sonin.mn
Ан амьтдыг кинонд “тоглуулснаараа” тэр дэлхийд данстай. Оросын Г.Маленков, Н.Хрущёв, К.Ворошилов, Л.Брежнев, Германы В.Пик, Унгарын Я.Кадар, Вьетнамын Хо Шин Мин, Энэтхэгийн Жавахарлал Неру, Индира Гандиг монголчуудтай “уулзуулснаараа” дипломатч”. “Алтан өргөө”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой”, “Тус биш ус” зэрэг сэтгэлд дотно киногоороо урлагт тод мөртэй нэгэн. 
“Хангайд”, “Говьд”, “Аргаль угалз”, “Хар хөрсний булаг”, “Миний янзага”, “Хан Хэнтий нүцгэрэх үү”, “Рашаан булаг минь ариун байг” зэрэг баримтат бүтээлээрээ хойч үедээ их өв үлдээсэн эрхэм хүн. Түүний ид хийж бүтээж явсан он жилүүдэд техник, технологи одоогийнх шиг хөгжөөгүй байсан тул амьтдыг унтуулах, чип зүүж, сэргэснийх нь дараа зураг авч, компьютер график ашиглан, олны хэсгийг орлуулж байсангүй. 
 
Ухааны бяр, тэвчээр зааж амьд байгалийг, амьтдыг, ховор агшин, үнэт дурсамжийг дуран хальснаа буулгадаг байсан үе авай. Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урлагийн алтан үеийнхний нэг, зураглаач, найруулагч О.Уртнасан агсныг ийн дурсахад таатай байна. Хурц хараа, мэдрэмж өндөртэй түүнийг Ардын уран зохиолч Т.Галсан “Өвгөн бүргэд” хэмээн зүйрлэсэн нь бий.
 
УЛСДАА ӨРХ НЭМЖ, ДУРСАМЖ ДҮҮРЭН АМЬДАРСАН ОН ЖИЛҮҮД
 
Төр, засаг нэг үе наймдугаар ангийн сурагчдад ямар нэг мэргэжил эзэмшүүлэх бодлого хэрэгжүүлж, тал бүрийн дугуйланд хуваарилдаг байж. Тухайн үед I сургуулийн наймдугаар ангийн сурагч С.Ямаахай охин урлагт дуртай, хөгжим тоглодог байсан тул гэрэл зургийн дугуйланд явах болжээ. Хамт хуваарилагдсан ангийнхаа дөрвөн хүүтэй хамт одоогийн “Зориг” сангийн байранд очиход гэрэл зургийн багш нь эзгүй байв. 
Төд удалгүй гаднаас багш ирсэн нь I сургуулийг төгсөгч О.Уртнасан. Долоо хоногт нэг удаа хичээллэдэг дугуйлан тарахад багш нь ахиу даалгавар өгдөг байж. Аав, ээж нь танхи ганц охиндоо танилаасаа зургийн аппаратыг нь зээлж өгөн, дуртай сонирхолтой зүйлийг нь чадахаараа дэмжжээ. Мөн зураг угаах төхөөрөмж ч авч өгсөн гэдэг. Хөгжимчин охин зургийн дугуйлангаа тараад ангийнхаа дөрөвтэй хамт Ленин клубийн автобусны буудал руу алхахад багш нь дагаад байна уу гэлтэй нэг үзэгдэн, нэг алга болдог байсныг С.Ямаахай гуай хуучлав. 
Намар эхэлсэн сургалт хавар нь дууссан байна. С.Ямаахайн ээж I сургуульд ажилладаг бөгөөд тухайн үед жирэмсний амралттай байжээ. Охин нэг өдөр хичээлээ тараад ангийнхнаа дагуулан гэртээ иртэл гэрэл зургийн багш нь хичээл давтдаг ширээ төдийгүй сандлыг нь эзэгнэчихсэн “Огёнок” сэтгүүл уншаад сууж байсан аж. Ээж нь “Манай гудамжинд явж байхтай нь таарлаа. Гэрэл зураг хачин сайн авдаг гэнэ. Хүүгийнхээ зургийг авхуулъя” хэмээн их л бахдангуй ярьжээ. Охин юу ч бодсонгүй ангийнхантайгаа зуух тойрон сууж, хоол цайгаа идэн шуугилдсаар орой болгожээ. Ер нь хөдөөгийн сурагчид өдөртөө тэднийд өнжиж, хооллож ундалдаг байсан гэдэг.
 
 
Монреалын олимпын үеэр О.Уртнасангийн авсан зураг
 
Багш нь ойр ойрхон ирж дүүгийнх нь, улмаар ээж, аавынх нь зургийг авдаг болов. Сүүлдээ ямар шалтгаанаар ирсэн нь мэдэгдэхгүй, сургуулиас ирэх болгонд өнөөх сэтгүүлээрээ нүүрээ далдлаад гэрт нь суудаг болсон аж. Ингэж орж гарсаар жилийн дараа 1950 онд багш нь алдарт Д.Жигжидийн хамт Герман руу Дэлхийн оюутан залуусын III наадамд оролцохоор явсан гэнэ. 
Ирэхдээ шавьдаа давхиж буй унаганы дүрстэй энгэрийн зүүлт, зөөгчийн дүрстэй давсны сав бэлэглэсэн нь товчхондоо галыг минь манаж, өрхийг минь татаач хэмээн сэтгэлээ илчилсний илэрхийлэл байсан болов уу. О.Уртнасан өдөр алгасахгүй гэрт нь ирчихээд ихэнхдээ үг дуугарахгүй, хааяахан “За явлаа” гэхээс өөрийг хэлдэггүй байж. Харин 10 дугаар ангид орох жил нь анх удаа “Чи ямар мэргэжил сонгох вэ” гэж асуужээ. С.Ямаахай “Ямар ч хамаагүй ээ. Гол нь ЗХУ-д суралцах сонирхолтой” гэж хариулахад О.Уртнасан “Би ч ЗХУ явах хуваарь хөөцөлдөнө өө” гэжээ. Улмаар С.Ямаахай багшдаа дасаж, ирэхгүй нэг өдөр өнжвөл нууцхан хүлээдэг болсноо аз жаргалтайгаар дурссан билээ. 
 
О.Уртнасан гуай анх ингэж ирээдүйн эхнэрээ “эргүүлсэн” түүхтэй. Хожмоо “Сэтгэл татагдаад гэрийг нь мэдэх санаатай хичээлийн дараа өдөр бүхэн араас нь дагадаг байв” хэмээн дурсжээ. Ангийнх нь хөвгүүд салж өгөхгүй тул зовоод зайнаас ажиглаад алхдаг байсан гэнэ. Улмаар дурлалт бүсгүйтэйгээ “санаандгүйгээр” тааралдчих санаатай усны гудамжаар өгсөж яваад ээжтэй нь уулзжээ. С.Ямаахайн ээж О.Уртнасанг харуут “Манай сургуулийн хүү байна шүү дээ. Гэрт ор цай уу, хоол ид” хэмээн дотно хандсан гэнэ. Улмаар гэрэл зургийн багш болсон хэмээн хуучлахад нь хүүхдийн зураг авч чадах уу хэмээн асуужээ.
 
О.Уртнасан уухайн тас “Чадна” хэмээн хариулж дахин ирэх “виз”-ээ авсан гэдэг. С.Ямаахай 10 дугаар анги төгсөх үедээ хөл хүнд болсон тул ОХУ руу явалгүй, Намын төв хорооныхноос зугтжээ. Гэхдээ Анагаахын дээд сургуульд элссэн аж. 1952 оны наймдугаар сард О.Уртнасан хар чемондан бариад ороод иржээ. Ингээд есдүгээр сар болж, ЗХУ руу Ленинградын кино инженерийн ангид суралцах хүртлээ хадмындаа амьдарсан гэдэг. Хосуудын гэр бүл болсон түүх ийм. 1953-1960 онд дөрвөн хүүхдийн ээж, аав болсон байна. Хожмоо 1959 онд нэгдүгээр 40 мянгатад байртай болж, өрх тусгаарласан юм. Өдгөө анх хүргэн орохдоо барьж ирсэн хар чемоданыг нь хадгалсаар байгаа гэсэн. Эрхэм зураглаач гэрийн бараа харна гэж байхгүй, хөдөө, гадаа байнга томилолтоор явдаг. Тиймээс хүүхдүүдээ өсөж томроход дэргэд нь байгаагүй. Эцэг, эхийн хуралд нэг удаа ч суусан түүхгүй. 
Ямар сайндаа гэрлээд 20 гаруй жил болсныхоо дараа хосууд О.Уртнасангийн гэртээ байсан хугацааг тооцож гаргасан байна. Ингэхэд 10 гаруй жилийг гадаад, дотоодод томилолтоор явж, ажилтай байсан зэргээр гэртээ хоноогүй өнгөрүүлсэн гэх тооцоо гарчээ. Айлын ганц охин, дээрээс нь дур зоргоороо өссөн ч ханийгаа нэг удаа ч аашилж, зэмлээгүй тухайгаа С.Ямаахай гуай дурссан. Дуртай зүйлээ хийхэд нь саад болоогүй. Хань минь дуртай ажлаа хийж байсан учраас амжилт гаргасан хэмээсэн.
 
 
 
ХАВРЫН ЦАС ХАНЗРАНГУУТ ТОМИЛОЛТООР ЯВДАГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ
 
О.Уртнасан дунд сургуульд байхаасаа л чүдэнзний хайрцаг нэг нүдэндээ тааруулж барьчихаад зураг авч буй мэт “Чик чик” гэж хэлдэг байсныг ангийнхан нь дурсдаг аж. Байгальд маш их хайртай тэрбээр Монголын 21 аймаг 330 сум, 33 говиор хэдэнтээ аялснаараа ихэд бахархдаг байж. Түүний хэрэглэж байсан Монголын газрын зургууд өдгөө үнэт өв болон үлджээ. Зөвхөн аргаль угалзын зураг авах гэж гэртээ үзэгдэхгүй шахам хээрээр гэр, хэцээр дэр хийж хоёр жил явжээ. 
 
Шувууны зураг авахаар Хар ус нуур руу сар гаруй яваад ирэхдээ бөөстсөн байсныг С.Ямаахай хэлсэн. Биеэр нь дүрэн тууралт гарч улайсан байжээ. Ер нь байнга амьтдын зураг авахаар хөдөөгүүр олон хоногоор бадарчилдаг тул биеэр нь харшил туурч өвдөх нь олонтоо тохиолддог. Тэр болгонд эмчилгээ хийлгээд хагас дутуу эдгээчихээд эргээд зургандаа явдаг байсан гэх. Хаврын цас ханзрахтай уралдаад ичсэн амьтдын зураг авахаар томилолтоор явдаг бичигдээгүй хууль тэдний гэрт үйлчилж иржээ. Ингэж яваад гурван ч удаа хатгалгаа тусаж, эм тарианд орсон гэнэ. 
 
Амьдралаа, амиа кинонд зориулсан тэрбээр машины бүхээгт ч тухтай суулгүй нэг бол тэмдэглэл хөтөлж, үгүй бол зураг авдаг. Хэрэгт дурлаж машинд бичсэн тэмдэглэлийг нь сонирхлоо. Хорвоогийн хамгийн “муухай” бичигтэй хүн юм уу гэж бодогдмоор эрээчсэн байв. Харин гадаадад томилолтоор явахдаа хөтөлсөн тэмдэглэлийг нь харахад дэлхийн хамгийн сайхан бичигтэн үү гэмээр цэгцтэй, намбай гэгч нь монгол бичгээр бичжээ. Ингэж гадаадынханд үндэсний бичиг соёлоороо гайхуулж явсан нэгэн. 
Ю.Цэдэнбал дарга гадаадад айлчлахдаа О.Уртнасанг заавал авч явна хэмээн захиалдаг байж. Ч.Лодойдамба гуай ч О.Уртнасангийн ур ухааныг олж хараад олон чухал ажил даалгаж байсан гэдэг. Их зохиолч өөрөө хөөцөлдөж байж, Франц, Германаас холоос татдаг дуран авч өгчээ. Зураглаач ч итгэлийг нь алдаагүй юм. Тэтгэвэрт гарахад хамт олон нь хайртай дуранг нь зураглаачид дурсгасан байна. Түүний гэргий эл дуран болон бусад бүтээлийг нь Театрын музейд хадгалуулахаар болжээ. Байгаль, ан амьтанд хайртай О.Уртнасан гал, ус руу орохоос ч халширдаггүй байж. Нэг удаа ойн түймэр дэгдэж, дүрэлзэн шатах гал дундаас зээрүүд амь тэмцэн гарч иржээ. 
Хүн, амьтан зугтаж байхад О.Уртнасан тухайн агшныг хальсандаа буулгаж, хүмүүс байгаль дэлхийд хэрхэн ээлгүй хандаж байгаа талаар баримтат кино хийжээ. Аливаа үйл явдлыг мэдэрч, дотор нь орж, сэтгэлээ зориулдаг нь бүтээлүүдээс нь харагддаг. Жишээ нь, “Говь” баримтат кинонд нь тэндхийн бүх амьтныг оруулсан нь түүнийг ямархан чансаатай зураглаач болохыг илтгэнэ. Монголын кино урлагт 60 гаруй жил зүтгэж, хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг. 
 
Тэрбээр Ц.Цэгмэд, Т.Цэвээнжав, А.Цэрэндэндэв, Ч.Долгорсүрэн нарын алтан үеийн олон жүжигчин, Д.Жигжид Ч.Лодойдамба зэрэг алдартантай мөр зэрэгцэн ажиллаж, Монреалын олимпоос З.Ойдов, Мехикогийн олимпоос Ж.Мөнхбат мөнгөн медаль авсан торгон агшныг аргамжиж үлдсэн авьяастан. О.Уртнасан амьд ахуйдаа эднийгээ үргэлж дурсдаг, халуун сэтгэлтэй нэгэн байжээ.
 
Тэрбээр 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр уран сайхны олон кинонд зураглаачаар ажиллажээ. 1960-аад оноос Монголын байгаль, ан амьтны тухай кино бүтээж эхэлсэн. 10-20 минутын кино бүтээхийн тулд гурван сар гаруй явж байж дүрс авах нь энүүхэнд. Энэ талаараа О.Уртнасан амьд сэрүүн ахуйдаа “Мазаалайн зураг авахын тулд зун явахаас өөр арга байхгүй. Өвөл болохоор иччихнэ. Зуны халуунд сүүдэр, сэрүүн газар бараадаад унтчихдаг. Шөнө идээшилдэг амьтан. Гэтэл шөнө аппарат маань дүрс авч чадахгүй. Хүчин чадал муутай. 1966 онд мазаалайн зураг авахаар явахдаа нэг мазаалайг мөрдсөөр байгаад уул руу гаргаад алдчихсан. Хайсаар орой болчихсон. Сүүлдээ уул руу хий буудаж байж, нөгөө мазаалайгаа хадны хөндийгөөс босгож үргээсэн. Энэ мэтээр Монголын байгалийн онцлог, ан амьтны тухай өгүүлсэн кино бидэнд унтах зав өгдөггүй байв” хэмээн дурсаж байжээ. 
 
 
Удахгүй О.Уртнасан агсны мэндэлсний 90 жилийн ой тохионо. Үр хүүхдүүд нь нэгмөсөн 100 жилийн ойг нь тэмдэглэхээр төлөвлөж байсан ч, хань нь 90 жилийг ойг тэмдэглэхээр шийджээ. Энэ тухайгаа С.Ямаахай гуай “10 жилийн дараа би амьд байгаа ч уу, үгүй ч үү. Тиймээс хүүхдүүддээ өнөө жил ойг нь тэмдэглэе гэж хэлсэн. Нас ахих тусам дурсамж мартагнах байх. Бүтээлүүдийг нь эмхэлж, Театрын музейд хадгалуулахаар шийдсэн. Намайг амьд сэрүүнд аавынхаа бүтээсэн түүхийг мөнхлөөд ав гэж захисан” хэмээн ярив.
 
Д.Мягмаржаргал
 
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин