sonin.mn
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 40 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Тэгвэл энэхүү түүхэн цаг хугацааны тэн хагас буюу 20 шахам жилд нь тус ангийн захирагчаар ажилласан бэлтгэл хурандаа, Монгол Улсын манлай уяач Ц.Баасттай уулзаж ажил, амьдралынх нь замналын тухайд хөөрөн сийрүүлэв. 
 
“ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР-ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ” ГЭДЭГ ҮГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГГҮЙ 
 
Бэлтгэл хурандаа Ц.Бааст 1949 онд одоогийн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Дайргат” хэмээх газар малчин ард З.Цэрэндоржийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний өвөг эцэг болон аав, ээж нь нутаг хошуундаа нэр хүндтэй, маш хөдөлмөрч улс байж. Тэр бээр энэ тухайд хуучлахдаа “Аавын минь аав Зэрлэг гэж мал аж ахуй, газар тариаланг гайхалтай сайхан эрхэлдэг, ажлын төлөө төрсөн мэт хүн байсан юм. Нутгийн зон олон Жууж хэмээн авгайлах бөгөөд хөгшин аавын үгнээс зөрдөг нэг ч хүн байгаагүй. Түүнчлэн хөгшин ээж Зэгд гэж гаргууд сайн саальчин байлаа. Ийм хөдөлмөрч өвөг дээдэс, гэр бүлд төрж, өссөн хүүхэд хар багаас аливаа ажилд нухлагдах нь дамжиггүй шүү дээ. Жаахан хэтрүүлээд ярихад манай хөгшин аав хоёр, гурван настайгаас маань гараас хөтлөөд л ажлын зах зухаас зааж сургадаг байлаа” хэмээсэн юм. Нээрээ л мал аж ахуй, газар тариалангийн ажил ямар хийж барагдах биш. Хонь хариулах, хадлан тэжээл бэлтгэхээс эхлээд хийхгүй ажил гэж түүнд байгаагүй нь лавтай. Ямартаа л “Зуны халуунд өдөрт хоёр удаа хонь саана, саах нийлүүлэх гэж том ажил надад оногдоно. Аагим халуунд ангаж цангахгүйн тулд мөлгөр чулуу хүлхээд л хонио тууна. За тэгээд намар аажуу өнөө саалийн олон үнээгээ саана. Үүр цайхтай зэрэгцээд л томчууд саальдаа гарна, тугал ивэлгэж өгөх нь бидний хийх ёстой ажил учраас дагаад л гарахаас аргагүй. Намар аажуу хөл нүцгэн л үзэж тарна, хөлөө даарвал үхрийн халуун баасанд дулаацуулж аваад л ажилдаа шуударна. Мөн үүрийн дөрвөн цагт босоод л аавтайгаа хамт сумын төвд цөцгий хүргэж өгөхөөр тэмээнд ачаалаад явна. Ийм л маягаар би ажлын талбарт өсөж өндийж хүн болсон” гэж хуучлах вэ дээ. Ингэж л нялх балчраасаа хар бор ажилд нухлагдаж, түүний амт, үр өгөөж, урмаар тэтгэгдэж өссөн хүн “тэвчишгүй хөдөлмөр-хүүхдийн хүчирхийлэл” гэдэг үгтэй санал зөрөхөөс яах вэ. Тэр бээр “Хөдөлмөр хүнийг жинхэнэ хүн болгон төлөвшүүлдэг юм, одоогийн хүүхдүүдээр иймэрхүү ажил хийлгэвэл хүүхдийн эрх зөрчсөн том хэрэгт унах байх шүү” гэж тодотгоод дээрх үгтэй үнэндээ санал нийлдэггүйгээ учирласан юм. 
 
АРМИТАЙ ХОЛБОГДОЖ “АР ТАЛ”-ААР ДАГНАВ 
 
Тэр бээр 1968 онд хугацаат цэргийн албанд мордсоноор Зэвсэгт хүчин хэмээх их айлд бүл нэмжээ. Тодруулбал тухайн үеийн Ардын Армийн 084, 026, 144 дүгээр ангид хугацаат цэрэг, жолооч, 1971-1976 онд Ардын Армийн 144 дүгээр ангид засварын механик-жолооч, 1977-1988 онд Төв аймгийн Баянчандмань дахь сангийн аж ахуйн орлогч дарга, Цэргийн сангийн аж ахуйн орлогч дарга, Ардын Армийн 298 дугаар ангийн ар талын орлогч дарга, 1988-2004 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчаар ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлж сууна.  Эл хурандааг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллагад ар тал, хөдөө аж ахуйн чиглэлээр 40 шахам жил ажиллаж, аж ахуйг эрхлэн удирдах, удирдсан нэгжийн үйл ажиллагаанд эдийн засгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, хамт олны эвсэг, бүтээлч идэвхийг өрнүүлж Зэвсэгт хүчний болон анги, байгууллагын өмнөх зорилтыг шийдвэрлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж, тодорхой үр дүнд хүргэсэн мэдлэг туршлагатай, жинхэнэ “ар талын хүн” гэдгийг бататгах зүйл олон аж. Тухайлбал, түүнийг Цэргийн сангийн аж ахуйн орлогч даргаар ажиллаж байхдаа маш олон ажлыг санаачилж, тэдгээрээ үр дүнтэй хэрэгжүүлэн тус сангийн аж ахуйг бэхжүүлэхэд гол тулгуур болсон хүний нэг гэдгийг би бээр сонссон юм. Энэ талаар өөрөөс нь лавлахад, “Цэргийн сангийн аж ахуй гэдэг чинь тухайн үедээ “юм, юмтай” их том айл байлаа. Энэ том айлын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, үр ашигтай ажиллуулах талаар нэлээд хичээж ажилласан” гэв. Тэр бээр ийн ажиллахдаа Зэвсэгт хүчний зарим анги, байгууллагын нормт хангалтын сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоог хямд зардлаар бэлтгэн нийлүүлэх, 800 үнээний эрчимжсэн саалийн фермийг үр ашигтай ажиллуулах, 850 га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах, үхрийн тэжээл, дарш бэлтгэх ажлыг гардан зохион байгуулж байж. Үүнээс гадна гахай, туулай, тахианы байрыг засаж тохижуулан, цахилгаан, дулааны асуудлыг нь бүрэн шийдвэрлэж үйл ажиллагааг нь хэвийн явуулснаар Улаанбаатар цэргийн хүрээний болон тухайн үеийн МАА-ийн 126, 167, 152 дугаар ангийг сүү, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангаж, жилд дунджаар 250-300 тонн үр тариа, 1,5 сая литр сүү, 20 тонн гахайн мах, 1,1 сая тахианы өндөг, 6000 орчим туулайн арьс бэлтгэн улсын үйлдвэрийн газруудад нийлүүлэн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлж жилд дунджаар 1,2-3,6 сая төгрөгийн ашигтай ажилладаг сангийн аж ахуй болсон нь энэ буурал хурандаагийн итгэл сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр өгөөжийн нэг илэрхийлэл аж. 
Үүнээс гадна Зэвсэгт хүчний 298 дугаар ангид ар талын даргаар томилогдон ажиллажээ. Мөн л анги, салбаруудын төрөл бүрийн хангалтын захиалга, төлөвлөлтийг бодит үндэслэлтэй хийх, үргүй зардлыг багасгах, сөрөг тээвэр хийхгүйгээр хангалтыг шуурхай зохион байгуулахад санаачилга гарган ажилласнаар хангалтын оновчтой тогтолцоог бий болгож, төсвийн хөрөнгийг хэмнэх, Батлан хамгаалах зардлыг багасган үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж чаджээ. Тэрчлэн ангийнхаа хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн хангалт үйлчилгээний албыг зөв зохион байгуулах ажлыг биечлэн удирдаж, хангалтыг зохих норм, журмын дагуу олгох, цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах, сургалт бэлтгэл, бэлэн байдлын түвшнийг дээшлүүлэхэд сэтгэлээ чилээж, энэ чиглэлээр олон ажил санаачлан бодит үр дүнд хүрчээ. Тодруулбал, тус ангийн ар талын бэлэн байдалд ахиц дэвшил гарч удаа дараагийн шалгалтаар хариуцсан алба нь дүүрэн хангалттай үнэлгээ авч, мал мах бэлтгэх, төмс, хүнсний ногоог бие даан тариалж нормт хангалтад нийлүүлэх, хүнс, хувцас, шатахууны хангалтыг тасралтгүй, шуурхай, ямар нэгэн доголдолгүй явуулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байсан тухайгаа хуучиллаа. 
Нийтлэлийнхээ зочны тухайн үед санаачлан нэвтрүүлж байсан бас нэгэн чухал ажлыг энд онцолъё.
 
Тэрээр цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд онцгой анхаарч цэргийн хоолны бүтцэд тоо, чанарын өөрчлөлт оруулах, хоол боловсруулалтын технологи, горимд ойртуулан төрөл бүрийн хоол бэлтгэх боломжийг бүрдүүлэх, бие бүрэлдэхүүнийг тухайн газар орны өвөрмөц байдал, тэдний хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уур, суурин болон хээрийн нөхцөлд хооллох боломжийг бий болгож хөнгөвчилсөн хээрийн хүнсийг урьдчилан бэлтгэж шаардлагатай үед зарцуулах журам боловсруулан холбогдох дээд шатны байгууллагаар батлуулан мөрдүүлсэн нь тухайн үедээ армийн ангиудад нэвтрүүлэх тэргүүн туршлага байсан төдийгүй хангалт үйлчилгээний үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой ажил болсон аж. 
 
АНГИЙН ЗАХИРАГЧААР АЖИЛЛАСАН ЖИЛҮҮД 
 
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн түүхэн замналын тэн хагас нь бэлтгэл хурандаа Ц.Баасттай салшгүй холбоотой. Зах зээлийн ороо бусгаа, хүнд хэцүү цаг үед тус ангийн бүхий л үйл ажиллагааг удирдах хариуцлагатай агаад хүндхэн үүрэгтэй нүүр тулж, хамгийн олон жил буюу 16 жил ажилласан эрхэм. Багагүй энэ хугацаанд ангийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтын хэд хэдэн удаагийн өөрчлөлтийн дагуу тус ангийг тайван цагийн орон тооны бие бүрэлдэхүүн болон табель хэрэгслээр нөхөн хангах, аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг хэвийн явуулах, ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бий болгоход чиглэсэн ажлуудыг санаачлан гардан зохион байгуулснаар тус анги Зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх бүрэн боломжоор хангагджээ. “Анх ажлаа аваад очиход анги хэцүүхэн л байсан. Хүн, мал нь хаана байгаа нь тодорхойгүй. Тэр цэрэг тийм айлд байгаа, төчнөөн мал тэнд бий л гээд байдаг, их бүрхэг. Тэгээд л хамгийн түрүүнд бие бүрэлдэхүүн, мал сүргээ бүртгэх, цуглуулах, данс тооцоо тулгахаас ажлаа эхэлсэн” гэв. Зөвхөн хүн, малаа бүртгээд түүний ажил зогсоогүй, ангийн үйл ажиллагааг төлөвшүүлэхийн тулд асар их ажил өрнүүлсэн нь ярианаас нь бэлхнээ ойлгогдох аж. Тоймлож хэлбэл ангийн хангалт, тохижилт үйлчилгээг жигдрүүлэх хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, зэвсэг, авто техник, хадлангийн техник, тоноглолын засвар үйлчилгээг хийх, дайчилгааны даалгавартай нөөцийн малыг тогтоосон хэмжээнд чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах, Зэвсэгт хүчний ангиудын нормт хангалтын мал, махыг бэлтгэх ажлыг чадварлагаар зохион байгуулжээ. Мөн төрийн торгон сүргийн агтыг анх бүрдүүлэх, мал сүргийг нь өсгөн үржүүлж, үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, нэгжээс гарах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, өөрийн өртгийг хямдруулахад чиглэсэн олон талт ажлыг амжуулж, бодит хөрсөнд буулгажээ. 
Түүний аливаад ул суурь, алсыг харсан холч ухаанаар ханддаг, хашир туршлагатай нэгэн болохыг бататган илтгэх олон ажил биеллээ олжээ гэдгийг ярианаас нь бэлхнээ ойлгов. Ангийнхаа ойрын болон хэтийн зорилтыг бодит үндэслэлтэй төлөвлөн хэрэгжүүлж, тухайн жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, анги байгууллагыг тохижуулах, мал мах бэлтгэх, өвс хадлан авах, өвөлжөө хаваржааг засаж тохижуулах, суурь зохион байгуулах, малыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт угаалга хийх, төрийн торгон сүргийн бүтцийг сайжруулахад онцгой анхаарчээ. Мөн төрийн ёслолын агтын цөм сүрэгтэй байх бодлогыг хэрэгжүүлж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас сүрэг нөхөн сэлбэх, удам угшилтай адуугаар сайжруулах, “Мал эмнэлэг-үзлэг үйлчилгээ”, “Сүргийн бүтэц-үүлдэр угсаа” дэд төслийн хүрээнд бүх малыг эмнэх, малын сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгаас шилмэл үүлдрийн үнээ, бух, өсвөр насны шүдлэн үхэр худалдан авах, Хэнтий аймгийн зэргэлдээх сумуудаас 400 хар хонь худалдан авч, каракул хонины суурийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, ашиг шимийг нь бүрэн ашиглах, малчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж урамшууллын системийг оновчтой зохион байгуулснаар малчдын мал маллагааны арга барилд ахиц өөрчлөлт гарч ажиллах идэвх урам сайжирсны үр дүнд тус ангийн мал 40 гаруй мянган толгойд хүрч 2002 онд түмэн төлийн баяр хийсэн гээд л тоочоод байвал энэ хурандаагийн хийсэн ажил мундахгүй. 
 
МОРИНД ХОРХОЙСОЖ МАНЛАЙ УЯАЧ БОЛОВ 
 
 
Бэлтгэл хурандаа Ц.Бааст Цэргийн сангийн аж ахуйд байхдаа Баянчандмань сумын халзан Шагдар, хазгар Шагдар хэмээх хоёр уяач буурлыг даган моринд хорхойсож эхэлсэн аж. Энэ тухай өгүүлэхдээ “Би хурдан моринд чин сэтгэлээсээ дурлаж, нэг хэсэг донтсон. Намайг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчаар томилогдон Хэнтий нутгийг зориход дотнын сайхан анд Ж.Чойжанцан /Төв аймгийн Ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч дарга, ШШГЕГ-ын дарга агсан/ маань “За, миний найз хурдтай нутаг руу явлаа, сайн уяач болох эхлэл, боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ боломжийг битгий алдаарай” гэж захиж билээ.
 
Моринд тэгтлээ дурлахад найзын минь энэ даалгавар ч нөлөөлсөн” гэв. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Цэрэндамба хэмээх хүнээс анхлан шүдлэн үрээ худалдан авч Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Аюушийг даган түүнээр зааварчлуулан уяа сойлгыг нь тааруулсан ба 1995 оны Үндэсний их баяр наадмаар улсад аман хүзүүдүүлснээр түүний амжилт эхэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш олон арван хурдан буянтай болж, улс, бүсийн олон наадамд сойж, нэг түрүү, 16 айраг авсан амжилтаар 2002 онд Монгол Улсын манлай уяач цол хүртжээ. 
 
Ийнхүү түүнийг алдартай сайн уяач, “ар тал”-аар мэргэшсэн асс, ард олныг төлөөлж аймгийн депатутаар сонгогдсон зүтгэлтэн гээд тал бүрийн авьяас билгийг нь дурдвал мундахгүй. Энэ олон талын ажлыг нугалж, ард нь гарахад ханийнх нь түшиг тулгуур хамгийн чухал байсан нь гарцаагүй. Түүний ханийг Д.Долгоржав гэдэг. Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын ХААДС-ийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Тэд таван охин, нэг хүү төрүүлж өсгөн ажил, амьдралынх нь захад хүргэжээ. Д.Долгоржав гуай хожмоо Хэнтий аймгийн Дэлгэрхааны нэгдэлд боловсон хүчнээр ажиллаж байгаад нэгдэл тарахад 50 хурга, нэг ишиг хувьчлан авч түүнийгээ өсгөн үржүүлсээр 2002 онд мянгат малчин болсныг энд онцлон тэмдэглэе.
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин