sonin.mn
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, хан Намнан хайрхан, хатан Сэлэнгэ мөрний эрчис, энергийн үелзлээс эрэлхэг баатрууд, энгүй хүчит бөхчүүд, анхдагч алдартнууд төрж тодордог ээлтэй өлгий нутаг. Үүлэн тоонотой, уулан баганатай, амар амгалан оршсон энэ л нутаг орноос алтан нарны туяа, ариун салхийг хөлөглөн өвгө дээдсийн онго сахиус, их сүнс-сэтгэл, зөн мэдрэхүй үр хойчоо үргэлж ивгээн нөмөрлөж яваа. Чухамхүү энэ л нутагт эрт соёолоод өндөрт ургадаг том модод мэт тэнгэрийн хөвгүүд-алдарт “хоёр” Цэгмид, Доржсамбуу гуай, Төрийн соёрхолт Наранбаатар нар төрж мэндэлжээ. Хосгүй авьяастан бол үндэстний баялаг.
 
“Урлагийн ертөнцөд сүндэрлэх “уул” мэт театрын түүхэнд үзэгдэл болсон онцгой хүмүүсийн нэг бол Гүрсэдийн Доржсамбуу агаад дүр төвтэй, дотоод сэтгэлийн бүтээл туурвидаг түүн шиг найруулагч эрин зуунд ганц төрдөг юм” гэж урлаг судлаачид дүгнэжээ.
 
Найруулагч хүн соён гэгээрүүлэгч, философич, сэтгэгч байдаг. Театр өөрийн гэсэн хууль зарчимтай, хэн ч бай гүн хүндэтгэлтэй хандах учиртай урлагийн ариун сүм… гэдгийг бүгдэд ойлгуулж байсан Г.Доржсамбуу найруулагч 1990-ээд оны донсолгоонт жилүүдэд гол дүрийн жүжигчидгүй, үзэгчидгүй байсан ч уран бүтээлээ хийсээр, тэсэж давж, зүтгэж байж театраа аварсан үнэн түүх байдаг. Г.Доржсамбуугаар хүмүүс, тайз ,театр, урлаг, тэр бүү хэл Монгол дутаж байгаа.
Эд хөрөнгөөр гангараагүй, хийж бүтээснээрээ жаргаж амьдарсан, хүнийг хүнээр нь харж, сэтгэл энергиэрээ бүрэн татаж чаддаг Г.Доржсамбуу найруулагчийн хүнийг хүндэлж хайрлах нь бусдаас илт ялгарангуй. Өөриймсөг дураараа, чөлөөтэй, нээлттэй түүнийг ороод ирэхэд гэгээ татаад өөрийнх нь хэмнэлд эрхгүй орчихдог сон… гэж одоо ч мэргэжил нэгтнүүд нь үгүйлнэ. Алиа хошин яриа дэлгэж, инээд баяслыг халгитал түгээсэн түүний орчиндоо мэдрэмжтэй харилцаа, үг санааны тодорхой илэрхийлэл нь хүмүүсийг эрхгүй татна. Үнэгүй өгч, бас авч болдог хэрнээ үнэ цэнэтэй баялаг болсон инээмсэглэл, инээд түүнээс ургадаг юм. Зурсан инээмсэглэл, тарьсан инээдээр нь ядарсан зүрхийг амрааж, шаналсан сэтгэлийг тайтгаруулж болно. Зүрх зүрхээ мэдэрсэн нандин нөхөрлөлийг үүсгэж, дотоод сэтгэлийн нандин сайхныг мэдрүүлж, зурвасхан уулзахад л хүний амьдралыг өөрчилж гэрлээ тусгадаг хүн бол Г.Доржсамбуу багш минь гэж шавь нар нь дурсана.  Хүнийг хайрлах, ойлгож мэдрэх сэтгэлийг нь юутай ч зүйрлэшгүй.  Яруу найраг дахь “драм”-ыг олж харж чаддаг уншигч цөөн. Драмын театрыг нэгэн үе эзэгнэж явсан нэрт найруулагч Г.Доржсамбуу бол шүлэг, уран зохиолыг гайхалтай мэдэрдэг яруу найрагч мэт, багш мэт, хамтран ажиллагчийнхаа сурагч мэт байж чаддаг тэрээр Л.Өлзийтөгс найрагчид тэмдэглэлийн дэвтэр дурсгасан ховорхон тохиолдол байдаг. Монголын бүх киноны дүрийн хамгийн сайхан сэтгэлтэй,хөгжилтэй эрийн биелэл болсон Арслан буюу “Говийн зэрэглээ” киноны тракторчны дүрээр олонд алдаршсан нэрт найруулагчийн нэрэмжит драмын урлагийн шилдгүүдэд олгодог шагналыг 2002 оноос хойш одоогоор 20 гаруй уран бүтээлч, хоёр уран бүтээлийн хамтлаг хүртжээ. Тэр “Театрын хаан” хэвээр үлджээ. Түүний уран бүтээл, мөн өнөөг хүртэл тайзанд тоглосоор буй жүжгүүд, үг зөвлөгөө, сэтгэлийн нандин чанар нь түүний баттай амьд буйг үргэлж мэдрүүлдэг юм.
Багш минь бүтээлээрээ, дүрээрээ мөнхөд амьд байгаа… гэж шавь нар, уран бүтээлчид нь үзэж буй. Энэ хүнийг хэн ч таньж мэдээгүй. Энэ хүн юунд ч захирагдаж яваагүй. Багахан хугацаанд дэндүү ихийг бүтээж үзэгч түмний сэтгэлд хайр бахархлыг бялхуулж амьд түүх болж үлдсэн түүнийг гагцхүү “Тэнгэр л мэднэ”.
Энэхэн орчлонд бишрэм авьяас, өндөр чадвар, гайхалтай нарийн мэдрэмжтэй, хүнлэг уран бүтээлч үе үе цөөхөн төрдөг. Үнэ цэнэтэй амьдраад, билэг онгодоо аваад тэнгэртээ буцсан түүний тухайд “Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичдэг, цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд  би дургүй” гэсэн найрагчийн үгийг сэтгэл шимшрэн хэлмээр…
 
“Театр яг хүн шиг төрж, хүн шиг амьдарна, бас мөхнө. Найруулагч хаан ухаанаар театрыг залж, хамтдаа оршин байдаг. Урлагийнхны сэтгэл зүрхийг ойлгодог хүн ховор. Харин үхлийнхээ дараа тэд амьд байснаасаа илүү алдаршдаг юм” гэж нэгэнтээ тэрээр бичиж үлдээсэн аж. Үлдээхийн төлөөх эрэл, “тэсэх оролдлого”-той Доржсамбуу шиг ховор бөгөөд сод, өөрийгөө олсон хүн дээр гэрэл гийдэг юм гэж агуу  Н.Жанцанноров гуай бас хэлсэн байдаг.
 
Урлаг үл тасрах удмын хэлхээ буюу. Ач охин Цогтын Хишигтогтох утга зохиол судлал, жүжгийн зохиолч мэргэжлээр суралцаж “Тойргоос гарах оролдлого” жүжгээрээ Герман-Монгол хамтарсан оюутны ажлаа амжилттай хамгаалжээ.
“Хэнтэй ч нөхөрлөж чаддаг, олныхоо дунд тэнүүн явсандаа нэр нь бүтэн байжээ, миний аав…” гэж дурсах хөвгүүд, мэргэжлийг нь өвлөн авчээ.
“Бид аавынхаа хийж бүтээснийг, хүний сэтгэлд оршсоныг үргэлж мэдэрч харж байдаг. Аав минь алс яваагүй ээ… Түүний тухай дурсамж, сэтгэлд дулаан яриаг олон шавь, урлагийн үе үеийнхэн үргэлжлүүлсээр… “ Амьдрал өөрөө тойрог, өвөөгөөс аавд, ааваас хүүд ирэх салхины үнэр шиг цаг хугацааны холбоос ажгуу. Хүүхдүүдэд нь урлагийн том хүрээнд байдаг гэр бүлийн эрхэм чанар шингэсэн байдаг. Германд амьдран суудаг охин нь “Миний аав их онцгой харизматай, эргэн тойрондоо нөлөөтэй, хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлдэг хүн байсан” гэсэн бол найруулагчийн хувьд “Жижигхэн юмыг ч том утга санаагаар тайлж, бодох юмтай үлдээж чаддаг, “том” ухааны сав байсан түүнийг бурхан заяасан уу, байгалиас илүү өгөгдөл авсан уу, ямартай ч өөрийгөө олсон хүн” хэмээн урлагийнхан хэлцдэг. Сод хүмүүс бол өөрийнхөөрөө, юугаар ч хязгаарлагдахгүй. Г.Доржсамбуу найруулагч яг л тийм хүн.
 
Г.Доржсамбуу найруулагч ирэх л гэж Монголын урлагт ирсэн юм. “Хүний санаа”-гаар хаалгаа нээж, “Найрын ширээний ууц”-ыг хоймроо тавьж, “Болд хэрхэн хатаагдсан”-ыг үзүүлж, “Нора”-гаар нэрээ тамгалж, алтан тайзныхаа аргагүй том ивээс нь болох гэж тэр ирсийм… Доржоо ирэх л гэж нөхдөдөө ирсэн. Халгисан инээдээрээ дулаацуулж, хайр урмаар хучих гэж, үнэн гэгээн нөхөрлөлөөр үлдсэн тэдэндээ гал болох гэж тэр ирсийм…
Алдарт Б.Лхагвасүрэн гуай хэлснээр “Муу нь далд ордоггүй, сайн нь тогтож чаддаггүй хорвоо юм даа”.
 
“Ховор төрсөн хүмүүсийг анхаарах нь төр улсын том хариуцлага юм. Түүх хүнийг хэд насалсныг асуудаггүй. Г.Доржсамбуу үлдээх юмаа үлдээчихсэн хүн. Арслан шиг эр зоригтой, гялалзсан хэвээрээ л байх ёстой хүмүүн” гэж хэлсэн Н.Жанцанноров гуайн үгээр хөрөг нийтлэлээ өндөрлөе.
Тийм ээ, Арслан шиг эр зоригтой, гялалзсан хэвээрээ л ард түмнийхээ зүрх сэтгэлд үлдэж он цагийн шалгуурыг  давж “Оюун санааны түүчээ” болсон шинэ цагийн соён гэгээрүүлэгч, нэрт найруулагчид ардчилал дөнгөж гарч байсан үед Чингис хаанаа ил тод ярьж, олон түмний үндэсний үзэл омогшлыг сэргээж өгсөн, тодорхой хэдхэн өгөгдөлтэй, цомхон, хэлэх гэсэн санаа нь дэндүү тод 1990 оны Улсын наадмын нээлтийг найруулсных нь төлөө эдүгээ төрийн ёслолын дэг болон хуульчлагдсан  Есөн хөлт цагаан тугаа залж, цагаан эсгийт индрээс Төрийн тэргүүн, ард түмэндээ хандан үг хэлснээр эхлэх Монгол наадмын гүн хүндэтгэлт, утга төгөлдөр дэг, төрөө дээдлэх, түмэн олны итгэл сэтгэлийг хөгжөөх бадрангуй ёслол, их цэнгэл баярыг анхлан санаачилж найруулсных нь төлөө театрын урлагт сэтгэлгээний шинэчлэл хийсэн “Зууны” найруулагчийн хүний төлөө, нийгмийн төлөө бүтээсэн бүхнийх нь төлөө ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал нэхэн олговол төр түмэн туйлаас баярлах сан.
Тэртээх цагаан морин жилийн төвөргөөнт он жилүүдэд чухамхүү “нийгмийн оюун санааны хөтөч” болсон гэж үзээд Р.Чойномд уг шагналыг нэхэн олгож олон түмнийг онцгой ихээр догдлуулсныг түүх мартаагүй ээ.
 
 
Л.Оюунчимэг
Экологийн сэтгүүлч, сэтгүүлзүйн докторант