sonin.mn
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд, Алташирээ сумдад ажиллалаа. Тэрбээр хилийн өртөөний үйл ажиллагаа хийгээд оны өмнөхөн ашиглалтад хүлээн аваад байсан "Бүс нутгийн логистикийн төв ", Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан. Сайдын ажлын бүрэлдэхүүнд тус яамны газрын дарга нар болон МТЗ ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл, УБТЗ- ын дарга Д.Жигжиднямаа нарын холбогдох албаны хүмүүс ажиллав.
 
 
Даманы арлын зөрчлөөс хойш Орос, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн өсөлттэй үедээ явна. Тээврийн дэд бүтэц, цэргийн хамтын ажиллагааны хувьд хэдий ёс төдий ч сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондох худалдааны бараа эргэлт хурдацтай өсөж байгаа нь эдгээр улсын харилцааг "дулааруулж" буй амин үзүүлэлтийн нэг юм. Өнгөрсөн жил л гэхэд худалдааны эргэлт нь 100 тэрбум ам.доллараар хэмжигдсэн бол хоёр тал энэ тоог 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцон ажиллаж байгаа билээ. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ази, Номхон далай эдийн засгийн хамтын ажиллагааны форумын зохион байгуулагчаар Алс Дорнод дахь Владивосток хотыг зарлан "Европ болон Ази Номхон далайн бүс нутгийн хооронд худалдаа хийх хаалга" хэмээн тунхаглав. Түүний дараа Хятадын төрийн тэргүүн Ши Жинь Пинь гадаад бодлогынхоо тулгуур "Бүс ба зам" санаачлагыг танилцуулсан нь Еврази тэр дундаа Зүүн хойд Азийн интеграцид энэ хоёр улс "оройлон" оролцох хүсэлтэй байгааг харуулсан хэрэг. Энэ нь, ч тухайн үед аль хэдийнэ батлагдаад байсан Монгол Улсын "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-той олон талаар яв цав нийцэж байв. Одоогоор Зүүн хойд Азид худалдааны хэд хэдэн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг нь БНХАУ-Монгол-ОХУ гэсэн тээврийн хонгил. Энэ хонгил ОХУ, Хятадын харилцаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ Транссибирийн төмөр замын хөгжилд "хүч" нэмнэ гэж үздэг.
 
Ерөнхийлөгч В.Путины мэдээлж буйгаар 2013 оноос хойш Транссибирийн магистралыг хүчжүүлэх ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд тээх нэвтрүүлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл 180 сая тоннд хүргэх зорилготой ажиллаж байна. Хамгийн гол нь, Транссибирийн шугамыг "тэтгэгч" УБТЗ-ын хүчин чадлыг давхар нэмэгдүүлэх сонирхол хувь нийлүүлсэн улсын хувиар ОХУ, Монголын аль алинд бий. Хэрвээ энэ тохиолдолд дэлхийн хамгийн том "үйлдвэрлэгчээс" Монгол, ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа Европт ердөө хоёрхон долоо хоногийн дотор хүрнэ. 
 
Учир нь, зэргэлдээх тээврийн коридорууд хүчин чадлын хувьд чинээндээ тулсан нь Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болов. Үүнийг батлахын тулд зарим нэг тоог дурдая. Сүүлийн гурван жилийн хугацаанд /2016-2018/ УБТЗ-аар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 167-919 болтлоо өссөн. Тэгвэл энэ жил УБТЗ дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоог даруй 1055-д хүргэхээр төлөвлөжээ.
Хоёр жилийн өмнө, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "УБТЗ-аар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоог даруй 2000-д хүргэх томоохон амбицтай ажиллаж байна" гэсэн тун ч алсын хараатай ярилцлага хэвлэлийн хуудаснаа одоо ч тодхон үлджээ. ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, өөрсдийн санхүүжилтээр гээд жил бүр технологийн шинэчлэлээ төлөвлөсөн хэмжээгээр хийж чадвал 2000 гэсэн Замын даргын "амбицлаг" тоо тийм ч холын юм биш.
 
ЛОГИСТИКИЙН ТӨВ МОНГОЛ УЛСЫГ ЗЭРГЭЛДЭЭХ КОРИДОРУУДТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ ХЭМЖЭЭНД ХҮРГЭНЭ
 
 
Энэ бүх хугацаанд Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэж, идэвхитэй оролцох сонирхол тээсээр ирэв. Үүний илрэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Бүс нутгийн логистикийн төв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллалаа. Тэрбээр, хилийн өртөөний үйл ажиллагаа хийгээд оны өмнөхөн ашиглалтад хүлээн аваад байсан "Бүс нутгийн логистикийн төв", Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох төмөр замын бүтээн байгуулалтгай танилцсан. "Бүс нутгийн логистикийн төв"-ийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, таван сая ам.долларын буцалтгүй тусламж, улсын төсвийн санхүүжилт гээд тал талын эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан байдаг. Зам, тээврийн хөгжлийн сайдыг логистикийн төвтэй танилцах үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, шинэ логистикийн төвийг УБТЗ-д түрээслүүлэхээр боллоо. Тус төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон зэргэлдээх тээврийн коридоруудтай өрсөлдөх чадвар үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа юм.
Тодруулбал, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ, түүний үр ашгийг дээшлүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхээс гадна царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацааг багасгах зорилготой. Улмаар УБТЗ-ын Замын-Үүд өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмж импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үзжээ. Уг төслийн хүрээнд 50 тоннын даацтай хоёр гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км төмөр зам, логистикийн төв руу орох гарах төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой 19 метр бетон гүүрэн байгууламж, 1.6 км авто зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж УБТЗ-д шилжин ирж байгаа юм. Мөн гаалийн агуулах, захиргаа, жолооч ажилчдын байр, 3200 чингэлгийн багтаамжтай талбай, том оврын нийт 133 авто машины зогсоол зэрэг байгууламж багтах аж. "Эдгээр нь бүрэн камерын хяналтын системтэй, бие даасан цэвэрлэх байгууламж, уурын зуух, усан сантай" хэмээн "МТЗ" ТӨХК-иас мэдээлсэн.
 
Үндсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” шалгарч, 2016 оны хоёрдугаар сарын 01-нд Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан ажиллажээ. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Төмөр замын дохиолол, холбооны байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, угсралт суурилуулалтын ажлыг мөн "Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” гүйцэтгэн хүлээлгэж өгчээ.
 
НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ НЬ ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХЛЭЛ
 
 
Б.Энх-Амгалан сайд "Бүс нутгийн логистикийн төв"-тэй танилцсаныхаа дараа Сайншанд хотыг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-тэй холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Төслийн багийн удирдагч УБТЗ-ын ЗЗМС-ын Ерөнхий инженер З.Отгонтөрийн танилцуулснаар газар шорооны ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт төслийн 75 хувийг дуусгасан байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын Дорноговь аймагт ажиллахтай зэрэгцэн эхлүулсэн дээд бүтцийн ажил биднийг очиход 2.3 км төмөр зам тавьсан байлаа. Төлөвлөгөөгөөр долоо хоног бүр 5.5-6 км төмөр зам тавьж, гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Түүхий эдийн хувьд төмөр замын далан барихад шаардагдах материалын олдоц говийн нөхцөлд тун тааруу гэнэ. Тиймээс карьерт таарсан түүхий эдийг 8-12 км цаанаас тээвэрлэн далангийн ажлаа дуусгажээ.
 
УБТЗ болон үндэсний бүтээн байгуулагчдын барьж буй уг төмөр замын нэг км-ийн өртөг 2.4 тэрбум төгрөг. Гэтэл гадны компаниудын өгч байгаа үнийн санал нэг км нь хоёр сая ам.доллар хүрдэг. Тэгвэл дээрх төмөр замын бүтээн байгуулалт нь Монголчууд дотооддоо гурав дахин бага үнээр хийж чадаж байгаагийн жишээ боллоо. Дотоодын нөөц бололцоог ашиглан төмөр зам барих нь ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг дотоодод шингэх, үндэсний боловсон хүчнүүдэд туршлага хуримтлуулах, өртөг бага зарцуулах гээд олон талын өгөөжтэй.
 
"Зүүнбаян-Тавантолгой зэрэг шинэ төмөр замын төслүүдийг ч бид өөрсдөө хийх боломжтой" гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх- Амгалан тодрууллаа. Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүрэх 27 км төмөр замтай байх бөгөөд хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж буйгаараа онцлогтой. Авто зам, төмөр зам хосолсон энэхүү 20 км замаар жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулан тээвэрлэнэ. Эхний ээлжин тогтоосон түүхий эдийн нөөц 40 жил хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа бол санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсоноос хойш 10 жилд бүрэн нөхөх боломжтой аж. Үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
 
САЙНШАНД ӨРТӨӨ ТАВАН ЗАМЫН УУЛЗВАР БОЛНО
 
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд багтаан эхлүүлнэ гэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Сайншанд, Зүүнбаян өртөөдийг өргөтгөх шаардлага тулгараад байна. Ялангуяа, Сайншанд өртөөг ойролцоогоор хүлээн авах, явуулах 20 зам бүхий автоматаар ангилан ялгах ялгалтын довтой болгон өргөжүүлэх шаардлагатай. Хэрэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн үед тус өртөөний вагон боловсруулах хүчин чадал хангалтгүй болох эрсдэлтэй. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэлснээр Сайншанд өртөө нь Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Замын- Үүд, Сайншанд-Сүхбаатар, Сайншанд-Хөөт гэсэн таван замын уулзвар болон хөгжих ирээдүй бий. Энэ нь, Сайншанд өртөөг Монголын төмөр замын хамгийн том тулгуур өртөө болгох юм.
 
 
Б.Мөрөн
Эх сурвалж: "Ган зам" сонин