Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын амьдралын туулж өнгөрүүлсэн замнал Монголын нэгэн үеийн хагас зуун жилийн түүхтэй холбогдоно. 44 жилийн турш Монгол Улсынхаа хөгжил дэвшилийн төлөө сэтгэл зүрхээ тасралтгүй зориулсан хүн бол яах аргагүй маршал Ю.Цэдэнбал юм.
 
Монгол эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан энэ эрхэм түүхэн хүнийг 1984 оны үед хэлмэгдүүлж Үндсэн хуулийн заалтыг зөрчиж Монгол Улсын маршал, Улсын баатар цолыг нь хурааж улмаар “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгчийг төвийлгөн зохиож ЗХУ-д эмчлүүлэхээр явуулж баталгаат бус өвчний оношийг гаргаж, улмаар бүх албан тушаалаас нь буулгаж гэрийн хорионд насан өөд болтол байлгасан нь шинэ цагийн хэлмэгдүүлэлт болж эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэсээр эх орондоо ч ирэх боломж олголгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн түүх үнэн юм.
 
Халх голын түүхэн ялалтын ойд оролцоно гэсэн өөдрөг сэтгэлтэй явсан суут удирдагч маань дахин нутагтаа эргэж ирж чадалгүй бурхны орондоо явсан нь эмгэнэлтэй билээ. Тэр үеийн Улс төрийн товчооны гишүүдийн эрх ямба, идэж уусан нь юу байсан бэ гэвэл, гэр бүлийн хүн нь машин унаа хэрэглэж хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж, авах “мэргэжилтний” гэх дэлгүүрээс хүнсний хэрэгцээт зүйлээ авдаг, гэр бүлээрээ жил бүр гадаадад амардаг байсан гэж мэдэх хүмүүс ярьж, бичиж байсан даа.
Маршал Ю.Цэдэнбалыг бүх тушаалаас нь буулгаж ял хүлээлгэж гэрээс нь өмч хөрөнгийг хурааж авахад хэдэн мөнгөн аяга, өрөөгөөр дүүрэн ном зохиол, гадаад орнуудын төрийн тэргүүнээс өгсөн бэлэг дурсгалын зүйл байсан гэж яригддаг байв. Бага ч гэсэн хурааж авсан хөрөнгө нь тоо ёсоороо байгаа болов уу? Улсын түүхтэй холбоотой чухал зүйл ном зохиол нь бүтнээрээ байгаа юу гэж харамсаж боддог юм. Гэтэл шинэ тогтолцооны өөрчлөлт шинэчлэлт хийхээр 1990-ээд оноос хойших 30 жилд олон намын удирдлагын Лидер өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дотроос “Хувьчлал” нэрээр цэнхэр ягаан тасалбар өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн баяжиж шинэ цагийн тэрбумтнууд төрж булхай луйвраар олон уул уурхайн тендер, лицензийг хээл хахуулиар үгсэн хуйвалдах замаар авч хөрөнгөжиж гадаадын банкуудад мөнгөө хадгалуулж нуусан хэрэг гээд ойд багтмааргүй хөрөнгө мөнгөний тоо яригдаж байгаатай харьцуулбал “Усны дусал” төдийхөн юм даа.
Ю.Цэдэнбал даргын ажил үйлс бүхнийг бүрхэгдүүлэх, харлуулах үйл ажиллагааг нь шинээр ардчилал гэх далбаан дор гарч ирсэн шинэ цагийн удирдлагууд улам дэвэргэж байна. Манай намын хувьд ч гэсэн дээрх үйл ажиллагааг тууштай эсэргүүцэж ажиллахын оронд аядуу байдлаар харгалзан далд утгаар дэмжиж байсан нь харамсалтай.
 
Харин Монгол Ардын намын дарга Б.Даш-Ёндон намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар Ю.Цэдэнбал даргын маршал, улсын баатар цолыг хасах тухай тогтоолыг хүчингүй болгож 1997 онд хуралдсан Монгол Ардын намын XXII их хурлаар намын гишүүнчлэлийг төлөөлөгчдийн олонхын саналаар сэргээсэн билээ.
Миний бие энэ их хуралд төлөөлөгчөөр оролцож явсан тул ие сэтгэлд хоногшин үлджээ. Ерөнхийлөгч Н.Багабанди хуучин Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчиж гаргасан Ю.Цэдэнбалтай холбогдсон зарлигийг хүчингүй болгосон. 1990-ээд оноос хойш Ю.Цэдэнбал даргын насны ой дөрвөн удаа тохиосон байдаг. 1996 онд 80 жилийх нь ойг тэмдэглэхэд тэр үеийн ардчилсан хүчний удирдагчид анхаарч оролцож байсан санагдана. 80 жилийн ойгоор Ерөнхий сайд М.Энхсайхан бунханд нь цэцэг өргөж Улсын их хурлын дарга Р.Гончигдорж, Цэдэнбал  даргын хүү Ц.Зоригийг хүнлэг ёсоор хүлээн авч ойн үеэр хүндэт харуул жагсаж цөөнхийн бүлгийн ахлагч ирээдүйн Ерөнхийлөгч Н.Багабанди хүндэтгэлийн концертод оролцож өргөн тэмдэглэсэн билээ.
Ерөнхий сайд байсан М.Энхболдын сэтгэл зүтгэлээр хотын төв хэсгийн талбайд 2006 онд сүрлэг сайхан хөшөөг босгож, 90 жилийн ойгоор Ерөнхийлөгч Н.Энхбаяр хөшөөний нээлтэд оролцсон . Харин 100 жилийнх нь ойгоор Ю.Цэдэнбал даргад хүлээлгэсэн хэргүүдийг цагаатгах, гэр музейг нь байгуулах асуудал яригдаж байсан боловч уг шийдвэр биелээгүй байгаад олон түмэн харамсдаг юм. Одоо 2021 онд болох Монгол Ардын нам (МАХН) байгуулагдсаны 100 жилийн ой, нэрт удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар намын ахмад гишүүний хувьд бодож явдаг зарим саналаа МАН-ын Удирдах зөвлөлийн сонорт хүргэж байгааг минь болгооно уу.
1. Монголын нийгэм төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалыг хилсдүүлсэн хэргүүдийг цагаатгах асуудлыг УИХ-д оруулж шийдвэр гаргах. Өмнө нь Цагаатгах ажлыг эрхлэх улсын комиссын шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг сэргээж хэрэгжүүлэх цаг болсон.
2. Олон жил амьдарч байсан байшинд нь “Гэр музей” байгуулан, хурааж авсан, түүхэнд холбогдолтой эд өлгийн зүйлс, Монгол Улсын болон намын түүхэнд холбоотой баримт материал, эрдэмтэд судлаачдын гаргасан ном зохиол, төрсөн нутгийнх нь иргэдэд хадгалагдаж байгаа ховор нандин зүйлийг хайж сурвалжлах сэргээн засч байрлуулах.
3. Маршалын талаарх судалгаанд түшиглэж “Түүх мартахгүй” түүхэн кино бүтээх гэж байгаад туйлаас баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд уг кинонд Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралын тухай түүхэн баримтат киноноос оруулахын зэрэгцээ амьдралын сүүлчийн жилүүдийг Москвад эмчлүүлэх нэрээр гэрийн хорионд байсан амьдралын хүнд өдрүүд, бүх албан тушаал цол хэргэмийг хурааж авсан баримтууд, сүүлчийх нь замд үдэж байгааг бодит үнэнээр гаргаж мэдүүлэх нь том буянтай зүйл болно.
4. Маршил Ю.Цэдэнбал гэр бүлийн хүний хүүхэд залуучуудын төлөө өөрийн шууд санаачлагаар бүтээсэн хүүхдийн “Найрамдал” зуслан, цэцэрлэгт хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон болон бүх аймагт байгуулсан хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтын их ажлыг кинонд оруулах нь зүйтэй санагдана.
5. Энэ ойн үеэр Ю.Цэдэнбал гуайн туурвисан ном, хэлсэн үг хийсэн ажлыг бичсэн цуврал ном гаргах хэвлүүлэх. Ийнхүү МАН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ю.Цэдэнбал даргын 105 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхийн зэрэгцээгээр түүнд ногдуулсан хэлмэгдүүлэлтийн хар толбыг арилгаж, цагаатгаж өгвөл бурхны орноос харж баярлах биз ээ.
 
 
МАН-ын ахмад гишүүн С.ПҮРЭВЖАВ