sonin.mn
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт багаа бүрдүүлж, орлогч, төслийг удирдагч нараа томиллоо. Тэрээр  орон тооны хоёр орлогч болон дөрвөн төслийн удирдагчтай байх юм.
 
Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан ажиллана. Тэрээр С.Батболдыг ажлаа өгч, С.Амарсайхан томилогдох хугацаанд Хотын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ж.Батбаясгалан нь 1990-1991 онд Москва хотын 779 дүгээр дунд сургууль, 1991-1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 2000-2004 “Түшээ” дээд сургууль, 2010 оноос МУИС-ийн хууль зүйн сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2006 оноос улс төрийн карьераа эхлүүлж, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016 оноос Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.
 
Мөн Хотын даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Ш.Анхмааг томилов. Тэрээр БГД-ийн ХIII дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, БНХАУ-ын Бээжин хотын гадаад хэл, соёлын сургууль, АНУ-д мэргэжил дээшлүүлэх институтыг тус тус төгссөн. Монгол судлаач, эрхзүйч мэргэжилтэй. “Цагаан Лавай” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Сүүлд Швейцарын хөгжлийн агентлагийн ЖДҮ-г дэмжих хөтөлбөрт төслийн удирдагчаар ажиллаж байгаад 2011-2015 онд НИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг Даргын орлогчоор ажиллах болсон байдаг.
 
Инноваци технологийн хөгжил хариуцсан төслийн удирдагчаар М.Халиунбатыг томилжээ. Тэрээр МУИС-ийг төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2002 онд “Итгэлт Оюу” ХХК-д сэтгүүлч, редактор, 2002-2004 онд “Скайтел” ХХК-д Маркетингийн мэргэжилтэн, менежер, 2004-2013 онд МУИС багш, 2006-2007 онд “Анунгоо” ХХК-д Борлуулалтын албаны менежер, 2007-2010 онд “Вай Эм Си” ХХК-д гүйцэтгэх захирал, 2008-2009 онд “Таван богд групп”-т дэд ерөнхийлөгч, 2010-2013 НИК ХХК-д гүйцэтгэх захирал, 2013 оноос “Торгоны зам сан”-гийн гүйцэтгэх захирал, 2013 оноос “Монгол Айди” компанийн ерөнхий захирал, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдсон байдаг.
 
НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагчаар ажиллана. Түүний хувьд англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Боловсролын удирдлагын магистр.  2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. Харин түүнээс өмнө 2006-2016 онд “Жаргалан” үндэсний цогцолбор сургуульд ерөнхий захирлаар ажиллаж байв.
 
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Б.Отгонсүхийг томиллоо. Тэрээр МУИС, Удирдлагын академи, АНУ-ын “ST.TOMAS”-ийн их сургууль төгссөн. Философийн ухааны бакалавр, Нийгмийн ухааны магистр, Олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй. БГД-ийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Өвөрхангай Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн яам сайдын зөвлөх, БГД-ийн МАН хорооны улс төрийн ажилтан, БГД-ийн НАМЗХ-ны тэргүүн, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
 
Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилоол байна. Түүний хувьд 1987-1997 онд Нийслэлийн арван жилийн II дунд сургууль, 2001-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2010-2012 онд Тайваны Улс төрийн их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.  Бизнесийн удирдлагын магистр, хуульзүйн магистрант. Улмаар 2004-2008 онд УИХ-ын гишүүний туслах, 2008-2010 онд Гадаад харилцааны  сайдын туслах, 2011 оноос “Эм Би Ти” трейд ХХК-д Ерөнхий захирал, 2012-2016 онд СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 оноос СБД-ийн Намын хороо дэд дарга, 2016 оноос НИХТ-ын төлөөлөгч, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргаар тус тус ажиллаж байна.
 
Ийнхүү Хотын дарга С.Амарсайхан С.Батболд даргын багаас орлогч Х.Баярхүү, Д.Энхтөр нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар шинэ бүрэлдэхүүнд үлдээж, төслийн удирдагч нараа томилж, ажилдаа орлоо.
 
 
Т.САЙХАН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин