sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн өдрийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох болно. Энэ бол Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй томоохон үйл явдал. Мөн “Нэг, бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад Монгол Улсын бүх талын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд би Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлалд Монголын найз нөхөдтэйгөө нэг адил дүүрэн хүлээлттэй байна.
“Нэг бүс, нэг зам” бол БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга билээ. Уг санаачилгын гол цөм нь дэд бүтцийг хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, хөгжлийг хангах зорилготой юм. Эл санаачилгыг дэвшүүлснээс хойших зургаан жилийн хугацаанд олон улс орон, нийгэмд өргөн дэмжлэг авснаар өдгөө дэлхийн хамгийн том цар хүрээтэй хамтын ажиллагааны талбар, олон нийтийн бүтээгдэхүүн болоод байна. Одоогоор 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага “Нэг бүс, нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, “Их 20”, АПЕК, ШХАБ зэрэг олон улсын чухал механизмын үр дүнгийн баримт бичигт тусгав.
 
Бүтээн байгуулалтын санаачилгад нэгдэн орох улс орнуудын тоо нэмэгдэх хэрээр “Нэг бүс, нэг зам”-ын тэмүүлэл бодит үйлдэл болон хөрсөнд бууж, үзэл бодлууд үр дүн болон биелж ирлээ. 2013 - 2018 онд Хятад улс болон “Бүс ба зам” дагуух улс орнуудын худалдааны нийт эргэлт зургаан их наяд ам.доллароос давж, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.долларт хүрэв. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн
 
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамарсан “Зургаан коридор, зургаан зам, олон улс, олон боомт” гэх олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад. Европын хоорондын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил" зэрэг бүтээн байгуулалт тодорхой үр дүнд хүрчээ.
 
“Нэг, бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад 240 мянга гаруй шинэ ажлын байр, хоёр тэрбум ам.долларын татварын орлого бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс, нэг зам” санаачилга нь шинэ эриний урсгалыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэл бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр хангаж, эдгээр улс оронд хөгжлийн шинэ тавцан байгуулж өгсөн гэж болно.
 
“Нэг бүс, нэг зам” санаачилга нь Хятад улс гадаадад нээлттэй байх чухал бодлого бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл байгуулахад түлхэц өгөх үйл хэрэг юм. Өдгөө худалдааны проктекционизм болон нэг талыг баримталсан үзэл газар авч байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжидд олон тодорхойгүй хүчин зүйл дагуулж байна. Ийм л нөхцөл байдалд “Нэг бүс, нэг зам” нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа хүртэх, хамтдаа бүтээх зарчмыг тууштай баримталж, бүх талын хамтын хөгжлийг ханган, дэлхийн олон улс орны хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд чухал боломж, талбар бүрдүүлж өгөхөөр хичээж байгаа билээ. Энэ бол манай улс олон талын оролцоот үзэл баримтлал, нээлттэй дэлхийн эдийн засгийн хэлбэрийг хадгалж, дэмждэг болохыг бүрэн дүүрэн харуулж буй хэрэг юм. Үүний төлөө “Нэг бүс, нэг зам” нь дэлхий дахины хөгжлийн загвар, засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. “Нэг бүс нэг зам” нь талуудын хамтын хичээл зүтгэлээр сорилтыг хамтдаа даван туулах, хамтдаа цэцэглэн хөгжих боломжийг бий болгох зам болон хөгжиж байгаа билээ.
 
Өнөөдрийн нөхцөл байдалд “Нэг бүс, нэг зам”- ын бүтээн байгуулалт нь олон чухал боломжийг дэлхийн улс орнуудад нээж байна. “Нэг бүс, нэг зам”-ын олон улс дахь нөлөө ба хамтын ажиллагааг өөртөө татах хүч нь тасралтгүй эрчимжсээр ирлээ. Талуудын хөгжлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоо өдөр ирэх тусам нягтрав. Дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь олон улсын хамтын ажиллагааны өргөн боломжийг бий болгосон. БНХАУ нь өөрчлөлт, нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн хөгжлийн ирээдүйтэй, гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагааны асар их орон зай бий гэдэгт “Нэг бүс, нэг зам” нь хөгжих тусмаа улам ач холбогдолтой болж, Монгол Улсыг хамарсан улс орнуудын эдийн засгийн хөгжилд илүү өргөн боломж олгоно.
 
Олон улсын хүрээнд “Нэг бүс, нэг зам” санаачилгын тухай адил бус ойлголт бий. “Нэг бүс нэг зам” санаачилга нь геополитикийн багаж хэрэгсэл, зарим улс оронд өрийн дарамт учруулж мэднэ гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Энэ нь “Нэг бүс, нэг зам” санаачилгын талаар бодит мэдээлэл дутмаг эсвэл буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй.
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-гийн хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг харанхуй нүх биш, геополитикийн багаж хэрэгсэл ч биш, харин хамтдаа хөгжих боломж” юм.
 
“Нэг бүс, нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч бөгөөд үр ашгийг нь адил хүртэх болно. Энэ санаачилга нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийцсөн талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг түүнд хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэн хэрэг уран хоншоорыг ялна гэдэгчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогч нар л сайн мэднэ.
 
Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. “Нэг бүс, нэг зам” санаачилга нь хөрш орнуудын хооронд харилцан ашигтай, хамтдаа хөгжих, чин сэтгэлээсээ харилцан туслах хөгжлийн өргөн зам болно. Энэ санаачилгад нэгдсэн нь Монгол Улсын хөгжилд алтан жигүүр ургуулж өгнө.
 
“Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш Монголын тал идэвхтэй дэмжин оролцож ирсэнд бид баяртай байдаг. Монголын удирдагчид “Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа байгуулах үйлсэд дэмжиж оролцох болно гэдгээ олон удаа илэрхийлсэн. 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны анхдугаар удаагийн дээд хэмжээний форумд оролцсон. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр, “Нэг бүс, нэг зам” санаачилга ба Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нэгдсэн саналд хүрсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох үедээ “Нэг бүс, нэг зам” санаачилгыг сурталчлан танилцуулж, тус санаачилга нь дэлхийн хөгжилд асар их боломж авчирсан гэж өндөр үнэлж, бүх улс орныг “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалсан. Монголын тал олон улсын нисэх онгоцны буудалдаа “Нэг бүс, нэг зам”-ын ногоон гарц байгуулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.
 
Хятад, Монгол хоёр улсын “Нэг бүс, нэг зам”- ын хүрээн дэх хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр, бодит хамтын ажиллагааны төслүүд ар араасаа хэрэгжиж, үр дүнгээ өглөө. Монголын найз нөхөд ч “Нэг бүс, нэг зам”-аас бодит ашиг тус хүртэж буйгаа мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. “Нэг бүс, нэг зам”-ын ачаар, Монголд авто замын анхны давхар гүүр, анхны хурдны авто зам, орчин үеийн стандартад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болж, хамгийн дэвшилт технологи бүхий цэвэрлэх байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр төсөл нь Монголын ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөх болно.
 
Удахгүй болох гэж байгаа “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум нь оролцогч талууд хамтын ажиллагааны нэгдмэл ойлголтыг нэмэгдүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөн, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэ удаагийн чуулга уулзалт олон онцлогтойгоороо хүмүүсийн анхаарлыг татаж байна. Нэгдүгээрт, хүндэт зочид олноор оролцох буюу 40-өөд орны төр, засгийн тэргүүн Бээжин хотод чуулна. Хоёрдугаарт, илүү өргөн хүрээг хамарч байгаа буюу 100 гаруй улс орны хэдэн мянган төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Гуравдугаарт, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тодорхой сэдэв бүхий 12 салбар хуралдаан болохоос гадна, бизнесийн уулзалтыг анх удаа зохион байгуулахаараа онцлог. “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум амжилттай болж, бүтээн байгуулалтын аянд шинэ бэлэг тэмдэг болох нь дамжиггүй.
 
“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө алагласан цэцгүүд бүгд дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн Хятадын хэлц үг байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсад төрийн айлчлал хийж, “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцсоноор Монгол Улс дээрх санаачилгын хүрээнд хийх бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох боломжтой. Мөн “Нэг бүс, нэг зам” гэх алтан жигүүр нь Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүч нэмэрлэн, алсын зорилт, агуу хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.
 
 
 
Шин Хаймин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд