sonin.mn
Монгол хүн болж төрсөндөө 
Мөнгөн сарны дор 
Мөнхрөх юм шиг би баярладаг. 
Өнөр баян 
Эх хэлнийхээ гүн далайд 
Өвчүүн завь шиг 
Сэлж сурсандаа би бахархдаг. 
 
Бутын шоргоолж шиг 
Буцалж байгаа бумны дундаас 
Буурал хангайн 
Яруу хөг шиг уянгатны дотроос, 
Усгал нүдний 
Таньж харамгүй ижлийн дундаас 
Ухар сонсголын 
Ялгаж дууламгүй аялгуун дотроос: 
Ам нээхдээ 
“Эжий” гэж анх сурсан хэлээр минь 
Алтан дэлхий 
Монгол хүн гэж намайг танина. 
 
Их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ойн хүрээнд Лос Анжелес хотын Монгол номын сангийн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэг уран уншлагын 11 дэх удаагийн уралдаан Оакланд хотын Азийн соёлын төвд 2019 оны 4-р сарын 21-нд болов. Холхи дээдсээс минь уламжлагдан ирсэн сонсголонт яруу Монгол хэлнийхээ дуусашгүй далай мэт сан хөмрөгөөс хамтдаа сонсгол юугаа мялаан, сэтгэл юүгээн огшоож, Монголоороо бахархаж бардамнасан, оюуны, сэтгэлийн таашаал авсан сайхан үйл ажиллагаа боллоо. “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдааныг Лос Анжелес хотын Монгол номын сангийн тэргүүн Б.Ган-Энхбаяр нээж, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Б.Явуухулан судлаач, доктор Я.Баатар үг хэлэв. 
 
Уралдаанд: Батмөнхийн Мөнхзаяа (Сан Франциско), Цэрэндашийн Оюунжаргал (Аламеда), Шаравнямын Азжаргал (Лос Анжелес),Чимэдийн Хэрлэнбаяр (Плийзэнт Хилл), Дампилын Батсүх (Лос Анжелес), Мөнх-Арслангийн Бат-Эрдэнэ (Сан Франциско), Бадамрагчаагийн Ууганбаяр (Сан Франциско), Төмөртогоогийн Оюунаа (Сан Франциско), Батхүүгийн Энхжаргал (Беркелей), Моононгийн Билэгтбаяр (Лос Анжелес), Бадамгаравын Болорцэцэг (Сакраменто), Томсүрэнгийн Нямдэлгэр (Кастро Валлей), Энхболдын Цолмон (Валнут Креек), Сумьяагийн Байгалмаа (Аламеда), Батжаргалын Намуунбайгаль (Денвер), Цогзолын Нарангэрэл (Денвер), Батсүрэнгийн Амгаланбаяр (Денвер) нар оролцлоо. Ц.Нарангэрэл тэргүүн байр (Өөрийн зохиол. “Ээжийн минь маанийн эрх”) Ш.Азжаргал - дэд байр, М.Зоригт “Дэлхийн хүн”, Ч.Хэрлэнбаяр (Б.Шүүдэрцэцэг “Хойд эцэг”) нар 3-р байр эзлэв. Ц. Оюунжаргал (Б.Цоожчулуунцэцэг “Эр хүний хугархай”), Б.Намуунбайгаль (Ж.Дашзэвэг “Цэцэг нялхарсан зун”) нар тусгай байр эзлэв. 
 
Уралдааныг Лос-Анжелес хотын Монгол номын сангийн дэд тэргүүн Г.Алтанхуяг, Америкийн монголчуудын “Тулга” наадмыг санаачлагч, Денвер хотын “Тулга” клубын ахлагч, яруу найрагч Х.Лхамжав, “Mongol Art World Tour” үүсгэн байгуулагч, “Beautiful Mongolia 2018” аялалын хөтөч номыг зохиогч, орчуулагч А.Түвшинтуяа,  дэд консул С.Бямбажаргал, Америкийн монголчуудын “Тулга” наадмын тэргүүн байрын шагналт Ч.Нарангэрэл нар шүүлээ.  
 
МУГЖ Н. Банзрагч, МУСТА Д.Өнөрбаатар, авъяаслаг дуучин охин М.Марал, Сан Франциско хотын хөгжмийн их сургуулийн преколлежийн оюутан, Америкийн өсвөр үеийнхний төгөлдөр хуурчдын уралдааны тэргүүн, дэд байрын шагналт С.Эрдэнэтангад нар урын сангаасаа дээжлэн сонирхуулав. 
Сан Франциско, Бэй Ареа төвтэй АМУЗ (Америкийн Монголчуудын Уран Зохиол) нэгдлээс хүсэн уламжилснаар монголын уран зохиолыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд идэвх санаачлагаараа хүчин зүтгэж яваа номын сангийн эрхлэгч Б.Ган-Энхбаяр, яруу найрагч, олон нийтийн зүтгэлтэн Б.Энхжаргал нарыг Монголын Зохиолчдын Эвлэлийн “ Утга зохиолын төлөө” медалиар, Лос Анжелес хотын дуу хөгжмийн “Даян” хамтлагийг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотноо суугаа Ерөнхий Консулын Газрын өргөмжлөлөөр тус тус шагнасныг дэд консул С.Бямбажаргал гардуулж, баяр хүргэлээ.  
 
Их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 жилийн ойд зориулсан хөтөлбөрөөр: Д.Баттөмөрийн хөгжим “Би хаана төрөө вэ?” дууг Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Ц.Баттөр дуулж, Сан Франциско хотын Балет театрын төгөлдөр хуурч, МУСТА Б.Мөнгөнчимэг хөгжимдлөө. 
 
Тэд гурван жилийн өмнө тайзанд Г.Бирваагийн хөгжим “Би хаана төрөө вэ?” дууг дуулж хөгжимдөж байсан юм._“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийг Т.Нямдэлгэр уран уншиж, Д.Лувсаншаравын хөгжим “ Би чамд хайртай” дууг улсын тэргүүний уран сайханч Ж.Энхболд дуулав. “Би хаана төрөө вэ” шүлгийг АМУЗ- ын хамт олон, “Тэхийн зогсоол” дуулийг Сиэтлийн уран уншигч Ч.Нарангэрэл, Д.Баттөмөрийн хөгжим “Туулын урсгал шөнөдөө сайхан” дууг Сан Францискогийн их сургуулийн оюутан Д.Намуунаа англи хэлээр дуулав. Денвер хотын “Тулга” клубийнхэн Б.Явуухулангийн шүлгийн поппури сонирхолтой болж, “Даян” хамтлаг хэд хэдэн дууг нь сайхан дуулж хөгжимдлөө. Уран уншигч Ч.Нарангэрэл энд зөвхөн “Тэхийн зогсоол” дуулийг унших гэж Сиэтл хотоос хүрэлцэн ирсэн байлаа. Ийнхүү яруу өгүүлэхийн ид шидийг хайрлагч бурхан “Эгшигт охин тэнгэр”-ийн ивээлд багтсан яруу найрагч Бэгзийн Явуухулангийн оюун ухааны гайхамшигт урын сангаар хамтдаа аялцгаалаа. Лос Анжелес хотын “Даян” хамтлагийн амьд тоглолт үргэлжлэн хамтдаа дуулж, цэнгэн бүжиглэж нэгэн гайхалтай сайхан өдрийг жаргаав. 
Тус ойд зориулж хэвлүүлсэн Б.Явуухулангийн “Сонгомол шүлэг”, Begziin Yavuuhulan “Mongolian Verse” (The collected poems of B.Yavuuhulan. Translated from Mongolian into to English by Simon Wickhansmith) номууд болон уран бүтээлээ америкт туурвиж байгаа зарим уран бүтээлчийн номыг худалдаж бүх оролцогчдод О.Дашбалбарын “Оюун санааны багш Б.Явуухулан” ном болон яруу найрагчийн нэртэй үзгийг бэлэглэн түгээжээ.
 
 
Л.Оюунтуяа (Калифорни Оакланд)