хөрзөнгөө авах, хавар ямаагаа самнах гэх мэт бусад ажлуудаа хамтарч хийж болно.
 
Өвөл хаврын бэлчээрээ хамтарч  ашиглахаас бусад төрлөөр хамтран  ажиллаж, хөрөнгө санхүүгээрээ хоршиж ,үйлдвэр үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүнээ  борлуулах  гэх мэтээр бүлэг хоршоогоо байгуулж хамтран ажиллаж болно шүү дээ. Харин ч өвөл, хаврын бэлчээр ашиглахад зориулагдсан мэт дээр үеийн сургамж үг байдаг.
 
“Ураг төрлийн хол нь дээр, ус түлээний ойр нь дээр” гэж. Энэ сургамж  зүгээр нэг хэлчихсэн үг биш, нүүдэлчин малчин түмний олон зуун жилийн амьдрал дундаас шалгагдан гарч ирсэн үг.  Өвөл, хаврын бэлчээр эзэмшүүлэхэд малчдын бүлгээр дамжуулах бус малчин өрх айлаар өвөл, хаврын бэлчээр эзэмшүүлбэл үр дүн нь  бодитоор мэдрэгдэж олон асуудал давхар шийдвэрлэгдэнэ. Үе дамжин ирсэн бэлчээр сайтай малчид нэг их анзаарахгүй байх. Гэтэл  ийнхүү өвөлжөө хаваржааны нутгаа уламжлан эзэмшиж, ашиглаж ирсэн  малчид   нийт  малчдын  хагас нь ч байж чадахгүй байна шүү дээ. Олон жил нутагшин мал малласан хашир, туршлагатай малчид цаг хүндэрлээ гэхэд ямар нэгэн гарц замаа шийдвэрлэсэн байдаг байх. Гэтэл ийм бэлтгэлгүй малчид цаг агаар гэнэт хүндэрбэл сандарч байгаа учир энэ сэдвээр нэлээн амьдралд ойртуулж ярьж байгаа минь энэ юмаа.Ерөнхийд нь авч үзэхэд амьдрал дундаас хууль төрж хэрэгжидэг юм байна гэж ойлгож  Бэлчээрийн тухай хуулийн төслийг санаачлан малчдаар хэлэлцүүлж санаа оноог нь тусгаж төр засагтай уламжлах гэж байна. Нэг жалга буюу уулын нөмөрт 2-3 айл өвөлжиж, хаваржиж бэлчээр нь энэ гурван айлд хүрэлцээтэй бол хамтарч бэлчээрээ ашиглаж болох юм. Аль эсвэл хоёр айл нь нүүж бэлчээрийнхээ ойролцоо шинэ бууц гаргах ба бэлчээр нь хүрэлцэхгүй бол 1 айл нь өөр газар сонгож өвөлжөө гаргах асуудал гарч болно. Энэ нүүсэн айлуудад төрөөс урамшуулал олгож  нүүдэллэсэн зардлыг өгвөл энэ төвөгтэй асуудал амархан шийдвэрлэгдэж болно.
 
Жишээ нь,  нэг малчин өрх дунджаар 500 бог мал 100 бод мал нийт 600 толгой малтай малчин өрхөд хангайн бүсэд 1400-1600 га, говийн бүсэд 1800-2000 га өвөл, хаврын бэлчээр шаардлагатай гэж үзвэл энэ нь 5-7 км харьцаатай газар нутаг гэсэн үг. Ийм учир хошой саахалт айлын өвөл, хаврын буудал 3-4 км-ээс дээш хол байж энэ хэмжээний бэлчээр эзэмших нөхцөл бүрдэнэ. Бэлчээр нутгийг малчин олон түмэнд олон жилээр өвөл, хаврын бэлчээрийг эзэмшүүлэхэд малчид энэ мэтээр бэлтгэлтэй байх шаардлагатай. Өвөл, хаврын буудлыг ямар ч газар гаргаж бууж болно. Хамгийн гол нь малдаа хүрэлцэхүйц бэлчээр нутаг чухал гэдгийг малчид, газрын даамал, баг, сумын засаг дарга нар онцгой анхаарах шаардлагатай. Бэлчээр нутгийг малчин,хот айл бүхэн эзэн нь болж, эзний ёсоор хайрлан хамгаалж нөхөн сэргээж ариг гамтай, нарийн хуваарьтай ашиглаж заншихгүй бол байгаль дэлхий биднээс хатуухан хариу авч мэднэ. Энэ чухал сэдвээр  малчидтай харилцан  ярилцаж амьдралын  бодит үнэнийг ойлгуулж, ажил хэрэг болгомоор байна. Бэлчээр нутгаа ард, олон нийтийн гэсэн ерөнхий тодотголтой хамтаараа  “Хаяа багтвал буудлана, хошуу багтвал иднэ” гэсэн  зарчмаар олон жил ашиглавал мал аж ахуйд нөхөж баршгүй том гарз хохирол гарч болох учир цаг хугацаа алдалгүй бэлчээр нутгыг нь Нүүдлийн уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа малчин хот айлд нь одоо амьдарч ашиглаж буй өвөл хаврын бэлчээр нутгийг нь олон жилээр эзэмшүүлж мөн зун намар, отрын бэлчээр, хадлангийн талбайг тухай сумын малчидад нийтээр нь ашиглуулах. Мөн суурин МАА, Эрчимжсэн МАА эрхэлж байгаа малчид, аж ахуйн нэгжид даац хэтэрч талхалагдсан бэлчээрээс малын тэжээл тарих зориулалттай 3-5 га талбайг эзэмшүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулах үүднээс 6 бүлэг 28 зүйлд 170 гаруй асуудлыг хөндсөн хуулийн төслөө бичлээ. Дараа нь сонин хэвлэлд нийтлэж малчин олон түмнээрээ хэлэлцүүлж та бүхнийхээ санаа оноог тусгаж төр засагтай уламжлах зорилготой байна. Малаас үнэтэй үнэт эрдэнэ бэлчээр нутгаа төрийн өмч, нийтээр ашиглах ёстой гэсэн халхавчинд эзгүйдүүлж болмооргүй байна.
 
Бэлчээр нутгийг малчин өрхөд эзэмшүүлэх асуудал ойр зуурын бэрхшээл, төвөгтэй асуудлаас болж энэ янзаараа байж байх сонирхолтой малчид, төр засгийн удирдлагууд нэлээдгүй байгаа нь энэ том асуудалд өөрийгөө өнөөдрийн түвшинд тавьж харж байгаа бөгөөд  харин  олон түмнээ  байгаль бэлчээртэй нь холбож ирээдүйд Монголын  мал аж ахуй яаж хөгжих талаар  олж харахгүй,  харахыг ч хүсэхгүй байгаад гол шалтгаан байгаа юм.   
 
Ирээдүйгээ  өөдрөгөөр харж хойч үеэ  эх оронч үзлээр төлөвшүүлж  бэлчээр нутгийг нь олон жилээр малчин өрхөд эзэмшүүлэх шаардлагатай байна. Энэ нь байгаль цаг уураас хараат байдлыг багасган, бэлчээр нутаг нь миний юм, үе дамжсан өмч гэсэн сэтгэлгээгээр хандаж зохистой ашиглаж, нөхөн сэргээж бэлчээр нутагтаа тохируулан малаа өсгөж маллах боломж нөхцөлийг малчид өөрөө шийдвэрлэвэл юм. Энэ үнэт эрдэнэ бэлчээр нутгаа үнэд оруулж хөрөнгө босгох нөхцөл яваандаа бий болно. Иймд малчин өрх, мал маллах сонирхолтой хотод амьдарч байгаа ажилгүй иргэд өвөл хаврын бэлчээрийг эзэмшиж авах талаар бэлтгэлтэй байж энэ сэдэвээр үзэл бодлоо илэрхийлэх шаардлагтай байна
Бэлчээр нутгийг эзэмших асуудлыг алгуурлахыг эрмэлзэгч хэсэг байдаг. Үүнд малчдын идэвхтэй хэсэг, олон толгой малтай малчид бэлчээрээ нийтээрээ ашиглаад явах хувийн сонирхол их байдаг. Хуучин ашиглаж байсан өвөл хаврын бэлчээр хэт хумигдана гэж бүү санаа зов. Харин ч бэлчээрийн хэт ачаалалтай бүсэд амьдарч байгаа малчидын өвөл хаврын бэлчээр нэмэгдэж тэлэх маягаар хувиарлагдана.
Өөр нэг хэсэг нь хэрүүл тэмцэл, үл ойлголцол их гарна гэж эмээдэг. Бэлчээр нутгийн даац хэтэрлээ гэж ярилцаж байдаг ч бодит байдалдаа сүүлийн 20 жил шилжилт хөдөлгөөнөөр ирсэн айлууд суурьшсанаас Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Архангай аймгуудын бэлчээрийн даац хэтэрч байхад Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон говийн аймгуудын нутгаар бэлчээр нь хүрэлцээ боломжтой байдаг. Бэлчээрийн тархалтыг энэ янзаараа бэлчээр нийтийн өмч нийтээр ашиглах учиртай гэсэн энэ бодлогоор хамгаалж нөхөн сэргээж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой болсон.
Төвийн нутаг руу чиглэсэн их нүүдэл нь малаа зөнд нь орхиж өөрсдийн амьдрах орчноо бодож зах зээл, зам харгуй, дэд бүтцийг түшиглэн нүүж ирсэн. Одоо малчин хүнд малаа бодож алс зэлүүд, өвсний соргог, усны тунгалгийг сонгосон онгон бэлчээрийг ашиглах сонирхол бүрдүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.
Өөр нэг онцлогоос дурдвал цөөн малтай малчинд дахин нэг боломж олдож байна гэсэн үг. Олон малтай малчин бэлчээрээ түрээслүүлж ашиг орлого олж болно. Малчид бэлчээр нутгаа хамгаалж, нарийн хуваарьтай ашиглаж сураагүй нь нийтийн, хязгааргүй сэтгэлгээгээр ашиглаж ирсэнтэй холбоотой
Гаднын улс оронд эдлэн газартай хүн баянд тооцогддог. Гэтэл өргөн уудам газар нутагтай, говь, хангай, тал хээр хосолсон бэлчээртэй атал малчид нь: “мал маллах нөхцөлгүй боллоо”, “бэлчээр нутаг талхлагдлаа” гэж хий хоосон ярьж, гундуухан амьдралаар амьдрах учиргүй. Харин үүний оронд төрөөс малчин олон түмэнд малдаа тохирсон бэлчээр нутгийг олон жилээр эзэмшүүлж нэг ёсондоо хамгаалах, нарийн хуваарьтай ашиглаж, эзэмших эрхээр баталгаажуулж өгөх хууль, эрх зүйн зохицуулалтыг батлан гаргаж малчин өрх бүрийг нэг ёсондоо эдлэн газартай болгож , энэ эдлэн газраа зөв зохистой ашиглаж нөхөн сэргээж үе дамжин үлдээх өв хөрөнгө болгож ,энэ үнэт өв эдлэн газраа үнэд оруулж, үүгээрээ дамжуулан хөрөнгө босгож малчин хот айл бүрийг үйлдвэрлэгч болгож төвийн эрчим хүчинд холбогдож ахуй амьдралаа дээшлүүлж, монголын мал аж ахуй хөгжиж эдлэн газрынхаа баян эзэн нь болох мөрөөдөл бэлчээр нутгийг малчин өрх бүрд эзэмшүүлэх нь юм бол тийм ч их хол биш байна.
Монгол Улсын мал, малчин хоёрыг нүүдлийн мал аж ахуй гэсэн уламжлал энэ чигтэй байх ёстой гэсэн үзэл бодолтой ойлголтыг реклам маягаар сурталчлах асуудал түгээмэл болсон байна. Үүнд зарим малчид уусан дасжээ. Монголын малчин олон түмэн минь мал маллагааны уламжлалт арга ажиллагаанаас аль дэвшилттэй, үр ашигтай арга хэлбэрүүдийг амьдралдаа хэрэгжүүлж ахуй амьдралдаа орчин үеийн соёл шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж айл бүхэн үйлдвэрлэгч байж мал сүргээ үйлдвэр гэж   бэлчээр  нутгаа  үйлдвэрийг  хөдөлгөгч мотор  гэж     ойлгож, үйлдвэрээ ашиг орлоготой ажиллуулж амьдралаа дээшлүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна.
 
Өвөл, хаврын бэлчээр боломжтой өвсний ургац сайн байсан ч ариг гамгүй, нарийн хуваарьтай ашиглахгүй бол хаврын хавсарга,  цаг хүндэрсэн үед ойрын нөөц бэлчээргүй болсон байдаг. Ерөнхийдөө цаг хүндэрч мал зутардаг нь ойрын нөөц бэлчээргүй, битүү дулаан хашаагүйгээс болдог үзэгдэл.
 
Энэ хоёр асуудлыг малчин айл бүхэн бүрэн шийдвэрлэж чадвал зуд гээд байгаа байгалийн түр зуурын бэрхшээлээс мал сүргээ бүрэн хамгаалж, эсэн мэнд онд оруулах боломжтой.
 
Өвөл, хаврын бэлчээрийг эзэмшихэд малчдын анхаарах зүйлс:
 
Бэлчээр нутгийг малчид ба мал бүхий иргэд нийтээр ашиглаж байсан үйл ажиллагаанаас зөвхөн өвөл, хаврын бэлчээрийг малчдад эзэмшүүлснээр мал маллагааны арга ажиллагаанд асар их өөрчлөлт ажлын хариуцлага нэмэгдэнэ. Энэ бэлчээр нутгаа хамгаалж, хамгаалсан бэлчээрээ нарийн хуваарьтай ашиглаж бэлчээр нутгийнхаа жинхэнэ эзэн нь болж эзний ёсоор хандахад малчид идэвх зүтгэлтэй оролцох.
Өвөл, хаврын бэлчээрт зун намар өөрийн болон хүний мал бэлчээхгүй байх, өөрийн болон хүний өвөлжөө, хаваржааны ойролцоо зусаж намаржихгүй байх талаар онцгой анхаарч, малчин бүхэн өөрөө хэрэгжүүлж, бусдад шаардлага тавьж ажиллах. Зун, намар нь малын хөлөөр талхлагдсан бэлчээрт өвөл хавар нь мал сүргээ онд мэнд оруулахад хүндрэл учирч мал нь  эцэж турж, эрсдэл гаргах нөхцөл бүрддэгийг малчид ойлгож мэддэг боловч налгар зун, намарт өөрийн болон бусдын өвөл хаврын бэлчээрт малаа явуулж өвсний сорыг нь идүүлэх тохиолдол олонтаа байдаг. Хүний өвөлжөөний ойролцоо зусаж, намаржих, өвөлжөөний бэлчээрийг нь малаараа сорчлон идүүлж байгаа хүн бол хувиа хичээсэн, бусдыг бодохгүй арчаагүй хүмүүс нутаг бүрт байдаг. Отор хийсэн нэрийдлээр хүний өвөлжөөний бэлчээрийг сорчлон идүүлж ганц хоёр хоноод өнгөрдөг их ажилсаг малчны дүр эсгэсэн олон толгой малтай малчид байдаг. Энэ маягаар малаа таргалуулж байгаа малчныг юу гэж ойлгох вэ?  Бусдын эзэмшил бэлчээрт малаа таргалуулж аваад нөгөө өвөлжөөний малчин нь цаг хүндэрвэл малаа зутраавал юу ч болоогүй юм шиг явдаг энэ муу зуршилтай малчин олон түмэн минь хатуу тэмцэх шаардлагатай.
Өвөл хаврын бэлчээрийг нарийн хуваарьтай ашиглах хугацаа нутаг бүрт 100-120 хоног байдаг. Энэ хугацаанд бог малаа байнгын хариулгатай байлгаж өдөр бүр шинэ бэлчээрт холоос нь ойртуулах маягаар сэлгүүлж хариулах шаардлагатай. Бог малаа дураар нь тавьж явуулаад байвал бэлчээр нутгаа амаар идэхээс гадна хөлөөрөө бэлчээрийг талхалдаг ба 120 хоногт бэлчээр нь хүрэхгүй дуусах болно. Өвөл, хаварт бог малыг дураар нь явуулснаар өвсний сор хөөж явдал нь ихсэж даарч гүйцэд идшээ авч чадахгүй тарга хүчээ амархан алддаг. Малчид өвөл, хаврын бэлчээрийг нарийн хуваарьтай ашиглахгүй, малын аясаар бэлчээрлүүлж хавар болоогүй байхад бэлчээрээ дуусгаж дахин давтан бэлчээрлүүлж малын хөл халцарч эцэж турах ба бэлчээр нь талхлагддаг сөрөг нөлөөг анхаарах хэрэгтэй.
Малчдад өвөл, хаврын бэлчээрийг эзэмшүүлбэл гадаад дотоодын хүмүүст худалдана гэсэн болгоомжлол байна. Үүнд санаа зовох юмгүй. Миний санаачилсан Бэлчээрийн тухай хуулийн төслийн III бүлгийн 12 дугаар зүйлийн 6-д бэлчээрийг хувь хүн хуулийн этгээдэд худалдахгүй харин түрээслүүлэн ашиглуулж болох ба үр хүүхэд, өв залгамжлагчиддаа өвлүүлэн үлдээж болно гэж тодорхой тусгаж өгсөн.
Эцэст нь хэлэхэд анх мал хувьчлахад: зарим малчид, төр засгийн удирдлагуудад болгоомжлол их байсан. Энэ ч зүйн хэрэг, мал хувьчлал төгс болж чадаагүй ч ерөнхийд нь зөв болсныг бодит амьдралд бид харлаа. 100 хувь хувьд шилжсэн малын бэлчээрийг нийтийн тодотголтоогоор төр зохицуулах асуудал жилээс жилд хүндэрч байна. Ийм учир зөвхөн малчид гэхгүй мал  маллах сонирхолтой Монгол Улсын иргэн хоёроос дээш жил мал малласан нөхцөлд малчин өрх гэж үзэж өвөл, хаврын бэлчээрийг эзэмшүүлэхэд болгоомжлох шаардлагагүй. Монголын төр монгол иргэндээ итгэж хариуцлага хүлээлгэж цаашид хөгжинө гэж ойлгож өвөл хаврын бэлчээрийг малчин өрх айлд эзэмшүүлэхэд дэвшилтэй олон асуудал шийдвэрлэгдэнэ хэмээн төсөөлж байна. Үүнд: нэг хотын хүн амын төвлөрөл саармагжиж хөдөөд ажилах хүч, малчдын залуу халаа нэмэгдэн бэлчээр нутгийг нь жинхэнэ эзний ёсоор хайрлан хамгаалж занших. Хоёрт: Бэлчээр нутгийг үнэлж эргэлтэнд оруулж үүгээрээ дамжуулан малчдыг бие даалгаж, эдийн засгаар бэхжүүлж, монголын хөдөө аж ахуйн дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх.  Гуравт: Төрийн ачааг хөнгөлж монголын мал аж ахуй зах зээлийн жишгээр хөгжиж өвөл, хаврын бэлчээрийг эзэмшүүлэх тодорхой хугацааны дараа шилжилт хөдөлгөөн эрс багасаж малчид тогтвор суурьшилтэй амьдарч мал маллагааны арга барилд олон дэвшилтэй үйл ажилагаа нэвтэрч хэрэгжинэ. Малчин олон түмэн  минь бид одоохондоо мал сүргээ өсгөөд амьдрал ахуйгаа авч яваад сайхан л байна. Бэлчээр нутаг нь  нийтийн  эдэлбэр газар байна гэсэн тогтолцоогоор 10-20 жил болоход бэлчээр нутаг юу болох вэ? гэдгийг малчид, төр засгийн удирдлагууд минь  төсөөлж тооцоолон бодохыг та бүхэндээ уламжилж байна.
 
 
Пужуугийн ОЛОНБАТ
 
Монгол Улсын сайн малчин Цорос тайж овогт