sonin.mn
...Өөрийгөө хайсаар л явна, хүн ер нь өөрийгөө олно гэж байдаггүй, өөрийгөө олчихвол амьдрал утгагүй болдог...  гэх мэт яриаг  бид бишгүй сонсож, уншдаг.  Дэлхийн суутнууд, гүн ухаантнууд эдгээр яриаг батлах мэт  урам зориг, ухаарал  нэмэх үгс   хэлсэн байдаг нь ч оргүй зүйл биш байх. Хүн өөрийгөө,  зан араншин,  ухамсар,  хүмүүжил, нийгмийн харилцаан дундаас хайсаар байгаа тухай дэлхийн бүх сэтгэл судлаачид насаараа судлаж их энгийн хэн ч анзаардаггүй зүйл байсныг  нотолсоор байгаа гэнэ. 
Яагаад зарим хүмүүс яриасаг байхад зарим нь үгээ цэгнэдэг вэ? Яагаад зарим хүмүүс ажлын хэнээтэй байхад зарим нь хамт олны нийллэг зохион байгуулдаг вэ? Яагаад зарим хүмүүс эрх мэдэлд дуртай байхад зарим нь удирдах бас удирдуулах дуртай байдаг вэ? Дотогшоо  хүмүүс удирдагч байж чадах уу? Гадагшаа хүмүүсийг үнэлэх үнэлэмж маань байгалийн зөн совин уу? Эсвэл нийгмийн дэг журам уу? 
Орчин цагийн сэтгэл судлаачид тархины үйл ажиллагааг хянагч техник технологийн тусламжтайгаар бидний ертөнцийг үзэх үзлийг цаашлаад өөрсдийгөө харах өнцгийг өөрчлөх нээлт хийсээр байгаа тухай олон олон сонирхолтой жишээ, баримт “ДУУГАЙ” номонд бичигджээ. Уг номын зохиогч Сьюзан Кейн уг бүтээл дээр 2005 оноос хойш албан ёсоор ажиллаж эхэлсэн гэх боловч үндсэндээ  албан бусаар  насанд хүрсэн цагаасаа хойш ажиллаж байгаа  гэхэд хилсдэхгүй. 
 
 
Уг номын агуулгад  багтсан  санаа,  бараг өгүүлбэр бүр нь  олон судлаач эрдэмтдийн нөр их бүтээл юм. Өнөөдөр бид хэт явцуу зан араншингийн хэв маягт хавчигдаж,  агуу байхын тулд зоримог, аз жаргалтай байхын тулд нийтэч бай хэмээн зааж, сургаж, зөвлөх  болсоноор бид ГАДАГШАА  хүмүүсийн нийгэмд  хэн гэдгээ мартахад хүрсэн байна.  Тэгвэл уг номонд хүмүүсийн зан чанар, өгөгдлийг ерөнхийд нь хоёр хэсэгт хуваасан байхтай танилцах болно. 
 
Өөрөө хэлбэл ДОТОГШОО ба ГАДАГШАА  хүмүүс. “ДУУГАЙ” энэ ном танд  өөрийгөө болон  ойр дотныхон,  хамтран зүтгэгчид, за тэгээд ер нь хэнийг ч санаандаа багтаасан бай түүнийг тань төвөггүйхэн  тодорхойлоход дөхөм үзүүлнэ. 
 
Зохиогч  энэ номыг  бичиж эхлэхдээ Интроверт болон Экстраверт гэдэг мэргэжлийн үг хэллэгтэй хамгийн анх нүүр тулж, түүнийг нь  судлаачид яг юу гэж  тодорхойлсон болохыг  мэдэхийг хүсчээ.  Дэлхийн нөлөө бүхий  сэтгэл судлаач Карл Юнг 1921 онд хэвлүүлсэн “Сэтгэл зүйн төрлүүд” хэмээх гайхалтай бүтээлдээ хүний сэтгэлзүйн үндсэн хоёр төрөл нь Интроверт, Экстраверт буюу ДОТОГШОО  ба ГАДАГШАА-г тодорхойлсноор энэ нэр томьёог дэлгэрүүлжээ. Чухамдаа Юнгийн тайлбарласнаар Интроверт гэдэг нь өөрийн бодол санаа, мэдрэмжиндээ төвлөрдөг, дотогшоогоо хүн бол,  Экстраверт гэдэг нь бусад хүмүүс болон гадаад орчинд татагддаг гадагшаа хүн юм. Дотогшоо хүмүүс эргэн тойронд нь болж байгаа үйл явдлыг өөрийнхөөрөө дүгнэж ойлгохыг чухалчилдаг бол, гадагшаа нэгэн тухайн үйл явдалд шуудхан оролцдог  байна. Түүнчлэн дотогшоо хүн ганцаараа байж өөрийгөө цэнэглэдэг бол,  гадагшаа нэгэн бусадтай хамт байж өөрийгөө цэнэглэдэг аж. Мөн ажлын талбарт ч өөр өөрийн онцлог нь илэрч байдаг. Гадагшаа нэгэн ямар нэгэн ажлыг шууд хийж гүйцэтгэх гэж хичээдэг бөгөөд аливаа шийдвэрийг хурдан гаргах гэж яардаг. Түүнчлэн олон ажил зэрэг амжуулж эрсдэл хүлээх дуртай. Мөнгө албан тушаалын төлөө бүхнийг “элдэж хөөдөг” хүмүүс байдаг гэнэ. Харин дотогшоо  хүмүүс ажлыг алгуур нягт нямбай, нэг нэгээр нь хийж, төвлөрч сууж чаддаг,  мөн эд хөрөнгө, алдар нэрд шунаад байдаггүй гэсэн байна. 
Гэхдээ дотогшоо хүмүүс өөрсдөөсөө  ч хүртэл нуугдах болсон шалтгаантай гэнэ.  Учир нь бид Экстроверт төгс байдал, буюу бусадтай нийцтэй, сүргийн манлай, олны өмнө гарч чаддаг нэгнийг тахин шүтдэг нийгэмд амьдардгаас тэр. Гадагшаа  хүмүүс бодох бус хийх, болгоомжлох бус шавдах, эргэлзэх бус итгэлтэй байхыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, буруу байж болох ч хурдан шийдэлд хүрэхийг хүсдэг төдийгүй багаар ажиллаж чаддаг нэгэн гэсэн үг.  Мөн түргэн ярих нь чанга ярихтай адилхан буюу хурдан ярьдаг хүмүүсийг удаан ярьдаг  хүнээс илүү чадвартай, сэтгэл татам гэж тодорхойлсон байдаг. Хамт олны дунд ч адил байдаг буюу их ярьдаг нь дуу цөөтэй нэгнээс илүү ухаалаг гэж харагддаг гэдгийг онцгойлжээ. 
Иймээс дотогшоо  зан нь мэдрэмтгий, нухацтай, бас ичимхий  улмаар урам хугаралт болон сэтгэцийн өөрчлөлтийн дунд хавьцаа эрэмбэлэгдэх болсон байна. Үнэндээ ГАДАГШАА хүмүүсийг шүтсэн,  төгс байдлыг эрхэмлэгч нийгэмд амьдарч буй дотогшоо хүмүүс эрчүүдийн ертөнцөд хөлөө олохыг хичээж буй эмэгтэйчүүдтэй адил гэж зүйрлүүлсэн нь байг оносон мэт... 
 
Гэхдээ бид энэ гадагшаа, нээлттэй, нүүрэмгий байдлыг сохроор тахин шүтсэнээр алдаж байгаа гэдгээ ойлгох нь чухал. Тэгээд ч хувьсгалын онолоос эхлээд ван Гогийн наран цэцэг, компьютер гэх мэт техник технологи, шинжлэх ухаан, урлагийн сор болсон бүтээлийг өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж мэддэг, дуугай, нухацтай хүмүүс туурвисан байдаг. 
 
Хэрвээ дотогшоо хүмүүс байхгүй байсан бол бидэнд: 
- Таталцлын онол
- Харьцангуй онол 
- Йейтсийн “Хоёр дахь айлчлал”
- Шопены аяз
- Прустын “алдагдсан цагийн эрэлд”
- Питер пэн
- Оруэллын “1984”, “Амьтны фирм”
- Малгайтай муур
- Чарли браун 
- Гүүгл
- Харри потер  зэрэг бүтээлүүд байхгүй байх байлаа.
Яагаад гэвэл хүн гэдэг ярвигтай бодьгал. Мөн гадагшаа болон дотогшоо хүмүүс дотроо олон янз байдаг учраас   энэ хоёр зан авир нь бусад зан ааш болон тухайн хүний хүмүүжилтэй холилдож тоо томшгүй олон өөр төрлийн хүнийг бий болгосоор байна... 
Олонхи  ДОТОГШОО  хүн “хэт мэдрэмтгий” гэдэг нь уянгын халилтай мэт сонсогдож болох ч сэтгэл зүйн жинхэнэ нэр томьёо юм. Иймээс та дотогшоочуудын ертөнцөөр аялж, ТАНЫ мэдэхгүй ТА-г тодорхойлсон, сэтгэл судлалыг гайхалтай зохиолоор өөрийгөө цэнэглээрэй. 
Бүрэг даруу хэрнээ яаж эр зоригтой байх юм бэ? Дуугай байдал яагаад хүчирхэг байж болохгүй гэж? Дуугайг үнэлэх бидний мэдэхгүй өөр бусад ямар хүчин зүйлс байдаг вэ? Энэ бүх асуултын хариултыг дэлхийн бүх ДУУГАЙ хүмүүсийн өмнөөс хариулах  болноо... 
 
 
 
Тэмдэглэл бичсэн А. Навчаа  2019.04.28