sonin.mn
Энэ жил Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тэрхүү эрхэм хүндтэй цолыг нийт 178 генерал хүртсэний дотор 2006 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын жишигт нийцсэн бригадын генерал хэмээх цолыг хүртээж эхэлсэн түүхтэй.
Өнөөгийн байдлаар бригадын генерал цолтны тоо 38-д хүрсэн бөгөөд тэдгээр бригадын генералуудын нэрсийн жагсаалтыг М.Энхбаялаг манлайлж байдагт бид бахархал, хүндэтгэлтэй ханддаг юм.
 
Бригадын генерал Н.Энхбаялаг 1956 онд Улаанбаатар хотноо төрж, 1974-1978 онд тухайн үеийн Цэргийн Ерөнхий дээд сургууль, 1984-1987 онд ЗХУ-д Артиллерийн цэргийн академи, 2004-2005 онд ОХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөний дээр 2007 онд АНУ-ын Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын дамжааг дүүргэсэн аж.
Түүний анхлан эзэмшсэн мэргэжил нь артиллерийн командын офицер тодотголтой байж, энэ л мэргэжлээрээ бахархал дүүрэн, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж явсан юм. Тодруулбаас тэр бээр Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгссөн жилээ Ардын Армийн 120 дугаар ангид салааны захирагчаар томилогдон ажилласан. Харин тухайн үеийн ЦЕДС-ийн сонсогч Н.Энхбаялаг нь артиллерийн тэнхимийн дарга, багш нар, батарей, курсийн захирагч нарын онч мэргэн атлаа туйлын сонголт сайтай хараанд нь байнга өртөж, сурлага, сахилгаар манлайлагч, дүрэмч, жагсаалч сонсогч явснаараа цаашид ирээдүйтэй офицерын тоонд зүй ёсоор нэрлэгдсэн хэрэг. Тиймээс артиллерийн тусгай хороонд салааны захирагчийн ажлыг гардан гүйцэтгэж, чухамдаа өөрийн эзэмшсэн унаган мэргэжлээрээ бүтэн нэг жилийн “дадлага хийж”, туршлага хуримтлуулсан түүнийг төрөлх сургуулийнхаа артиллерийн батарейны курсийн захирагчаар томилсон юм. Мэдээжээр сонсогч насны бахархалт жилүүдийн амжилт нь онцлох шалгуур үзүүлэлтийн нэг байсан нь нэн тодорхой. Гэхдээ түүний мэргэжлийн анги, салбарт хэрхэн ажиллаж байгааг нь олон дахин тандаж, судалсны үр дүнд ирээдүйн офицер, даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх өндөр хариуцлагатай албанд дэслэгч Н.Энхбаялагийг тохоон томилсон нь тэр билээ.
 
 
Энэхүү тун хариуцлагатай он жилүүдэд тэрээр сургуулийн түвшинд тэргүүний курсийн захирагч нь байж, артиллерийн тэнхим, батарейны удирдлагын сайшаал, магтаалыг олон удаа хүртсэний зэрэгцээ өөрийн бүтээлч хөдөлмөрийн амжилтаар нэн удалгүй тус сургуулийн артиллерийн батарейны захирагчаар дэвшин томилогдсон юм. Түүхэн тэр цаг үед Цэргийн ерөнхий дээд сургуулийн сургалтын хэлтсээс нийт рот, батарей, курсийн дунд сурлага, цэргийн албаны болзолт уралдааныг сар бүр дүгнэж ирсэн бөгөөд ахлах дэслэгч Н.Энхбаялагийн удирдсан батарейны бие бүрэлдэхүүн уг уралдаанд гол төлөв манлайлж, сурлага, сахилга, цэргийн албаны гүйцэтгэлээр үлгэр жишээч курс, тасгийн тоо нь нэмэгдэж, цэргийн парад, ёслол хүндэтгэлийн болон бусад нэгдсэн үйл ажиллагаанд ямагт тэргүүлж ирснийг онцлох учиртай. Түүний артиллерийн батарей, курсийн захирагчаар ажиллаж байх үеийн төгсөгчдөөс хошууч генерал Ж.Бадамбазар ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан хурандаа Г.Сүхбаатар, ҮБХИС-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан хурандаа Ө.Батмөнх нарын төр, цэрэг, бизнесийн салбарт амжилт дүүрэн яваа олон алдартныг нэрлэж болно. 
Ийнхүү ажлын арвин амжилттай явсан цэл залуухан даргыг БХЯ болон Цэргийн Ерөнхий сургуулийн удирдлага ихэд тоож, хуучнаар ЗХУ-д Артиллерийн академид суралцах өргөн боломжийг олгосон аж. Эндээс дүгнэхэд өнөөгийн ҮБХИС-ийн Сонсогчийн батальонд цэргийн хэргийн өндөр дадлага, туршлагатай, цаашид Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагад ажиллах ирээдүйтэй, биеэр үлгэрлэн манлайлагч залуу офицеруудыг дэвшүүлэн ажиллуулж, улмаар Цэргийн академид суралцуулдаг байж гэмээ нь тэдний өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг төвөггүйхэн мэдэрч болох юм.
 
Тухайн үед дэлхийн өндөр хөгжилтэй, дайн, цэргийн урлаг, шинжлэх ухааны гол төв болсон ЗХУ-д суралцана гэдэг нь чухамдаа нэр төрийн хэрэг бөгөөд манай улсын залуу офицеруудын “шүүсийг бүрэн шахах”-ын хамт “шүүлтүүр нь тун нарийн” хэмээгдсэн түүхэн он жилүүд байлаа. Мэдээж хэрэг нийтлэлийн баатар маань тэрхүү бүхий л шалгуур, шаардлагыг бүрэн дүүрэн давж, академиа амжилттай төгсөж ирсэн нь юутай бахдалтай билээ. Ийнхүү академийн боловсрол эзэмшсэн түүний анхны томилолт нь Ардын Армийн 123 дугаар ангийн артиллерийн дивизионы захирагчийн өндөр хариуцлагатай алба байсан аж. Тэрээр тус ангид ажиллах хугацаандаа офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчидтай онолын бэлтгэл хичээлийг өндөр түвшинд явуулж, түүний үндсэн дээр хээрийн гаралт, полигоны дадлага, байлдааны буудлагыг өндөр үр дүнтэй зохион байгуулж, удирддаг байсан талаар “Баатар вангийн цэргүүд” номонд тодорхой өгүүлсэн байдаг юм. Үндсэндээ Ховд аймгийн Мянгад сумын Цагаан үнээт, Улаан үнээт уулын хөндий нь Ховдын хорооны артиллерчдын цэц мэргэнийг сорьсон өлгий нутаг бөгөөд энэ л хөндийд жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөн ихтэй байж, тэдний онгод хийморь нь сэргэдэг аж. Тиймээс “Артиллери гэдэг нь тодорхой шинжлэх ухаан бөгөөд байнгын дадлага шаардана” хэмээсэн мэргэн үг юутай үнэн болохыг би бээр сайтар мэдэх нэгэн билээ. 
Тэр жилүүдэд залуухан ахмад Н.Энхбаялагийн удирдсан артиллерийн дивизионы амжилт нь арвин байж, БХЯ-ны сайдын болон ангийн захирагчийн нэрэмжит шалгалтаар удаа дараалан тэргүүн, онц салбарын болзлыг хангаж, артиллерийн байлдааны буудлагыг тогтмол онц дүнтэй гүйцэтгэж, өөрөө офицеруудын хувийн буудлагын дүнгээр жил бүр онц үнэлгээ авч ирсэн түүний тэргүүн туршлага нь сонин хэвлэлийн хуудаснаа тодорч, Ардын Армийн шилдэг дарга нарын нэг болохоо баталж чадсан юм. Энэ бүхний үр дүнд ердөө гуравхан жилийн дараа домог түүхтэй Ховдын хорооныхоо артиллерийн даргаар дэвшин томилогдож, өөрийн үндсэн мэргэжлийн болон цэргийн хэргийн дадлага, ур чадвараа улам бүр ахиулсаар байлаа.
 
 
1990-ээд оны эхэн үед улс орон даяар шинэчлэлийн уур амьсгал хүчтэй шуурч, Зэвсэгт хүчнийг цомхон бөгөөд чадварлаг байлгах үндсэн зорилтын хүрээнд зарим нэгтгэл, ангийг татан буулгаж, офицер, ахлагч нар олон тоогоор бэлтгэлээр халагдаж байсан он жилүүдэд, тодруулбал, байнгын бүрэлдэхүүний хувьд сарын цалингаа авч чадахгүй байх үеийн хүнд жилүүдэд Ардын Арми, Зэвсэгт хүчнээ гэсэн чинхүү сэтгэлтэй офицер, ахлагч нар бууриа сахиж үлдсэний нэг нь Н.Энхбаялаг байсан юм.
Түүний ажил, амьдралын арвин их туршлага, артиллерийн мэргэжил, мэргэшилдээ дур сонирхолтой, салааны захирагчаас артиллерийн дарга хүртэлх албан тушаалд шат алгасалгүй дэвшин томилогдож, ажлын амжилт дүүрэн байсныг нь БХЯ, ЗХЕШ-ын удирдлага өндрөөр үнэлсэн ба 1992-1997 онд Артиллерийн командлагчийн туслах, улмаар 1997-2000 онд ЗХЖШ-ын Артиллерийн командлалын штабын даргын өндөр хариуцлагатай албанд шат дараалан томилон ажиллуулсан юм. Ийнхүү тэр бээр төрийн цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болсон ЗХЖШ-т томилогдон ажилласан хугацаанд артиллерийн цэргийн хөгжил, шинэчлэлийг шинэ шатанд гаргах, холбогдох заавар, журмуудыг шинээр боловсруулан хэрэгжилтийг нь зохион байгуулах, мэдлэг, ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, тэдгээрийг зохих албан тушаалд нь зөв бодлогоор байршуулах, мэргэжлийн анги, салбар, албан тушаалтнуудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх зэрэг нөр их ажлыг чадамгай гүйцэтгэж ирсэн талаар олон тооны баримт хадгалагдан үлджээ. Нөгөө талаар артиллерийн мэргэжлийн анги, салбаруудын сургалт бэлтгэлийг нэгдсэн төлөвлөгөөгөөр удирдаж, команд штабын хээрийн сургууль, команд штабын сургууль, хээрийн гаралт, полигоны дадлага, байлдааны буудлага, гал удирдах дадлагад тогтмол оролцож, тэдгээрийг шалгаж үнэлэх, дараагийн шатны зорилго, зорилтуудыг тодорхойлох үйл хэрэгт ч өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
 
Энэ үед ЗХЖШ-ын дарга, удирдах бүрэлдэхүүнээс тууштай хэрэгжүүлэн баримталж ирсэн бодлогын нэг нь офицерын албанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан удирдах албан тушаалтнуудыг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад томилон ажиллуулснаар удирдлагын бодлого, зорилт, үйл ажиллагаатай бүрэн танилцуулан ажлын байранд нь сурган дадлагажуулсны дараа ангийн захирагчаар томилон ажиллуулж байсан нь тэдний алсын хараатай, бүтээлч үйл ажиллагаа байж билээ. Тиймээс тэр л шалгуур үзүүлэлт, албан тушаалтанд тавих шаардлагыг бүрэн хангасан хүний нэг нь нийтлэлийн баатар маань байж, тэрээр 2000-2004 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн нэр хүндтэй агаад асар өндөр хариуцлагатай албыг амжилт дүүрэн хашсан түүх нь саяхан мэт санагдана.
 
Тухайн үеийн хурандаа Н.Энхбаялаг тус ангийн захирагчаар ажиллах хугацаанд цэргийн шинэчлэлийн бодлогыг анги, салбарт эрчимтэй хэрэгжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, томилгоот бүлгүүдийг сурган дадлагажуулах, байнгын бие бүрэлдэхүүний сургалтын технологийг боловсронгуй болгох, цэргийн мэргэжлийн зэрэгтний тоог нэмэгдүүлэх, ангийг хүний хөгжлийн орчин болгох ажлыг гардан удирдаж тодорхой үр дүнд хүрсэн юм. Тухайлбал, сургуулийн жилийн үе шат бүрт хүн нэг бүрийн хүрэх түвшинг тодорхойлж, явцын шалгалт, үр дүнг тогтмолжуулснаар сурлагын чанар жилээс жилд ахиж, ангийн байнгын бие бүрэлдэхүүний 33 хувь нь цэргийн мэргэжлийн зэрэгтэн болсон амжилт нь түүний алсын хараатай хөдөлмөрч нэгэн байсныг улам бүр тодотгох ажээ. Тэр жилүүдэд тус анги нь Зэвсэгт хүчний тэргүүний ангийн болон “Сургалт бэлтгэлээр хошуучлагч анги”-ийн болзлыг удаа дараа бататгаж, байнгын бие бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах дадлагыг нэмэгдүүлэх талаар ихээхэн зүтгэл гарган ажиллажээ. Тэрчлэн цэргийн албыг дүрмийн дагуу хэвшүүлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны зааврыг чанд сахиулах талаар санаачилгатай ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит улсын үзлэгт тэргүүн байрт шалгарч, “Цэргийн алба хэвшсэн, сахилгын зөрчилгүй, тэргүүний тохижилттой анги”-ийн алдрыг хүртсэн нь түүний бүтээлч хөдөлмөрийн үр дүн байсан юм.
 
Түүнээс гадна цэргийн сургалт бэлтгэлийн дээд шалгуур гэгддэг Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг шалгаруулах болон оны мэргэжлийн аварга батальон, рот, салааны захирагч шалгаруулах тэмцээний бэлтгэлийг өндөр ачаалалтай хангаж, жил бүр гурав хүртэлх медалийг хүртэн ангийн захирагч, хурандаа Н.Энхбаялаг шагналын тавцанд байнга гарч ирснийг түүх гэрчилдэг юм. Ийнхүү дээрх ангийн захирагчаар дөрвөн жил өндөр үр бүтээлтэй ажилласан хурандаа Н.Энхбаялаг 2004-2005 онд ОХУ-д ЗХЖШ-ын академид суралцаж, амжилттай дүүргэсэн нь түүний цаашдын ажил, амьдралынх нь ирээдүйг тодорхойлж, гэрэлт замд хөтөлсөн юм.
Энэхүү офицер, даргалах бүрэлдэхүүний мөнхийн мөрөөдөл болсон ЗХЖШ-ын академийг дүүргэсэн түүнийг 2005-2006 онд БХЯ-ны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд тэр бээр батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, удирдлагын баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийг төгөлдөржүүлэх ажлыг чадварлаг удирдсан юм. Энд тодруулбал, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай”, “Дайны байдлын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд өөрчлөлт оруулах, “Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлал”-ын төсөл, Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг дэмжих хөтөлбөр”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” зэргийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, бүтээлч ажил болгосон нь бас л нэгэн бахархал мөнөөс мөн билээ. Тэрчлэн Батлан хамгаалах салбарын харьяа эрдэм шинжилгээний байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахын хамт олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулжээ.
 
Харин 2006 оноос тухайн үеийн хурандаа Н.Энхбаялагийг ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт хариуцсан орлогч даргын өндөр албан тушаалд дэвшүүлэн томилсон ба тэр бээр Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг, зорилготой уялдуулан цэргийн сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, олон улсын хамтарсан сургалт дадлага болон энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалтыг амжилттай зохион байгуулах, удирдах албан тушаалтнуудын заах аргын цугларалтыг шинэлэг арга, хэлбэрээр явуулах, сургалттай холбоотой удирдлагын баримт бичгүүдийг төгөлдөржүүлэх, анги, байгууллагуудын сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах, сургалт бэлтгэлийг шалгаж, үнэлэх тогтолцоог шинэчлэх, мэргэжлийн зэрэгтний тоог өсгөх ажлыг чадварлаг удирдаж, ихээхэн үр дүнд хүрснийг нь үнэлэх албан тушаалтан олон юм билээ.
Тэрчлэн өөрийн харьяалах албан үүргийн хүрээнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй зохиох мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлын чанар, үр өгөөжийг шинэ шатанд гаргах, цэргийн алба хаагчдын бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цэрэгжлийн спорт, нийтийн биеийн тамирын уралдаан, тэмцээн, нийтийг хамарсан соёл, урлагийн ажлыг өргөнөөр зохион байгуулах ажилд ч ихээхэн эргэлт гаргасан юм.
 
Ийнхүү ажлын арвин их амжилт гаргасан хурандаа Н.Энхбаялагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 268 дугаар зарлигаар анхны бригадын генерал цолыг хүртээсэн нь саяхан мэт санагдах агаад өдгөө он цаг улирах тусам “анхны” хэмээх тодотгол нь улам бүр жин дарсаар байна.
Нийтлэлийн баатрын маань удаах томилолт нь ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын өндөр хариуцлагатай албан тушаал бөгөөд түүний академийн захирлаар ажилласан он жилүүдийн бүтээлч үйл ажиллагааг тоочих аваас сонины “талбай” үнэхээр багадам аж. Энд зөвхөн нэг жишээг тодруулахад түүний захирлаар ажилласан он жилүүдэд 5 удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй, цэргийн дээд боловсролтой 140 гаруй офицерыг төгсгөсөн нь өдгөө төрийн цэргийн байгууллагууд болон харьяа ангиудын удирдах албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж байгаагаар тодорхойлогдоно. Тэрчлэн академийн үндсэн дамжааг БНСУ-ын хоёр цэргийн алба хаагч дүүргэж, тус академид БНХАУ-ын гурван офицер суралцаж магистрын зэргийг амжилттай хамгаалсан юм. Түүний зэрэгцээ тус академийн эрдэмтэн багш нар, материаллаг баазыг түшиглэн НҮБ-ын цэргийн ажиглагчийн болон штабын офицерын дамжаа, аюулгүй байдал, стратегийн дамжаа, албаны дарга, батальон, ротын захирагч, түүнтэй адилтгах албан тушаалтнуудын дамжааг олон удаа зохион байгуулах ажлыг чадварлаг удирдаж ирснийг нь үнэлэх албан тушаалтнууд, шавь нар нь маш олон гэдэгт эргэлзэх юун билээ.
Өдгөө бригадын генерал Н.Энхбаялаг ҮБХИС-ийн профессор хэмээх эрхэм цолыг хүртэж, Батлан хамгаалахын удирдлагын академийн профессор багшаар өндөр үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийнхнийг үлгэрлэн манлайлж яваагаар нь бид бүхэн цаг ямагт бахархах учиртай. 
Эрхэм генералын энгэрт гялалзах Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, төрийн цэргийн байгууллагуудын хүндэт тэмдэг болон бусад медалиуд нь түүний бахдам амжилт, бахархах үйлс бүрийн тодхон илэрхийлэл байсаар ирснийг энд онцлох учиртай.
Бригадын генерал Н.Энхбаялагийн насан туршийн халамжит хань, өдгөө чөлөөнд байгаа хошууч Р.Оюунчимэгийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэгэн үеийнхэн андахгүй мэдэх агаад тэрээр Зэвсэгт хүчний 123, 032, 310 дугаар ангийн санхүүгийн албаны дарга, мөн ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтнээр бахархал дүүрэн ажиллаж явсан нь бахдалтай.
Ийнхүү анхны тодотголтой эрхэм генерал, эгэлхэн агаад эрхэмсэг, эрдэмтэй бөгөөд бүтээлч хүмүүний талаар товч өгүүлэхэд ийм буюу.
Монгол Улсын анхны бригадын генерал Н.Энхбаялаг Танд болон нэгэн цаг үед цэргийн шинэчлэлийн бодлогыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлж явсан эрхэм генералуудад нь түүхт ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Б.Отгонбаяр
"Соёмбо" сонин