Олон улсын мэргэжлийн загвар өмсөгчид нэгэн тайзнаа алхаж, Гиннесийн амжилтад бичигдсэн содон үйл явдал Испанийн Мадрид хотод болсон билээ. Энэхүү сонирхолтой шоунд Монгол Улсаа төлөөлөн нэг дизайнер, таван загвар өмсөгч оролцсон бөгөөд тэдний нэг "Uilen couture” брэндийн ерөнхий дизайнер Б.ЗОЛЗАЯАГ ярилцлагынхаа зочноор урилаа.
 
-Мэргэжлийн загвар өмсөгчидтэй нэг баг болж, Гиннест бүртгүүлэх шоунд та оролцоод ирсэн. Батламжаа гардаж авсан уу?
 
-Олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн бүтээлийг үзэхийн зэрэгцээ өөрийнхөө ур чадварыг сорих сайхан боломж надад олдож, Испани улсыг зориод ирлээ. Хамгийн олон орны, хамгийн олон мэргэжлийн модель нэг дор чуулсан шоунд оролцож туршлага хуримтлуулсандаа туйлын их баяртай байна.  Уг шоуг шинэ амжилт тогтоосон эсэхийг шалгаж нягталсны дүнд Гиннесийн батламж олгодог. Тиймээс одоохондоо батламжаа гардаж аваагүй л байна. Асууж, тодруулахад энэ сард багтааж хариу илгээнэ гэсэн. Тэр үед Монгол Улсаа төлөөлөн олон улсын загварын шоунд оролцсон бид албан ёсоор мэдээлэх бодолтой байна.
 
-Олон улсын загварын шоунд оролцох боломж танд хэрхэн олдов. Ямар шалгуурыг давж бүтээлээ дэлхийн тайзнаа сурталчилсан бэ?
 
-Монголын үндэсний дизайнеруудын холбооноос санал болгож шоу зохион байгуулагчид руу материал илгээсэн. Тэд материалтай танилцаад боломжтой гэж үзсэн нь манай салон болж, надад олон улсын шоунд бүтээлээ танилцуулах боломж олдсон.
 
Монгол хувцсыг олон улсын брэнд болгох нь бидний зорилго. Гэхдээ бид үндэсний хувцасны загварыг эвдээгүй. Харин ч өдөр тутамд хэрэглүүлэхийн тулд эсгүүрт нь илүү анхаарсан гэж ойлгож болно. Ингэж дэлхийн загвар трэндийг баримталж байсан учраас олон улсын шоуны зохион байгуулагчдаас илүү үнэлгээ авсан гэж бодож байна.
 
-Улс орон болгоны шилдгүүд оролцсон шоунд та ямар бүтээлээ авч явсан бэ?
 
-Дөрвөн өөр өнгө аястай нэг коллекцоор оролцсон. Шоунд зориулан урласан 20 бүтээлийг орон орны загвар өмсөгч өмсч, олон нийтэд сонирхуулсан. Загвар зохион бүтээгч бүр бүтээлээ олон улсад сурталчлан таниулах хүсэлтэй байдаг ч тэр болгон боломж олддоггүй. Ийм сайхан боломж надад олдсон болохоор зорилгоо бүрэн биелүүлэхийн төлөө хичээж ажилласан.
 
-Олон улсын анхны шоугаа том тайзнаас эхлүүлсэн танд Мадридын тайз шинэ содон бүтээл урлах онгод хайрласан болов уу?
 
-Бүтээл хийх олон шинэ санаа төрсөн. Олон улсын дизайнерын бүтээлийг дэргэдээс нь харж их зүйл сурлаа. Түүнийгээ одоо хийх бүтээлдээ шингээнэ.
 
-Мадрид руу авч явсан бүтээл тань өдөр тутам өмсч болохоор санагдсан. Энэ нь таны шийдэл байв уу?
 
-Шоуны зохион байгуулагчид тодорхой шаардлага тавьсан. Түүнийг нь хангахын зэрэгцээ монгол гэсэн онцлогийг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон юм. “Монголоос өөр улсад ч байдаг л хувцас байна шүү дээ” гэж хэлүүлэхгүйг хичээж хувцаснуудаа урласан. 20 бүтээлээс эхэнд танилцуулсан тав нь үдэшлэгийн даашинз байлаа. Бусад нь гар ажиллагаа шаардсан кутюр даашинз. Бүтээлдээ ихэвчлэн торго ашигласан бөгөөд уламжлалт өнгө аясыг мэдрүүлэхийн тулд товч шилбэ хийсэн. Орчин цагийн загварын чиг хандлагыг уламжлалт хэв маягтай хэрхэн хослуулж болохыг бодож загвараа гаргасан.
 
-Оюун бодолдоо төсөөлсөн хувцсаа торгоор оёход бэрхшээл тулгарсан уу?
 
-Торгоор хувцас урладаг бидний туршлага үүнд их нөлөөлсөн. Манай салон үндэсний хувцас оёдог ч хэрэглэгч өдөр тутамд өмсч байх зорилгыг биелүүлэхийн тулд эсгүүр гаргахдаа нэлээд анхаарч ажилладаг. Энэ нь олон улсын шоунд оролцоход их тус нэмэр, туршлага болсон гэж бодож байна. Бид бүтээлийн загвар гаргахдаа тухайн хүний биеийн онцлогт  тохируулахаас гадна хаана, юу ч хослуулан өмсч болоход анхаардаг. Тухайлбал, үндэсний загвартай хувцас урлалаа гэхэд юбка, хантааз, цамцыг тусад нь өмсч болох шийдэлтэйгээр эсгүүрээ гаргадаг.
 
-Таны энэ бүтээлч чанар олон улсын шоуны “Шилдэг дизайнер”-ын нэгээр шалгарахад нөлөөлсөн болов уу?
 
-Баярлалаа. Шоунд оролцож байгаа загвар зохион бүтээгчдээс шалгаруулалт явуулна гэдгийг мэдээгүй. Тийм болохоор энэ нь миний хувьд гэнэтийн үйл явдал болсон. Анхнаасаа ажлаа сайн төлөвлөсөн учир асуудал . үүсээгүй. Эх орныхоо нэрийг гаргаж чадсандаа баяртай байна. 
 
-Шоуны үеэр таны бүтээлийг хүмүүс их сонирхож байсан гэсэн. Цаашид хамтран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх харилцаа тогтоож чадсан уу?
 
-Хувцас захиалгаас гадна дэлхийд алдартай гэрэл зурагчидтай хамтран ажиллах алхам хийсэн. “Voguе” сэтгүүлийн нүүрэнд миний урласан загварыг гаргахаар болсон. Гэхдээ бидэнд асуудал байна. Монголд үйлдвэрлэл явуулах боломжгүй. Энэ бидний сул тал болж байна. Тиймээс надад бүтээлээ эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах бус загварыг нь гаргаж бусадтай ажиллах боломж л байна.
 
-Та шинэ загвар гаргахдаа юунд үндэслэдэг вэ. Ямар нэг зүйлээс сэдэл, санаа авдаг уу?
 
-Мэдээж ямар нэг зүйлээс санаа авна. Монгол хүний онцлог нь дахин давтагдашгүй загвартай хувцас өмсөх сонирхолтой. Бас хүн бүрийн биеийн онцлог гэж бий. Тиймээс аль болох хувцас хийлгүүлэх гэж байгаа захиалагчтай уулзаж, ярилцаж загвар гаргахыг илүүд үздэг. Мөн дэлхийн загварын чиг хандлага ямар байгаа, түүнийг хувцсанд хэрхэн шингээхийг захиалагчтай ярилцаж шийддэг.
 
-Дэлхийн загварын ертөнцөд эко чиг хандлагыг баримталж байна. Та бүтээлүүддээ ийм санааг тусгадаг уу?
 
-Би шинэ зүйл турших дуртай. Оюутан байхдаа нуруу, нугасны өвчтэй хүмүүст зориулж эмчилгээний хувцас хийж хувцас хийж байсан. Би бүтээлээ ашиг хонжоо олох гэж хийгээгүй. Өвчинтэйгөө тэмцэж байгаа хүмүүст дэм болох зорилгоор хийж байсан юм. Бүтээлээ корсетоос Санаа авч хийж байлаа. Шинжлэх ухаан талаасаа бүтээлч ажил болсон гэж тухайн үед өндрөөр үнэлүүлсэн. Энэ мэтчилэн загвар гаргахдаа бүтээлч талаас нь бодож урладаг.
 
-Үндэсний загвартай хувцас оёдог салон олон бий. Үнэндээ зарим нь адилхан шахуу загвар гаргачихээд түүнийгээ “шинэ бүтээл” гэдэг. Үүнийг та ч гэсэн харж байгаа байх?
 
-Бусдыг хуулж дуурайтал загвар гаргаж байна гэдэг нь дэвшил гэж би боддог. Хүмүүс хэн нь хуулж байна, хэн нь анхны загварыг гаргасныг андахгүй шүү дээ. Тиймээс би ийм зүйлээс эмээдэггүй. Загвар гаргахдаа баримтжуулахыг хичээдэг. Хэрэглэгчид загварын баялаг мэдлэг, мэдрэмжтэй учраас хэний загвар гэдгийг мэддэг болсон байна.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин