sonin.mn
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд "Алтанбулаг-290 Өнгөрсөн-Одоо-Ирээдүй"  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Алтанбулаг -290 өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье. Бид Алтанбулаг сумын 290 жилийн ойг тохиолдуулан Орос, Монгол, Хятадын гурван талын эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн болон оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ялангуяа хилийн чанадаас ирсэн зочиддоо талархал илэрхийлье. Алтанбулаг сум нь Монгол-Оросын хилийн бүс нутаг бөгөөд хоёр улсын харилцааны суурийг тавьсан Хиагтын гэрээ байгуулагдахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн бүс нутаг. Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулахад Алтанбулаг сум ямар их ач холбогдолтой, хэрхэн оролцох, сумынхаа хөгжлийг ч шинэ шатанд гаргах боломжийн талаар бид ярилцах болно. Түүнчлэн, гурван улсыг холбох Төмөр замын төв коридор болон авто замын төв коридор Алтанбулаг сумын газар нутгаар дамжин өнгөрөхөөр төлөвлөж байгаа.  Мөн гурван улсын түүхэн Цайны замыг сэргээх төсөл ч мөн л тус бүс нутгаар дамжин өнгөрөх боломжтой талаар эрдэмтэн судлаачид ухаанаа уралдуулан, тодорхой шийдэл санал болгоно гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.
 
Энэхүү хуралд Монгол, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн, судлаачид гурван улсыг холбосон худалдаа, аялал жуулчлалын төв бүс "Цайны зам"-ыг тойрсон сонирхолтой сэдвүүдээр судалгааны сэдэв, илтгэл танилцуулж байгаа аж. 
 
Тухайлбал, 
  • ”Хятад-Монгол-Оросын түмэн бээр цайны зам, аялал жуулчлалын хамтын ажиллагааны судалгаа ” сэдвээр  БНХАУ-ын Өвөрмонголын  санхүүгийн их сургуулийн аялал  жуулчлалын факультетын эрхлэгч,  дэд профессор Янг Жао
  • “Эдийн засгийн коридор бол шинэ цагийн цайны зам мөн” сэдвээр Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангай 
  • Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа-Ногоон хөгжил”  сэдвээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ph.D, профессор Н.Төмөр 
  • “Гурван улсын эдийн засгийн коридорын дагуу хот суурингийн асуудал” сэдвээр МУИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Доктор, Профессор С.Очирбат зэрэг 15 илтгэл таницуулагдах юм байна.  
УИХ-ын даргын мэндчилгээг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулж, "Сэлэнгэ аймагт төдийгүй, Монгол улсын хэмжээнд сумуудад зохион байгуулагдаж байгаагүй далайцтай арга хэмжээ" гэж онцлон хэлсэн юм.
 
Э.Сүрэн