sonin.mn
Төрөх, таалал төгсөхийн хоорондох амьдралын хугацаанд хүмүүний хувь тавилан оршдог. Амьдралынх нь агшин бүрийг тоолон цохилдог алаг зүрх зогсвол хүний амьдрал дууснам бөлгөө. 1969 оны намар төрийн ордны баруун талд ажиллаж байсан эмнэлэгт баруун талдаа зүрхтэй Зундуй гуайтай уулзаж билээ. Улаанбаатар хотын VI дунд сургуульд дөчөөд жил багшлаад тэтгэвэрт гараад байсан тэр хүн “Анагаахын дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд намайг өдөр бүр шалгааж зовоох юм. Үхэхийн чинь цагт анагаах ухааны мэдлэгт нэмэр болгох зорилгоор зүрхийг тань тусгай лабораторид авч хадгалж болно биз дээ гэцгээх юм. Тэгж болохыг үгүйсгэх аргагүй юм. Хүний зүрх эзнийхээ настай адилхан насалдаг байж таарна. Саяхан хэд хоног улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд дажгүй сайхан боллоо” гэж баяртай нь аргагүй өгүүлж билээ.
2015 онд төрөлжсөн нарийн мэргэжлийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт орж зүрх судасны тасаг энэ эмнэлэгт шинээр байгуулагдсан нь иргэдийн талархал хүлээж ирсэн байна. Энэ тасагт ажиллаж байгаа тэргүүлэх зэргийн эмч тэр болгон хүртээгээд байдаггүй “Алтан чагнуур” шагнал 2014 онд хүртсэн эрхэм эмчтэй уулзаж ярилцсан маань азтай учрал байлаа. 
 
Тэр эрхэм эмч,
-Аав, ээж хоёр маань Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн хүмүүс. Би ч бас тэнд төрж өсөж өндийсөн хүн. Би аравдугаар анги төгсөөд анагаах ухааны дээд сургуулийн оюутан болох үед алагхан зүрх минь “Уулын оргил бэлээсээ эхэлдэг” гэж хэлэх шиг санагдаж билээ. Анагаах ухаанд мэргэшиж дадсан шилдэг эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, янз бүрийн эмнэлгүүдэд дадлага хийсээр 1995 онд хүний их эмч мэргэжил эзэмшиж, эмчийн тангараг өргөөд асрагчаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 20 гаруй жил хүний их эмч гэдэг алдах эрхгүй хариуцлагатай албанд бүхий л мэдлэг чадвараа дайчлан чин сэтгэлээсээ зүтгэлээ гэж яриагаа эхэллээ.
 
-Хүн нарт хорвоод уйлж ирээд уйлуулж буцдаг жамтай. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
 
-Эрүүл хүн эмчид үзүүлэх гэж ирдэггүй шүү дээ. Өвчнөө тоохгүй явсаар хүндрүүлээд үхэлтэй нүүр тулахын даваан дээр эмчид ханддаг хүмүүс маш олон байдаг.
 
Надад үзүүлж, эмчлүүлэх гэж ирсэн хүмүүсийн яриаг чих тавин сонсож, биеийнх нь байдлыг ажиглах дуртай. Хүмүүсийн зан чанар олон янз шүү дээ. Надад үзүүлж, эмчлүүлж байгаа хүмүүс өвчнийхөө шинж тэмдэг, зовиур шаналгааг илэн далангүй ярихад сэтгэл уярч бушуухан эмчилж эрүүл саруул болгож өгөх юмсан. Надад үзүүлж шинжлүүлээгүй ч зүрх муутай хүн хэчнээн байгаа бол. Бүгдийг нь сайхан эмчилж, эдгэрүүлээд алтан нар харж, баясаж явах заяа хайрлах юмсан гэсэн чин санаа, өрөвчхөн бодол, энэрэнгүй нинжин сэтгэл намайг эзэмдсээр 23 жил болж байна.
 
-Таны ажиллаж байгаа Монгол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалантай уулзаж ярилцахад “Манай эмнэлэг 100 эмч 180 сувилагчтай өнөр өтгөн айл. Эмнэлэг өдөр бүр олон зуун хүн үзэж, шинжилгээ хийж шаардлагатай хүмүүсийг оношийнх нь дагуу төрөлжсөн тасгуудад хэвтүүлж эмчилж байна. Хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөн нэг бүрийг сайтар эмчилж, эрүүл энхийн жаргал эдлүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чармайж ажилладаг болохоор эмчлүүлсэн хүмүүс ам сайтай байдаг юм. Манай эмнэлэгт мэргэжилдээ эзэн болсон шилдэг эмч, сувилагч олон бий. Тухайлбал зүрх судлалын тасаг ажилладаг хүний гавьяат эмч Сэлэнгэ, “Алтан чагнуур” шагналт эмч Жаргалсайхан, тасгийн эрхлэгч Оюунцэцэг, Долгормаа зэрэг алтан гартай эмч нараараа бид бахархдаг гэж танай захирал өгүүлсэн юм.
 
Жаргалсайхан эмчээ танай эмнэлэг олон шилдэг эмчтэй юм байна. Та тэдний хаахан нь яваа бол?
 
-Чагнууртай бурхад болсон сайн эмч нартайгаа адилхан өвдөж зовсон хүмүүсийг өвчин зовлонгоос нь салгаж, эрүүл энхийн жаргал хайрлахсан гэж мэрийж явна даа. Энэ бол миний эрхэм зорилго, чин хүсэл. Зүрхний хүнд өвчинд нэрвэгдэж, үхэл амьдралын заагт тулж, амьд явах итгэл нь алдарсан хүнийг эмчилж эрүүл саруул болгоод эмнэлгээс гаргахдаа “Баярлалаа эмч ээ” гэсэн чин сэтгэлийнх нь үг сонсох сайхан байдаг юм. Тэргүүлэх зэрэгтэй эмч болж, шилдэг эмч нар олгодог “Алтан чагнуур” хүртсэндээ баярлаж явдаг даа. Настан буурлууд төдийгүй залуус зүрхний өвчнөөр их өвчлөх болсонд сэтгэл зовох боллоо. Ийм болохоор мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж, хүмүүсийн эрүүл мэнд, зол жаргалын төлөө чадах бүхнээ зориулах чин хүсэл өвөрлөж докторын зэрэг хамгаалах судалгааны ажлаа шамдан хийж, цаг нартай уралдан ажиллаж байна даа. Мэргэжилдээ явцуурахгүй өргөн хүрээтэй зүйл уншиж судалж, өв тэгш мэдлэгтэй зүрхний сайн эмч болох явдал миний мөнхийн хүсэл, үүрэг хариуцлага юм даа.
 
Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа зон олны гүн хүндэтгэл хүлээсэн “Бурхан” эмч нарын зиндаанд хүрч чадвал өөрийгөө “зүрхний эмч” гэж ам бардаж хэлж болох юм. Сайтар хайрлаж хамгаалж байхгүй бол зүрх тун эмзэг эрхтэн шүү.
 
Манай эмнэлэгт зүрхний өвчтөн эмчлэхэд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эм тариа цөм бий. Тэр бүхнийг сайтар ашиглаж, бидэнд амь насаа даатгаж, биднийг зорьж ирсэн хүмүүсийн өвчин эмгэгийг өргөс авсан юм шиг сайхан эмчилж, алтан нар харж, баясаж явах жаргал хайрлахсан гэж мэрийсээр өдий хүрлээ. Цаашдаа ч улам шаргуу ажиллаж, өргөсөн тангаргаа чин шударгаар биелүүлэх нь миний эрхэм зорилго.
 
-Танд хамаагүй ч байж болох нэг асуулт асууя. Монгол орны бүх эмнэлэг зах зээлд шилжээд эмнэлэгт хэвтсэн өвчитнүүдийг долоо, наймхан хоног эмчлээд гаргадаг болчихож. Ийм богино хугацаанд бүх өвчин эдгэрдэг болчихсон юм уу?
 
-Энэ бол ЭМЯ-наас гаргасан шийдвэр мөн эсэхийг би мэдэхгүй. Хүмүүсийн өвчлөл ихэсч байгаатай ч холбоотой юм болов уу. Хүн бүр өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл энх байхыг эрхэмлэх учиртай л даа. Гэвч манайхан биеэ гаргуунд нь хаяж хэнэггүйтэж яваад янз бүрийн өвчинд ээрэгдэхээрээ эмнэлэгт очиж 7-8 хоног эмчлүүлж байна. Энэ нь арай цөөн хоног юм. Өвчтөнийг 10 хоног эмчлэх гэж бодож хөөцөлддөг эмч нарын нэг нь би. Архаг хуучтай юм уу настан буурлуудад олон төрлийн эм, тариа хэрэглэсэн ч илааршихгүй гарах нь олонтаа. Ийм болохоор мэргэжлийн зөвлөгөө өгөөд гаргах юм даа. Өвчтэй хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хоногийн тоог нэмэх шийдвэр төр, засаг гаргах ёстой. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүс хоногийн тоо цөөн байгаад тун дургүй байгааг эмч бүхэн мэддэг болохоор хэвтэж эмчлүүлэх хоногийн тоог нэмж болдоггүй юм байхдаа гэж бид хоорондоо ярилцдаг юм гээд Д.Жаргалсайхан яриагаа өндөрлөв.
 
Хүнд өвчинд нэрвэгдсэн өвчтөнүүд аль нэг эмнэлэгт цөөхөн хоног хэвтэж эмчлүүлсэн нэр зүүгээд нарт хорвоогоос зуурдаар буцаж байгаа нь юутай харамсалтай. Зуурдаар буцаж болохгүй орчлонд ажиллаж байгаа эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэх хоногийн тоог нэмэгдүүлэх цаг болсныг төр, засгийг толгойлж буй эрхмүүд анхаарч зохих шийдвэр гаргаасай хэмээн залбирнам.
 
Монгол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрхний эмч Д.Жаргалсайханд юу санасан есөн цагаан хүслээ биелүүлж, зүрхний өвчнөөр шаналсан хүмүүсийг сайхан эмчилж, эрүүл энхийн жаргал хайрлаж, аз жаргалтай явахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
 
Ахмад сэтгүүлч С.ЦЭРЭН