sonin.mn
УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн алдарт “Тоска” дуурийг амжилттай тоглолоо. Энэ удаагийн тоглолтын онцлог нь дуурийн гол дүр болох Скарпьягийн дүрийг ОХУ-ын Красноярск хотын дуурийн театрын гоцлол дуучин Андрей Силенко урилгаар ирж, бүтээсэн юм. Түүнтэй ярилцлаа.
 
 
-Таны бүтээсэн Скарпья гайхалтай. Монгол үзэгчид танд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна?
 
-Анх удаа танай сайхан орны тайзан дээр дууллаа. Тоглолт үнэхээр сайхан болсон. Монголын театр, үзэгчид намайг халуун дулаан, элгэмсэг дотно хүлээж авсанд баяртай байна.
 
-Монгол Улсад өмнө нь ирж байв уу. Манай улсын тухай төсөөлөл тань ямар байсан бэ?
 
-Монгол Улсад анх удаа ирж байна. Анхны сэтгэгдэл үнэхээр сайхан. Яг л миний бодож, төсөөлснөөр их сайхан ард түмэн байна. Төсөөлөл зөрсөнгүй. Уран бүтээлчид нь ч авьяастай, чадвартай юм.
 
-“Тоска” дуурьт та өмнө нь олон удаа дуулсан туршлагатай байх даа?
 
-“Тоска” бол гайхалтай бүтээл. Дуурийн утга агуулга нь сонгодог урлагт хайртай хүн бүхнийг соронзон мэт татсаар ирсэн. Мөн зөвхөн хөгжмийг нь сонсоход их гайхалтай мэдрэмж төрдөг. Ж.Пуччинийн яахын аргагүй мөнх бүтээлийнх нь нэг юм.
 
-Та дүрийнхээ тухай тодруулаач. Скарпьяг анх бүтээхэд хэцүү байсан уу?
 
-Скарпья бол эсрэг дүр. Тэр хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд хэний ч санаанд оромгүй зүйл хийдэг. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү авьяас, мэдрэмж, хөдөлмөр шаарддаг. Мэдээж эхлээд дүрээ судлахад бэрхшээлтэй зүйл олон байсан. Гэхдээ дүрээ ойлгоод ирэхэд тийм ч хэцүү санагдаагүй.
 
-Энэ удаа та манай дуурийн урлагийн чадварлаг эмэгтэй дуу­чин болох Б.Эрдэнэтуяатай хам­тарлаа. Түүний тухай юу хэлэх вэ?
 
-Б.Эрдэнэтуяа үнэхээр гайхалтай уран бүтээлч. Хамт тоглоход ямар ч бэрхшээл байгаагүй. Учир нь тэр их туршлагатай. Бид бие биеэ сайн ойлгож, мэдэрч тоглосон шүү.
 
-Б.Эрдэнэтуяа гавьяатыг өмнө таньдаг гэж байсан?
 
-Бид эртний танилууд. Б.Эрдэнэтуяа Красноярск хотод очиж, тоглолтод дуулж байсан юм. Тэр үеэс уран бүтээлчийнх  нь хувьд таньдаг болсон. Их хүчтэй хоолойтой, чадварлаг уран бүтээлч гэж үнэлдэг.
 
-Танд дуучин Б.Эрдэнэтуяагаас өөр монгол танил, дуучин бий юү?
 
-Одоохондоо олон танил байхгүй. Харин удирдаач Ж.Бүрэнбэхийг мэднэ. Манай хотод очиж байсан юм. Би энэ сарын 24-нд Монголд ирсэн. Бэлтгэл эхэлсэн үеэс танай уран бүтээлчидтэй танилцаж байна. Магадгүй цаашид их сайхан найзууд болох байх.
 
 
-Таны хувьд 2001 оноос театртаа ажилласан гэж байсан. Уран бүтээлийн хувьд арвин туршлага хуримтлуулсан байх?
 
-Би ажиллаж эхэлсэн үеэсээ театрынхаа бүх уран бүтээлд оролцож эхэлсэн. Энэ хугацаанд “Тоска”, “Риголлето”, “Севилийн үсчин”, “Турбадур”, “Игорь ван” гээд баритон хоолойтой дуучны дуулах ёстой уран бүтээлд тогтмол дуулж ирлээ.
 
-Танай театрт олон улсын уран бүтээлч олонтой юу?
 
-Манай театр Сибирьтэй их ойрхон учир уур амьсгалын хувьд хүйтэн. Тиймээс гаднаас дуучин зорьж ирэх нь бага. Нэг Болгар дуучин бий. Харин балетын ангид Итали болон Японоос ирсэн бүжигчид байдаг.
 
-Монгол Улс таны анхны гадаад орон биш байх. Өмнө нь ямар орнуудын театрт дуулж байсан бэ?
 
-Театрынхаа уран бүтээлчидтэй олон сайхан оронд очиж, сонгодог урлагаа сурталчилж байлаа. Гэхдээ байнга аялан тоглолт хийх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Бид хуваарийн дагуу төлөвлөгөөгөө гаргадаг. Үүнээс Англи, Серби, Итали орныг онцолж болох юм. Очсон газар бүхэн биднийг их сайхнаар хүлээж авдаг.
 
-Таныг театртаа анх урилгаар ажиллаж эхэлсэн гэж сонссон?
 
-Би 1996 онд найрал дууны удирдаач мэргэжлийг эзэмшсэн. Харин 1998-2003 онд дуурийн дуучин мэргэжлээр сурч төгссөн. III дамжаанд байхдаа театртаа урилгаар орж ажилласан юм. Анх орчихоод Англид аялан тоглолт хийж байснаа мартдаггүй. Одоогоор амьдралынхаа 18 жилийг сонгодог урлагт зориулж байна.
 
 
-Яагаад дуучин болохоор шийдсэн юм бэ?
 
-Ээж минь дуурийн театрт ажилладаг уран бүтээлч хүн байсан. Тиймээс миний хүүхэд нас сонгодог ур­лагтай салшгүй холбоотой. Ээжийгээ дагаж театрын уран бүтээлийг үзэж, дуучдыг биширч өссөн учир энэ мэргэжил надад их үнэ цэнэтэй, сайхан санагддаг юм.
 
-Монголд ирэхээсээ өмнө ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
 
-Хамгийн сүүлд энэ сарын 21-нд “Турбадур” дуурийн Ди Лунагийн дүрд дуулчихаад ирсэн. Харин эх орондоо очоод теат­рын төлөвлөгөөний дагуу А.П.Чайковскийн бүтээлд дуулах төлөвлөгөө гарсан.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин