sonin.mn
Монгол хэлний товч тайлбар тольд “Төгс гэсэн үгийг дутуугүй бүрэн гүйцэд” хэмээн тайлбарласан байдаг. Тиймээс би бээр төгс дуу гэдгийг яруу найрагчийн үгийн урлан, ончтой сонголт, хөгжмийн зохиолчийн тансагхан агаад уянгалаг аялгууны цогц хэмээн үздэг бөгөөд зарим хөгжмийн зохиолчтой хүүрнэн суухад үнэхээр бахдам сайхан шүлгийн мөртүүдийг уншихтай зэрэгцэн аялгуу нь өөрөө төрдөг хэмээх бахархлын үгийг олонтоо сонсож билээ. Харин тэдгээр хөгжмийн зохиолч болоод яруу найрагчдын олны хүртээл болгохоор зохиосон дууг түмний сонорт хүргэж, сэтгэлд хоногштол үлдээх эсэх нь гагцхүү дуучны ур чадвараас ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, аливаа дуучны хувьд дууныхаа үгийг уран тод, өгүүлэмжтэй дуулсны үр дүнд тэрхүү дуу нь үзэгч, сонсогчдод яруу сонсголонтой хүрэх ба түүнийг төгс дуучин хэмээн хүндэтгэх учиртай. Чухамдаа тийм л шалгуур, шаардлагыг уран чадварлаг бөгөөд бүрэн дүүрэн хангаж, хотол түмнийхээ сонорыг мялаасан олон шилдэг дуугаараа хүндлэгдсэн төгс дуучны нэг нь Ж.Баатарсүрэн юм.
 
Өнөө жил Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дууны 50 жилийн ой тохиож байгаа ба ард түмэндээ “Жаран хар-Арван цагаан” хэмээн хүндлэгдсэн тэрхүү гайхамшигт чуулгын гоцлол дуучин нь болсон Соёлын тэргүүний ажилтан Ж.Баатарсүрэнг “Цогтын цэргүүд”, “Халхын голын дурсамж”, “Түшээт ханы Намхай аварга”, “Их говийн гарнизон” зэрэг дуугаар нь уншигч та бүхэн андахгүй биз ээ.
 
Тэрээр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Халхын голын дурсамж” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 15-ны өдөр Офицеруудын ордонд өргөн барих бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. Энэ он түүний хувьд ихээхэн онцлогтой жил болж өнгөрнө. Учир нь тэр бээр цэргийн хугацаат албаны байлдагч байхдаа анхлан Ардын Армийн дуу, бүжгийн ансамблийн тайзнаа дуулж эхэлсний 40 жилийн ой мөн өөрийнх нь анхлан дуулж, олны хүртээл болгосон “Халхын голын дурсамж” дуу, клип бүтээгдсэний 30 жилийн ой тохиож байгаа юм.
 
Ж.Баатарсүрэн 1959 онд Ховд аймгийн Булган сум буюу олон ястны өлгий нутагт төрж, өссөн бөгөөд бага наснаасаа л айл саахалтынханд олонтоо өрнөдөг найранд очиж, гэрийнх нь хатавчинд зогсонгоо тэнд дуулагдаж байгаа дуу бүрийг анхааралтай сонсож, бүр даган дуулж, найрыг хөгжөөдөг байсан нь түүний ирээдүйн замын зураглал байсан аж. Нөгөө талаар тухайн үеийн Ховд аймгийн Булган сумын нутагт Хилийн цэргийн отряд байгуулагдах үеэр жаал хүү Ж.Баатарсүрэн тэр л цэргийн ангийн үүдээр байнга эргэлдэж, бүрээн дуу, жагсаалын дуу сонсож цэрэг ах нараараа бахархаж явсан нь хожмоо цэргийн чуулгын дуучин болох сонголтод нь илүүтэй нөлөөлсөн тухайгаа дурсамж болгон хүүрнэж байна лээ. Тэрээр ерөнхий боловсролын сургуульд орсон анхны жилээ “Хавар” хэмээх дууг дуулан анги, сургуулийн урлагийн үзлэгт шалгарсан тэр л мөчөөс хойших хугацаанд сургуулийн болон сумын соёлын төвийн урлагийн тайз, дуу, хөгжмийн багштай мөнхөд нөхөрлөсөн гэдэг.
 
Ж.Баатарсүрэн 1978 онд хугацаат цэргийн албанд татагдаж, Дорнод аймаг дахь Ардын Армийн 030 дугаар ангид цэргийн алба хааж эхэлсэн ба Цэргийн тангараг өргөх ёслолд зориулсан шинэ дайчдын концертод гоцлон дуулснаар захирагч, дарга нар, хамт олноосоо өндөр үнэлэлт авчээ.
 
Ийнхүү хугацаат цэргийн алба хааж эхэлсний дараа жил нь буюу 1979 оны намар Улаанбаатар хотноо Барилгын цэргийн ангиудын удирдах ажилтны зөвлөгөөн болох үед Ардын Армийн анги бүрээс шилэгдсэн тэргүүний уран сайханчдын концерт тоглох шийдвэр гарч, ангийн захирагч нь түүнийг урилгаар оролцуулсан байна. Тухайн үеийн байлдагч Ж.Баатарсүрэн өөрийн ангиас Увс аймгийн харьяат Н.Мижидсүрэнгийн хамтаар тэрхүү концертод оролцсон ба “Эгэл цэрэг” дуугаа гоцлон дуулж, “Барилгачин дайчид” бүжигт бүжиглэж, цэргийн ансамблийн найрал дууны багшид ихэд тоогджээ. Тун удалгүй БХЯ-ны сайдын тушаал гарч, Ардын Армийн 030 дугаар ангиас байлдагч Ж.Баатарсүрэн, Н.Мижидсүрэн нарыг Монголын Ардын Армийн Дуу, бүжгийн ансамблийн буюу “Жаран хар”-ын дуучнаар томилжээ. Ингэснээр түүний багын мөрөөдөл биелж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад дуучин, гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жилийн хугацаанд нэр хүндтэй ажиллаж, үзэгч түмнийхээ сэтгэлд шингэсэн олон арван дууны эзэн болсон нь бахдалтай.
 
 
Өвөр эгнээнд баруун гар талаас: Ж.Баатарсүрэн, М.Олонбаяр, арын эгнээнд баруун гар талаас охин Б.Сувд, Б.Ханд
 
Ж.Баатарсүрэнгийн унаган авьяас, сод билгийг эртнээс гярхай таньж, ихэд үнэлэн, дэмжиж, олон түмэнд таниулах үйл хэрэгт хүчин зүтгэсэн анхны багш нь Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Дарьзавын Дашням байсан бөгөөд өөрийнхөө шавиар ямагт бахархаж явсан тухай дурсамж нь тус чуулгын түүхэнд мөнхөрчээ. Түүнчлэн тэр бээр өөрийн дуулаачийн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн цэргийн ансамблийн эрэгтэйчүүдийн алдарт “Жаран хар”-ын чуулгын цаашдын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг дуучдын нэг байсаар иржээ.
Энэ хугацаанд Монгол Улсын бүхий л аймаг, хот, сум, суурин газруудыг зорьж иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд олон арван шилдэг дуугаараа бэлэг барьж, үзэгч түмнийхээ хүндлэл, итгэлийг хүлээсээр ирсэн нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэрчлэн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бүхий л анги, салбаруудад очиж, цэргийн алба хаагчдыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, эх орон, цэргийн сэдэвт уран бүтээлийг өргөн дэлгэр сурталчлахад өөрийн бодит хувь нэмрээ оруулсаар ирснийг тус чуулгын үе үеийн удирдлага, хамт олон нь ямагт өндрөөр үнэлэх юм билээ.
 
Түүний хувьд ЦДБЭЧ-ын оны хөдөлмөрийн аваргаар дөрвөн удаа шалгарсан түүх хойшид давтагдаагүй гэхэд хилсдэхгүй бөгөөд тэргүүний уран бүтээлч, шилдэг дуучнаар удаа дараа шалгарч, Оросын Холбооны Улсад 3 удаа айлчлан тоглолтоор очиж, дэлхийд алдартай Их театрын тайзнаа өөрийн уран бүтээлээ толилуулсан түүхтэй. Түүнчлэн БНХАУ, БНСУ, БНАСАУ, Болгар, Герман, Чех, Унгар, Польш зэрэг Ази, Европын олон орнуудаар зочлон уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөж, өөрийн эх орноо сурталчилж явсан нь саяхан мэт. 
 
Эрхэм дуучин маань уянгалаг, хүчтэй хоолой, тод хэллэг, сэтгэхүйн мэдрэмжээрээ өөрийн гэсэн онцлогтой дуучин бөгөөд эх хэлээрээ дуулахын зэрэгцээ Орос, Хятад, Солонгос, Герман, Итали зэрэг олон орны хэлээр яруу, ойлгомжтой, чадварлаг дуулж, тухайн орнуудын үзэгч түмний хүндэтгэл, талархлыг хүлээсээр байлаа. Тодруулбаас, манай улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын урилгаар ирсэн гадаадын хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэх үеэр чуулгынхаа уран бүтээлчидтэй хамтран өөрийн дуугаа дуулж, тэднээс өндөр үнэлэлт авч байв.
Монголын радио, телевизүүдийн урын сан хөмрөгт өөрийн 60 гаруй дуугаа бичүүлж, олны хүртээл болгосны дээр Монгол бөхийн өргөө, Улсын цирк, Соёлын төв өргөө, МҮЭ-ийн Соёлын төв ордон, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өөрийн уран бүтээлийн бие даасан болон хамтарсан мөн тайлан тоглолтоо хийж, үзэгч түмэндээ бэлэг барьсан олон жишээг тодруулж болохоор байна.
Мөн Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн хөгжим “Түшээт ханы Намхай аварга”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Ганбатын хөгжим “Цогтын цэргүүд”, Гавьяат жүжигчин Д.Дашнямын хөгжим “Хэрлэн хатан ээж”, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваагийн хөгжим “Их говийн гарнизон” зэрэг дуунуудаараа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгосныг манай үзэгчид сайтар санаж байгаа биз ээ.
Өдгөө “Цогтын цэргүүд” дуугаараа олны танил болсон түүнийг “цэргийн дуучин” хэмээн тодотгох нь бахдалтай агаад нийтлэлийн баатар маань “Эгэл цэрэг”, “Цэргийн тухай дуу”, “Дайчин нөхрийн дуу”, “Тэнгэрийн зоригт шонхрууд”, “Сүүлийн тулааны өмнө бичсэн захидал”, “Торгон хилийн зүг”, “Дайнд мордсон бүсгүйчүүд”, “Тэртээх зууны монгол цэргүүд” зэрэг олон арван дууг монгол түмнийхээ сэтгэлд мөнхөртөл уран яруу дуулсан авьяаслаг нэгэн болохыг Ардын жүжигчин П.Хаянхярваа тодотгож байсан юм.
Түүний хувьд залуу дуучид, залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулж, өөрийн авьяас, мэргэжил, ур чадвараа өвлүүлэх талаар санаачилгатай ажиллаж, үр дүнд хүрч байгаагийн тодхон жишээ нь түүний шавь нараас ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Тэгчинжав, Д.Түвшинбат, Л.Энхжаргал нарын авьяаслаг уран бүтээлчид төрөн гарснаар илэрч байна.
 
Энэ хугацаанд нийтлэлийн баатар маань улсын болон орон нутгийн чанартай олон арван уралдаанд оролцож, тэргүүн болон дэд байр эзэлсэн бөгөөд тодруулбал, Цэргийн дуу дуулаачдын улсын уралдааны дөрвөн удаагийн тэргүүн байрын шагналыг хүртэж, 1994 онд эзэнтэй дууны уралдаанд “Түшээт ханы Намхай аварга” дуугаар, 2013 онд олон улсын дуучдын уралдаанд “Цогтын цэргүүд” дуугаараа тэргүүлснийг онцлох учиртай. Тэрчлэн БНАСАУ-д зохион байгуулагдсан “Хаврын баяр-1997” олон улсын дуулаачдын уралдаанд солонгос хэлнээ хөрвүүлсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Насанбуяны хөгжим, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг “Гүм Су Сан” дуугаар олон орны шилдэг дуучдыг магнайлан “Гран при” шагналын эзнээр шалгарсан бахдам амжилтын эзэн болсон нь бахархалтай.
Түүний эхнэр М.Олонбаяр нь Ховд аймгийн Үенч сумын харьяат бөгөөд Монгол Улсын их сургуулийг дүүргэж, Нийслэлийн 67 дугаар дунд сургуульд 30 гаруй жил газар зүйн багшаар ажилласан ба өдгөө хувийн сургуулиудад багшилж байна. М.Олонбаяр багш Боловсролын тэргүүний ажилтны цол, тэмдгийн эзэн төдийгүй одоогоос олон жилийн тэртээ Соёлын тэргүүний ажилтан болсон урлагийн тэнгэртэй эрхэмсэг бүсгүй юм. Тодотговоос, тэрээр үндэсний хөгжим тоглож, гайхамшигтай дуулахын зэрэгцээ уран чадварлаг бүжиглэдэг сэн. Тэдний охин Б.Сувд, Б.Ханд нар ч урлагийн авьяастнуудын тоонд зүй ёсоор орох бөгөөд 2000 оны эхээр Улаанбаатар хот, Ховд аймгийн төвд болон тус аймгийн бүхий л сумдад гэр бүлийн концертыг найруулан тоглож, зарим тоглолтыг нь би бээр хөтөлж явсан маань саяхан мэт санагдана.
Ийнхүү улс, Зэвсэгт хүчинд 40 шахам жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн 30 гаруй жилд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад дуучин, гоцлол дуучнаар ажиллаж, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, урлаг, уран сайхнаар үйлчлэх, урын сангаа баяжуулах, олны хүртээл болгох талаар санаачилга гаргаж, үзэгч, сонсогч түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээсэн шилдэг дуучдын нэг байсаар ирсэн түүний амжилтыг үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлгэхээр нэг бус удаа тодорхойлж байсан юм.
Өдгөө түүний энгэрт гялалзах Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, БХЯ-ны Хүндэт тэмдэг, “Дайчин алдар” медалиуд, “Эх орны төлөө” хүндэт тэмдгүүд нь энэхүү болзлыг хангасныг нь илтгэх мэт ажээ.
Түүнтэй ярилцаж суухад “Алдарт “Жаран хар-Арван цагаан”-ы үе үеийн удирдаач, дуучид нь монгол түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн агуу уран бүтээлчид гэдгээр нь миний хувьд бахархдаг. Би бээр тус чуулгыг байгуулагдсаных нь 10 жилийн ойн босгон дээр энэ л бүтээлч хамт олны ариун эгнээнд багтаж, ахмад уран бүтээлчдээсээ их зүйлийг сурсан төдийгүй өдий зэрэгтэй яваа маань тэдний ач, буян заяа хэмээн бишрэн хүндэлдэг юм. “Жаран хар-Арван цагаан” хэмээн алдаршсан чуулга нь миний болоод бидний үеийнхэн, хойч үеийнхний зам мөрийг гэрэлтүүлсэн ажил, амьдралын их сургууль байжээ” гэдгийг онцолж, баяр, дурсамжийн нулимс мэлтэлзүүлэн байсан юм.
Алдарт “Жаран хар”-ын нэг Жамъянгийн Баатарсүрэнгийн амьдрал, уран бүтээлийн талаар товч өгүүлэхэд ийм буюу.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин