CAREC Institute in Urumqi, China (Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн)гэдэгт зочиллоо. Захирал Санжаасүрэнгийн Баяраадталархлаа. Түүний санаачилсан Монголын тухай лекц,«Монголын өдөр»-ийн хүндэт зочид нь Улаанбаатараас уригдсан 5 хүн байлаа. Бидэнд ч тэр хүрээлэн,Шинжаан нутаг, Өрөмч хот, Тэнгэр уул маш их таалагдлаа.
 
 
 
Тэнгэр уулыг дэлхий дахинд «Тянь-Ша́нь» гэдгээр нь мэддэг. Төв Азид (Азийн яг төвд нь) 5 улсыг дамнуулан орших их уулс. Киргиз (Ала-Тоо, Теңир-Тоо), казак (Алатау, Тәңіртау), хятад (天山山脉 буюу Tiānshān), тажик(Тиён Шон), узбек (Tyan Shan) 5 хэлээр бичигддэг, уйгураар تەڭرىتاغгэсэн араб бичлэг, дуудлага нь Тәңри тағ гэсэн үгс.
 
 
 
 
Хамгийн дээд өндөр оргил нь «Ялалтын оргил»–7439 метр, Хятад-Киргизийн хилийн зурвас газар. Тэр рүү дөхөж очих нь хэн хүний хүслээс цаашгүй. Хоёр дахь өндөр оргил нь «Хан тэнгэр» буюу «Тэнгэр богд» гэсэн нэртэй, харин тэр рүү нь бид дөхөж очсон байх магадлалтай. Алсаас цэнхэртэн харагдах «Богд уул» гэж 5445 метр өндөр салбар уулсынх  нь хойд этгээдэд орших Тэнгэр нуурын эрэгт очсон учраас би тэгж хэлж байна.
 
 
 
 
«Шинжаан–Тянь-Шань» гэх үндэсний паркийг Бүх дэлхийн өвд 2013 онд бүртгэж авсан, тэр утгаараа хүн төрөлхтөний өвийн санд хамаатай, бүх нийтийн баялаг, онгон дархан газар, «оюуны өмч» ч гэсэн болно. Байгалийн унаган төрх тэр чигээрээ хадгалагдан үлдсэн, ан амьтан ургамал нь хөндөгдөөгүй, дээрээс нь аялал жуулчлалын үйлдвэр хөгжүүлээд бүр хашаад хамгаалаад авсныг нь тэгж «оюуны өмч» хэмээн үнэлсэн хэрэг л дээ.
 
 
 
 
Тэнгэр уулсын Шинжаанд эзлэх хувь хэмжээ нь 5759 хавтгай дөрвөлжин км. Түүний нэгээхэн хэсэгт бид өдөржин саатлаа. Эргэн тойрон мөнх цаст ноён оргилууд. Цас далайн түвшнээс 3800 метрийн өндөрт хайлдаггүй тул эргэн тойрныг цасан далай гэж нэрлэнэ. Тэнгэр уулс маань 5000 метр орчимд өргөгдсөн 30 гаруй уулстай ба бидний очсон нь Богд уулын нуруу буюу 1980 метрийн өндөрт орших Тяньчи нуур (Тэнгэр нуур) гэж цэнгэг усны нүд алдам нуур байна. Нуурын урт нь 3.3 км, өргөн нь 1.5 км, гүн нь  90-150 метр. Зүүн өмнөөсөө баруун хойшоо сунаж тогтсон.
 
 
 
 
Нуурын тухай үлгэр домог тоймгүй олон. Эхлээд мөсөн хөндий байснаа тэр нь хайлсаар хайлсаар 200 000 жилийн тэртээ нуур болж тогтсоныг шинжлэх ухаан олж тогтоожээ. Мөнх цас ч хайлсаар нуурыг бялхуулжээ. Манжийн Цин гүрний үед (1644-1911) энэ нуур өнөөгийн «Тяньчи» алдраа олж авсан, «тэнгэрийн толь»буюу «ариун дагшин нуур» гэсэн утгыг бэлгэдэнэ.
 
 
 
 
Үзэсгэлэн төгөлдөр нутаг гэвэл тэр л байх хэмээн тэрхэн үедээ хэнд ч бодогдоно. Болдогсон бол тэнд нь майхан бариад нэг хоночихмоор. Нуурын эрэг дээрээс гурван том оргил нь нүд баясгана. Мөнх цас үүлсийн цаанаас цухуйн харагдана. Янз янзын өнгө ч харагдах шиг. Мөнгөлөг, гялтгар, гүн хөх, тэгснээ талстууд, юу ч гэмээр юм бэ дээ?
 
 
 
Тэнгэр нуур руу Өрөмч хотоос 100 км давхиад хүрчихнэ. Өгсөж уруудаж явахад тээр дээр мөнх цас, битүү ой, моднууд нь тэнгэр рүү тэмүүлсэн шовх оройтой, тэгснээ тээр дор нов ногоон тал, байгалийн унаган төрх гэж яг энэ л байх даа?  Манай улс хэдэн уулсаа ийм болгоод дэлхийн аялал жуулчлалыг наашаа даллахсан!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.