sonin.mn
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ариун жагсаалд амжилт бүтээл, алдар гавьяа дүүрэн хөдөлмөрлөж, эзэмшсэн мэргэжил, ур чадвар, эрхэлсэн ажлынхаа бодит үр дүнгээр ангийн захирагчийн өндөр хариуцлагатай албыг хашсан шилдэг захирагч олон байдаг. Тэдний нэг нь хурандаа Жамцын Дүүрэнжаргал бөгөөд түүний ажил хэрэгч, бүтээлч шинж, хүнлэг энэрэнгүй зан чанарыг мэдэх хүн тун олон бий.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат тэр бээр 10 жилийн дунд сургуульд суралцахдаа тухайн үеийн пионер сурагчдын манлай болсон шилдэг сурагчдын нэг нь байж, бүлгэмийн зөвлөлийн тугийн хамгаалагч явсан түүх нь саяхан мэт санагдах ажээ.
 
Түүхэн тэр цагаас хойш эрхэм хурандаа Ж.Дүүрэнжаргал Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Байлдааны туг залагч, тугч болон Зэвсэгт хүчний Жанжин тугийн хамгаалагчаар томилогдож, хожим нь Бүх цэргийн их хар сүлдний хамгаалагч нь байж, Төрийн хонжин хэмээгдэн 9 хөлт цагаан тугийг залсан гээд түүний намтрын хуудас арвин байсан нь юутай бахдалтай билээ.
 
Тэр бээр 10 дугаар анги төгссөн жилээ Цэргийн Ерөнхий дээд сургуулийн хуваарь өвөртлөн нийслэл хотыг зорьсон агаад тус сургуулийн артиллерийн ангид 1971-1975 онд суралцсан байна. Түүнийг тус сургуульд суралцах хугацаанд сонсогчдын дунд болон курс, рот, кафедруудын хооронд болзолт уралдааныг байнга зарлан дүгнэж, урлаг, уран сайхан, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнийг өргөн хүрээтэй зохион байгуулдаг байжээ. Ийм нөхцөлд арван жилийн сургуулийг хөдөө, орон нутагт төгссөн залуус сурлагаар гоц байгаагүй ч гэлээ, сахилга батын хувьд манлайлагч нь байж, урлаг, спортын уралдаан, тэмцээнд голдуу хөдөөгийнхөн тэргүүлдэг байсан түүхтэй. Тэр л жишгээр сонсогч Ж.Дүүрэнжаргал Ардын Армийн өвлийн спартакиадын уулын оргил булаалдах тэмцээний төрөлд дөрвөн жил дараалан аваргалснаар үүрд хадгалагдах цомын эзэн болж байсныг нь уншигчид тэр бүр мэдэхгүй биз. Түүний зураг зурах, дармалаар бичих авьяастайг нь тухайн үеийн батарейны улс төрийн орлогч, ахмад Н.Доржжанцан гярхай ажигласнаар батарейны ханын сонины эрхлэгчийн сонгуульт үүргийг хүлээлгэснээр сар бүр салбарын ханын сониныг өөр өөр хэлбэр, агуулгаар гаргах, багш, сонсогчдын хүртээл болгох үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулжээ. Тэр сургууль төгсөх жилээ диплом, ангийн ажил хамгаалах, улсын шалгалтад эрчимтэй бэлтгэх гээд өндөр ачаалал дунд суралцаж байсан хэдий ч Ардын Армийн марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд ротын бүрэлдэхүүнээрээ тэргүүн байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн нь бахдалтай.
 
Ийнхүү 1975 онд артиллерийн командын мэргэжлийн диплом өвөртлөн дэслэгч болсон түүний анхны томилолт алдарт Ховдын хорооноос эхтэй байсан нь бас л нэгэн дурсамж бөлгөө. Тэр бээр тус хорооны миномёт реактивын дивизионы 2 дугаар батарейны галт салааны захирагчаар томилогдсоноос хойших хугацаанд өөрийн хариуцсан салааны дайчдын цэргийн сургалт бэлтгэлд гол анхаарлаа хандуулж, сургуулийн жилийн үе шат бүрийн төгсгөлийн шалгалт, хээрийн гаралт, полигоны дадлага, артиллерийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулиудын дүнгээр тогтмол сайнаас онц дүнтэй шалгагдаж явсныг өдгөө дурсан ярих ахмадууд олон аж. Тухайн үед тус хорооны артиллерийн дивизион, батарей, салааны бие бүрэлдэхүүн нь гол төлөв хээрийн байрлалд буюу Цагаан үнээт, Улаан үнээт, Гурван үнээт уулын орчимд байнгын сургалт, дадлага хийж, офицеруудын хувьд ч хувийн буудлагын дүнгээр сайнаас онц дүнтэй шалгагдаж, тэргүүний салбар, салааны болзлыг олон тоогоор хангаж ирсний нэг нь нийтлэлийн баатар маань байсан юм.
 
Түүний удирдсан салааны бие бүрэлдэхүүн ангийн марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, улмаар сурлага, сахилга, цэргийн албаны нэгдсэн дүнгээр 1978 онд Ардын Армийн тэргүүний салааны болзлыг бүрэн хангасан юм.
 
Энэ үед ажлын амжилт арвин байсан ахлах дэслэгч Ж.Дүүрэнжаргал Ардын Армийн тэргүүний салаа, салбарын захирагч нарын зөвлөгөөнд төлөөлөгчөөр сонгогдож, удалгүй артиллерийн батарейны захирагчаар дэвшин ажилласан бөгөөд мөн л Ардын Армийн тэргүүний артиллерийн батарейны болзлыг хангасныг тус хорооны түүхийн номоос уншиж болох юм.
 
 
Залуу офицер Ж.Дүүрэнжаргалын амьдралд их эргэлтийг авчирсан түүхэн жил нь 1980 он байсан аж. Тодруулбал, мөн оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн төв буюу Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалыг хүндэтгэн угтжээ. Үүний маргааш өдөр нь нам, төрийн тэргүүн, БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал тэргүүтэй албаны хүмүүс Ардын Армийн 123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр мөн л хүндэт харуул жагсаж, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр маршал Ю.Цэдэнбал тухайн үеийн БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ж.Авхиад хандан “Сайд аа, хүндэт харуулын дарга чинь Ховдын хороонд байна шүү дээ” гээд ЗХУ-д үйлдвэрлэсэн “Вэф-206” хүлээн авагчаар түүнийг шагнасан түүхтэй. Тийнхүү 1980 оны зун БХЯ-ны сайдын тушаалаар Хүндэт харуулын тусгай ротын даргын орлогчийн албан тушаалыг бий болгон ахлах дэслэгч Ж.Дүүрэнжаргалыг түр хугацаагаар томилсон бөгөөд тухайн үеийн ротын захирагч, ахмад Д.Ганбагана ЗХУ-д цэргийн академид суралцсан цагаас түүнийг ротын захирагчаар томилжээ.
 
Тэр бээр гурван жилийн хугацаанд энэхүү нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай албан тушаалд ажилласан бөгөөд тухайн үед гадаад, дотоодын төр, засгийн тэргүүн, хүндэт зочдыг угтах, хүндэтгэн үдэх ёслолд 100 гаруй удаа оролцсон тоо, баримт хадгалагддаг юм билээ.
 
Тэдгээрээс мартагдашгүй нэгэн дурсамж нь 1982 оны өвөл ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын хөшөөний нээлтийн ёслолын үеэр төрийн торгон цэргүүдээ командлан илтгэл өгч явснаа уг хөшөөний өмнүүр өнгөрөх бүртээ тодхон санадаг болохоо илэрхийлж билээ.
Энд бас нэгэн бахархалт түүхийг өгүүлэхэд түүний удирдсан хүндэт харуулын тусгай рот нь Ардын Армийн марш тактик, тусгай бэлтгэлийн аварга рот шалгаруулах тэмцээнд 1980-1983 онд жил дараалан түрүүлж уг тэмцээний шилжин явах цомыг үүрд хадгалснаар илэрдэг. Тэрхүү бахдам амжилтын эхлэлийг ротын захирагч, ахмад Д.Ганбагана тавьсан бөгөөд дараагийн хоёр жилийн амжилтыг ахмад Ж.Дүүрэнжаргалын уйгагүй хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагаатай холбон хүндлэхээс өөр аргагүй.
Ийнхүү манай улсын нүүр царай болсон төрийн хүндэт харуулын ёслол, хүндэтгэлийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн түүнийг БХЯ-ны Боловсон хүчний хэлтсээс дуудаж, академид суралцуулахаар шалгалтад оруулсан ба тэрхүү шалгуурт бүрэн дүүрэн тэнцсэн ахмад Ж.Дүүрэнжаргалын ЗХУ-ын нийслэл Москва хотыг зорьсон түүх 1983 оноос эхтэй. Тэрээр Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид үе тэнгийн дөрвөн офицерын хамтаар суралцсан бөгөөд тэд цэргийн тагнуулын мэргэжлээр анхлан төгссөн офицеруудын тоонд албан ёсоор тооцогддог. Ингэж дөрвөн жилийн хугацаанд академийн боловсролыг амжилттай эзэмшсэн нийтлэлийн баатар маань офицеруудын “хээрийн академи” хэмээгддэг Ардын Армийн 126 дугаар нэгтгэлийн тагнуулын даргаар дэвшин ажиллажээ. Энэхүү нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай албыг 1987-1991 онд хашиж, нэгтгэлийн захирагч, удирдлагын ажлын арга барилаас сайтар суралцаж, өөрийн цэргийн хэргийн ур чадварыг ахиулахын дээр харьяа ангиуд, офицеруудын цэргийн сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх талаар ихээхэн санаачилга гарган ажилласан гэдэг.
Энэхүү түүхэн цаг үед түүний цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, ажлын амжилт, туршлага, удирдан зохион байгуулах авьяасыг нь БХЯ-ны удирдлага өндрөөр үнэлж, 1991 оноос БХЯ, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын хэлтсийн офицероор дэвшүүлэн ажиллуулсан юм. Энэ хугацаанд тэрээр албан тушаалаар хүлээсэн үндсэн үүрэгт ажилдаа эзний ёсоор хандаж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийг эхлүүлэх, харьяа анги, салбарууд, албан тушаалтны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, биелэлт, үр дүнг нь тооцох, цэргийн сургалт бэлтгэлийн чанарыг ахиулах, шалган туслах чиглэлээр ихээхэн санаачилгатай ажилласан ба 1994 онд ажил, үйлсээрээ бусдыгаа манлайлан БХЯ-ны хөдөлмөрийн аварга болсныг нь тодотгох учиртай. Харин 1996 оны намар БХЯ, ЗХЖШ-ын ажил, үүргийн хуваарийг зааглан өрх тусгаарлах үед түүнийг ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын хэлтсийн анхны даргаар томилсон бөгөөд нэг жилийн дараа Улаанбаатар цэргийн хүрээний Ёс журам сахиулах ангийн захирагчаар тохоон томилсон юм.
 
Энэхүү алдар түүхтэй ангийн захирагчаар ажилласан жилүүдэд хурандаа Ж.Дүүрэнжаргал тус ангийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, соёл хүмүүжлийн болон нийтийн биеийн тамир, спортын ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, ар тал, ахуй хангалтыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бие бялдар-сэтгэл зүйн хангалтыг сайжруулах талаар ихээхэн ажил өрнүүлснийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага өндрөөр үнэлсээр ирсэн нь түүний дурсамж яриа, хамт олных нь үнэлэмжээс улам бүр мэдрэгддэг юм.
 
Түүнийг ажиллах хугацаанд тус анги төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд олонтоо оролцож, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас хүлээлгэсэн үүрэг бүхнийг чадамгай биелүүлэн Зэвсэгт хүчний тэргүүний ангийн болзлыг удаа дараа бататгасан нь түүний бүтээлч үйл ажиллагаа, гар сэтгэл нийлсэн удирдлага, хамт олны хамтын үр дүн байлаа.
 
Тэр бүхнийг нь улам бүр тодотгож байгаа Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60 жилээс хойших ойн медалиуд болон БХЯ-ны шагналууд нь түүний амжилт бүхний тод илэрхийлэл байсан юм.
Түүний гэргийг Ж.Дуламжав гэх агаад тэрээр Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн тэгш дүүрэн жаргалтай амьдарч явна.
 
Тэднийх 4 хүүхэдтэй бөгөөд ууган хүү Д.Сүхболд нь хувиараа бизнес эрхэлж яваа бол удаах охин Д.Ариунаа нь БСШУСЯ-ны харьяа Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байна. Харин аавынхаа мэргэжлийг өвлөн буй хүү хошууч Д.Ариунболд нь Цэргийн нэгдсэн сургуулийг ерөнхий цэргийн команд-эрх зүйч мэргэжлээр анхлан төгсөгчдийн нэг бөгөөд өдгөө Зэвсэгт хүчний 027 дугаар ангид ажиллагааны удирдлагын тасгийн даргаар ажиллаж байна. Харин отгон хүү ахлах дэслэгч Д.Батболд нь Цэргийн төв эмнэлгийн дотрын тасгийн ахлах эмчээр амжилт дүүрэн хөдөлмөрлөж байна.
Нийтлэлийн баатар, бэлтгэл хурандаа Ж.Дүүрэнжаргалтай ярилцаж суухад “Арми, Зэвсэгт хүчин, бүхэлдээ цэргийн алба нь ажил, амьдралын маань бахархал дүүрэн он жилүүд юм. Ер нь цэргийн дарга, ангийн захирагч байна гэдэг нь өндөр нэр хүндтэй алба хэдий ч асар их хариуцлагыг биднээс шаарддаг. Маш их сэтгэлийн хөдөлгөөн дунд, тэсвэр хатуужлын үр дүнд, хамт олны итгэл сэтгэлийн дэмээр тэрхүү албыг залгуулж явдаг байлаа. Манай залуучууд төрөл бүрийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд нь бахархаж баярлах өдөр олон ч, өчүүхэн ч атугай зөрчил гаргасан хэн нэгний өмнөөс зэмлэл хүлээж, анги, салбар, цэргийн хүүхдүүд рүүгээ санаа тавьж, нойр, хоолгүй өнжих тохиолдол их л байдаг сан. Одоо тэр бүхний ач буяныг эдлэн сайн сайхан амьдарч яваадаа баярлаж сууна” гэсэн юм.
Энэхүү нийтлэлийг бичиж суухдаа Ж.Дүүрэнжаргал хурандаа маань хүн чанарын өлгий, хүнлэг нинжин сэтгэлтэй, удирдан зохион байгуулах чадвар төгс эрхэм дээ хэмээх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн сөн. Учир нь тэр бээр өөрийн удирдлагад байсан захирагчийн зөвлөлийн гишүүдтэйгээ байнгын холбоотой ажиллаж, төрийн торгон цэргийн жагсаалаас тодорсон генерал, хурандаа нарын цолны мялаалга, зарим тэргүүний ажилтны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх болон бусад баяр хөөр бялхсан, бүр заримдаа уй гашуу тохиолдсон бүхэнд нь хүрч, сэтгэл юугаа илэрхийлэн дугтуйтай “захиа”-г олонтоо өгч байсныг би бээр сайтар мэдэх юм даа. Үүнийг бичигч надад ажиглагдсан нь тэр бөгөөд миний мэдрээгүй, оролцоогүй олон ажил, арга хэмжээнд Ж.Дүүрэнжаргал хурандаа манлайлах үүрэгтэй оролцож явсан нь тодорхой биз. Түүний сүүлийн үеийн амжилтаас ганцхан жишээг тодотгоход тэр бээр өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Монгол бичгийн олимпиадад амжилт дүүрэн оролцож, уран бичлэгийн төрөлд гуравдугаар байрт шалгарахад нь манай хамт олон ихэд бэлгэшээн талархаж билээ.
Энэхүү нийтлэлийг уншсан хэн бүхэнд бэлтгэл хурандаа Ж.Дүүрэнжаргал “Цэргийн дарга, захирагч бүхэн адуу шиг унтаж, болжмор шиг сэрж байх ёстой”-г хатуу анхааруулсныг энд тодотгоё.
Бэлтгэл хурандаа Ж.Дүүрэнжаргалд болон түүний гэр бүл, үр хүүхдүүд, ач, зээ нарт нь амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин