2017 оноос хойш зөвлөлдөх санал асуулга явуулж, орон даяар санал авсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-ын ширээнд очих нь очлоо. Гараанаасаа ч гарахгүй өнгөрчихөж болох нүсэр сэдэв л дээ. Маргааш чуулганаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Ер нь энэ бол МАН-ын сонгуулиар амласан амлалтынх нь нэг.
УИХ-ын дарга асан М.Энхболдын хэлснээр “гэрийн даалгавар” юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд парламентад суудалтай, суудалгүй зарим намын төлөөлөл хэвлэлийн хурал хийж дэмжих боломжгүй гэдэг байр суурь илэрхийлээд эхэллээ. Гэхдээ Үндсэн хуульд одоо хүрч чадахгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй байх магадлал их. Товхондоо, нэг нам үнэмлэхүй олонх байхдаа буюу яг өнөөгийн МАН УИХ-д 64 суудалтай байхад л өөрчлөгдөх боломжтой хууль юм.
Учир нь 2015 онд АН төрийн эрх барьж байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэхэд тухайн үеийн МАН-ын УИХ-ын 26 гишүүн унагаж байв. Өнөөдөр ч АН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь биш гэдэг байр суурь илэрхийлээд эхэллээ.
 
Хуулийг өөрчлөх ёстой гэдэгт хоёр том нам адилхан бодлоготой атлаа нэг нэгэндээ авторыг нь өгөх хүсэлгүй дүр зураг харагдаад байна. Тийм болохоор л МАН-ын үнэмлэхүй олонх одоо өөрчилж чадна гээд байгаа хэрэг.
 
Ерөнхийдөө Үндсэн хуулийг өөрчлөхгүй ч байж болно. Гэхдээ дэлхийн улс гүрнүүдийн туршлагаас харахад хөгжлийнхөө хурдад нөлөөлөхийн тулд Үндсэн хуульдаа засвар хийсэн байдаг. Энэ өнцгөөс харж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарим онцлох заалтуудаас сонирхуулахаар шийдсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэжээ. Жишээ нь, өнөөдөр Засгийн газрын 17 гишүүний 16 нь давхар дээлтэй. Ингэхээр Засгийн газрын ажилд хяналт тавих учиртай УИХ нь Ерөнхий сайдын халаасанд орчихож байгаа юм. Муугаар бодоход Засгийн газрыг огцруулахаар санал хураалаа гэхэд ямар ч байсан УИХ-ын 16 гишүүн дэмжихгүй гэдэг хэлбэрийн хувьд, шударга ёсны талаас ч тун муу нөхцөл. Бас Засгийн газрыг эмхлэн байгуулах дээр Ерөнхий сайдад нэлээд хүч нэмэгдүүлжээ.
 
Хуулийн төсөлд дурдсанаар 39.3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж оруулжээ. Мөн Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах утгаар 25.1.6-д “Засгийн газрын гишүүд” гэснийг хасах гэж оруулсан байна. Түүнчлэн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэжээ.
Ж.Баяр Ерөөсөө УИХ-ын элдэв фракц, бүлэгүүдийн шахаасаар биш Ерөнхий сайд дур мэдэн танхимаа байгуулах эрхтэй болно гэсэн үг. Энэ бол ардчилсан Монгол Улсын бүх Ерөнхий сайдын хүсч байсан зүйл. Засгийн газрыг байгуулахад УИХ-д нөлөө ихтэй элдэв фракц бүлэглэлүүд идэвхийлдэг.
Ингээд Ерөнхий сайд өөрсдийнх нь хүнийг танхимдаа авахгүй бол УИХ сайдуудыг нь баталж өгдөггүй нэг гажиг байлаа. Заримдаа Ерөнхий сайдаасаа ч том амбицтай сайдуудтай болчихдог үе бий. Ийм үхрийн бөөр шиг эрээвэр хураавар Засгийн газар яаж ажиллах нь тодорхой.
Фракц, бүлэглэлүүд өөрсдөдөө олдсон сайдын суудлаар дамжуулан төрийн ажлыг хувийн бизнесээ хөгжүүлэх талбар болгодог, сонгуулийн сурталчилгаанд ажилласан хүмүүсээ төрийн албанд шахах гээд зүйл бүрийн улсад хохиролтой ажлыг улстөрчид хийдэг юм. Үүнийг зогсоох заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Мөн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтууд анхаарал татаж байна.
Тухай нь, 51.3-т “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.
 
Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно”, 49.5.1-д “Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана”, 65-1-д “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ-ын холбогдох Байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж УИХ нийт гишүүний олонхийн саналаар есөн жилийн хугацаатай томилно.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно” гэх мэтээр тусгасан байна. Шүүгч, Цэцийн гишүүдийг зөвхөн нэг удаа багагүй хугацаагаар томилно гэдэг эргээд хэн нэгний халаасанд оролгүй, шударгаар ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж харсан бололтой. Энэ мэтээр цөөнгүй сайн заалтуудыг шингээсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж эхэлсэн гэдэг бүх бэрхшээлээ ардаа орхисон гэсэн үг биш. Сүүлийн үед УИХын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай ярих боллоо.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал асуулга явуулж болно” гэсэн заалт бий. Ард нийтийн санал, асуулгын тухай хуульд Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг явуулбал асуултыг маш товч тодорхой заасан байх ёстой тухай заалт байдаг. Тийм, үгүй эсвэл зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн товчхон санал авах юм. Гол нь хэрвээ санал өгөх бол дээрх хуульд зааснаар сонгуулийн насны иргэдийн 50иас дээш хувийн дэмжлэгтэйгээр өөрчлөнө гэж байгаа. Товчхондоо, сая гаруй хүн Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэсэн санал өгсөн тохиолдолд батлагдана.
Энэ зун ч олон үйл явдал хүлээж байна даа. Зарим хүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг косметик төдий болох гэж байна гэж шүүмжлээд байгаа. Гэхдээ ганцхан давхар дээлийн асуудлыг шийдчихэд л том дэвшил болох билээ.
 
 
Ж.Баяр
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин